Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0782/Э |
Дугаар | 2022/ШЦТ/821 |
Огноо | 2022-08-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/821
2022 8 17 2022/ШЦТ/821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0782/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2209000001065 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.....” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд **** оны ** дүгээр сарын**-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн №... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж **** оны **дугаар сарын**-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Д.С/РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... оффиссын гадна хохирогч Х.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас хохирогчийн биед зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, духанд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С нь: “үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээн тэтгэж байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой 21:00-21:20 цагийн орчим өөрийн найз Ж-н хамтаар .... оффисын ард талын шороон зогсоолд машин дотор 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд сууж байхад хажуу талын машинд хүн байсан гэдгийг анзаараагүй. Тэгээд бид хоёр машиндаа сууж байхад хажуу талын машинаас хоёр залуу бууж ирээд бид хоёрын сууж байсан машины жолоочийн талаас над руу ирээд “Залуучууд яасан чимээтэй суудаг юм бэ? гэж хэлээд миний амандаа зуусан байсан тамхийг шууд булааж аваад машины хаалга онгойлгож татаад буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад юу болсон бэ гээд асуухад шууд намайг нэг нь урд талаас нөгөө хүн нь ард талаас боогоод би тусламж дуудах гэж орилох гэсэн боловч амнаас авиа гараагүй. Тэгээд намайг боож байхад нь би шууд зугтсан. Тэгээд би уг хүмүүсээс зугтаад хашааны үзүүр дээр очиход миний араас хоёр хүн нь хөөж ирээд намайг шууд бариад миний малгайтай цамцнаас татахад би дахиад боолтод орсон. Тэгээд нэг сэрэхэд манай найзыг бас боочихсон байж байсан. Тэгээд машины хажууд ирэхэд уг хүмүүс нь намайг өөрсдийн сууж явсан Алпард маркийн машин руугаа чирээд байсан. Тэгэхэд нь би уг хүмүүст хандаж намайг битгий чирээд бай л даа одоо болоо ш дээ гэхэд тэр хүмүүс тавиад цаашаа машиндаа сууцгаагаад явсан. Цаад талын Алпард маркийн машинд эмэгтэй хүн байсан. Мөн уг маргаан болж байхад миний гинж цаг 2 алга болсон байна. Би уг хүмүүс миний цаг болон гинжийг дээрэмдэж авсан гэж үзэж байна. Би өөрийн найз Ж-н хамтаар 2,5 литрийн савлагаатай том пиво 1-ийг хувааж уугаад талдаа л орж байсан. Найзтайгаа уулзахаас өмнө би 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай пиво уусан байсан. Гэхдээ би өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан. Би уг хүмүүстэй ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй байсан, зүгээр машиндаа сууж байхад намайг зодсон залуу над руу ирээд шууд тамхи булааж аваад шууд боосон. Миний бие толгойдоо 14-16 оёдол тавиулсан. Хамар хугарсан, мөн уг залуучуудтай асуудал үүссэн үед миний бугуйн цаг, монетон гинж алга болсон байна. DIESEI брэндийн арсан оосортой бугуйн цаг байсан ба уг цагийг манай ах Б надад Араб улсаас бэлгэнд авч ирж өгч байсан. Уг цагийг худалдан авахдаа 1,800,000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Би одоо уг цагийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Одоо би уг цагаа хараад танина. Би уг цагийг 3 жил орчим зүүсэн. Мөн гинжийг би 2018 онд Мөнгөн товч нэртэй дэлгүүрээс 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан ба уг гинжийг би хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40, 76 дахь тал)
Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ажил 20:00 цаг өнгөрч тараад манай нярав болох Д гэх хүний машинд С, С, бид гурав 1 шилтэй 0,75 литрийн савлагаатай Сир нэртэй архи уусан. Архи уугаад архиа хоёр дуусгаад машинаасаа гараад байж байхад хажууд хар өнгийн кроунтай хүмүүс байхад нь С ах уг машин руу оччихсон байсан. Тэгсэн чинь бид 2 гайхаад хараад байж байхад тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгээд бид хоёрыг очиход С ахтай маргалдаад байсан залуу нь С ахыг цохичихсон юм шиг байна лээ. Тэгэхэд С ах уг залуутай “Чи яагаад намайг цохиж байгаа юм гэх зэргээр маргалдаад байж байсан. Тэгээд байж байхад маргалдаж байснаа С ахыг уг хар Кроунтай залуу нь нүүр рүү нь цохичхоод шууд цаашаа зугтаасан. Тэгэхэд нь араас нь С гүйж очоод барьж аваад зууралдаад зогссон. Тэгэхээр нь араас нь уг залуугийн найз нь болон С бид гурав очсон. Тэгэхэд уг зодолдож байсан хүмүүс болиод одоо хашаа руу орцгооё гээд орсон. Тэгээд машиныхаа хажууд ирээд маргалдаж байгаад С ахын эхнэр нь дуудаад бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 86 дахь тал)
Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой 21:00 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр болох С-ийг ажлаас нь авах гээд Сүхбаатар дүүргийн ..-р хороо ...... ард талд очоод хүлээгээд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхэд нь би шороон зогсоол руу харахад манай нөхөр үл таних хүнтэй заамдалцаад байж байсан. Тэгэхэд хажууд нь С, Г нар болон өөр нэг залуугийн хамт байж байсан. Харанхуй байсан учраас би сайн хараагүй, гайхаад хараад байж байхад Э гэх манай нөхрийн ажлын залуу нь манай нөхрийг авчирч машинд суулгахаар нь би нөхрөө болон С, Г нарыг суулгаад цаашаа явцгаасан. Тэгээд би С-ыг гэрт нь .... хотхонд буулгаад шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ очоод харахад манай нөхрийн нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
Гэрч О.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны 22:00 цагийн орчим өөрийн найз А-н хамтаар түүний гэрийн хойд талд буюу Сүхбаатар дүүргийн ..-р хороо, ... ард талд .... хотхоны ард талд шороон зогсоолд А-н эзэмшлийн Тоёота кроун 204 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэгээд байж байхад миний утас дуугараад байхаар нь би утсаар ярих гээд машинаас нь буугаад түүний машинаас урагшаа 10-20 орчим алхам газарт байж байхад миний ард талд чанга чанга дуу гараад байхаар нь би эргээд харахад миний найз А нь нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би очоод яасан талаар асуугаад байж байхад миний ард талаас нэг нь шууд боосон.Намайг боолгоод зогсож байхад миний найз А залуутай маргалдаж байгаад цаашаа зугтаж байх шиг байсан. Тэгэхэд А-н араас нь түүнтэй маргалдаж байсан залуу болон дахиад 2 залуу гүйгээд явж байх шиг байсан. Тэгээд төд удалгүй А-г тэр гурван залуу чирээд буцаагаад аваад ирсэн. Тэр үед намайг боогоод байж байсан залуучууд боосон чигээрээ байж л байсан.Тэгээд А-г буцаагаад аваад ирэхэд намайг боож байсан залуучууд гараа авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний бие хэвийн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 79 дэх тал)
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад ажлын гадна гараад ирэхэд гадаа С, Г нар архи уусан байдалтай байж байсан. Тэгээд бид нар уг хүмүүстэй уулзаад ганц нэг үг солингоо өөрийн хувцсаа хажууд байсан машиныхаа ард багажид байсан хувцсаа авч солингоо уг хүмүүстэй ярилцаад байж байхад биднээс цаашаа 100 орчим метр зайтай газарт хар өнгийн кроун загварын тээврийн хэрэгсэлтэй хүмүүс машиныхаа хөгжмийг чангалчихсан байж байсан. Тэгэхэд нь С нь уг хүмүүс рүү хөгжмөө багасгахгүй юм байх даа гээд уг хүмүүс рүү явсан. ...Тэгээд араас нь С, Г нар салгаж байсан. Тэгж байхад уг залуу нь С-ийг цохиж байгаа харагдсан. Тэгэхэд нь би араас нь яваад очсон. Тэгсэн чинь С нь “Чи яахаараа намайг цохидог юм гээд хэрэлдээд байж байсан ба тэр үед уг залуугийн найз болох залуу нь “Наад хүмүүс чинь хоорондоо учраа олог гээд ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан. Тэгж байхад залуу нь С-ийг цохичхоод цаашаа хашаа руу зугтсан. Тэгэхэд араас нь С гүйсэн. Тэгсэн чинь уг залуугийн найз нь биднийг явуулаагүй. Наад хүмүүс чинь эр хүн шиг учраа олог гээд бид нартай тамхи татаад зогсоод байсан. Тэгээд уг залуу болон С хоёрыг хараад байж байхад уг залуу нь газарт бүдрээд унасан. Тэгэхэд нь С араас нь очоод уг залуутай ноцолдож байхаар нь би араас нь очоод салгасан. Тэгээд уг С болон тэр залуутай зодолдсон залуу хоёрыг эвлэрүүлэх гээд одоо боль хөгшөөн, чамайг хэн гэдэг юм бэ асуухад С-тэй зодолдсон залуу өөрийгөө Ч гэж танилцуулсан. Тэгэхэд нь би уг залуугаас уучлал гуйгаад одоо больцгоо гээд С болон С, Г нарыг С-ийн машинд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд би өөрийн машиндаа сууж байхад уг залуу нь хар өнгийн тоёота кроун машинаа асаагаад шууд С-ийн машины араас маш хурдтай хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)
Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 20:00 цагийн орчим ажлаа тараад ажлын урд талд байх шороон зогсоол дээр нярав Д-ийн машинд С, Г бид гурав суугаад 1 шилтэй 0,75 литрийн савлагаатай нэрийг нь санахгүй байна, виски хувааж ууцгаасан. Тэгээд уг архиа бид гурав ууж дуусчхаад ойролцоогоор 21:00 цаг болж байсан гэж бодож байна. Тэгээд тарах гээд нярав машинаа авах гээд би машинаас буух гээд байж байхад С эхлээд машинаас буучихсан байсан ба хэн нэгэн хүнтэй хөгжим ч юм уу ямар нэгэн зүйлээс шалтгаалан маргалдаж байх шиг байсан. Тэгээд харахад хажууд зогсож байсан машины жолоочтой ноцолдоод байх шиг байсан. Тэр үед Э ах ажлаа тараад ажлаасаа гарч ирээд машиныхаа гадна талд хувцсаа солиод байж байсан. Тэгээд би уг ноцолдож байгаа хүмүүс рүү би очоод С-тэй ноцолдож байгаа залуутай хамт явсан залууд хандаж “Чи найзыгаа авчих, би найзыгаа авчихъя” гэж хэлсэн. Тэгээд байж байхад С уг залуутай ноцолдоод хашааны хажууд очсон байсан. Би яг яагаад тийшээ очсон талаар нь мэдээгүй. Тэгээд намайг очоод харахад С-тэй зодолдож байгаа залуугийн нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд би Э ахтай хамт тэр хоёрыг аваад машиных нь хажууд очоод байж байхад С-ийн эхнэр ирээд бид нарыг аваад явсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 82 дахь тал)
Яллагдагч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт өгнө. ...надтай хэрэлдэж маргалдсан хар өнгийн кроун загварын тээврийн хэрэгсэлтэй залуу машинаасаа бууж ирээд шууд баруун гараараа миний шанаа, нүүр хэсэгт нударгаараа цохиж гэмтээсэн. Би уг залууг цохиж гэмтээсэн. Баруун гараараа нэг удаа цохисон. Уг эрэгтэй хүн нь машинаасаа бууж ирэхээр нь би нэг удаа цохиход намайг нэг удаа цохичхоод цаашаа зугтсан ба хашааны үүдэнд өөрөө бүдрээд унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 88 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №.... дугаартай: “Х.А-н биед зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, духанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Д.С нь согтуугаар 2022.05.06-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... офиссын гадна хохирогч Х.А-г машины хөгжим чанга тавьж чимээ шуугиантай байна гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан өдөж улмаар хохирогчийг өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боомилох, толгой нүүрэн тус газар нь цохиж зодох зэргээр эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн, хажуу ханын хугарал духанд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.С-ийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай үл ялих зүйлээр шалтаглан зүй бус харьцсан, зориудаар хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсгэж хохирогчийг хүчээр дарамталж дарж авах гэсэн ухвар мөчид, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүхээс шүүгдэгч Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчийн гэмт халдлагад өртөх үедээ биедээ зүүж явсан, зодуулж ухаан алдсаны дараа алга болсон монетон гинж, DIESEI брэндийн арьсан оосортой бугуйн цаг зэргийг тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээгээр тогтоогдсон тэдгээр эд зүйлсийн өртөг болох 1.783.665 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч Х.А-д олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс уг хохирол төлбөрийг төлж барагдуулах зорилгоор шүүх хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч, завсарлаганы хугацаанд шүүгдэгч Д.С болон түүний ар гэрийн зүгээс гэмт хэргийн хохирол 1.784.000 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын 1009........ тоот дансанд байршуулсан тул шүүгдэгч Д.С-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.С-ээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.С-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.С-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь түүнд оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ээс хохирол, хор уршигт тооцон тус шүүхийн Тамгын газрын 1009........ дансанд төлсөн 1.784.000 /нэг сая долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.А-д олгосугай.
6. Хохирогч Х.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Д.С-ээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР