Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/819

 

2022         8             16                                      2022/ШЦТ/819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0784/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 2103002400323 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот,... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **дугаар сарын **-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан:  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1: Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэгт 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай М.Н /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 53 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт “....” төвийн баруун урд замд Б.Н-н эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар  гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч .. настай, эмэгтэй Н.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би орой ажлаа тараад .. буудлын тэнд заал авах гээд явж байсан. Намайг явж байхад явган хүний гарц байсан ба портер зүүн талын дохио өгөөд зогсох шиг болсон би баруун талаар нь тойрч гарах гэж байгаад явган хүн дайрсан. Аавын биеийн байдал мөн тааруу байсан тул миний сэтгэл санааны байдал тааруу байснаас үүдэн санамсаргүй байдлаар хүн дайрч гэмтээсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.  

Хавтаст хэргээс:

2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал)

2022 оны 05-р сарын 11-ний өдрийн ”Сонгинохайрхан дүүргийн автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-72 дахь тал)

Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сургууль дээр эцэг, эхийн хурал 16 цагаас болоод дууссаны дараа мөн сургуулийн спорт зааланд тоглож бэлтгэл хийсэн юм. .... төвийн баруун талын автобусны буудал дээр буугаад явган хүний гарцаар баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарсан. Тэгээд эхлээд зүүн гар тал буюу ..-н буудлын замаар хойноосоо урагшаа явж байсан тээврийн хэрэгслүүд зам тавьж өгөөд зогсохоор нь зам хөндлөн гарч яваад урдаасаа хойш явах хөдөлгөөнд нэг ачааны тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхөөр нь тэр тээврийн хэрэгслийн урдуур зүүн зүгт гарах үед миний баруун гар талаас тэр тээврийн хэрэгсэл ирж намайг мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь би өөрийн гарч явсан явган хүний гарцнаас нилээд хол шидэгдсэн байсан. Тэр зам тавьж өгөөд зогссон ачааны тээврийн хэрэгслийн урдуур нь гарах төдийд өөр тээврийн хэрэгсэл мөргөсөн. Уг нь замын дунд хэсэгт тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд жолооч нь зам гар гэж гараараа ойлгогдохоор дохио өгсөн юм ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “явган зорчигч зүүн гар талаас Портер машины урдуур гэнэт гарч ирээд миний сууж явсан машины яг урд талаар нь мөргүүлээд унасан. Тэр машинд мөргүүлсэн эмэгтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр уулзварт гэрлэн дохио байсан ба гэрлэн дохио нь ажиллагаанд ороогүй шар гэрлээр анивчиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ....дугаартай шинжээч эмч Ц.Бадралын: “...Н.Б-ийн биед баруун шаант ясны дээд булууны бяцарсан далд хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 76 дахь тал)

М.Н: жолооны үнэмлэхний төлөв хүчинтэй, үнэмлэх олгосон огноо 20**/**/**, үнэмлэх хүчинтэй огноо 20**/**/**, зөрчлийн оноо 10, ангилал В,С ... гэх жолоодох эрхийн лавлагаа”  (хавтаст хэргийн 99 дэх тал)

3амын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ээс ирүүлсэн: “Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэр ... төвийн баруун урд талд шинээр гэрлэн дохио суурьлагдсан ба уг гэрлэн дохиог манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй байгаа тул байнгын ашиглалтанд оруулах, ашиглалтыг хариуцах эрх одоогоор манай байгууллагад байхгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6.в-д заасны дагуу анивчсан шар гэрлэн дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээллэж, болгоомжтой явахыг анхааруулдаг болно” гэх албан тоот (хавтаст хэргийн 105 дахь тал)

Яллагдагч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед явган хүний гарцны гэрлэн дохио шар өнгөөр анивчиж байсан. Ер нь бол тэр гэрлэн дохио шар гэрлээс өөр гэрэл солигдож асахгүй байсан. Дандаа шар өнгийн гэрлэн дээр анивчиж байсан. ...ослын улмаас би болон зорчигч нар гэмтэж бэртээгүй. Би хохирогчийн хохиролд нэхэмжилсэн 4.660.000 төгрөгийг хохирогчийн дүү Н.Б-н Хаан банкны данс руу нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, би хохирогчийн бүх хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэм буруугийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: Шүүгдэгч М.Н нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр ... төвийн баруун урд замд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Н эзэмшлийн Toyota Prius загварын ****  *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч Н.Б-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант ясны дээд булууны бяцарсан далд хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг мөн болно.

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч М.Н нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Гэхдээ Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгч М.Н нь урьд нэгэнтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан:  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1: Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэгт 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 91-95 дугаар хуудас/

Дээрх гэмт хэрэгтээ шүүхээс ял шийтгүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял эдлэх хугацаа нь дуусаагүй байх үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дахин Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Н үйлджээ. 

Энэ тохиолдолд шүүгдэгч М.Н нь ял шийтгэлтэй хугацаа өнгөрөөгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна.

Зүй нь түүнд холбогдох сүүлийн энэ гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэх ёстой байтал шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан мэтээр илт үндэслэлгүй шийдвэрийг прокурор гаргажээ.

Энэ мэт байдлыг прокуророос цаашид гаргахгүй байвал зохино.

Нэгэнт шүүхэд шилжиж ирсэн хэргийн тухайд энэ удаад шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар нь хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч М.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Б нь “...жолооч М.Н миний хохирлыг төлж барагдуулсан. Миний дүүгийн 5165...... тоот данс руу хохирлын 5.000.000 төгрөгийг хийсэн тул гомдол санал байхгүй, цаашдаа нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх хүсэлт /хх-110/ гаргасан байх тул шүүгдэгч М.Н-г одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Н.Б нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх  зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Н-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч М.Н нь урьд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл эдэлж байсан тул түүнд торгох ял шийтгэх боломжгүй бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Н-т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь одоогоор хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Н-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь одоогоор хохирогчид төлөх хохирол төлбөр байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Н.Б нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР