Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
Хэргийн индекс | 140/2016/0054/Э |
Дугаар | 54 |
Огноо | 2016-11-23 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Б.Өлзийбат |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 54
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, Улсын яллагч Б.Өлзийбат Шүүгдэгч Б.Галрагчаа, Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном, Б.Оюун-Эрдэнэ, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, М.Энхзаяа /цахимаар/, Ж.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгч Б.Уртнасан, Хохирогч Э.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.13, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Галрагчаа, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оюун-Эрдэнэ нарт холбогдох 201407000121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын харьяат, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Андууд” ресторанд хамгаалагч ажилтай , Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Халбаган овогт Базарсадын Галрагчаа, /Регистрийн дугаар ДЕ83053115/
Монгол Улсын харьяат, 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт жолооч ажилтай , Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халбаган овогт Базарсадын Гүррагчаа, /Регистрийн дугаар ДЕ81080413/
Монгол Улсын харьяат, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Дэлгэр сумын хэсгийн цагдаа ажилтай , Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны 1-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халбаган овогт Базарсадын Цэрэнсодном, /Регистрийн дугаар ДЭ85012034/
Монгол Улсын харьяат, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага хүлээн авагч ажилтай , Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 3-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Батдэлгэрийн Оюун-Эрдэнэ, /Регистрийн дугаар ДЮ91071801/
Шүүгдэгч Б.Галрагчаа нь өс хонзонгийн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан, шүүгдэгч Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Халбаган овогт Базарсадын Галрагчаа нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Оюун-Эрдэнэ, Э.Баярсайхан нартай маргалдаж улмаар тэднийг өөрийн жолоодож явсан Тoyota Sprinter маркийн автомашинаар дайрахад Э.Баярсайхан, Б.Оюун-Эрдэнийг хажуу тийш түлхэж өөрөө дайрагдан машинд дарагдсан хэргийн үйл баримт нь хохирогч Э.Баярсайханы “...2014 оны 07 сарын 06-ны өдөр... Оюун-Эрдэнэ Галрагчаатай уулзья гэж яриад Оюун-Эрдэнэ бид хоёр …цугтаа засмал зам дээгүүр гараад засмалын урд талын шороон зам дээр явж байтал Галрагчаа машинтайгаа онгоцны толгой даваад орж ирсэн. Тэгээд бид хоёрын хажууд тулж ирснээ Оюун-Эрдэнэ бид хоёр шуудуун дээр зогсож байтал машин нь шуудуунд тулаад буцаж ухарснаа дахин урагшаа хөдөлж тулж ирж зогсоод машинаа асаалттай нь орхиж гарч ирээд намайг заамдаж аваад нүүр лүү 3-4 удаа цохисон. Би зөрүүлж цохиогүй заамдаад тулаад зогссон. Надтай Галрагчаа юм яриагүй. Оюун-Эрдэнэ лүү гичий банзлаар нь дуудаад агсраад байсан. Оюун-Эрдэнэ Галрагчаад ойртохоор гарыг нь мушгиад заамдаж аваад байхаар нь би Галрагчаагийн гарыг өчиж тавиулаад, Галрагчаагийн цамцаар нь хоолойг нь боосон. Тэгэхэд Оюун-Эрдэнэ хажуугаас орж ирээд Галрагчаагийн цамцыг нь ураад нүүрийг нь хумсаараа самардсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнийг цааш нь түлхээд Галрагчаа бид хоёр заамдалцаад зогсож байтал Оюун-Эрдэнэ Галрагчаагийн гэр лүү нь хүүхдээ ирж ав гэж ярьсан. Тэгтэл удалгүй нисэх талаасаа нэг машин ирээд тэр машинаас Гүррагчаа, Цэрэнсодном хоёр гарч ирснээ Гүррагчаа шууд намайг нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхэд нь би хөл алдаад газар унасан. …Намайг газар унасан байхад Гүррагчаа сандаалтай хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Цэрэнсодном нь ээтэн хоншоортой түрийтэй гутлаар өшиглөсөн. Галрагчаа нь бас намайг цохиж авч байсан. Батдорж тэгэхэд нэгийг нь авч хойшлуулж байсан. Тэгээд би босоод Оюун-Эрдэнийг дагуулаад зайгаа автал Галрагчаа нь намайг цохих гэхэд Гүррагчаа нь Галрагчааг цааш нь түлхээд машиных нь жолоон дээр суулгасан. Тэгэхэд Галрагчаа нь “би наад гөлгийг чинь алаадахья би алж байж явна гээд байсан. Тэгсэн чинь Галрагчааг машинд нь суулгачихаад Гүррагчаа би энэ гөлгийг чиний өмнөөс алаадахья гээд гүйж ирснээ намайг 2 удаа цохиж авсан. Тэгсэнээ Галрагчаа нь машинаа асааснаа Оюун-Эрдэнэ бид хоёрын зүг чиглээд хаазалж ирэхэд нь Гүррагчаа урдуур нь орж зогсоосон. Тэгээд Цэрэнсодномыг чи наадхаа аваад яв гээд Галрагчаагийн машины ард суулгасан. Тэгээд Галрагчаа машинаа цаашаа эргүүлснээ Оюун-Эрдэнэ бид хоёр шуудууны хажууд цаашаа хараад хар зам руу явж байтал ард машин хаазлах чимээ гарснаа Галрагчаагийн машин бид хоёрт дөхөж ирэхээр нь би зүүн гар талд явсан Оюун-Эрдэнийг цааш нь түлхсэн. Тэгэхэд миний баруун талын тахим руу машин мөргөөд би унасан. Тэгээд нэг мэдэхэд би машин доогуур орсон байсан. Тэгээд Гүррагчаа, Батдорж, Цэрэнсодном нар намайг машины доороос татаж гаргасан. Тэгэхэд би ухаантай, юм хэлэх гэхээр хэлж болохгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Б.Оюун-Эрдэний хохирогчоор өгсөн “.......2014 оны 07 сарын 06-ны өдөр …. Баярсайхан бид хоёр ….урд талын шороон зам дээр явж байтал Галрагчаа машинтайгаа маш их хурдтай ирээд бид хоёрыг дайрах гэж оролдоод бид хоёр жалганы хажууд зогсож байсан болохоор хажуу тийшээ болоод зугтсан. Тэгээд Галрагчаа машинаа асаалттай нь орхиод машинаас бууж ирснээ Баярсайхныг гараараа цохиж зодсон...намайг хэл амаараа баахан доромжилсон. Тэгээд би тэсэхээ болиод чи юу гээд байгаа юм бэ гээд гараараа цээжинд нь цохитол зөрүүлээд намайг цохиж авсан, хоолой боогоод хамар луу цохисон чинь хамраас цус гарахаар нь би ээж рүү нь залгаад ирж хүүхдээ ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй машинтай Гүррагчаа, Цэрэнсодном нар ирсэн. Машинаасаа бууснаа хэн нь тэгснийг мэдэхгүй тэр хоёрын нэг нь “аль нь юм бэ алаад өгье” гээд манай ажлын газрын Батдоржийг барьж авсан. Тэгэхэд Галрагчаа наадах чинь биш энэ нь гэж Баярсайханыг заагаад Гүррагчаа, Цэрэнсодном, Галрагчаа нар нийлээд Баярсайханыг цохиж өшиглөж зодсон. Эхлээд Баярсайханыг зогсож байхад нь зодож унагаагаад унасан байхад нь нүүр нүдгүй өшиглөж зодсон. ...Тэгээд Галрагчаа машиндаа суугаад “нэг мөсөн гүйцээгээд алчихья” гэхэд нь ах дүү хоёр нь чи зүгээр дуугай яв гэсэн. Тэгэхэд Галрагчаа машиндаа сууж машинтайгаа тойрсоноо Баярсайхан бид хоёрыг дайрах гэхэд нь бид хоёр холдож зугтсан. Тэгсэн чинь Гүррагчаа Цэрэнсодномыг хажууд нь суу гээд Цэрэнсодном Галрагчаагийн машины ард суусан. Тэгээд Баярсайхан бид хоёрыг явж байхад Галрагчаа их хурдтай машинтай бид хоёр луу чиглэж ирэхэд Баярсайхан намайг түлхэж холдуулаад өөрөө дайрагдсан...” гэсэн мэдүүлгээр, хэрэг болох үед хамт байсан гэрч Батдоржийн “.... Галрагчаа, Баярсайхан хоёр заамдалцчихсан зогсож байсан тэгэхэд Галрагчаа Оюун-Эрдэнийг хэл амаараа доромжлоод гичий янхан гээд байсан. ...тэгээд 5-10 минутын дараа Гүррагчаа, Цэрэнсодном наана нь нэг эмэгтэй нар машинтай ирээд Гүррагчаа, Цэрэнсодном Галрагчаа гурав Баярсайхныг зодохоор нь би салгасан. Тэгээд салгаад Гүррагчаа Галрагчааг яв гээд машинд нь суулгасан. Машинд суулгахад Галрагчаа машиндаа суугаад явснаа эргээд Баярсайханыг дайрах гэхэд Гүррагчаа урдуур нь орж зогсоосон. Тэгээд Цэрэнсодномыг ард нь суугаад яв гэхэд Галрагчаа машинтайгаа хөдөлж явснаа эргээд л Баярсайханыг дайрсан....Баярсайхан Оюун-Эрдэнийг хажуу тийшээ түлхээд өөрөө дайрагдсан. Баярсайхан Оюун-Эрдэнийг түлхээгүй бол Оюун-Эрдэнэ дайрагдах байсан байх...” гэсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Б.Галрагчаагийн үйлдлийн улмаас хохирогч Э.Баярсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 564 дугаартай шинжээчийн
“...1. Тухайн үед Э.Баярсайханы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дух, хамар зүүн шанаа, нуруу, баруун бугалга, баруун дал, баруун тохой, баруун мөр, цээжний баруун хэсэгт зүүн тохой, цээжний зүүн хэсэг, баруун зүүн өвдөгөнд зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учиржээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. ХХМ-н 2-р хавтасын 173-р хуудсанд авагдсан гэрэл зурагт: нүүрэн дэх зулгаралт цус хуралт, тархмал хаван хавдар нь 3 хоногийн дотор арилах боломжгүй.
4.5 Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг нарийвчлан тогоох боломжгүй.
6.9 Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөхгүй.
7. Шинжээч эмч Т.Алтайбаатарын №283 тоот дүгнэлт, шинжээч эмч Д.Даваахүүгийн №15 тоот дүгнэлт тус тус үндэслэлтэй байна.
8. Э.Баярсайханы биед учирсан хамар ясны хугарал нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Бусдыг автомашинаар дайрах үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтой гэдгийг шүүгдэгч Б.Галрагчаа нь мэдсээр байж Э.Баярсайхан, Б.Оюун-эрдэнэ нарыг хамт явж байхад нь араас нь дайрч шууд санаатай үйлдэл хийсэн байх тул түүнийг хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Галрагчаагийн энэ үйлдлийг аймгийн прокурорын газраас өс хонзонгийн сэдэлтээр, нийтэд аюултай аргаар бусдыг санаатай алахыг завдсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Б.Галрагчаа хохирогч Э.Баярсайханыг өөрийн найз эмэгтэй Б.Оюун-Эрдэнэтэй харддаг байснаас тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байх ба тухайн үед Э.Баярсайхан, Б.Оюун-Эрдэнэ нартай уг асуудлаар шалтаглан муудалцсан нь хэрэгт авагдсан болон бусад баримтуудаар нотлогддог бөгөөд өс хонзонгийн сэдэлтээр тэднийг машинаар дайрч алахыг завдсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн Э.Баярсайхан Б.Оюун-Эрдэнэ нарыг дайрч алахыг завдсан үйлдэл нь хохирогч нараас гадна бусад хүмүүсийн амь насанд бодитой аюул учруулаагүй, өөр бусад этгээд рүү халдаагүй байх тул түүнийг нийтэд аюултай аргаар бусдыг санаатай алахыг завдсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б.Галрагчаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Э.Баярсайхан эмчилгээнд нийт 4785453 төгрөгийн зардал гарсан, үүнээс 3 сая төгрөгийг шүүгдэгч Б.Галрагчаа төлсөн, одоо үлдэгдэл 1785453 төгрөгийг шүүгдэгч Б.Галрагчаагаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг шүүх хуралдаанд гаргажээ.
Шүүгдэгч Б.Галрагчаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Баярсайханы эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээх бөгөөд шүүх хохирогч нарын гарган өгч хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй эсэхийг хянан Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсгүүдэд зааснаар уг баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж доорх байдлаар үнэлж дүгнэлээ. Үүнд: хэргийн 2 дугаар хавтасны 107 дугаарт Завхан харуул ХХК-нд төлсөн гэх 8000 төгрөг, шатахуун авсан 329650 төгрөг, портер маркийн машинд авсан шатахууны үнэ гэх 143500 төгрөг, 164000 төгрөг, 122500 төгрөгийн шатахуун авсан баримт, 144 дүгээр хуудсанд авагдсан Өсөхтуяагийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Алтайгаас Улаанбаатар хот руу зорчсон тийзний үнэ 231900 төгрөг, Батсайхан, Баттогтох, Нансалмаа нарын Алтайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Алтай руу зорчсон тасалбарын үнэ, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, 200000 төгрөг, буудалд байрласан гэх 30000 төгрөг, 50000 төгрөг, 55000 төгрөг, 60000 төгрөг, 30000 төгрөг, Улиастай зочид буудалд байрласан гэх 120000 төгрөг нийт 1862450 төгрөгийн зардал нь хохирогч Э.Баярсайханы эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй байх тул дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Иймд Э.Баярсайханы нэхэмжилсэн 1785453 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Галрагчаад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн Тoyato sprinter маркийн автомашиныг хэрэглэсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар уг автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Бэсүд овогт Батдэлгэрийн Оюун-Эрдэнэ нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр дээр Б.Галрагчаатай маргалдаж улмаар Галрагчаа, Э.Баярсайхан нарыг заамдалцсан байхад Б.Галрагчааг гараараа болон хөлөөрөө цохисон хэргийн үйл баримт нь Б.Галрагчаагийн хохирогчоор өгсөн “...Баярсайхан намайг боосон байхад Оюун-эрдэнэ намайг зодож цохисон. Толгой уруу гараараа цохиж, хөл рүү өшиглөж, нүүр самардаж хумсаараа цээж урсан Баярсайхан бол цохиогүй...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Э.Баярсайханы “...Оюун-Эрдэнэ хажуугаас орж ирээд Галрагчаагийн цамцыг нь ураад нүүрийг нь хумсаараа самардсан ...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Б.Оюун-Эрдэний үйлдлийн улмаас Б.Галрагчаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн “...Галрагчаагийн биед: эмнэлгийн бичиг баримтаар тархины доргилт, үзлэгээр, баруун шанаа, баруун хөхний дээд хэсэгт ташуу 7х1.5 см бор өнгийн сорви, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Б.Галрагчаа нь Оюун-Эрдэнийг хамт ажилладаг Э.Баярсайхантай хардаж маргалдсаны улмаас Б.Оюун-Эрдэнэ Б.Галрагчааг цохисон байна.
Иймд Б.Оюун-Эрдэний үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном нарыг бүлэглэн Э.Баярсайханыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэргийн үйл баримтыг бүхэлд нь шинжлэн дүгнэхэд Б.Оюун-Эрдэнэ, Б.Галрагчаа, Э.Баярсайхан нар маргалдаж байх явцад Галрагчаагийн ах, дүү нар болох Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном нар ирж Э.Баярсайханыг бүлэглэн зодсон гэх байдал хэрэгт авагдсан хохирогч Э.Баярсайхан, гэрч Батдорж Б.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог боловч Э.Баярсайханы биед учирсан аль гэмтэл нь Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном нарын үйлдлээс учирсан гэдгийг тогтоогоогүй байна.
Яллах дүгнэлтэнд Б.Цэрэнсодном, Б.Гүррагчаа нар Э.Баярсайханы биед учирсан ямар гэмтлийг учруулсан гэж яллаж байгаа нь тодорхойгүй байна.
Хохирогчид учирсан тархи доргилт, баруун зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл нь цохигдох үед үүссэн гэж анхны шинжээчийн дүгнэлтэнд дурдсан байгаа боловч Э.Баярсайханы биед дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед алинд нь үүсэх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд хохирогчид учирсан гэмтлүүдийн аль нь шүүгдэгч Б.Цэрэнсодном, Б.Гүррагчаа нарын үйлдлийн улмаас учирсан бэ гэдгийг хангалттай нотолж чадаагүй байна.
Иймд Б.Цэрэнсодном, Б.Гүррагчаа нарын үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Цэрэнсодном, Б.Гүррагчаа нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283 дугаар 283.1 дэх, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбаган овогт Базарсадын Гүррагчаа, Халбаган овогт Базарсадын Цэрэнсодном нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б.Галрагчаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.13, 91.2.16 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Халбаган овогт Базарсадын Галрагчааг хоёр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг, шүүгдэгч Бэсүд овогт Батдэлгэрийн Оюун-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Галрагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн З2 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галрагчаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Галрагчаад өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ, Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галрагчаагийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Тоyato sprinter маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Баярсайханы 1785453 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн малгай 1 ширхэг, цагаан хөх өнгийн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, гутал 1 хосыг хохирогч Э.Баярсайханд, малгайтай улаан өнгийн цамцыг шүүгдэгч Б.Галрагчаад тус тус буцаан олгож, Toyota sprinter маркийн 5628 ГАҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
11. Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Галрагчаа, Б.Гүррагчаа, Б.Цэрэнсодном, Б.Оюун-Эрдэнэ нарын иргэний үнэмлэхийг шүүгдэгч нарт буцаан олгож, хохирогч Э.Баярсайханы компьютер томографийн шинжилгээний зургийг хохирогчид тус тус буцаан олгосугай.
12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галрагчаагийн эзэмшлийн 56-28 ГАҮ улсын дугаартай Toyota sprinter маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
13. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хохирогч, цагаатгагдсан этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИДБ.УРТНАСАН
Н.ДЭЛГЭРМАА