Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0254/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.А-д холбогдох эрүүгийн 2203000000... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А, 19.. оны 02 дугаар сарын 26-ны өдөр .. аймгийн, ... суманд төрсөн, 2... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, аав, ээжийн хамт ... аймаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын ... өртөөний билетийн кассаар үйлчлүүлж байхдаа иргэн Л.П-ийн орхин явсан Самсунг галакси А-12 маркийн гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.А-ийн өгсөн: Би амралтаараа шарсан тахианы газар тогооч хийхээр Дарханд ирсэн. Тухайн өдөр ... руу воган хэдээс явдаг болохыг мэдэх гээд вокзал орсон. Тэнд эзэнгүй утас байхаар нь авсан. Тухайн утас кодгүй байхаар нь аваад ахынхаа машины урд хийгээд орхисон. Ажил дээрээ хоолоо идчихээд гадаа тамхилж байтал цагдаа ирээд энэ машины эзэн байна уу, утас болсон байх ёстой, тэр олсон утсаа эргүүлж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд буцаагаад өгсөн гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад:

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “ар хэсэг нь цэнхэр өнгөтэй самсунг галакси А-12 маркийн IMEI-1352307134403636/01, IMEI2 356449144403630/01 гэсэн дугаартай 1 ширхэг гар утас”-г Б.Агаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7/

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “уг гар утас нь гадна ар хэсэг нь цэнхэр өнгөтэй байх бөгөөд ар хэсгийн доор Samsung sm-G12F/DSN Made in Vietnam IMEI5352307/13/440363/6 гэсэн бичиглэлтэй байв. Гар утсыг бүхэлд нь харахад ил харагдах эвдрэл, гэмтэл байхгүй байх бөгөөд хойд талын баруун дээд буланд 4 ширхэг камер байна. Камерны дээд хэсэгт хэрэглээний сэвтэй байв. Гар утасны баруун хажуу хэсэгт 2 ширхэг товчлуур байх бөгөөд тэдгээрийн жижиг хэмжээтэй товчлуур дээр удаан дарахад SAMSUNG Galaxy A12 гэсэн бичиглэл харагдан асаж байна” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/

 

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Самсунг А-12 маркийн гар утас-1 ширхэг тухайн гар утасны ар хэсэг цэнхэр өнгөтэй IMEI-1352307134403636/01, IMEI2 356449144403630/01 гэсэн дугаартай гар утсыг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.П-д хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хх-ийн 9/

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “... өртөөний жижүүрийн байранд байрлах Дархан өртөөний доторх орчинг харуулсан камерын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 12 минутаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 21 минутын хоорондох бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/

 

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дархан өртөө гэх хар өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн DVD-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/

 

Хохирогч Л.П-ийн өгсөн: Би вагоны билет авч байхдаа өөрийн эзэмшлийн самсунг А/12 маркийн гар утсаа билетийн кассын тавцан дээр тавиад билетээ цүнх рүүгээ хийгээд өртөөнөөс гарч явж байхдаа гар утсаа билетийн тавцан дээр тавьснаа санаад эргээд очтол миний гар утас байхгүй алдагдсан байсан. Тухайн үед билет авсан газрынхаа кассын хүнээс асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

К ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Самсунг галакси А/12 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 400,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/

 

Б.А-ийн яллагдагчаар өгсөн: 2022  оны 06 дугаар сарын 10-ны өглөө ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж Дарханы вокзал дээр 09 цаг 20 минут үед очоод билет кассаас билет байгаа эсэхийг асуугаад байж байхад кассын тавцан дээр саарал өнгийн гэртэй гар утас байхаар нь би шууд аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 45-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Дархан сумын нутаг Дархан өртөөний билетийн кассаар үйлчлүүлж байхдаа иргэн Л.П-ийн орхин явсан Самсунг галакси А-12 маркийн гар утсыг олж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.П-д 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох “гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 16-17/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Б.А нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 шрхэг CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР