Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/837

 

2022          8            23                                       2022/ШЦТ/837    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0805/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч С.Болорзул,

хохирогч С.С,

шинжээч Д.Баяраа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 1909026341007 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо ..... их дэлгүүрт худалдагчаар ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү өөрийн охины хамт Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их дэлгүүрийн 3 давхарт байрлах “...” брэндийн дэлгүүрт 2018 оны 9 дүгээр сарын 01-ээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа бараа материал худалдан борлуулсны орлогоос 12.271.458,10 төгрөгийг захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж, хувьдаа авч зарцуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “- эгчээс уучлалт гуйж байна. Тухайн үед хэрэгт холбогдоод айгаад уучлалт гуйж чадаагүй. Би маш их гэмшиж байна.” гэв.

Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирол төлбөрөө авсан. Шүүгдэгчид хандаж хэлэхэд бусад хүнд битгий дахин төвөг удаарай гэж хэлмээр байна.” гэв.

Шинжээч Д.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие шинжилгээг хохирлын хэмжээ, шүүх эмнэлгийн шинжээчийн хохирлын хэмжээ бүрэн дүүрэн тохирсон байдаг. Шинжилгээ хийхдээ бусад баримт болон хохирогч талыг мөн дуудсан байдаг. Тухайн хугацаанд зарагдсан бараан дээрх дүн дээр шинжилгээг хийсэн.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ... дэлгүүрт “...” дэлгүүртээ наадмын фудволк зарах худалдаа хийж байхдаа дансанд мөнгө дутуу орсныг мэдсэн. Тэгээд нягтлан Ч.Х дэлгүүрийн тооцооны дэвтэр болон дансны хуулгаа тулгаж үзэхээр болоод  2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 12.490.000 төгрөг данснаас дутаж байна гэж Ч.Х надад тооцоо гаргаж өгсөн тэгээд энэ мөнгийг маань дэлгүүрийн худалдагч Д.Б нь орлогын мөнгийг маань зохиомол байдал үүсгэн залилж авч байсныг мэдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай ажилд орсон тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлээд 999.900 төгрөгийн бүс зараад бэлэн мөнгөнөөс аваад картаар гүйлгээ хийсэн гэж хэлээд иргэнд очих посс машинаас гарсан баримтыг өгөлгүй өдөр тутмын орлогын дэвтэр дээр наадаг байсан байна лээ. Энэ мэтчилэн өдийг хүртэл 12.490.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Манай дэлгүүр 2 худалдагчтай Д.Б ажлын өдрүүдээр гардаг нөгөө худалдагч нь хагас бүтэн сайн өдөр гардаг. Хагас бүтэн сайн өдөр ямар нэгэн мөнгөний асуудал гардаггүй харин ажлын өдөр буюу Б-н ээлжтэй үед мөнгөний баримтыг хуурамчаар бүрдүүлж дэвтэр дээр наадаг байсныг мэдсэн байгаа. Надад 12.271.458 төгрөгийн хохирол учирсан. Энэ хэргийг шалгуулах зорилгоор аудитын газраар аудит хийлгэсэн 1.650.000 төгрөгийн мөнгөө бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-53 дахь тал)

Гэрч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “...” дэлгүүрт гэрээт нягтлан бодогчоор ажилладаг юм. 2019 оны 6 сарын сүүл үеэр манай захирал С нь над руу утасдаад 2019 оны 6 сарын 18-ны өдрийн орлого дутуу орж ирсэн байна, шалгаадхаарай гэж хэлсний дагуу би тухайн өдрийн орлогыг шалгаж үзсэн. ... дэлгүүрийн хувьд өдөрт зарагдсан бараа материалаа дэвтэр дээр бүртгэж явдаг бөгөөд бүртгэлийг худалдагч хариуцаж хөтөлдөг бөгөөд тухайн бүртгэлийн дагуу худалдагч Б-н хөтөлсөн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бараа материалын тайланг шалгаж үзэхэд Б дэвтэр дээр картаар худалдан авалт хийсэн нийт 1,176,800 төгрөг орсон гэж бичсэн байсан, гэтэл дансны хуулга аваад үзэхээр 926,800 төгрөг орсон байсан буюу 250,000 төгрөг дутуу орсон байсан мөн бэлэн мөнгөөр зарагдсан барааны үнэ болох 712,700 төгрөг орсон байсан боловч Б 612,800 төгрөгийг байгууллагын захирал С-ийн Хаан банкны данс руу шилжүүлж тухайн мөнгийг завшсан байсан, ингээд байгууллагын санхүүг шалгаж үзэх хэрэгтэй болсон. Ингээд би худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтрийг шалгаж үзсэн ингэхдээ анх ажилд орсон өдрөөс буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бичигдсэн тухайн дэвтрүүдийг шалгаж үзсэн, тухайн дэвтэр дээр өдөр бүрийн орлогыг зарагдсан барааны нэр үнэтэй нь хамт бичдэг, харин орлогоо бэлэн мөнгөөр орж ирсэн бол бэлэн мөнгөөр гэж бичдэг картаар бол картаар гэдгийг бичдэг мөн Мобайл банкаар бол бичдэг. Картаар орж ирсэн орлогыг Пос машинаар худалдан авагчийн тухайн виза картыг уншуулаад пос машинаас гарч ирсэн үнийн дүнтэй цаасыг дэвтэр дээрээ нааж баримт бүрдүүлдэг. Миний шалгасан худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр нийт 7 байсан. Ингээд тухайн 7 дэвтрийг шалгаад үзэхэд 12,271,458 төгрөгийн зөрчил илэрсэн худалдагч Б-н тухайн мөнгийг завшсан үйлдлийн арга нь Нэгдүгээрт худалдан авагч виза картаар худалдан авалт хийх үед нь пос машинаас гарч ирж байгаа үнийн дүнтэй баримтыг худалдан авагчид нэг хувийг нь өгөлгүйгээр тухайн хоёр хувь баримт буюу нэг худалдан авалтын баримтыг 2 өөр картаар худалдан авалт хийсэн баримт болгож дэвтэрт бичээд харин бэлэн мөнгөний орлогоос картаар уншигдсан дүнтэй адил орлогыг хувьдаа авдаг байсан. Энэ тохиолдол дээр жишээ ярих юм бол 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 99,900 төгрөгийн үнэтэй галбиржуулах бүс 3 ширхэг зарагдсан байдаг юм үүнийг худалдагч Д.Б нь 2 бүсийг картаар 1 бүс нь бэлэн мөнгөөр гэж зарагдсан гэж бичсэн байх боловч 2 картын баримт буюу пос машины баримт нь худалдан авалтын баримт байсан болж таарч байгаа юм яагаад гэхээр тухайн хоёр баримт дээрх терминалын дугаар нь дахин давтагдахгүй бөгөөд хоёр баримт дээр яг адилхан терминалын дугаар байсан хэрвээ хоёр өөр картаар хийгдсэн худалдан авалт байсан бол энэхүү хоёр баримтын дугаар хоёр өөр байх ёстой байдаг юм. Тэгэхээр нь тухайн өдөр зарагдсан 3 бүсний 2 нь бэлэн мөнгөөр 1 нэг нь картаар хийгдсэн болж таарч байгаа юм, тэгэхэд худалдагч Б нь 2 картаар гэж бичээд нэг бүсний мөнгө болох 99,900 төгрөгийг хувьдаа авч завшдаг байсан байгаа, ийм тохиолдол дэвтэр дээр маш олон илэрнэ.

Хоёрдугаарт: Худалдан авагч төлбөрөө мобайл банк ашиглан төлөх тохиолдол худалдагч Д.Б нь мөн тооцооны дэвтэрт мобайл гэж бичсэн байх боловч тухайн мөнгө нь дансанд орж ирээгүй байсан зөрчил гарч ирсэн. Үүн дээр бас жишээ ярих бол 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1 ширхэг бүс мобайл банкаар төлүүлсэн гэж бичсэн байх боловч мөнгө нь дансанд орж ирээгүй байсан. Тэгэхээр Д.Б нь бэлэн мөнгөөр хийсэн орлогоо дэвтэр дээр мобайл гэж бичээд тухайн мөнгийг өөртөө завшиж байсан байгаа юм.

Гуравдугаарт: Бэлэн мөнгөний орлогоос завшдаг байсан энэ тохиолдол нь бол цөөхөн байсан. Д.Б нь ямар аргаар орлогын мөнгийг өөртөө авч байсан бэ гэхээр тухайн өдөр орсон орлогыг дэвтэр дээр жагсааж бичээд хамгийн доор нь нийт орлогыг бичихдээ бэлэн мөнгөөр олсон орлогыг бууруулж бичдэг ба зөрүү мөнгийг нь өөртөө авдаг байсан байгаа юм. Манай захирал С.С-ийн Хаан банкны болон Төрийн банкны данс руу тушаадаг байсан. Манай дэлгүүрийн зүгээс Аудитын байгууллагаар шалгалт хийлгүүлж санхүүгийн тайлан гаргуулсан байгаа ингэхдээ худалдагчийн тооцооны дэвтэр болон захирал С.С-ийн төрийн банкны болон Хаан банкны данс хулгуудыг өгч дүгнэлт гаргуулсан ингэхэд мөн миний урьдын гаргаж байсантай яг адилхан 12,271,458 төгрөгийн дутагдал гарсан байна лээ. Эдгээр зөрчлүүд илэрсэн он, цаг, хугацаа нь худалдагч Б-н ажиллаж байсан буюу дан ажлын өдрүүдэд болж таарч байгаа юм..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 63 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн баримт материалуудыг үндэслэн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна.

Хариулт: Эс Жи Эм Ди аудит ХХК-аас ... дизайнс ХХК-ийн худалдагч Д.Б-н хариуцсан бараа, материалын борлуулалтын тооцоонд аудитыг гүйцэтгэж гаргасан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4/03 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр ... дизайнс ХХК-ийн нягтлан бодогчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн худалдагч Д.Б-н хариуцсан бараа, материалын гэнэтийн тооллогын бүртгэл, тооцоог бодсон баримтууд, карт, мобайл, бэлнээр борлуулсан гэх баримтууд, Хаан болон Төрийн банкны 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарын 2-ний өдөр хүртэлх хуулгууд, 2018 оны 9 дүгээр сарын 01-ээс 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр "Тооцооны дэвтэр тайлан"-уудыг нэг бүрчлэн тулган шалгахад нийт 68,642,788.00 төгрөгийн борлуулалт хийснээс 56,383,362.00 төгрөгийн орлогыг тушааж 12,171,426.00 төгрөгийг тушаагаагүй гэсэн нь аудитын дүгнэлтээс 100,032.00 төгрөгөөр дутуу байна. Энэхүү зөрүү нь Эс Жи Эм Ди аудит ХХК нь аудитыг гүйцэтгэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орлогыг хөөн шалгасан тул хугацааны зөрүүд гарсан байна. Худалдагч Д.Б нь борлуулсан барааны орлогоос 12,271,458.10 төгрөгийг дутуу тушааж ..... дэлгүүрт хохирол учруулсан байна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110-120 дахь тал)

Шинжээч Д.Эхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би дүгнэлтийг гаргахдаа бэлэн мөнгөний орлого, гэнэтийн тооллого хийсэн хянасан нягтлан бодогчийн баримт, Хаан болон Төрийн банкны дансны хуулга, 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс 2019 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр зэргийг үндэслэж гаргасан. Би Б-г оролцуулахыг хүссэн боловч хүрэлцэн ирээгүй, утсаар холбогдсон, хуульд заасан оролцуулах заалт байхгүй боловч миний зүгээс оролцуулахыг хичээсэн. Уулзалт ярилцлага хийж тэмдэглэл хийхийг хүссэн боловч оролцоогүй. Надад ямар нэгэн ашиг сонирхол найз нөхдийн холбоо байхгүй. Гарсан үйлчилгээний зардлыг иргэн С гаргасан хэдэн төгрөг гарсныг одоо бол санахгүй байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал)

Эс Жи Эм Ди" аудит ХХ-ийн тайлангаар "..1. Гүйцэтгэсэн горимын дагуу Д.Б-н тооцоог тулгахад 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар: Нийт: Арван хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун тавин найман төгрөг арван мөнгө /12,271,458.10/-ний дутагдал байгаагаас бэлэн мөнгөөр дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун гучин хоёр төгрөг /423,332.0/, харилцах дансаар арван сая гурван зуун далан найман мянга таван зуун хорин зургаан төгрөг арван таван мөнгө /10,378,526.15/ мобайл банкаар нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга зургаан зуун төгрөг /1,469,600/ дутуу хийгдсэн байна.

/Хавсралт № 1/ Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нийт Арван хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун тавин найман төгрөг арван мөнгө (12,271,458.10) төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов..." гэх тайлан (хавтаст хэргийн 81-82 дахь тал)

Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би ийм их мөнгө аваагүй, би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа мөнгөн дүн нь 1 сая орчим төгрөг байгаа юм. Яагаад гэхлээр миний зарж байсан тураах бүс тухайн үед нэг бүрийн үнэ нь 99,900 төгрөгийн үнэтэй байсан. би яг 10 бүсний мөнгийг л хувьдаа авч ашигласан. Би нэг сая төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрч байгаа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их дэлгүүрийн 3 давхарт байрлах хохирогч С.С-н эзэмшлийн ... брэндийн дэлгүүрт 2018.09.01-нээс 2019.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдааны зөвлөх буюу худалдагчаар ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан тус дэлгүүрийн бараа материал худалдан борлуулсны орлогоос 12 271 458  төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь “...” брэндийн дэлгүүрт 2018.09.01-2019.07.01-ний өдрийн хооронд худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа бараа материал худалдан борлуулсны орлогоос 12.271.458,10 төгрөгийг захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж, хувьдаа авч зарцуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч С.С, гэрч Ч.Х, шинжээч Д.Эхбаяр нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Б-н хувьд амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгийн ашиг хонжоо олж амьдрах гэсэн түүний шууд санаатай шунахай сэдэлттэй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөрт 12.271.500 төгрөгийг хохирогч С.С-д бэлнээр, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 1.250.000 төгрөгөөс 700.000 төгрөгийг бэлнээр тус тус хүлээлгэж өгсөн бөгөөд үлдсэн 550.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хохирогчтой Эвлэрлийн гэрээ байгуулж хохирол төлбөр төлөхөөр тохиролцсон тул үүнийг баталгаажуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Б-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Энэ нь шүүхийн зүгээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин хэзээ ч ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа Д.Б-т цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, шударгаар ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч явна гэдэгт нь итгэл үзүүлж буй цаашдынх нь ажил, амьдралыг харгалзан гаргасан шийдвэр болохыг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.С-д учруулсан 12.271.500 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаан дээр төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу аудитын дүгнэлтэд төлсөн 1.250.000 төгрөгийн 700.000 төгрөгийг мөн төлж барагдуулсан, үлдэх 550.000 төгрөгийг 2022.09.10-ны өдрийн дотор хохирогч С.С-д төлж барагдуулахаар баталгааг бичгээр гаргасан бөгөөд уг мөнгийг шүүгдэгч нь дурдсан хугацаандаа хохирогчид төлөөгүй тохиолдолд шүүгдэгчээс үл маргах журмаар гаргуулж хохирогчид олгох болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР