Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/834

 

 2022        8           23                                     2022/ШЦТ/834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0802/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч М.Чинзориг,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-д холбогдох эрүүгийн 2209000001246 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график, найруулагч мэргэжилтэй, “....” ХХК-д найруулагч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот ...оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Х /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 6 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....”-ын гадна хохирогч Э.Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж зодсоны улмаас түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, зүүн суга, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн өөрөө над руу дайраад байсан учраас тухайн үед өөрийн биеийг хамгаалж тийм үйлдэл гаргасан. 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон. Би хохирлыг төлнө, 2022 оны 9 дүгээр сарын 05-нд төлөх боломжтой. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн сургуулийн 50 жилийн ой болоод сагсан бөмбөгийн тэмцээн болсон ба бид нар тэмцээндээ түрүүлсэн тул орой нь найзуудтайгаа гарсан. Би уусан боловч өөрийгөө хянах чадвартай байсан. Би өглөө ажилтай байсан тул ажлынхаа үүдэнд байсан ба миний тамхи дууссан байсан. Би энэ хоёр хүнийг таньдаг хүн байх гээд очоод тамхи асуухад танихгүй залуучууд байсан. Тэгээд намайг хөгшин байж толгой дээрээ юу ургуулчихсан юм бэ гэж үг өдөж эхэлсэн. Удалгүй намайг нэг найз нь эхлээд цохиод дахин бас нэг залуу цохиод газарт унагаад өшиглөсөн. Гэрч гэх залуу намайг өшиглөсөн.Тэгээд тэд нар явангуут би эрүүл байсан найз болон эхнэрээ дуудсан. Би хамгаалалтын хүнээс асуухад энэ барилга руу хүн ороогүй гэж худлаа хэлсэн байсан бөгөөд цагдаа ирсний дараа тухайн байшингаас хоёр залуу гарч ирсэн. Зодуулснаас хойш миний бүх бие хөндүүр толгой хавантай бүх бие хөхөрсөн байсан. Зүүн нүдний дээд талд би оёдол тавиулсан бөгөөд миний хавирга 1 сар өвдөлттэй байсан. Мэдээж би цагдаа дээр очиход Х инээгээд зогсож байсан. Эргүүлийн цагдаа ирэх үед Х пиво уусан байснаа хэлсэн бөгөөд өнөөдөр архи уугаагүй байсан гэж байна. Би цагдаа дээр энэ залууг надаас уучлалт гуйвал гомдлоо авъя гэхэд чадахгүй гээд инээгээд байсан. Мөн гадаа такси барих гээд зогсож байхад Х чи яасан барахгүй байна уу гээд надаар тохуурхаад байсан. Энэ хүүхэд маш ёс суртахуунгүй хүүхэд байсан. Иймд би маш их гомдолтой байсан. Манай найзууд энэ хүүхдүүдийг мансуурсан байх магадлалтай гэж хэлж байсан бөгөөд буруу зүйл хийсэндээ гэмшихгүй байгааг нь сэтгэцийн өвчин гэж бодож байна. Би одоо нийт 410.604 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.  

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай ажлын үүдний ертөнцийн зүгээр зүүн талд арк дунд 5 залуу зогсож байсан. Би тэр залуус дээр очиж тамхи асуухад надад байхгүй гэж хэлсэн. Би тамхи асуучхаад буцаад явж байхад толгой дээрээ юу ургуулсан юм. Ямар сонин үстэй юм гэж хэлж хэл амаар доромжилсон. Тухайн үед би тэмцээн орчхоод үсээ бооцон явж байсан юм. Би эргэж хараад үсээ боож болохгүй юу, ямар асуудал байгаа юм, яагаад хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд тэд нар инээлдээд байсан. 160-165 орчим өндөртэй бордуу царайтай, хамт явж байсан хүмүүс дундаасаа махлаг биетэй залуу миний нүүр рүү цохисон. Эхний залуу намайг цохиж байхад бусад нь намайг унагааж тавуулаа нийлж зодсон. Миний толгой, хүзүү, цээж, гар, хөл гээд өвдөхгүй газар гэж байгаагүй” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дахь тал)

Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 6 сарын 13-нд шилжих шөнө найз Х-н хамт “....”-ын 8 давхарт ажиллаж байсан ба 01 цагийн үед Х-тэй хамт тамхилахаар гадагш гарсан. Гадаа тамхилаад зогсож байхад Тусгаар тогтнолын ордны зүгээс нааш алхаад ирж байсан залуу ямар нэг зүйл хэлэлгүй Х-г нэг удаа цохисон. Бид хоёр гайхаж яагаад байгаа юм бэ ахаа гэхэд гадуураа цагаан өнгийн фудволктой өндөр ах та нар яах гээд байгаа юм гээд Х-рүү дахиад дайрсан. Энэ үед Х тэр согтуу ах 2 бие биеийнхээ гарыг барьсан байсан ба Х гараа тавиулаад нэг удаа тэр согтуу ахын нүүр хэсэгт цохисон. Гэтэл тэр согтуу ах Х-г цохих гэж оролдож Х цохиулаагүй бултсан. Х бултаж тэр согтуу ахын нүүр хэсэгт дахин цохисон. Үүний дараа Х бид хоёр шатаар дээш өгсөж оффис орох гэхэд тэр согтуу ах бид хоёрын араас гүйж ирсэн. Тэгээд Х  тэр ахыг цаашаа яваач дээ гэж хэлээд цааш түлхэхэд, хойшоо унах үедээ Х-гээс зуурч тэр хоёр хамтдаа шатнаас унасан. Газарт унаад тэр хоёр зууралдаад эхэлсэн ба би доош бууж салгасан. Тэгээд Х-г хазах гээд дайраад байхаар нь би тэр согтуу ахын хойноос нь татаж холдуулах үед Х 1-2 удаа цохисон. Хэд цохиулсны дараа нөгөө согтуу ах одоо болъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотогш оффис руу орсон" гэх мэдүүлэг (хх-ийн 25 дахь тал)

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр “...."-ын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн. 23 цагийн орчим гаднаас цагаан өнгийн фудволктой, урт задгай үстэй залуу орж ирээд танай найзуудад би зодуулчихлаа, хаана байна, дээшээ буудал руу орсон гээд байсан тэгэхээр нь би “..юу яриад байгаа юм, цагдаа дуудчих..." гэж хэлсэн. Гэтэл тэр залуу надтай маргалдаад, хэрүүл өдөө байхаар нь би 102-т дуудлага өгсөн.... энэ үед би дээш 8 давхар руу гарахад тэнд 2 залуу байсан би тэр 2 залуугаас гадаа зодоон хийсэн үү гэж асуухад тиймээ гэж хариулсан хэрэг гарсан өдөр 803 тоотод 2 залуу л сууж байсан" гэх мэдүүлэг (хх-ийн 22 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай: “...Э.Э-н биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, зүүн суга, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног дотор хугацаанд үссэн байна" гэх дүгнэлт (хх-ийн 26-27 дахь тал)

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-12 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.Х нь 2022.06.12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... барилгын гадна хохирогч Э.Э-г өөрөөс нь тамхи асуулаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж түүнийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, зүүн суга, баруун тохойн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаарх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Х-гийн хувьд үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааныг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, дээрэнгүй зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Э.Э нь шүүх хуралдааны үеэр “Би одоо нийт 410.604 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд миний эмчилгээний зардлууд багтсан байгаа гэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Х нь шүүх хуралдаан дээр хохирогчоос нэхэмжилсэн 410.604 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хохирогчтой харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан тул үүнийг  шүүхийн шийдвэрээр баталгаажуулах нь зүйтэй байна.  

Мөн хохирогч Э.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Х-гээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Х-д 480 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Х-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Э.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

5. Шүүгдэгч Э.Х нь хохирогч Э.Эт 410.604 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн хохирлыг 2022.8.23-ны өдрөөс 2022.09.05-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахаар хохирогч Э.Э-тэй шүүх хуралдаан дээр Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг баталгаажуулсугай.

6. Шүүгдэгч Э.Х нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж дурдсан хугацаанд хохирогчид учруулсан хохирол төлбөрийн мөнгийг өгөөгүй тохиолдолд түүнээс үл маргах журмаар 410.604 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-д олгохыг дурдсугай.

7. Хохирогч Э.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Х-гээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР