Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , хариуцагч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б тэй 2009 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарч гэр бүл болсноос хойш 2010 онд том хүү Б.М , 2015 онд бага хүү Б.М нарыг гаргаж одоог хүртэл хамт амьдарч байна. Т.Б  нь сүүлийн жилүүдэд архи их ууж ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж хэрүүл маргаан тасрахгүй, гэр орноосоо хулгай хийж олон сараар гэртээ ирэхгүй ор сураггүй алга болдог болсон.  2017, 2018 онуудад Бор-Өндөр сумын эвлэрүүлэн зуучлалаар орж байсан боловч бид хоёрын харилцаа сайжрахгүй, тус тусдаа амьдрах болсон тул гэр бүл цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.

Манай хүн архи уухаараа олон хоногоор чимээ сураггүй алга болдог. Эхлээд 7 хоног алга болдог байсан бол сүүлдээ хугацаа нь уртсаад сараар алга болдог болсон. Үүнээс болж бид хоёрын харьцаа муудсан. Зан аашийн хувьд ч таархаа болисон. 2018 он гарснаас хойш бид хоёр тус тусдаа амьдрах болсон. Архи уугаад олон хоног алга болоод ирэхэд нь би элдэв янзын ааш авир гаргадаггүй, тайван хүлээж авдаг байсан. Архи уухаараа элдэв ааш зан гаргадаггүй байснаа сүүлийн үед согтуу ирээд хэл амаар доромжилдог болсон. Тэгээд гэр орноосоо хулгай хийдэг болсон. Хүүхдүүдээ тоохгүй, архи уугаад таньдаг айлдаа хүүхдүүдээ хаяад явчихдаг байсан. Т.Б-г архинаас гаргах гэж олон удаа үзсэн. 2015 онд кодлуулах эмчилгээ хийлгэж байсан. Ламд үзүүлэх, эмчилгээ хийлгэх зэргээр их явсан. Бид хоёр нэг их хэрүүл хийгээд байддаггүй. Өөрөө ойлгоосой л гэж хүсдэг байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Т.Б  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Б   би 2009 онд Б.А-тай танилцаж 2010 онд гэр бүл болж амьдарсан нь үнэн. 2010 онд том хүү Б.М төрсөн. 2015 онд бага хүү Б.М төрсөн. Бид хоёр анх айл болохдоо аавын барьж өгсөн 5 ханатай гэрт л айл болсон. Айл болсноос хойш Нарлаг хороололд газар авч 6х8 харьцаатай байшин барьсан. Тэр байшинг бид хоёр 2 талаас цалингийн зээл хийж барьж  байсан.  2017 онд 45 дугаар байранд 2 өрөө байр авсан. 2016 онд Allion маркийн автомашин  авсан. Бид хоёрын хамтран амьдрах хугацаанд  бүтээсэн хөрөнгө энэ. 2018 онд бид хоёр тусдаа амьдарснаас хойш би бүх хөрөнгөө Б.А д шилжүүлж өгсөн. Ийм учир одоо би ажил төрөлгүй байгаа тул 2 хүүхдийн тэтгэмж төлөх чадваргүй надад өөрийн гэсэн ямар ч хөрөнгө байхгүй.

Энэ хүний ярьж байгаа зүйл бүгд үнэн. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Т.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгч Б.А , хариуцагч Т.Б  нар нь 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж /хх-н 5-р хуу/, тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.М , 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.М нар төрсөн болох нь 0205047/50 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Б.М , Б.М нарын төрсний гэрчилгээний хуулбараар /хх-н 6, 7-р хуу/ тогтоогдож байна.

Гэрлэлт цуцлах шалтгаан нь хариуцагч Т.Б  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, урт хугацаагаар гэртээ ирэхгүй байх, хэрүүл маргаан үүсгэх зэрэг гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэлтэй байна.

Зохигч нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч талууд эвлэрэх боломжгүй талаараа хэн аль нь илэрхийлж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ /хх-н 4 хуу/

Иймд тэдний гэрлэлтийг цуцалж хүү Б.М , Б.М нарыг эх Б.А асрамжид үлдээж, эцэг Т.Б гээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.М , 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.М нарыг эх Б.А асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.М , Б.М  нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Б гээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Б.А д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг анхааруулсугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР