Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00066

 

Х Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  27-ны өдрийн 101/ШШ2017/03397 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М Э В- ХХК-д холбогдох

 

Түрээсийн төлбөр, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс тооцсон алданги  20 623 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х Х- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М Э В- ХХК-нд  2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15-313 тоот гэрээгээр барилгын хэв, булан зэрэг материалыг түрээслүүлсэн. М Э В- ХХК төлбөрөө гэрээнд заасан хугацаанд хийгээгүй 11 085 780 төгрөгийн түрээсийн төлбөрийн үүрэг биелэгдээгүй. Талууд  тооцооны асуудлаар тохиролцож, М Э В- ХХК-ийн захирал О.Хонгорзулын Их наран өргөө констракшн ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 78 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 77 айлын орон сууцны 66 тоотод байршилтай, 52.45 м.кв талбайтай, 2 өрөө 78 675 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны үнэд дээрх түрээсийн гэрээний үүргийн биелэлт болох 11 085 780 төгрөгийг шилжүүлэн тооцох, мөн манай компаниас 29 500 000 төгрөгийн үнэ бүхий V-2 маркийн сапуд худалдан авах, үлдэгдэл 38 089 220 төгрөгийг түрээсийн бараа бүтээгдэхүүнийг ашигласан хугацаагаар хасч тооцохоор тохиролцсон. Дээрх орон сууц захиалан бариулах гэрээг байгуулснаар 2015 оны 15-313 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээг хааж, 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16-027 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж бараа материал түрээслүүлсэн. Гэвч М Э В- ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу манай компаниас 29 500 000 төгрөгийн сапуд худалдан авахаас татгалзсанаар уг гэрээ хэрэгжээгүй. Иймд 15-313, 16-027 тоот барилгын туслах материалын түрээсийн гэрээнүүдийн үүргийн биелэлтийг шаардаж биечлэн уулзаж, амаар бичгээр хандахад одоо болтол албан ёсоор хариу мэдэгдээгүй бөгөөд албан бичгийн хариу өгөхөөс татгалзсан. Харин талууд тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ байдлаар төлбөрийн асуудлаар харилцан тохиролцоонд хүрч чадахгүй 13 749 240 төгрөгийн үүргийн биелэлт хангагдаагүй өнөөдрийг хүрлээ. Иймд түрээсийн төлбөр 13 749 240 төгрөг, түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасныг үндэслэн алданги 6 874 620 төгрөг, нийт 20 623 860 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М Э В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Түрээсийн гэрээнд заасан хэв, булан өгсөн, авсанд маргахгүй. Харин анз шаардах тухайд бичгээр байгуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэл авагдаагүй.  Алдангийн хувьд нэхэмжлэгч талын шаардах эрх хаана үүсээд хаана дуусаад байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын нотлох баримт бүрэн биш. Нэхэмжлэлд дурдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь нэхэмжлэгч сапуд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хэрэгжээгүй гэж захирал О.Хонгорзул тайлбарласан болно. Үүн дээр маргах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Э В- ХХК-аас 13.749.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Х- ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 6 874 620 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Э В- ХХК-аас 226 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Х- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хоёр түрээсийн гэрээг байгуулахад олгосон итгэмжлэлүүд нь хавтас хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа нотлох ёстой ба үүнийгээ өгөөгүй. Барилгын туслах материал түрээслэх гэрээнүүдийг менежер Я.Дашдаваа  тооцооны нягтлан нар Ц.Баярсайхан байгуулсан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт "Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ" гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд гэрээг байгуулахдаа итгэмжлэлийн үндсэн дээр байгуулах ёстой бөгөөд энэхүү итгэмжлэл нь амаар болон бичгэн хэлбэрээр гаргасан, бүрэн эрх олгосон, компанийг төлөөлөлгүйгээр итгэмжлэх эрхтэй этгээд гарын үсэг зурсан баримт байхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч Х Х- ХХК нь хариуцагч М Э В- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид нийт 20 623 860 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг эрх бүхий албан тушаалтан байгуулаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд  2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15-313 тоот, 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16-027 тоот барилгын туслах материал хэв, булан түрээслэх гэрээ байгуулж, Х Х- ХХК нь гэрээгээр тохиролцсон хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь  зориулж хариуцагчид шилжүүлсэн, М Э В- ХХК нь түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /х.х-ийн 5-7, 8-10/

 

Зохигчид гэрээг дүгнэж 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд түрээсийн төлбөрт 13 749 240 төгрөгийг  хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн, төлбөр авагч, төлбөр төлөгч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан, уг баримтыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх актын дагуу 13 479 240  төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм. /хх-ийн 14/

 

Харин анзын тухайд хэдийнээс тооцох нь тодорхойгүйгээс гадна талууд тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулахдаа уг мөнгөн төлбөрийн үүрэгт анз тооцох талаар тохиролцоогүй. Алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй нь диспозитив зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан гэрээ хэрэгжээд дууссан, гэрээний үр шимийг хүртэж түрээсийн зүйл болох эд хөрөнгийг ашигласан хирнээ дуусгавар болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, төлөөлөх эрхгүй этгээдүүд уг гэрээг байгуулсан гэж маргах нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг. Хэлцлийг бүрэн дэмжиж, үр шимийг хүртсэнээр гэрээ хэрэгжиж дуусгавар болсон, биелэгдээгүй үлдсэн үүргийн хэмжээг тооцоо нийлж баталгаажуулсан нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 13 479 240 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй.

 

Талуудын хэлцэлд төлөөлөх эрхийн талаар гэрээг байгуулж эхэлж байх үед болон хэрэгжих явцад маргаан гараагүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/03397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Э В- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

           ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

                                                                                 Ш.ОЮУНХАНД