Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/03175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 7Б байрны 06 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ФЕ76111203, Элжгэн овогт Түнгээдэйн Мөнхтуулын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 2В байрны 42 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧН74110531, Галзууд овогт Пүрэвийн Дашдаваад холбогдох,

 

хүүхдийн сургалтын төлбөрт 3 950 000 төгрөгийг гаргуулах болон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг бууруулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Мөнхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч П.Дашдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн сургалтын төлбөрт 3 950 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, сургалтын төлбөрт 7 450 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг болон 3 хүүхдэд төлж байгаа тэтгэлгийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтэрсэн шалтгаанаар  тэтгэлгийн хэмжээг бууруулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-01 өдрийн 101/ШШ2017/00441 шийдвэрээр П.Дашдаваагаас миний бие гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас төрсөн охин Д.Жаргалмаа нь Эрхэт эрдэм дунд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 4 900 000 төгрөгийн төлбөртэйгээр суралцаж, 12 дугаар анги төгссөн. Мөн охин Д.Цацралт нь ШУТИС-ийн лицей ахлах сургуулийн 3 000 000 төгрөгийн төлбөртэйгээр 2017-2018 оны хийчээлийн жилд  10-р ангид суралцсан. 2018-2019 оны хичээлийн жилд мөн ийм төлбөртэйгээр суралцаж байна. Хүү Д.Анар нь Эрхэт эрдэм дунд сургуульд жилийн 4 000 000 төгрөгийн төлбөртэй суралцаж байна. П.Дашдаваа нь шүүхийн шийдвэрт заасан тэтгэмжийг сар бүр төлдөг боловч охин П.Жаргалмаа, Д.Цацралт, Д.Анар нарын сургалтын төлбөрийн тал хувийг төлөхгүй байгаа нь ганц бие өрх толгойлсон, тогтсон орлогогүй миний хувьд санхүүгийн бэрхшээлтэй байна. Энэ байдлыг харгалзан үзэж 3 хүүхдийн 2017-2019 оны хичээлийн сургалтын төлбөр болох нийт  төлбөрийн  50 хувь болох 7 450 000 төгрөгийг П.Дашдаваагаас гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-01 өдрийн 101/ШШ2017/00441 шийдвэрээр Т.Мөнхтуулаас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид маргаангүй үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхөөр харилцан тохирсон.   Харин гэр бүлийн дундын өмч хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 7Б байрны 06 тоотод байрлах орон сууцыг Т.Мөнхтуул, Д.Жаргалмаа нарт, Сүхбаатар дүүрэг, Бэлхи зусланд байрлах өвлийн сууц, зуслангийн газрыг Д.Цацрал, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 74А байрны 88 тоотод байрлах орон сууцыг Д.Анарт шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээгээр сургалтын төлбөр болон өөрт ногдох хэсгээ авахгүйгээр тохирсон. Гэтэл Т.Мөнхтуул нь орон сууцны лизингтэй байгаа байрандаа 2 хүүхэдтэй хүнтэй хамтын амьдрал зохиогоод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул өрх толгойлсон эмэгтэй биш юм. Түүний одоо амьдарч байгаа байрны лизингийг би хариуцаж төлж байна. Мөн өөрийн амьдарч байгаа байрны мөнгө, кабель, утасны төлбөр тооцоо, сар болгоны хүүхдийн тэтгэмжийг хуульд заасны дагуу цалингийнхаа хэмжээнд төлж барагдуулж байна.

Гэрлэлт цуцлах үед охидууд маань улсын сургуульд явдаг байсан. Хувийн сургуульд сургах, төлбөртэй сургуульд сургах талаар надтай зөвшилцөөгүй,  сургалтын төлбөр төлөх миний боломжгүйг мэдсээр байж нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд ажил байдлын хувьд хэцүү байдалд байгаа. Төрийн албаны хуульд заасны дагуу сануулах арга хэмжээ, цалингийн 20 хувиар цалин хасагдах арга хэмжээ авагдсан байгаа. Т.Мөнхтуул нь Баянзүрх дүүрэгт байрлах байраа сард 500 000 төгрөгөөр түрээслүүлдэг. Тэр Гэгээ хүүхэд харах төвийг бас ажиллуулдаг. Санхүүгийн хувьд боломжтой. Миний хувьд одоо ээжийнхээ байранд амьдардаг. Төрийн байгууллагын цалингаар 2 байрны лизинг, байрны төлбөр, кабелийн төлбөр, хүүхдийн тэтгэлэг, утасны төлбөр тооцоо зэргийг төлж байгааг нотлох  баримтаа хавсаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие сард авдаг  цалин 990 000 төгрөг бөгөөд үүнээс Т.Мөнхтуулын одоо амьдарч байгаа орон сууцны лизингэд 350 000 төгрөгийг Голомт банк руу шилжүүлдэг. Мөн 3 хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 595 800 төгрөгийг сар бүр шилжүүлдэг.

Хуульд зааснаар  тэтгэлэг гаргуулах, төлбөрийн хэмжээ   цалин хөлс болон  олох орлогоос 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалт нь миний хувьд хэрэгжихгүй байна.

Иймд хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг бууруулж, 150 000 төгрөгөөр тогтоож  өгнө үү? гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-01 өдрийн 101/ШШ2017/00441 шийдвэрээр гэрлэлт цуцлаж, 3 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувиарлах гэрээг баталгаажуулж шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу 3 хүүхэддээ тэтгэлэгт сар бүр 463 250 төгрөг шилжүүлэх ёстойгоос хөрөнгө хувиарлах гэрээний дагуу лизингэд бид хоёр нийт төлөх 642 600 төгрөгөөс миний төлөх 321300 төгрөгийг суутгаж, тэтгэлэгт сард  146 000 төгрөгийг шилжүүлж байсан. Д.Анар 2018-03-25 өдөр 11 нас хүрч, энэ өдрөөс тэтгэлгийн хэмжээ амьжиргааны доод түвшингийн 50 хувиар бус, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төлөгдөх болсон тул 2018 оны 10 сараас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 146 000 төгрөг бус, 296 000 төгрөг ирж байгаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт заасны дагуу эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол, мэргэжил эзэмшүүлэхэд туслах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, мөрөг нэхэмжлэл, зохигчийн  тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, АШУҮИС-ийн ЭБС-ийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтууд, Хаан банк дахь нэхэмжлэгчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, эцэг эхтэй байгуулах гэрээнүүд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн зээлийн дансны хуулга, дансны хуулга, гүйлгээ, дансны дэлгэрэнгүй хуулга, орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримтууд, арга хэмжээ ногдуулсан тушаалууд, төрсний гэрчилгээнүүд, хөрөнгө хууваарилах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, ипотекийн гэрээ, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хаягийн болон төлбөр барагдуулах талаарх зэрэг тодорхойлолтуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

а/ Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдүүдийн сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 50 хувийг, 2018-2019 оны хичээлийн жилд төлсөн болон төлөх төлбөрийн 50 хувь болох нийт 7 450 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөс татгалзсан байна.

 

 Нэхэмжлэгч хариуцагч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-01 өдрийн 101/ШШ2017/00441  шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Жаргалмаа, Д.Цацралт, хүү Д.Анар   нарыг насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоож, эцгээс нь хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоосон байх бөгөөд гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваарилах, эд хөрөнгөд ногдсон үүргийг хуваарилах асуудлын талаар  зохигч эвлэрсэн  байна.

Хариуцагч нь шүүх шийдвэрлэсэн асуудлаар шүүхэд нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, үндэслэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн, төлбөртэй сургуульд суралцуулах талаар нэхэмжлэгч өөртэй нь тохиролцоогүй, тэрээр сургалтын төлбөрийг төлөх чадваргүй гэж  нэхэмжлэлээс татгалзах татгалзлаа үндэслэж байгаа байх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр хүүхдүүдийн сургалтын төлбөрийн талаар зохигч  эвлэрсэн зүйл тогтоогдоогүй бөгөөд харин шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад ”эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч ...хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх ... үүрэг хэвээр үргэлжлэхийг” дурдсан байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулах талаар өөртэйгээ тохиролцоогүй гэж үзэж нэхэмжлэлээс татгалзаж байгаа байх боловч зохигчийг гэр бүлээр амьдарч, гэр бүлийн талаар маргаж байх үед охин Д.Жаргалмаа 2015-2016 оны хичээлийн жилд Төгс дэлгэрэх дунд сургуульд, 2016-2017 онд ШУТИС-ийн ахлах сургуульд, 2017-2018 онд  Эрхэт эрдэм дунд сургуульд,  охин Д.Цацралт 2017 онд АШУҮИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан байх бөгөөд  хүүхдээ асрамжилж буй нэхэмжлэгч охин Д.Жаргалмааг 2017-2018 онд Эрхэт эрдэм дунд сургуульд 12 дугаар ангид суралцсан сургалтын төлбөр 4 900 000 төгрөгийг, охин Д:.Цацралтыг АШУҮИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуульд 2017-2018 онд 10 дугаар ангид суралцсан төлбөрт 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн нь нотлогдож байна.

 Охин Д.Цацралт АШУҮИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 11 дүгээр ангид суралцаж байгаа байх бөгөөд сургалтын төлбөрт 3 000 000 төгрөг төлөх гэрээтэй, уг төлбөрөөс нэхэмжлэгч 1 000 000 төгрөгийг, хүү  Д.Анар Эрхэт эрдэм дунд сургуульд 6 ангид суралцаж байгаа байх бөгөөд сургалтын төлбөрт 4 000 000 төгрөг төлөхөөр эцэг эх хүлээсэн гэрээт үүргээс нэхэмжлэгч 1 000 000 төгрөгийг төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч дээрх төлбөрүүдийг  асрамжиндаа байгаа хүүхдүүдэдээ ерөнхий боловсрол олгоход зориулж төлсөн байна.

 Зохигч гэрлэлтээ цуцлуулсан ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эцэг эх хүүхдэдээ ерөнхий боловсрол олгох үүргийг адил тэнцүү хэмжээгээр хариуцах тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу  хүүхдүүдийн сургалтанд гарсан зардлын 50 хувийг хүүхдүүдийн эцэгт хариуцуулуулахаар хүүхдүүдээ асрамжилж буй эх болох  нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.                                                                                                                                                                                                                                            

Иймд нэхэмжлэлээс Д.Жаргалмаагийн 2017-2018 оны сургалтын төлбөрт төлсөн 4 900 000 төгрөгийн 50 хувь болох 2 450 000 төгрөгийг, Д.Цацралтын 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1 500 000 төгрөг, 2018-2018 оны хичээлийн жилийн 3 000 000 төгрөгийн төлбөрөөс төлсөн хэсэг болох 1 000 000 төгрөгийн   500 000 төгрөгийг, Д.Анарын 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4 000 000 төгрөгөөс төлөгдсөн хэсэг болох 1 000 000 төгрөгийн 50 хувь болох 500 000 төгрөгийг буюу нийт 4 950 000 төгрөгийг шаардсан  хэсгийг хангав.

 

 б/ Хариуцагч нь  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-01 өдрийн 101/ШШ2017/00441  шийдвэрээр  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2001-01-06 өдөр төрсөн  охин Д.Жаргалмаа,  2002-11-18 өдөр төрсөн охин Д.Цацралт, 2007-03-25 өдөр төрсөн хүү Д.Анар   нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16/суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөхөөр тогтоогдсон байна.

Хариуцагч шүүхийн дээрх шийдвэрийн дагуу 3 хүүхдүүдэд тэтгэлэгт 2018-03-25 өдрийг хүртэл сар бүр 463250 төгрөгийг өгч байсан талаар зохигч маргаангүй байх бөгөөд хүү Д.Анар 2018-03-25 өдөр 11 нас хүрсэн үеэс хүүхэд тус бүрт амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлөх үүрэгтэй болжээ.

Хариуцагч сард 995463 төгрөгийн цалинтай байх бөгөөд үүнээс өөр орлоготой нь тогтоогдоогүй .

Тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу 3 хүүхдэд нэг сард төлөх тэтгэлгийн хэмжээ 2018-03-25 өдрөөс 595800 төгрөг болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан, зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй тухай  тогтоосон  хязгаарыг давсан байна.

Иймд охин Д.Жаргалмааг 18 нас хүрэх  2019-01-06 өдрийг хүртэл хариуцагчаас нэг сард 3 хүүхдэд төлөх тэтгэлгийн хэмжээг түүний нэг сард авч буй цалингийн 50 хувь болох 497 731 төгрөгөөр тогтоож, бууруулав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 148 250 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 94 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.