Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 749

 

   Э.Б, О.М, Г.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             прокурор А.Ариунаа,

            шүүгдэгч Г.З,

            шүүгдэгч Г.З, О.М нарын өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч С.Батзаяа,  

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/889 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б, О.М, Г.З нарт холбогдох 1906 00967 0752 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Э-ны Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “.....” орон сууцны конторт цахилгаанчин ажилтай, ......... дүүргийн 8 дугаар хороо, ..........дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

2. Б овгийн О-н М, ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” техникийн захад автомашины сэлбэг зарах, засварлах ажилтай, ...... дүүргийн 9 дүгээр хороо, ........ гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

3. И овгийн Г-н З, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “..........” орон сууцны конторт цахилгаанчин ажилтай, ..........дүүргийн ..... дугаар хороо......... .... дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Э.Б, О.М, Г.З нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна иргэн Ц.Г-г цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Э.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна иргэн Ц.Г-н биедээ авч явсан хохирогч Э.А-н гар цүнхийг хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн,

О.М, Г.З нар нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна Э.Б-н бусдад хүч хэрэглэн, довтолж авсан хохирогч Э.А-н гар цүнхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.М, Г.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-г бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.М, Г.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар Э.Б-г,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар О.М, Г.З нарыг тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийг нэмж нэгтгэн, нийт ялыг 2 жил, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар, О.М, Г.З нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийг нэмж нэгтгэн, нийт ялыг 6 сар, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б, О.М, Г.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б, О.М, Г.З нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж цагдан хоригдсон хоёр хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, О.М, Г.З, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шийтгэх тогтоолын 7 дугаар талд “... О.М, Г.З нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг далдалсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.” гэжээ.

1. Шүүгдэгч О.М, Г.З-н нарын гэмт үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй байж болох талаар: Хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, О.М нь хохирогчийн цүнхэнд байсан гар утсыг өөртөө 2 хоног байлгасан, харин Г.З нь хохирогчийн гар цүнхэнд байсан 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч бусадтайгаа хуваан идсэн үйлдлүүд тогтоогддог. Шүүгдэгч О.М, Г.З нарын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлэх болсон гэмт үйлдэл ердөө л энэ юм. Гэтэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, О.М, Г.З нарын гэмт үйлдлийн нийгмийн хор аюул, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитоор хохирол, хор уршиг учруулсан нь ялимгүй юм. Шүүгдэгч О.М-н тухайд хохирогчийн гар утсыг өөртөө хоёр хоног байлгаад гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн Э.Б-т буцаан өгснийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэхээр байна. Мөн О.М-н хувийн байдлын тухайд урьд өмнө ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Шүүхээс 11.000 төгрөгийг дээрмийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж дүгнэсэн бөгөөд энэхүү хохирол нь Э.Б-н гар цүнхийг нь булааж авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан болохоос биш, Г.З-н гэмт үйлдлийн улмаас учраагүй болно. Г.З нэгэнт төгссөн гэмт хэргийн хохирлын мөнгөөр бэлэн гоймон авч Э.Б, О.М нартай хуваан идсэн байдаг. Г.З-н 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч идсэн үйлдэл нь мөн л Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт бодитой хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь хохирогч гар цүнхээ Э.Б-т алдсанаар хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчтэй байх эрх аль хэдийн бодитоор зөрчигдсөн болно.

2. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа нь эргэлзээтэй талаар:

Шүүгдэгч О.М хохирогчийн цүнхнээс гарч ирсэн гар утсыг өөрийн гэрт 2 хоног байлгаад, хамт гэмт хэрэг үйлдсэн Э.Б-т дамжуулан өгсөн үйлдэл нь ердөө л гэмт этгээд, нөгөө гэмт этгээддээ хэргийн эд мөрийн баримтыг шилжүүлэн өгч байгаа төдий л юм. Өөрөөр хэлбэл, О.М нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болгох зорилготойгоор дахин шинэ гэмт хэрэг үйлдээгүй. Учир нь, нотлох баримтаас харахад О.М бусдад гар утсыг зарах зэргээр хууль бусаар олсон орлогыг хууль ёсны болгох гэсэн үйлдэл хийгээгүй байдаг. Гэтэл “Мөнгө угаах” гэдэг гэмт хэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хийгддэг, өөрөөр хэлбэл, хууль ёсны эх сурвалж болгон хувиргахад чиглэсэн үйлдэл” гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Гэмт этгээдүүд бие биедээ гэмт хэргийн баримтыг дамжуулан өгөх нь мөнгө угаах гэмт хэрэг болно гэж үү. Хохирогчийн гар утас яг хэзээ, хэний үйлдлээр эдийн засгийн эргэлтэд орж, хууль ёсны эх сурвалжтай болж өнгөө хувиргасан бэ гэдэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Үүнтэй мөн адил Г.З хохирогчийн цүнхэнд байсан 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч бусадтайгаа хувааж идсэн нь бас л мөнгө угаах гэмт хэрэг болох уу. Хохирогчийн 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч байгаа нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хийгдсэн үйлдэл гэж үзэх үү.

Энэ бүгдээс дүгнэхэд, О.М, Г.З нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч О.М, Г.З нарыг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Э.Б, Г.З, О.М нар иргэн Ц.Г хамт явсан эмэгтэй Э.А-тэй маргалдаж, түлхэж унагаагаад байхаар нь “эмэгтэй хүнийг дээрэлхээд ямар муу залуу вэ, бүгдээрээ зодчих уу” гээд санал нэгдэн Ц.Г-г очиж зодсон. Дараа нь Э.Б газарт унасан байсан Э.А-н цүнхийг авч зугтсан болох нь хохирогчид болон гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Тухайлбал, энэ талаар хохирогч Ц.Г “... Би найз охин А-н цүнхийг нь авч, өөрөө барьж явсан юм. Гэтэл араас хэргийн холбогдогч 3 залуу ирээд нэг нь намайг хавирч унагаасан ба ингэж би газар унахдаа гартаа барьж байсан цүнхийг алдаж газар унасан юм. Тэгээд тэдгээр 3 залууд зодуулчихаад босоод иртэл миний барьж байсан А-н эзэмшлийн гар цүнх алга болчихсон байсан. ...”, гэрч Г.З “... М түрүүлж тэр хоёр луу очоод залууг цохиод авсан. М тэр залуутай ноцолдоод унасан. Тэгэхээр нь бид 2 гүйж очоод Э.Б тэр залууг цохисон. ...”, гэрч О.М “... Би түрүүлж очоод тэр залуутай заамдалцаад авсан. Тэгтэл намайг хавираад цохиод унагаасан. Би унахдаа тэр залууг заамдаад татаад газарт унасан. Э.Б ирээд намайг “босоорой” гээд татаж босгосон. Би босоод иртэл З эмэгтэйг нь барьчихсан зогсож байсан. Харин Б тэр залуутай зодолдож байхаар нь би очоод 1 удаа өшиглөсөн. Тэгээд Э.Б “гүйгээрэй” гэсэн. ...”, гэрч Э.Б “... тэр 2 хүний эрэгтэй нь эмэгтэйгээ зодоод байхаар нь бид 3 болиулах гээд “болиоч” гэж хэлтэл нөгөө эмэгтэй нь “та нарт хамаагүй” гэж хэлээд цаашаа явсан. Тэгэхээр нь би “эмэгтэйгээ зодоод байх юм, эрэгтэйг нь зодчих уу” гэхэд надтай цуг явсан 2 найз “яасан ч яахав” гэж хэлсэн. Тэгээд бид 3 араас нь очоод М хавираад унагаачихсан. ...” гэх мэдүүлгүүдээр Э.Б хохирогч Ц.-г зодох гэж санаа зорилготой байсан бөгөөд Ц.Г-г зодчихоод газарт унасан байсан Э.А-н гар цүнхийг авч зугтаасан. Өмгөөлөгч миний бие Э.Б-г хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, харин дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго байгаагүй, газарт байсан цүнхийг авч зугтаасан үйлдэл нь эхний гэмт хэрэг үйлдэж дууссаны дараа гэнэт үүссэн санаагаар авч зугтаасан байх тул Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон. Ийм учраас Э.Б өмгөөлөгчдийн байр суурьтай нэгдэж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан юм. Анхан шатны шүүх Э.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцож, хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулсан. Гэвч Э.Б нь хар багаасаа эцгээсээ хагацаж, өрх толгойлсон ээж, эгч, дүү нарын хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байсан бөгөөд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Э.Б гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь ээж шигээ адилхан эмэгтэй хүнийг өрөвдөж, өмөөрөх сэтгэлээс болсон хэдий ч хохирогчийг зодсон, улмаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа юм. Иймд Э.Б-т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.З тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв. 

Прокурор А.Ариунаа давж заалдах гомдлуудад гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.М, Г.З нар нь бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн нь иргэний нэхэмжлэгч А.Наранцацралын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, Хаан банкны орлогын мэдүүлэг, яллагдагч Э.Б, Г.З, О.М нарын мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, хохирогч Э.А-н цүнхэнд байсан 11.000 төгрөг нь хүний эд хөрөнгө мөн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирч байгаа бодит хохирол юм. Шүүгдэгч О.М, Г.З нар нь бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн болон хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-н үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Э.Б, О.М, Г.З нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүйн улмаас шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Прокуророос О.М, Г.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан хохирогч Э.А-н “... Гэтэл 112 дугаар байрны тэнд араас үл таних 3 залуу хүрч ирээд ямар нэгэн юм ярихгүй, манай найз залуу Г-г хавирч унагаагаад, хөл рүү нь өшиглөж, миний гар цүнхийг шүүрч аваад зугтаасан. ...” /1 хх 12/, хохирогч Ц.Г-н “... Би А-н араас дагаад түүний гар цүнхийг нь бариад алхаж байтал бид хоёрын араас үл таних 20-25 орчим насны 3 залуу хүрч ирээд шууд миний хөлийг хавирч унагаагаад миний толгой, нүүр хэсэгт өшиглөөд миний гарт байсан А-н цүнхийг аваад зугтаасан. ...” /1 хх 14/ гэсэн мэдүүлгүүдээс үзвэл О.М, Г.З нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр гүйцэт шалгаж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, О.М, Г.З нар нь Э.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б, О.М, Г.З нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.