Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0656/Э |
Дугаар | 2022/ШЦТ/723 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Б ын С д холбогдох эрүүгийн 2209001731108 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувийн байгууллагад улирлын ажил хийдэг, ам бүл 5, эх, эгч, дүү, эхнэрийн хамтаар ... тоотод оршин суудаг, урьд нь
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 240 дүгээр тогтоолоор ял дууссан, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Б ын С /РД:... /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Б тай гал буюу асаагуурыг бүр ав гэж хэлж үг сөрлөө гэж шалтгааны улмаас маргалдан улмаар биед халдан зодож эрүүл мэндэд нь духанд нь няцарсан шарх, зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б ын өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт караокед өөрийн найз О , Х нарын хамт 23 цагийн орчим орж үйлчлүүлсэн. Тухайн газраас 00 цагийн үед найз нарын хамт гарсан ба караокены хойд талын замын хажуугаас такси барих гээд зогсож байсан чинь манай найз О энд асуудал үүсэх гээд байна, эндээс явъя, холдъё гээд бид нар зам хөндлөн гарсан. Араас хэсэг залуучууд хүрч ирээд намайг шалтгаангүй цохиж газар унагааж нуруу болон толгой руу олон удаа өшиглөж зодсон, бага зэрэг архи хэрэглэсэн байсан тул ухаан балартаж ямар нэгэн зүйл санахгүй байгаа. Цагдаагийн хэлтсээс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч яваад гэмтэл орж толгойндоо оёдол тавиулаад гэртээ харьсан. Нийт 7-8 залуучууд байсан, миний санаж байгаагаар намайг эхэлж шанаа хэсэгт цохисон залуу саарал куртиктэй эрэгтэй хүн байсан. Би нүүрээ хамгаалаад доошоо харсан, өөр бусад хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед саарал куртиктэй байсан С гэх залуу гэмтэл учруулсан, бусад залуус нь С гийн найз байсан болохоор надад таатай бол хандаагүй, гэхдээ надад гэмтэл учруулаагүй. С г өмөөрч намайг буруутгасан байдалтай түлхэх ч юм уу тийм үйлдэл гаргаж байсан болохоор би бүх залуус зодсон гэж мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25-26, 29-30 /-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Өлзий-Оршихын өгсөн “...Би найзуудын хамт ... нэртэй газар орчхоод би тооцоо хийгээд гараад ирсэн, баарны гадаа энд тэндгүй хүмүүс маргалдаж байсан. Манай найзууд замын эсрэг талд зогсож байсан, намайг очиход С , Б гэх залуу хоёр ноцолдоод газар уначихсан байсан. Бид хэд очоод салгасан, миний хувьд цохиж зодсон асуудал байхгүй. С тэр хоёр маш хурдан хугацаанд ноцолдоод газар уначихсан байхаар нь салгасан юунаас болж маргалдсан, муудалцсан талаар мэдээгүй. Тэр хоёрыг уначихсан байх үед салгах гээд наашаа цаашаа татаад салгасан, тэрнээс тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б н өгсөн “...... бааранд орчхоод гарч ирээд ярилцаад зогсож байхад тэр Б гэх залуу нэг харсан чинь С тэр хоёр ноцолдоод газар уначихсан байсан тэгээд бид хэд очоод салгасан, Б гэгчийг зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/-р тал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Д ийн өгсөн “...Баарнаас гарахад гадаа энд тэндгүй хүмүүс маргалдаад зодолдоод байсан, бид нар хаашаа явахаа ярилцаад зогсож байтал 3 залуу хажуугаар явж байсан. Тэр Б гэх залуутай С муудалцсан, том зодоон болоогүй. С , Б гэдэг залуу 2 хоорондоо ганц, хоёр цохилцоод газар унаад ноцолдсон. Бид хэд салгасан, Б гэх хүнийг зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38/-р тал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.О ын өгсөн “...Караокед өөрийн найз Б , Х нарын хамт орсон, тэндээсээ гараад төв зам руу алхаж такси барих гээд зогсож байхад бид нарын хажууд 10 орчим залуучууд байсан. Зүүн талд нь зогсож байсан залуу манай 2 найзыг үгээр өдөж эхэлсэн, хоёр найзаа сугадаад хойшоо зам хөндлөн гүйсэн. 5-6 залуучууд Х , Б нарыг өшиглөж, зодож эхэлсэн, тэндээсээ 2-3 залууг харвал танина. Тухайн үед Б ын толгой хагарсан байсан, Х ад ил харагдах гэмтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Х ын өгсөн “...Баарнаас гарахад маргаан болсон, тухайн үед юунаас болсон талаар би ойлгоогүй. Сүүлд нь ухаж ойлгоход тухайн залуусын нэг нь Б ас гал асуусан юм байна лээ, гэтэл Б халааснаасаа хоёр гал гаргаж ирээд нэгийг нь чи наадахаа бүр ав гээд хэлчихсэн гэсэн., түүнээс болсон юм шиг байгаа юм. Уг залуус маргах гээд эхлэхэд найз О бид хоёрыг сугадаж аваад зам хөндлөн гарсан, гэтэл араас 6-7 хүн ирээд намайг бургас руу түлхэж унагаагаад Б ыг зодсон. Тойроод олон хүн зогссон байсан, яг хэн нь зодсон талаар би хараагүй. Ямар ч байсан цагдаагийн газар очиход толгой нь хагарсан, уруул нь хавдсан шарх сорви болсон байсан, О бид хоёрт гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн “...Духны шарх нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт, нурууны цус хуралтад гэмтлийн зэрэг тогтоохгүй, духны шарх, зулгарал нь нэгэн хүчин зүйлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/-р тал
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...А.Б ын духанд няцарсан шарх, зулгаралт, нуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-663 /-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч Б.С д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б ын С г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР