Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 276 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Т.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2022/0659/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.О-с Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.7, 17.1.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Э.О нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халах үндэслэл нь иргэн Ж.Г, Ж.Г нарын гэрлэсний 49 тоот бүртгэлийг Э.О-г хууль зөрчиж, буруу бүртгэсэн гэж бүртгэлийг хүчингүй болгосон Хяналтын улсын байцаагч Ч.Э-н 2022 оны 3430 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байна.

Гэвч уг дүгнэлтийг Э.О-д бичгээр огт танилцуулаагүй учир дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй эсэхийг ч мэдээгүй. Э.О уг дүгнэлтийг бичгээр авах хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/8468 тоот албан бичгээр “... байгууллагын гадагшаа чиглэсэн үйл ажиллагааг зохицуулсан акт биш тул ... Хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 3430 дугаарын бүртгэлтийг гарган өгөх үндэслэлгүй. Харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.14-д ... гэж заасны дагуу маргаан хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий байгууллагаар дамжуулан авах боломжтой” гэсэн хариуг өгсөн.

3.2. Хяналтын улсын байцаагч Ч.Э-н  2022 оны 3430 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь үзсэн.

Ингээд дээрх дүгнэлт нь түүний эрх ашгийг хөндөж байгаа учраас хүчингүй болгуулахаар Ажлаас үндэслэлгүй халагдсаны маргааныхаа шаардлагыг нэмэгдүүлэх гэсэн боловч уг хэрэг нь Ж.Гнхсайханы нэхэмжлэлтэй, Хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдох 2022 оны 3430 дугаар дүгнэлттэй холбоотой хэрэг маргаан үүссэн байгаа тул тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9136 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн захиргааны актад гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

3.3. Ингэж Ж.Г, Ж.Гнхсайхан нарын гэрлэсний бүртгэлийг Э.О огт нотлох баримтгүй байхад нь бүртгээгүй, бүртгэлийн санд байсан ХААТР маягтууд болон гэрлэлтийн гэрчилгээний эх баримтыг үндэслэн мөн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагч Ц.Алтанцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019 дүгнэлтэд үндэслэн ХААТР-15 маягтыг нөхөн бүртгэл хийж Улсын бүртгэлийн ерөнхий газар руу явуулсан.

Шүүх дүгнэхдээ дээрх дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулахдаа хамт явуулаагүй байна гэж дүгнэсэн нь Э.О үйлдэл, эс үйлдэхүй, ажиллагаанд огт хамааралгүй юм.

3.4. Э.О нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019 дүгнэлтийг хэзээ хүчингүй болохыг мэдэхгүй нэгэнт дүгнэлт гарсан учир дүгнэлтэд үндэслэн ХААТР-15 маягтыг бөглөснийг дараа нь хүчингүй болсон учир Э.О буруутай үйлдэл гэж харах, дүгнэх боломжгүй юм. Энэхүү дүгнэлт нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон учраас хэрвээ энэ дүгнэлтийг хүчингүй болгох юм бол ажлаас халагдсантай холбоотой маргаанд нь ач холбогдолтой талаар дурдсаныг “улсын бүртгэлийн маргааны хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн нэгэн адил бие даасан шаардлагаар маргаагүй” гэж шүүх буруутгаж болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Э.О-с “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч Э.О хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/599 дүгээр тушаалаар Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчин буруу бүртгэл хөтөлсөн нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Э.О нь иргэн Ж.Гнхсайханы 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч, Ж-н Г, Ц-н Э нарын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрлэлтийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулж, гэрлэсний бүртгэлийн 0049 дугаарт бүртгэсэн байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэг нь иргэн Т.Б, иргэн Ж.Г, Ц нараас гаргасан өргөдлийн дагуу дээрх бүртгэлийг хянаад, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 3430 дугаар дүгнэлтээр “1. ... Ж.Г, Ц нарын гэрлэсний бүртгэлийн 49 дугаартай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 2. Ж.Гийн ... дугаартай лавлагаануудыг хүчингүй болгож, 3. ... улсын бүртгэгч Э.О ...-д сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газар, Иргэний улсын бүртгэлийн газарт тус тус гаргажээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно”, 21.2-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна”, 21.3-д “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай” А/207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, гэрчилгээгүй боловч гэрлэсэн гэж үзэх ямар нэгэн бүртгэл, үндэслэл байгаа тохиолдолд иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн ...”, 4.3-д “Гэрлэлтийн гэрчилгээтэй боловч мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, Иргэний баримтын архивд гэрлэсний бүртгэлийн эх нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн бусад ХААТР маягт, бүртгэлийн дэвтэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөж бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө”, мөн журмын 5.1-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтална” гэж тус тус заасан.

2.5. Нэхэмжлэгч Э.О нь улсын бүртгэгчийн албан үүргийг гүйцэтгэж, иргэн Ж.Г, Ц гаргасан өргөдлийн дагуу бүртгэл хийхдээ хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь өргөдөл гаргагч Ж.Г иргэний үнэмлэхийн хуулбар, 49 тоот гэрлэсний гэрчилгээг үндэслэн Ж.Г, Ц нарын гэрлэсний бүртгэлийн 0049 дугаартай ХААТР-15 маягтыг нөхөн бичиж, Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 тоот албан бичгээр Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлж, дээрх бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд оруулсан байна.

2.6. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч Ц, иргэн Ж.Г нар нь гэрлэлтийн гэрчилгээтэй гэх боловч мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, Иргэний баримтын архивд гэрлэсний бүртгэлийн баримт бичиггүй байхад хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр бүртгэл хийсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Э.О огт нотлох баримтгүй байхад нь бүртгээгүй, бүртгэлийн санд байсан ХААТР маягтууд болон гэрлэлтийн гэрчилгээний эх баримтыг мөн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагч Ц.А-н 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019 дүгнэлтэд үндэслэн ХААТР-15 маягтыг нөхөн бүртгэл хийж Улсын бүртгэлийн ерөнхий газар руу явуулсан ... шүүх дүгнэхдээ дээрх дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулахдаа хамт явуулаагүй байна гэж дүгнэсэн нь Э.О үйлдэл, эс үйлдэхүй, ажиллагаанд огт хамааралгүй ... Э.О нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019 дүгнэлтийг хэзээ хүчингүй болохыг мэдэхгүй нэгэнт дүгнэлт гарсан учир дүгнэлтэд үндэслэн ХААТР-15 маягтыг бөглөснийг дараа нь хүчингүй болсон учир түүний буруутай үйлдэл гэж харах, дүгнэх боломжгүй ...” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2019 дүгээр дүгнэлт нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан болох нь түүний “... дүгнэлтийн бланкад 03 дугаар сарын 15-ны өдөр гэж андуурч бичсэн, дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан” гэх тайлбараар няцаагдаж байна.

2.8. Түүнчлэн нэхэмжлэгч Э.О Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2019 дүгээр дүгнэлтийг хуульд нийцсэн эсэх, хүчингүй болгохыг мэдэхгүй хэдий ч цаг хугацааны хувьд түүний бүртгэл хийхдээ үндэслэсэн гэх дээрх дүгнэлт нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан буюу маргаан бүхий бүртгэлийг хийж, Иргэний бүртгэлийн газарт хүргүүлсний дараа гарсан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.9. Дээрх үйл баримтуудаас үзвэл, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-т “төрийн албанаас халах”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 17.1.7-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах” гэж тус тус заасанд нийцжээ.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сонсох ажиллагааны явцад “... би буруугаа хүлээж байна. Сахилгын шийтгэл ногдуулахад хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар гаргасан байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН