| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00875/И |
| Дугаар | 881 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 881
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б-ын О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг дахь Н салбарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие 2014 онд Увс аймаг дахь Н салбарт үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажилдаа үнэнч шударга, ямарч алдаа дутагдал гаргалгүй хамт олонтойгоо эвтэй ажиллаж ирсэн. Гэтэл гэнэт ажлаас шалтгаангүй халах тушаал гаргасан. Учрыг асуутал удирдах ажилтнуудтай маргалдсан гэсэн. Манай удирдах ажилтнууд ажил дээр архи ууж, мөрийтэй тоглох, мөн агуулахад гал гаргасан зэрэг буруу үйлдэл гаргаж цэвэрлэгээ үйлчилгээнд нөлөөлөх, мөн шаардлага тавихаар намайг хэл амаар доромжлон гадуурхах болсон. Би санаа бодлоо илэрхийлж тухайн хүмүүстэй маргалдсан нь үнэн. Энэ тухайгаа даргадаа танилцуулахад намайг үгүйсгэж “Удирдах ажилтнуудад чи үг хэлэх эрхгүй” гэх хариулт өгсөн. Улмаар 9 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж ажлаас халсан. Уг тушаал нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдав гэсэн хуурамч гарын үсэггүй тушаал гарсан байсан. Би ажлаас халагдах хүсэлт гаргаж өгөөгүй болно. Би цалингийн зээлтэй, ажилгүй учраас зээл төлөх боломжгүй. Иймд миний гомдлыг хүлээн авч ажлаас гэнэт халагдах болсон шалтгааныг тодруулж намайг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймаг дахь Н салбарын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймаг дахь Н-д үйлчлэгч албан тушаалд ажиллаж байсан О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. О нь тус салбарын тооцооны нягтлан бодогч Б-ийн цүнхнээс мөнгө алга болсон хэрэгт холбогдсон, мөн ажиллагсадтай үйлчилгээний машинд сууж байхдаа зүй бусаар харьцсан зэрэг ёс суртахууны доголдол гаргасан. Шаардлагатай бол дээрхи асуудлыг холбогдох хүмүүстэй уулзаж тодруулж болно. Мөн 7, 8, 9 дүгээр саруудад үйлчлэгч О-ийн амьдрал ахуйг нь харгалзан үзэж ажиллаагүй боловч цалинг нь олгож ээлжийн амралтын тооцоог зохих журмын дагуу хийсэн. Өөрийнх нь гаргасан алдаа дутагдлыг салбарын даргын хувьд О-той ганцаарчлан уулзаж, өөрт нь ярьж ойлгуулж улмаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн юм. Иймд ажилд эгүүлэн томилох боломжгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О нь хариуцагч Увс аймаг дахь Н салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О Увс аймаг дахь Н салбарт үйлчлэгчээр ажиллаж байгаад Увс аймаг дахь Н салбарын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 61 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг заалт болон ажилтны өргөдөл хүсэлтийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.
Хариуцагч нь “О алдаа дутагдал гаргасан. Өөрийнх нь гаргасан алдаа дутагдлыг салбарын даргын хувьд О-той ганцаарчлан уулзаж, өөрт нь ярьж ойлгуулж улмаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн” хэмээн маргаж байна.
Гэтэл ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг харахад нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн агуулгатай байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар, түүний хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх эрхтэй ба ажилтан нь өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлд хамаарна. Харин нэхэмжлэгч О-г нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-г Увс аймаг дахь Н салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг дахь Н салбараас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие нь О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй албан ажилтай боллоо. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр, мөн хариуцагч Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасан тул хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-ийг Увс аймаг дахь Н салбарын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг дахь Н салбараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР