Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/838

 

 2022          8           24                                      2022/ШЦТ/838     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0286/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Ц.Буянхишиг,

шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1909022900143 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн ****оны**дугаар сарын**-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт 2 жилийн хорих ял,

 -Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны**дугаар сарын**-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт 1 жилийн хорих ял,

 -Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн ****оны** дугаар сарын **-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд заасан: Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай  Г.Г /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Г.М-ээс цахим хэрэгсэл ашиглан Юнител компанид ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлэн улмаар гар утасны дугаар худалдана гэж хуурч түүнээс 3.852.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоос авсан мөнгийг мөрийтэй тоглоом, мөн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк зар харж байгаад “Г.г” гэсэн хаягт Юнителийн 8811-тэй дугаар зарна гэсэн байхаар нь холбогдсон... 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр холбогдоход би юнителд ажилладаг хүн байгаа юм ер нь бол дугаарууд байгаа гэхээр нь би олон дугаар авна ярих юм уу гэхэд болно гэсэн. Би 4 дугаар 12.000.000 төгрөгөөр өгчих гэхэд болно гэсэн. Хэсэг хугацааны дараа 881121, 881161, 881124, гэсэн дугаарууд байгаа дээрх дугаарууд нь ...ХХК-ийн РД... дугаартай компани дээр бүртгэлтэй байгаа бөгөөд та дээрх дугааруудын төлбөрийг үлдэгдэлгүй болгосон тохиолдолд шилжүүлэг хийгдэх тул тус дугааруудын үлдэгдэл 1.852.000 төгрөгийг  шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр ......дотроос 5956...... дугаартай данс руу шилжүүлсэн... ахиад яаралтай 2.000.000 төгрөг явуулчих тэгвэл өнөөдөртөө багтаад манай ахлах менежер өөртэй чинь холбогдоод 4 дугаарыг чинь симтэй нь өгчихнө өө гэхээр нь би эхнэр лүүгээ залгаад дээрх дансанд дахин 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-21 дэх тал)

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр М над руу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр залгаад 8811-тэй  дугаар авах гэсэн урьдчилгаа шилжүүлчих гэхээр нь би 5956...... дугаарын дансруу өөрийн 5003...... дугаарын данснаас нийт 3.852.000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 онд манай хамтран амьдрагч Г.Г миний  Хаан банкны 5956...... дугаарын дансыг ашигладаг байсан. Тухайн үед Г.Г гар утасны дугаар зарж ашиг олноо төлбөр төлөгдөөгүй дугаарыг чөлөөлж зардаг ажил хийж байгаа гэж надад хэлдэг байсан. Би Г.Г-ээс миний дансаар их хэмжээний мөнгө орж ирээд байна энэ ямар учиртай юм бэ гэж асуухад нэг төсөл дээр ажиллаж байгаа төслийн мөнгө орж ирж байгаа байх гэж надад хэлдэг байсан. Тухайн үед дугаар зарах ашиггүй газар байна зарна гэж хэлж байсан...Г ...... гэх фэйсбүүк хаяг хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)   

Иргэн Б.Т Хаан банкны 5003...... дугаартай  данснаас 5956...... дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 3.852.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга (хавтаст хэргийн 37 дахь тал)

 Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 50/36 дугаартай “5956...... тоот дансыг РД:... дугаартай Т.Г эзэмшиж байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 48 дахь тал)

Хохирогч Г.М-н Г.Г-той фэйсбүүк цахим хаягаар харилцсан талаарх зурвасууд  (хавтаст хэргийн 38-46 дахь тал)

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2019 оны 6 сарын эхээр М гэх хүнтэй холбогдож юнитэлийн дугаар зарна гэж 3.852.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Би хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... тухайн үед миний данс хаагдсан тул Г-н 5956...... дугаартай Хаан банкны дансыг түр ашиглаж байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Г нь 2019.06.05-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглан өөрийгөө Юнител компанид ажилладаг хүн, 8811-тэй юнителийн дугаарууд хямд зарж худалдана  гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогч Г.М-г төөрөгдөлд оруулан түүнээс 2 удаагийн банкны гуйвуулгаар нийт 3.852.000 төгрөгийг өөрийн хамтран амьдрагч Т.Г-н эзэмшлийн Хаан банкны  5956...... тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Г-н хувьд амар хялбар аргаар хүмүүсээс мөнгө, эд зүйл олж амьдрах гэсэн явуургүй муу заль, шууд санаатай, шунахай гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Г-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Г.Г нь “хохирол төлбөрийг төлж барагдуулахаар шүүх хуралдаанаас ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч шүүгдэгч Г.Г нь завсарлага авсан энэ хугацаандаа хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г-с гэмт хэргийн хохиролд 3.852.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  бүрэн үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил, 10 сар 18 хоногийн хорих ялыг эдлэх ял дээр нэмж нэгтгэн нийт 4 жил, 10 сар, 18 хоногийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон нийт 178 хоногийг эдлэх ялд оруулан тооцох...” саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Г-д ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулаагүй байдлыг харгалзан түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.Г нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны**дугаар сарын**-ны өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор 6 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялын эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 18 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн- 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Г-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-н урьд **** оны ** дугаар сарын**-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 06 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 18 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Г-н нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 10 /арав/ сар 18 /арван найм/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Г.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 178 /нэг зуун далан найм/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г-с 3.852.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.М-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР