Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0392

 

 

 

 

 

  2021           06           04                                    128/ШШ2021/0392

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б Ү И” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны А/693 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа.

Манайх Хан-Уул Дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/344 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн. Уг газрыг шинэ бүтээн байгуулалт зорилтод хөтөлбөрөөр Засгийн газрын 242 тоот тогтоолын дагуу амины орон сууц барих зориулалтаар эзэмшээд, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1159 тоот захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгалт хийсэн байдаг. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэгт  гуравдагч этгээдээр манайх оролцохдоо 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/693  тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэдгийг олж мэдсэн.

Хариуцагч нь А/693 тоот захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ захирамжийг гаргах талаараа урьдчилан мэдэгдээгүй, тайлбар санал авах боломжоор хангаагүй. Мөн цуцалсан талаараа ч мэдэгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 тоот захирамжаар сунгалт хийхэд, захирамжийн 2 дахь заалтад сунгалт хийсэн иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг газар эзэмших гэрээ байгуулж, газрын гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг. Гэтэл хариуцагч нь тэр захирамжийн дагуу газар эзэмших гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй. Шүүхэд ирүүлсэн мэдэгдлээр бол 2019 оны газрын шинэчилсэн үнэлгээгээ гэж байдаг. Тухайн үнэлгээгээр ч гэрээг байгуулаагүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2012 онд газар эзэмших эрх үүссэн гэдэг. 2012 онд үүссэнээс  хойш төлбөрөө төлсөн баримтын задаргааг харахад төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байдаг. 2018 онд хугацаа сунгасан. Хугацаагаа сунгаад  гэрээ гэрчилгээ байгуулах талаараа өөрсдөө байгуулах үүрэгтэй байх ба тухайн үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Мэдэгдэл хүлээж аваагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж байна. Манай зүгээс эднийх төлбөр төлөөгүй хүчингүй болох нөхцөл бүрдсэн талаар 3 удаа мэдэгдэл явуулсан. Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй. Түүний дараа хүчингүй болгосон захиргааны актыг шуудангаар явуулсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар 150 га газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгажээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5142 , 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5780, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5966 тоот албан бичигүүдээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5142 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан байх бөгөөд уг гарын үсэг нь нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагч бөгөөд нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гэр бүлийн гишүүн Б.Дондовдоржийнх болох нь нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримтаар, бусад мэдэгдлүүдийг нэхэмжлэгчийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Жаргалант хотхон 4-3 тоот хаягаар хүргүүлсэн болох нь явсан бүртгэлийн дэвтрийн хуулбараар тус тус нотлогдож байна.

 Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийг төлөөлж Б.Дондовдорж нь хариуцагчтай биечлэн уулзаж байсан байх бөгөөд уг уулзалтаар маргаан бүхий газрын төлбөр болон гэрээ байгуулах талаар хэлэлцсэн нь мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “...Нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, гээд  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ.

Тус шүүхээс нэхэмжлэгчийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хариуцагчаас шаардахад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01-06/228 тоот албан бичгийн хавсралтаар 530,333,333 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх хүснэгтийг ирүүлжээ.

Нэхэмжлэгчээс 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд газрын төлбөрийг жилийн 12,000,000 төгрөг байхаар тусгаж, газрын төлбөрт 2014 онд 25,500,000, 2015 онд 15,000,000, 2017 онд 24,000,000, 2018 онд 6,000,000 төгрөг, нийт 70,500,000 төгрөг төлж, 57,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй баримт хувийн хэрэгт авагджээ.

Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй /хувийн хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01122-2018/00872 дугаар гэрээ авагдсан боловч албажаагүй/, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосны дагуу газрын төлбөрийг төлөхийг дээрх мэдэгдлүүд тусгажээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 2019, 2020 онуудад газрын төлбөрийг огт төлөөгүй байх бөгөөд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмших, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”,/2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан/, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасан бөгөөд дээрх мэдэгдлүүдээр газрын суурь үнэлгээ шинэчлэгдсэн талаар, газрын төлбөрийг уг үнэлгээгээр төлөх талаар, нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдтэй хийсэн уулзалтаар гэрээ байгуулах талаар тус тус мэдэгдэж, тогтоосон хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, тайлбар, мэдүүлэг ирүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврыг дэлгэрэнгүй тусгасан байна.

Нөгөөтэйгүүр газар эзэмшиж буй тохиолдолд газрын төлбөрийг төлөх нь зайлшгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхгүй гаргаагүй, харин ч гэрээний төслийг боловсруулсан байх тул дээрх гэрээг байгуулаагүйд дан ганц хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Ү И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус  холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ