Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/866

 

 2022          9            07                                      2022/ШЦТ/866     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0741/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогч Т.С,

шүүгдэгч Д.Т,түүний өмгөөлөгч М.Энхсайхан, Л.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн “2109011551117” дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны . дугаар шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн №.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бүлэглэн давтан үйлдлээр Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн №... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ялаар,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дугаар сарын **-ны өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Т /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.С-н Сүхбаатар дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах .. тоот байрыг “......” капиталд барьцаанд тавиулж 10.000.000 төгрөгийг, 2018 оны 3-р сард “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаар ажилд оруулж өгье” гэж тухайн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтан биш атлаа худал амлаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хуурч 5.000.000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “ээжийн бие муу байна” гэж 1.300.000 төгрөгийг нийт 16.300.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5069...... тоот дансаар шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би С-тэй 2017 онд танилцсан. Танилцаад маш сайн найзууд болсон. 2017 оны 11 дүгээр сард манай байрны түрээс нэхэгдээд би 10 сая төгрөгийг С-ээс зээлж авсан бөгөөд үүний дараа хөдөө ажлаар явж байгаад бас 5 сая төгрөг зээлж авсан. Энэ хугацаанд бид хоёр харилцан бие биедээ тусалдаг дотно харьцаатай сайн найзууд болсон байсан. 2019 оны 02 дугаар сараас манай ээжийн бие эрс муудаж маш удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн ба энэ хугацаанд С бас манай ээжийг эргэж тойрч байсан. Манай гэрийнхэн бүх мөнгөө ээжийн эмчилгээнд шавхсан байсан тул С-ээс би дахин мөнгө гуйгаад С надад мөнгө зээлсэн байдаг. Гэвч манай ээж нас барсан ба С-н аав нь бас тухайн үед нас барсан. 2021 онд Ш, С бид гурвын хооронд маргаан үүссэн бөгөөд үүнээс болоод би хэрэгт орж байсан. Үүнээс үүдэн С бид хоёрын харилцаа хүндэрсэн бөгөөд С надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би тухайн үед бас ахаа алдсан бөгөөд мөн ковид-19 цар тахлын улмаас компанийн ажил муу байсан тул мөнгөө төлж чадахгүй байсан. Гэхдээ би С-д мөнгийг нь төлнө гэдгээ хэлдэг байсан. Гэвч С цагдаад өргөдөл өгсөн байдаг. Би өмнөх хэргийн хариуцлагаа хүлээсэн, харин өөрийн найзтай маргаад явж байгаадаа харамсч байна. Улсын яллагчийн дүгнэлтэд намайг хуурамч байдлыг зориудаар бий болгосон гэж бичсэн байгаа ба би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С-н Голомтын дансаар охиных нь сургалтын төлбөрийг хийж байсан бөгөөд үүнийг прокурор тогтоогоогүй байна. Би С-д итгэж байсан тул мөнгө гуйж байсан ба С-г байраа барьцаалаад мөнгө төгрөг өг гэж хэлж байгаагүй. Шүүгч та олон талаас нь харж хэргийг шийдэж өгнө үү. Би С-ээс авсан мөнгөө нэн даруй төлж барагдуулахаа илэрхийлж байна. Одоо манай компанийн ажил хэвийн явагдах гэж байна.” гэв.

Хохирогч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Т-тэй ямар нэгэн хувийн дотно харьцаатай байгаагүй жирийн танилууд байсан. Т надад хамтран амьдрах талаар ярьж байсан боловч надаас авсан мөнгөө өгөхгүй байх үүднээс ганц бие байдлыг минь ашиглахыг оролдсон гэж ойлгож байна. Ш нь манай аавын танилын дүү байсан ба Т-д итгэж байсан тул тендер авч өгөх талаар ярьж байсан. Тэр хүнээс бас Т нь 20 сая төгрөг аваад залилсан байдаг. Намайг Т хохироогоогүй мэт ярьж байна. Би энэ хүнээс болж маш их хохирсон. Би байрны зээл аваад Т миний авч өгсөн тэр зээлний үлдэгдлийг төлнө гэж хэлж байсан. Гэвч би өөрөө зээлээ төлсөн. Түүнчлэн сая шүүх хурлын өмнө Т нь надад 4.1 сая төгрөг байна, би шүүх хурлын ард чамд өгнө гэж хэлж байсан. Мөн би өнгөрсөн 5 жилийн хугацаанд, өнөөг хүртэл маш олон зээл төлбөр төлж байгаа бөгөөд махны мөнгөгүй өдөр хоногийг элээж байна. Энэ бүгд Т-ээс болсон ба би Т-д маш их гомдолтой байна. 2017 онд Т надад хэлэхдээ би шинэ ажилд орох гэж байгаа бөгөөд надад 20 сая төгрөг хэрэгтэй байна. Чи надад 20 сая төгрөг өгчих би ажилд орчихвол дараа нь чамайг ажилд оруулна гэж хэлсэн. Харин би ийм их мөнгө өгч чадахгүй гээд байраа барьцаалаад 10 сая төгрөг өгсөн ба энэ мөнгийг Т надад буцааж төлөөгүйн улмаас би банкинд 17 сая төгрөгийг төлсөн байдаг. Үүний дараа намайг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга болгоно гэж надаас дахин 20 сая төгрөг нэхсэн ба би 5 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш хамгийн сүүлд манай ээж 20 сая төгрөгийн хагалгаанд орох гэж байна гээд дахин 20 сая төгрөг нэхсэн. Гэвч тухайн үед би мөнгөгүй байсан ч ээжийг нь бодоод сэтгэл гаргаад өөрийн зүүж явсан ээмэг бөгжөө ломбарданд тавиад өгсөн. Би одоог хүртэл тухайн ээмэг бөгжөө авч чадаагүй явж байна. Би одоо үлдсэн 11.800.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.С-н Хаан банкны 5028......тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар Б.Т-ийн Хаан банкны 5069......тоот данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд (хавтаст хэргийн 49-52 дахь тал)

Хохирогч Т.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сард Нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт ажилладаг Ш гэж танил маань Д.Т-ийг анх танилцуулж байсан. Д.Т өөрийгөө танилцуулахдаа ...нам-ын хүмүүс таньдаг хүссэн газар руу чинь асуудалгүй оруулж өгч чадна гэсэн. Тухайн үед Д.Т намайг ...нам-ын ...... А-ийн төрсөн өдөрт урьж А-тай танилцуулж байсан бөгөөд төрсөн өдөр дээр нь ... дарга А хүртэл байсан. Ингээд би Д.Т-ийг үнэхээр танилтай хүн юм байна гэж ойлгосон. Үүний дараа Д.Т нь надтай уулзаж 20 сая төгрөг өгчих юм бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаар ажилд оруулж өгье гэсэн тэгэхээр нь итгээд .... Капиталд өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн ..дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот байрыг барьцаанд тавьж 10 сая төгрөг өгсөн. Тус мөнгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүний дараа нэмээд дүүгээсээ 5 сая төгрөг зээлж Д.Т-д өгсөн. Үүний дараа Д.Т нь надаас ээжийн бие муу байна 1 сая төгрөг зээлээч гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Тухайн үед манай аав нас барсан байсан болохоор өрөвдөх сэтгэл төрөөд 1 сая төгрөг данс руу нь шилжүүлж өгсөн. Үүний дараа дахиад надаас ээжийн бие муу байна гэж 300,000 төгрөг асуухаар нь данс руу нь явуулсан. Ингээд нийт 16.300.000 төгрөгийг Д.Т-д өгснөөс хойш намайг ажилд оруулж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага дээр Д.Т-тэй уулзах үед эвлэрлийн гэрээ байгуулж мөнгийг чинь өгөх болно гэж итгэл төрүүлж цагдаа дээр байсан гомдлыг татгалзуулаад 800,000 төгрөг өгчхөөд мөнгө өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал)

Хохирогч Т.С-н дахин өгсөн: “...миний данс руу 1.500.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Одоо надад нийт 13.800.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал)

Хохирогч Т.С-н гэрчээр өгсөн: “...2017 оны 8 сарын дундуур танил Ш намайг өөрийн танил Д.Т гэгчтэй танилцуулж өгч байсан. Тэрнээс хойш Д.Т-тэй танилын холбоотой болсон. Д.Т-тэй танилцсан үеэс эхлүүлээд Д.Т нь надад өөрийгөө маш их олон танилтай гэж итгүүлсэн бөгөөд өөрийгөө Засгийн гарын хэрэг эрхлэх газарт ажилладаг гэж хэлж байсан. 2017 оны 11 сард Д.Т над дээр хүрч ирээд “Би ажилд орох гэж байгаа юм, мөнгө хэрэгтэй байна. 20 сая төгрөг хэрэгтэй байна, би эхнэртэйгээ хамт байраа барьцаалаад мөнгө гаргасан ч гэсэн хүрэхгүй байна, нэмж мөнгө хэрэгтэй байна маш хурдан хугацаанд мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж гуйгаад байсан тул өөрийн зүгээс тусалъя гэж бодоод өөрийн нэг өрөө байрыг .... капитал ББСБ-т барьцаанд тавьж 10 сая төгрөг авч Д.Т-ийн данс руу 2017 оны 11 сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5028...... дугаарын данснаас Д.Т-ийн Хаан банкны 5069...... дугаарын тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 03 сард Д.Т над руу утсаар холбогдоод чиний албан тушаалыг чинь ахиулах боломж байна 10 сая төгрөг над руу явуулчих юм бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны орлогчоор тавьж өгнө гэсэн. Тухайн үед би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн хийдэг байсан юм. Тэгэхээр нь би итгээд өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж бодоод Д.Т-д өөрт байсан 5 сая төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. 2019 оны 9 сарын 09-ны өдөр над руу дахиж холбогдоод Сүхбаатарын талбайн хажууд нэг ресторанд байна гэж дуудсан. Тэгэхээр нь явж очоод Д.Т-тэй уулзсан чинь Д.Т надад ”манай ээж хүнд өвчтэй хэцүү байна, манай ээж сонгдо эмнэлэг дээр 20 сая төгрөгийн хүнд хагалгаанд орох гэж байна туслаач бас цагдаа дээр асуудалтай хэцүү байна. Мөнгөний хэрэг маш их хэрэгтэй байна” гэсэн.Тэгэхээр нь би Д.Т-д өөрийн ээмэг бөгжийг ломбарданд тавиад 1 сая төгрөг данс руу нь хийсэн. 2019 оны 9 сарын 19-ны өдөр Д.Т нь над руу дахиж яриад ээж хүнд байна мөнгө маш их хэрэгтэй байна чи надад мөнгө олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь дахиж 300 мянган төгрөг данс руу нь шилжүүлж өгсөн. Мөнгө өгснөөс хойш удаахгүй мөнгийг чинь өгнө гэсэн боловч одоог хүртэл ямар нэгэн мөнгө надад буцааж өгөөгүй байх тул цагдаагийн байгууллагад хандсан... дансны хуулга дээр тодруулсан мэдүүлэгт дурдаагүй бага хэмжээний мөнгөн дүнтэй мөнгийг Д.Т нь ажлаа хөөцөлдөж явахад хэрэгтэй байна гэж бага багаар авсан мөнгө байгаа юм. Мэдүүлэгт дурдаагүй мөнгийг би нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Д.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2017.11.08-ны өдрөөс 2019.09.09-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Т.С-д өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг, нам улс төрийн хүрээний танил тал ихтэй, түүнийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаар ажилд оруулж өгч чадна..,..ажил төрөл хөөцөлдөхөд зардал мөнгө хэрэгтэй.., мөн ээжийн бие муу байгаа тул мөнгө хэрэгтэй гэх мэтээр удаа дараа түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогчоос энэ хугацаанд нийт 16.300.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Д.Т-ийг залилан мэхлэх санаа байгаагүй, иргэд хоорондын зээлийн маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өмгөөллийн саналаа явуулсан хэдий ч шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.С-д “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаар ажилд оруулж өгье” гэж тухайн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтан биш атлаа худал амлаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, ажил төрөл хөөцөлдөхөд зардал мөнгө хэрэгтэй байна гэж мөн “ээжийн бие муу байна” “би ажилд орох гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна” гэх зэргээр байнга хуурч, мэхэлж хохирогчоос мөнгийг нь авахын  тулд өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг, нам улс төрийн хүрээний албан тушаалтнууд найзалж нөхөрлөдөг мэтээр энэ төрлийн заль мэх зохиосон болох нь хохирогч Т.С-н өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Т-ийн хувьд өөрийгөө ажил хэрэгч хүрээний боловсон соёлтой хүн гэсэн хуурамч дүр төрхийг үзүүлэн хохирогчийн итгэлийг олж улмаар амар хялбар аргаар түүний мөнгө, эд хөрөнгөнөөс ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй муу ов заль, шууд санаатай шунахай сэдэлттэй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний хохирогч Т.С-д учруулсан 16.300.000 төгрөгийн хохирол төлбөрөөс үлдэх 11.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба завсарлага авсан хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 6.000.000 төгрөгийг хохирогч Т.С-д төлж барагдуулсан байх бөгөөд үлдэгдэл 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Д.Т нь  2022.10.07-ны өдрийн дотор хохирогчид төлж дуусгахаар шүүхэд бичгээр баталгаа хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч баталгаажуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Т-д 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэсэн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Д.Т-д оногдуулсан хорих ялыг Өршөөн үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Дээрх саналуудыг харгалзан шүүгдэгч Д.Т-д 01 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн дийлэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан: энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд энэ зүйл ангиар оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.С-д учруулсан хохирол төлбөрийн үлдэгдэл болох 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг 2022.10.07-ний өдрийн дотор төлж барагдуулахаар шүүхэд бичгээр баталгаа гаргасан бөгөөд дурдсан хугацаанд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 5.800 000 төгрөгийг үл маргах журмаар гаргуулж хохирогч Т.С-д олгох болохыг анхааруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР