Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0253/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б, 19... оны 05 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 5... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд

 

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө утсгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “...9001 тоот өрөөнд ороход нэг ортой өрөө байх ба уг өрөөний доторх эд зүйл эмх замбараагүй, орон дээр цагаан өнгийн даавуутай хөнжил, дэр дэвсгэр байх ба цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, орны хөл хэсэгт шар өнгийн паркетан шал мөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Уг өрөө нэг ширхэг цонхтой ба уг цонхны зүүн талын хэсгийг хагалсан, салхивч онгорхой, ямар нэгэн хаалт хамгаалалт байхгүй, цонхны дотор доод хананд байх халаагуурын паар салж шалан дээр унасан, төмөр рамтай дугуй жижиг ширээний шилэн тавцан хагарсан, телефон утас болон зурагтны удрдлага шалан дээр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6

Хохирогч Д.Гийн өгсөн: 9001 тоот өрөөнд цонх, шилэн ширээ хагарсан, паар хагарсан, орны толгой цөмөрсөн, ханийн обой, сандал, цагаан хэрэглэл, алчуур бүгд бохирдсон. Орны матрас, түүний углаа, цонхны хөшиг зэрэг эд зүйл бохирлогдсон. Мөн төлбөр тооцоогоо төлөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33/

Хохирогч М.З-ын өгсөн: ...Нэг ухаан ороход Б миний дээрээс архины шилээр цохиход нь зүүн гараараа толгойгоо хамгаалаад хаахад зүүн гарны тохой хэсгийн арьс шилэнд зүсэгдээд язарсан байсан. Миний ухаан санаа орж гараад байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Нэг сэрэхэд өнөө өглөө эмнэлэгт ухаан орсон. Тэгээд өөрийнхөө биеийг харахад миний зүүн гарны тохойны орчимд зүсэгдэж язарсан шархтай байсныг 4-5 оёдол тавьсан, баруун хөлний өвдөг хэсэгт мөн язарсан шарх үүссэн учир мөн оёдол тавьсан, баруун талын дух, баруун нүдний орчимд хавдаж хөхөрсөн, шилэн хүзүүний ар хэсэгт нилээн хөндүүртэй. Миний хоолойны хэсэгт улайсан оромтой, шүлс залгихаар өвдөөд байна. Биений бараг бүх хэсэг шилэнд зүсэгдсэн, олон тооны жижиг зулгаралтууд үүссэн байна. Б надад хохирол нөхөн төлөлт гэж 15,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/

Гэрч Ц.С-ийн өгсөн: ...9001 өрөөнд ороход тарган ах өрөөний паар руу пивоны шил шидэж байсан. Тэгээд та яаж байгаа юм бэ гэхэд та нар шиг янханууд надтай ингэж харьцах болоогүй шүү гээд намайг хаалгаар түлхээд гаргасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Гэрч Б.Г-ийн өгсөн: Тэгээд нэг сэрэхэд орон дээр Б-ийн найз охин нь доогуураа шалдан хэвтэж байсныг харчихаад Б ах З-ыг надтай хардаж зодсон. З-ыг зодож байх үедээ буудлын цонх, халаалтын паар төмөр рамтай шилэн дугай ширээний шилэн тавцанг хагалсан. Архины шилээр З-ыг цохисны улмаас З-ын бие зүсэгдэж цус гарснаас болж ор хөнжлийн цагаан хэрэглэл цусаар будагдсан. Уг цусыг тогтоох гэж ванны болон жижиг алчуураар дарсан. Тэгээд түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 46/

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн М.З-ын биед цээжний зүүн хажуу, зүүн тохой, баруун өвдгөнд шархнууд, нүүр, зүүн бугалга мөр, шилбэ, баруун гуянд цус хуралт зүүн гуя баруун гуя хонгонд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх шархнууд, зулгаралт нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.З-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/

К ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “... зочид буудлын №9001 тоот өрөөн доторх нийт 15 нэрийн эд зүйлийн үнэлгээ 1,517,200 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: Би 2022 оны  05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Занабазарын  хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт орж ирсэн. Орой 22 цагийн үед Дархан сумын ... дүгээр багт байрлах ... буудлын 9001 тоот өрөөнд орсон. Өрөөнд танил дүү Г-ийн хамт бид 3 хамт байсан. Ингээд бид гурав  нийлж  Грейгуус нэртэй 0.75 /гр/ архийг буудлаас авсан. Архи ууж байгаад шөнийн 23 цагийн орчим манай найз Ш гэх хүн надтай уулзахаар ирсэн. Бид 4 нийлж архи ууж байгаад дуусгаад 01 цагийн орчим би Ш-ыг гаргаж өгөхөөр болоод буудлаас гарсан. Энэ үед өрөөнд Г болон З нар хамт үлдсэн. Би гадаа 3-5 минут орчим зогсож байгаад буцаад өөрийн өрөө рүүгээ орох гэхэд хаалга цоожтой, цохиод онгойлгохгүй байхаар нь хаалга өшиглөж онгойлгоод ороход З доогуураа нүцгэн, дээгүүрээ цамцтай байсан. Намайг яваад ороход хажуугаар Г зөрөөд гарсан. Тэгээд миний уур хүрээд З руу архины шил авч шидэхэд орны толгой оногдоод шил хагарч орон дээр цацарсан. Тэгээд би З-ыг өшиглөхөд тэр унахдаа хагарсан шилэн дээр унаж гэмтэл авсан. Мөн би ... зочид буудлын 9001 тоот өрөөний эд зүйлийг би эвдэж гэмтээсэн гэх мэдүүдэг /хх-ийн 77/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө Дархан-Уул аймаг, Дархан сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын 9001 тоод өрөөнд М.З-ыг зодож эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу, зүүн тохой, баруун өвдгөнд шархнууд, нүүр, зүүн бугалга мөр, шилбэ, баруун гуянд цус хуралт зүүн гуя баруун гуя хонгонд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, ингэх явцдаа 9001 тоот өрөөний эд зүйлсийг эвдэж гэмтээн 1,517,200 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Б-ийн М.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, ... зочид буудлын 9001 тоот өрөөний эд зүйлсийг эвдэж гэмтээсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,517,200 төгрөгийн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, утсгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.З-ын биед  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.З-ын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”гэх мэдүүлэг, хүсэлт, мөн хохирогч Д.Г-ийн “нийт 1,517,200 төгрөгийг зуун хувь манайд төлж барагдуулсан” гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө утсгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө утсгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн цалин орлого, хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сард 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө утсгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР