Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2018/00070/И |
Дугаар | 170 |
Огноо | 2018-11-20 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Д.С
Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж
Хариуцагч Б.А нарыг оролцуулан нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г , Б.А нарт холбогдох “газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г.Г гэдэг айл нь 2013 онд миний газар дээр хууль бусаар байшин барьсан учир энэ айлыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 01/
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Газар чөлөөлүүлэх тухай Д.М СШ сумын 1-р баг 16-р хэсэг дэх 400 м2 газарт манайх байшин бариагүй тул нэхэмжлэлийг татгалзаж байна. Учир нь энэ айлын баруун талд 400 м2 газар байсныг 2013 оны 04 сарын 12-нд СШ-д суманд газар хүссэн өргөдлөө манайх гаргаж өгснөөр 2013 оны 09 сарын 30-ны сумын иргэдийн хурлын 19/52 тогтоолоор 362 м2 газрыг манайд хаусын зориулалтаар олгохоор тогтоол гарсанаар 2013 оны газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтсон юм” гэжээ. /1-р хх-ийн 13/
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Дархчууд овогт Б.А нь нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлтэй иргэн Г.Г т холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар нэмэлтээр татагдсан учир дээрх хэрэгт холбогдолгүй болохоо илэрхийлсэн тайлбарыг үүгээр хүргүүлж байна. 2014 оны 09 дүгээр сард С.Д 3/306 тоот дахь 100 мк талбай бүхий 127.5 м.кв газрыг хамарсан амины орон сууцыг худалдан авахаар тохиролцож 127,5 м.кв эдэлбэр газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн ба 488093 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Энэхүү байранд орсон цагаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сард Д.М хэмээгч нэхэмжлэгч, иргэн миний худалдан авсан газар дээр амины орон сууцыг барьж, зарж борлуулсан гэх Г.Г тай шүүхийн шатанд маргаан үүсгэсэн байгааг иргэний хэргийн шүүхэд гэрчээр дуудагдан байцаалт өгснөөр мэдсэн ба өмнө нь ямар нэг мэдээлэл байгаагүй болно. Миний нэр дээр бүртгэлтэй байгаа дээрх газар иргэн Д.М т олгосон гэх газартай 42.03 м.кв талбайгаар давхцаж байгаа нь намайг гэм буруутайд тооцох, шүүхэд хариуцагчаар татах, миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг буулгах улмаар тус давхцлыг арилгах зорилгоор газрыг чөлөөлүүлэх зэрэгт огт хамааралгүй гэж үзэж байгаа ба иргэн миний эрх ашиг 4 жилийн турш хөндөгдсөөр ирсэн. Цаашид энэ байдлаар шүүхэд дуудагдах, хариуцагчаар татагдах зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд таагүй байдал үүсгэж байгааг дурдах хэрэгтэй болов уу гэж үзэж байна” гэжээ. /4-р хх-ийн 14/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус шүүхэд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2013 оны 05 сард Г.Г нь манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй байшин барьсан. 2013 оны 05 сард байшингаа буулгаж, газар чөлөөлж өг гэж шаардлага тавьж байсан. Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 2013 оны 05 сарын 30-ны өдөр олгосон №000421675 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа. Г.Г нь сүүлд 2014 оны 10 сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг, Б.А нь 2014 оны 12 сард газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байсан. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас гаргасан бүрэлдэхүүнтэй А/04 шинжээчийн дүгнэлтээр Д.М эзэмшил газар дээр Б.Адилбиш, Г.Г нарын газар давхцсан гэдэг нь нотлогдсон. Иймд нэхэмжлэгч Д.М Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрыг хариуцагч Г.Г , Б.А нараас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрыг хариуцагч Г.Г аас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. 2013 оны 05 сарын 30-ны өдөр Д.М т маргаан бүхий газрыг эзэмшүүлэх захирамж гарч газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байхад 2014 оны 10 сарын 20-ны өдөр Г.Г т уг газарт давхардуулаад гэрчилгээ олгосон. Уг маргаан бүхий газрыг 2014 оны 12 сард Б.А эзэмшигч нь гээд гэрчилгээ дахин гаргасан. Г.Г нь Б.Адилбишэд худалдсан байх. Одоо маргаан бүхий газар дээр байгаа байшин нь хэний эзэмшлийн байшин гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Манайх газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Манай эзэмшлийн газарт Г.Г 2013 онд байшин барьсан байсан. Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд 2014 онд уг маргаан бүхий газрыг байшингийн хамт худалдаж авсан гэсэн тайлбар гаргасан. Харин байшингийн гэрчилгээг нь гаргуулж аваагүй гэж тайлбарласан. Одоо энэ байшин хэний эзэмшилд байгаа талаархи нотлох баримтыг гаргуулмаар байна. Энэ газрыг анх Д.М 2003 онд эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл өгөөд бараг 4 жил гаран болж байна. Д.М нь уг газрыг эзэмшигчээр 2003 оноос буюу 10 гаран жил болж байна. 2014 онд газрын маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл өгөөд Улсын дээд шүүхийн тогтоол гарахаас 3 хоногийн өмнө Г.Г нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Уг газрыг мэдээллийн санд одоог хүртэл бүртгүүлээгүй шалтгаан нь 2003 оноос уг газрын үүссэн маргаанаас болсон. 2003 оны 60 дугаартай Засаг даргын захирамжаар Д.М уг газрыг эзэмших эрх үүссэн. Энэ газрын эзэмшигч нь Д.М мөн. Хариуцагч Б.А нь уг газрыг Батжаргалаас худалдаж авсан гэсэн тайлбар гаргаж байна. Уг газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрыг хариуцагч Г.Г аас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Г нь нэхэмжлэгч Д.М газар дээр байшин бариагүй. Д.М газар Г.Г газрын зүүн талд нь байгаа. Г.Г сул байсан газар эзэмшиж авахаар сумын засаг даргын тамгын газарт 2013 оны 04 сард хүсэлт гаргаж, бүх зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн дагуу барилга барьсан. Өөрийн эзэмшлийн газар дээр 2013 оны 05 сард байшин барьсан. Д.М эзэмшил газар нь Газрын албаны кадастрын нэгдсэн санд одоо болтол ороогүй, баталгаажаагүй. Г.Г нь Засаг даргын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 344-р захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй. Газрын гэрчилгээгээр нотлогдож байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр баталгаажсан байдаг. Д.М газартай давхацсан зүйлгүй. Г.Г ыг уг газрыг эзэмших эрхгүй, хууль бусаар авсан гэж үзвэл нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед зохих шатны байгууллага болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь 1-р хавтаст хэргийн 240-241 дүгээр талд авагдсан эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгсөн акт дахь солбилцлын утга, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг дахь солбилцлын утга бүхий газартай давхцуулсан хууль бус нотлох баримтыг үндэслэж гаргасан. Энэ дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй. Хавтаст хэргийн 27-28-р талд авагдсан шинжээчийн дүгнэлт нь хууль бусаар гарсан гэдэг нь гэрч Б.Гэрэлмаа, Х.Энхбат нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд Д.М газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие уг газрын маргааныг 2014 онд мэдсэн. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгч байсан. Би нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. Би уг газрыг 2014 оны 09 сард худалдаж авсан. Урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Газрыг Батжаргал гэдэг хүнээс худалдаж авсан. Энэ газрын асуудал дуусвал бүх бичиг баримтыг нь өөр дээрээ гаргуулж авна. Уг газрыг байшингийн хамт 2014 оны 09 сард худалдаж авсан. Байшингийн бичиг баримтыг нь энэ маргаанаас болоод Улсын бүртгэлийн байгууллага гаргаж өгөөгүй. Би уг үл хөдлөх хөрөнгө болох уг газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулаад авчихсан. Уг газрыг байшингийн хамт худалдаж авсан. Барьцаа болгоод газрын гэрчилгээг нь гаргуулж авсан. Энэ маргаан дуусахаар нь үлдэгдэл мөнгийг нь өгөөд байшингийн гэрчилгээг өөр дээрээ гаргуулж авна. Би 24 сая төгрөг өгчихөөд байгаа. Яагаад би хариуцагч болоод байгааг ойлгоогүй. Би уг газрыг байшингийн хамт худалдаж авсан нь үнэн. Би 2014 оны 09 сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 багийн /хуучин хаягаар/ Дампилын 16-ийн А-102 тоот одоогийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг С.Д 3/306 тоот дахь 100 мкв талбай бүхий 127.5 м.кв газрыг хамарсан амины орон сууцыг худалдан авахаар тохиролцож 127.5 м.кв эдэлбэр газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Маргаан болоод байгаа газрын хаягийг сольсон. Аймгийн хэмжээнд бүх хаягийг сольсон. Газар өөрчлөгдсөн зүйл байхгүй. Иймд Д.М газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Дампилын 16 дугаар хэсэгт байрлах эзэмших эрх бүхий 400 м2 талбай газрын 45.6 м2 талбайд хариуцагч Г.Г нь зөвшөөрөлгүй барилга барьсан тул тухайн газрыг хариуцагч Г.Г аас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Г нь “тухайн газрын баруун талд байсан сул газар дээр 2013 оны 05 сард барилга барьсан ба миний эзэмшлийн газар зохих зөвшөөрөлтэй, Д.М газар эзэмших эрхийг зөрчөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, тайлбарыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Адилбишийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан байна.
Хариуцагч Б.А нь “би Д.М эзэмшил газар дээр байшин бариагүй. Уг газрыг байшингийн хамт 2014 оны 09 сард худалдаж авсан. Газрын гэрчилгээг нь зохих байгууллагаас нь гаргуулж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргаж, тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/172 тоот захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилийн 16-р хэсэгт нэгж талбарын 101005440 дугаар бүхий 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 2013 оны 05 сарын 30-ны өдөр олгосон №000421675 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр /нотариатчаар гэрчлүүлсэн/ нотлогдож байна. /1-р хх-ийн 02/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-т “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу Д.М нь хууль ёсны эзэмшигчийн хувьд хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хариуцагч Г.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/344 тоот захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилийн 16-р хэсэгт 255 м2 газрыг 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 2014 оны 10 сарын 20-ны өдөр олгосон №000487720 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр /нотариатчаар гэрчлүүлсэн/ нотлогдож байна. /1-р хх-ийн 113/
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/344 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж, Г.Г газрын байршлын кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, Г.Г эзэмшлийн газрын гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нотлох баримтаар нотлогдоно. /1-р хх-ийн 110-114/
Шүүх хуралдаанд хариуцагч Б.А нь нотлох баримтаар гаргаж өгсөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 12 сарын 31-ний өдрийн А/468 тоот захирамжаар 2015 оны 01 сарын 26-ны өдөр олгосон №000725287 тоот гэрчилгээгээр /нотариатчаар гэрчлүүлсэн/ хариуцагч Б.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг С.Д 3/306 тоот дахь 127.5 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр, орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байна.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч Д.М , Г.Г , Б.А нар нь хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий газрын анхны шударга эзэмшигч нь Д.М мөн болох нь хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 29-ний өдрийн А/172 тоот Д.М т газар эзэмшүүлэх тухай захирамж, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/344 тоот Г.Г т газар эзэмшүүлэх тухай захирамж, 2014 оны 12 сарын 31-ний өдрийн А/468 тоот Б.Адилбишид газар эзэмшүүлэх тухай захирамжуудад зохигчид газрын алба болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.
Хэдийгээр Г.Г , Б.А нар нь маргаан бүхий газрын зарим хэсгийг эзэмших эрхтэй болох нь гэрчилгээгээр нотлогдож буй хэдий ч Улсын бүртгэлийн байгууллагад хандаж уг зөрчлийг арилгуулах, зохих шатны шүүхэд хандах эрх нь байсан байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, эрхийн зөрчилгүй, маргаангүй газрыг олгохоор заасан байх тул уг асуудалтай холбоотой гомдлыг зохих газар нь гаргах эрх нээлттэй болно.
Хариуцагч Г.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилийн 16-р хэсэгт 255 м2 газрыг 15 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь 2014 оны 10 сарын 20-ны өдөр олгосон №000487720 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Г.Г нь, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 12 сарын 31-ний өдрийн А/468 тоот захирамжаар 2015 оны 01 сарын 26-ны өдөр олгосон №000725287 тоот гэрчилгээгээр /нотариатчаар гэрчлүүлсэн/ хариуцагч Б.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг С.Д 3/306 тоот дахь 127.5 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр, орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болох нь нотлогдож байгаа боловч маргааны үйл баримт болох Д.М эзэмшил газарт Б.Адилбиш, Г.Г нар нь барилгын зарим хэсгийг оруулж барилгаа бариагүй болохыг нотлоогүй болно.
Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заасны дагуу Д.М нь Г.Г т 2013 оны 05 сард байшин барьж буй үйлдлийг зогсоохоор шаардлага тавьсныг Г.Г нь “би өөрийн газар дээр барилга барьж байгаа” гэсэн тайлбарыг гаргаж шаардлагыг хэрэгжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.М эзэмшил газар дээр хариуцагч Б.А, Г.Г нарын үл хөдлөх хөрөнгө болох газар, байшин ямар хэмжээгээр яаж давхцаж, Д.М эзэмшлийн газарт барилгаа ямар хэмжээгээр оруулж, давхцуулж барьсан байгаа болох нь:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
-Нэгж талбарын 4410082473 дугаар бүхий 128 м.кв талбайтайгаар иргэн Б.А /РД:ХЙ74092968/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй
газар болон иргэн Д.М т олгосон гэх газрууд хоорондоо 42.03 м.кв талбайгаар давхцаж байна.
-Иргэн Г.Г гэх байшин нь иргэн Д.М т олгосон гэх газартай 19.19 м.кв талбайтайгаар давхцаж байна.
-Маргаан бүхий газарт байрлах бохирын шугам иргэн Д.М т олгосон гэх газраар 19.12 метрээр дайран өнгөрч байна.
-Маргаан бүхий газарт иргэн Д.М өөрийн эзэмшил газрыг харуулсан хашаа, хайс бариагүй, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхэлж тэмдэгжүүлээгүй тул иргэн Д.М т олгосон гэх 400 м.кв талбайтай газарт геодезийн нарийвчилсан хэмжилт, зураглал хийх боломжгүй болно” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. /3-р хх-ийн 113-116/
Нэгж талбарын 4410082473 дугаар бүхий 128 м.кв талбайтайгаар иргэн Б.А нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй
газар болон иргэн Д.М т олгосон гэх газрууд хоорондоо 42.03 м.кв талбайгаар давхцаж байгаа, уг давхцаж байгаа газар дээр Г.Г гэх байшин нь иргэн Д.М т олгосон гэх газартай 19.19 м.кв талбайтайгаар давхцаж байгаа нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлд зааснаар зохигчид нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Хариуцагч Г.Г нь орон сууцны барилга барихдаа нэхэмжлэгч Д.М эзэмшил газраас нийт 42.03 м.кв талбай бүхий газрыг оруулж барьж, түүний газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр тогтоогдож байх ба энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 05 сарын 05-ны өдрийн А/128 тоот захирамжаар Д.М т холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. /1-р хх-ийн 166-167/
Үүний дараа Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 сарын 31-ний өдрийн 16-р шийдвэрээр “2011 оны 05 сарын 05-ны өдрийн А/128 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэг буюу Д.М т холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд Д.М маргаан бүхий газрын эзэмших эрх нь хэвээр байсан байна. /1-р хх-ийн 123-125/
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй буюу бүрэн бус хийсэн, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.А нар нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар хүсэлтийг гаргаагүй байна.
Маргаан бүхий газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрын хаяг нь өөрчлөгдсөн гэж хариуцагч Б.А нь тайлбарлаж байх боловч уг маргаан бүхий газар нь өөрчлөгдөөгүй, маргаан бүхий газар байрлах газрын хаяг болох баг, тоот хаяг нь өөрчлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, Д.М , Г.Г , Б.А нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байгаа тул маргаан бүхий газрын хаягийн талаархи нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж ы шүүх хуралдаанд гаргасан “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатарын 2014 оны 05 сарын 20-ны өдрийн №11-04-003/2 тоот шинжээчийн дүгнэлтэд “Иргэн Г.Г нь орон сууцны барилга, гарааш барихдаа нийт 45.6 м2 газрыг иргэн Д.М эзэмшил газартай оруулж барьсан байна” гэх дүгнэлт, Д.М эзэмшиж байгаа газрын байршлын зураг /хх-ийн 27-28/ нь хууль бусаар гаргасан, нотлох баримтын шаардлага хангах боломжгүй” гэдэг нь:
-Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /1-р хх-ийн 14-15/, гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 131-133/ гэрч Х.Энхбатын мэдүүлэг /1-р хх-ийн 134-136/, гэрч Л.Олзбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 137-138/, гэрч Л.Олзбаяр, Г.Бат-Ирээдүй, Б.Батбаяр нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 299, 304, 309/, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Энхбатын үйлдсэн кадастрын зураг /1-р хх-ийн 28/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.5, 9.3-т зааснаас үзэхэд сумын газрын даамал нь “нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг үйлдэх эрх бүхий албан тушаалтан биш болох нь нотлогдож байна.
Мөн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Энхбатын гаргасан “Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 05 сарын 26-ны өдрийн 60 тоот захирамж, түүний хавсралтаар баталсан зургийн дагуу газар дээр нь хяналтын хэмжилт хийж, давхцуулж үзэхэд Сайншанд сумын 1 дүгээр багийн Дампилын 16-р хэсэгт байрлах Д.М эзэмшил газарт Г.Г барьсан барилга ороогүй болох нь тогтоогдсон” гэх дүгнэлт /3-р хх-ийн 67-68/ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр мөн няцаагдаж байна.
Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж ы “Г.Г нь Д.М эзэмшил газар дээр байшин бариагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, хариуцагч Б.Адилбишийн “би бусдын эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарууд нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.М Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагч Г.Г , Б.А нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргаж, дүгнэлт гаргахад шинжээчийн зардал 773500 төгрөг, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Дорноговь аймгийн Сайншанд сум, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот явсан 570360 төгрөгний замын зардал тус тус гаргасан байна. /3-р хх-ийн 103-105/
Шинжээчийн зардал 773500 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн төсвийн данснаас төлсөн, замын зардлын 570360 төгрөгийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт төлөөгүй байна. /3-р хх-ийн 168-169/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 773500 төгрөгийг хувь тэнцүүлж 386750 төгрөгийг хариуцагч Г.Г , Б.А нараас тус тус гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн төсвийн дансанд, замын зардлын 570360 төгрөгийг хувь тэнцүүлж 285180 төгрөгийг хариуцагч Г.Г , Б.А нараас тус тус гаргуулж Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт тус тус олгож, нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,
118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 000421675 дугаар бүхий гэрчилгээтэй 400 м2 талбай бүхий газрын 45.6 м2 газрыг чөлөөлөхийг хариуцагч Г.Г , Б.А нарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Г.Г аас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг, хариуцагч Б.Адилбишээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.М т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 386750 төгрөгийг хариуцагч Г.Г , Б.А нараас тус тус гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн төсвийн дансанд, замын зардлын 285180 төгрөгийг хариуцагч Г.Г , Б.А нараас тус тус гаргуулж Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт тус тус олгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ