Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Т-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, П.А

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 332 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/1049/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Т-с нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тийг урьд эрхэлж байсан нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эрлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Дээд боловсрол гэрчилгээ олгосон гэх эрх бүхий байгууллага Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь бүртгэлгүй, төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй гэж нэгэнт нотолж ирүүлсэн.

            Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 03/22 дугаартай албан бичиг ирүүлж, тус албан бичигт “С.Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно гэж ирүүлсэн.

            3.2. Дээд боловсрол гэрчилгээг бүртгэх, хянах, төгсөгчдийн мэдээллийг архивлан хадгалж буй байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яам бүртгэлгүй гэж нэгэнт нотлогдсон.

            Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 2/3032 дугаартай албан бичгээр “... С-н Т-н 000000000 дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Авто замын барилга” техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд

(https://must.edu.mn/mn/alumni) бүртгэгдээгүй” гэж дүгнэгдсэн.

            3.3. Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална” гэж заасныг хууль зүйн үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн, Төрийн албан хаагчийн шалгалт зохион байгуулж байгаа албан тушаалд хамааралтай гэжээ.

            Энэ нь төрийн албаны шалгалтад иргэн ямар баримтаар өөрийгөө насанд хүрсэн, дээд боловсролтой, эрүүл саруул гэдгээ нотлох нь шалгалт зохион байгуулагчид ямар ч хамааралгүй болж, иргэд дурын цаасан баримтаа үзүүлэн шалгалтад оролцох боломжтой мэт харагдаж байна.

            Иймд хууль буруу хэрэглэсэн, нэгэнт бүртгэлгүй, төгсөгчдийн санд бүртгэлгүй байтал ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуульд заасан зорилго, төрийн албаны зарчмыг алдагдуулсан, мэргэшсэн байх зарчмаас ухарсан шийдвэр гэж үзэж байна.

            Давж заалдах гомдлыг хуулийн дагуу судалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч С.Т-с “нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар “тус газрын Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтэн С.Т нь төрийн албаны ерөнхий шалгалтад хуурамч дипломтой оролцсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

2.3. Хариуцагч нийслэлийн Замын хөгжлийн газраас “тус газрын Материал шинжилгээ туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтэн С.Т Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн D200710970 дугаар бүхий диплом хуурамч байх үндэслэлтэй, тус дипломоор 2009 онд төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэж төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байна. Иймд тухайн асуудалтай холбоотой нотлох баримтыг хавсарган хүргүүлж байгаа бөгөөд хэрхэн шийдвэрлэх талаар хууль журмын дагуу тайлбар ирүүлж хамтран ажиллах” тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1560 дугаар албан бичгээр “... С.Т нь 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200710970 дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь ... урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул ... уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан төрийг хохиролгүй болгож ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй” талаарх хариуг хүргүүлжээ.

2.4. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/22 дугаар албан бичгээр “С-н Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно”, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/3032 дугаар бичгээр “... С-н Тийн D200710970 дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Авто замын барилга” техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем, тус яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд (https://must.edu.mn/mn/alumni) бүртгэгдээгүй байна, Иргэн С-н Тийн D201506396 дугаартай Үндэсний техникийн дээд сургуулийн боловсролын диплом нь тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем, яамны архивын санд хадгалагдаж буй Үндэсний техникийн дээд сургуулийн 2015 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээний оройны ангийн D580200 индекстэй “Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер” мэргэжлийн чиглэлээр диплом олгосон иргэдийн жагсаалтад (142 дугаар хуудасны 137)-д бүртгэлтэй байна” гэх нэхэмжлэгч С.Т-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн D200710970 дугаартай дипломтой гэх нөхцөл байдлыг няцаасан тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна. Тодруулбал, ШУТИС төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй[1], Үндэсний техникийн их сургуулийг “Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер” мэргэжлээр төгсөгчдийн жагсаалтад бүртгэлтэй[2] гэх атал Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс авсан лавлагаанд 1993 онд ШУТИС-ийг “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн талаар мэдээлэл[3], Үндэсний техникийн их сургуулийг 2015 онд “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн[4] гэх мэдээлэл тус тус зөрүүтэй байдлаар орсон байна.

2.5. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Төрийн албан хаагчийн анкет “А” хэсгийн Хоёр. Боловсролын талаар мэдээлэлд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Авто замын барилга” мэргэжлээр төгссөн талаарх мэдээлэл байхгүй байхаас гадна Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр авсан Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолтод “... С.Т нь ШУТИС /Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль/-г 1993 онд 580400 индекстэй 580400 Авто Замын Барилга мэргэжлээр /хөтөлбөрөөр Дипломын зэрэгтэйгээр бүртгэлийн дугаартай №93/589 дугаарын дипломтой төгссөн болно” гэжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх дээрх мэдээлэл хэрхэн яаж бүртгэгдсэн, ямар баримтад үндэслэж бүртгэгдсэн талаарх баримтыг цуглуулж, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг өөрөө бүрэн цуглуулж, бодит байдлыг тогтоон, хэрэгжүүлэхгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр дугаар сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 44 дүгээр талд,

[2] Хавтаст хэргийн 50, 54 дүгээр талд,

[3] Хавтаст хэргийн 124, 179 дүгээр талд,

[4] Хавтаст хэргийн 178 дугаар талд,