Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч  С.Цэрэндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч Б.Эрдэнэзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 10 дугаар сарын  09-нд төрсөн, 42 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-6, ээж, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол,  Амгалан хотхон 15-р байрны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ордос овогт Буяндалайн Эрдэнэзаяад /РД:ЧЕ74100942/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 20162501 3335 дугаар 105/2016/0248/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэзаяа нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхтулгыг төмөр хашааг салгаж хүүхдийн дээрээс унагаасан гэх шалтгаанаар зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэзаяа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй  гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхдэлгэрийн: … 2016 оны 08 дугаар  сарын 19-ний өдөр дээрээ байж байтал манай охин Урангоо над руу утсаар яриад дүүг нэг хүн зодсон байна тэр эгч хэлэхдээ хүүхдийнх нь толгой дээр төмөр унагаасан гэж хэллээ , дүү Мөнхтулгын хацар ам нь хавдчихсан, уйлсан айсан байдалтай байна гэж хэлсэн. Ингээд би 17-18-н цагийн орчим байх гэртээ ирэхэд хүү Мөнхтулгыг эмнэлэгт үзүүлэхээр эхнэр Д.Тунгалаг аваад явсан байсан. Би байрны гадаа гараад төмөр унагаасан гээд байгаа газар нь очиход манай байрнаас 60-70 метрийн зайтай “Баяжих “цогцолбор Амгалан хотхон хоёрыг заагласан байсан хашааг дөнгөж гагнаж дууссан болтой байсан ба гагнаж засварласан хүмүүс нь явцгаасан байсан. Тэгээд эргээд гэртээ ороод байж байтал эхнэр хүүхэд хоёр маань  ирсэн, хүү Мөнхтулгын зүүн хацар нь хавдсан, гарын хурууны ором орж улайж  гүвдүүтсэн, өөрөө хэлэхдээ хацар толгой руу болон зүүн дал руу олон удаа цохьсон гэж хэлсэн. Хувцсыг нь тайлаад нуруу, далыг нь харахад зүүн дал орчим нь улайсан байдалтай байсан. Тэгээд хүүгээс юу болсон талаар асуухад ролькоороо гулгаж байгаад байрныхаа үүдэнд түр амраад байж байхад нь нэг эмэгтэй ирээд Мөнхтулга хаана байна гэхээр нь “би байна” гэж хэлээд барьж аваад алгадаад чирээд сэгсрээд цааш нь дагуулаад явсан, явж байхдаа толгой руу нь нилээн олон удаа цохиж зодсон гэж ярьсан. Хүү Мөнхтулга тухайн үед их айсан байдалтай, айгаад яг хэдэн удаа цохьсныг нь санахгүй байна гэж хэлсэн. Мөн Мөнхтулгыг тэр хашаа унасан гээд байгаа газар руу нь чирж аваачаад энэ доор суу чамайг энэ төмрөөр цохиж ална гэж айлгасан гэж хэлсэн. Тэгээд би Баяжих цогцолборын хяналтын камерийн бичлэгийг гуйж байгаад харахад тэр төмөр хашаа унах, унасны дараах үе бүгд харагдаж байсан ба тэр төмөр хашааг манай хүү унагаагүй тэр хашааны цаана барилгаас илүү гарсан элс буулгасан байсан ба тэр хавийн хүүхдүүд элсэн дээр тоглох гээд хашаан дээгүүр давах, завсар зайгаар нь орж гарсаар байгаад нэг талынх нь гагнаас салчихсан байж байгаад тэнд тоглож байсан 3 охин татаж чангааж завсар гаргаж орж гарч байгаад унагаачихсан, хашааг унахад нь энэ 3 охины нэг болох 6 орчим настай хүүхэдтэй хамт явсан хүүхдийн нуруунд цохигдсон юм билээ. гэх мэдүүлэг/хх-н 24-26-р тал /

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч М.Мөнхтулгын: ... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13-14 цагийн орчим байрныхаа хойно ролькоор гулгаж байсан чинь” Баяжих” цогцолбор гээд байшингийн хашаан дотор нэг нь Намуунаа гээд охин, бас нэрийг нь  мэдэхгүй 2 эмэгтэй хүүхэд элсэн дээр тоглож байсан. Тэгээд би хэсэг гулгаж байгаад байрныхаа урд очоод манай байрны Тэмүүлэн, Мөнхтулга гээд 2 хүүхэдтэй юм яриад сууж байсан чинь нэг эгч ирээд “Мөнхтулга хаана байна” гэхээр нь “би байна” гэсэн чинь нөгөө эгч цамцнаас татаад чирч гулдчаад чи яагаад хүүхдийн дээрээс хашаа унагааж байгаан гээд нөгөө нэг унасан хашаан дээр дагуулж очсон. Тэгээд нөгөө унасан хашааны тэнд суулгах гээд алив чи энд суу, би энэ хашааг чиний дээрээс унагаая гээд байсан, тэгээд л дахиад мөр рүү толгой руу цохиод байсан, хэдэн удаа цохьсныг нь би сайн санахгүй байна. Тэгээд манай гэрийг заалгаад манай гэрт очсон, гэрт маань эгч Урангоо байсан. нөгөө эгч Урангоо эгчтэй уулзаад танай дүү чинь манай хүүхдийн дээрээс төмөр хашаа унагаачихсан байна. гээд загнаад  байсан ...гэх мэдүүлэг  /хх-н 27-28-р тал /

Мөрдөн байцаалтад гэрч М.Урангоогийн:...Тухайн үед Мөнхтулгын нүүр нь улайчихсан уйлаад л байсан. Нөгөө эмэгтэйг гарч явсных нь дараа Мөнхтулгыг тайвшруулаад юу болсон юм гэсэн чинь бүр их уйлаад би хашаа унагаагаагүй, орцныхоо үүдэнд сууж байсан чинь энэ эгч ирээд намайг загнаад цохиод байсан гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ аргадаад анзаарч харахад зүүн хацар нь улайгаад үл ялиг жоохон хавдсан, нуруу, далны орчим нь улайгаад ором гарчихсан байсан. Би чамайг зодсон юмуу гэж асуусан чинь цохиод байсан гээд уйлаад байсан. Тэгээд би аав, ээж хоёр луугаа ярьж болсон асуудлын талаар хэлсэн, ээж маань удалгүй ирээд Мөнхтулгыг дагуулаад эмнэлэг явсан.гэх мэдүүлэг  /хх-ийн 29-30-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх  эмнэлэгийн шинжээчийн  ¹11745 дүгнэлтэнд:

            1.М.Мөнхтулгын биед тархи доргилт  гэмтэл  тогтоогдлоо.            

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт / хх-н 33-р тал/ зэргийг шинжлэн судлав.            

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн  объект  нь  хүний эрүүл мэнд. Халдлагын зүйл нь  хүний бие махбодь, гэмт  халдлагын үр дүнд  бие махбодийн хөнгөн гэмтэл авсан байна.

          Энэ гэмт хэргийн  объектив талыг бусад хүний бие махбодь, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоо бүрдүүлнэ.

          Субъектив тал нь субъект өөрийн хууль бус үйлдлээрээ /эс үйлдэхүй/ хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж буйгаа ухамсарлана. Эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан,хөдөлмөрийн чадварыг бага  хэмжээгээр алдагдуулах хор уршиг учрах нь  боломжтой болон  зайлшгүйг урьдаас мэдсэн хэр нь хүсч бий  болгосон /шууд санаа/ хүсээгүй боловч үйлдлээрээ зориуд бий болгосон /шууд бус санаа/ хувийн  сэдэлттэй байна.

            Субъект нь 16 нас хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Эрдэнэзаяа нь төмөр хашааг салгаж  өөрийн хүүхдийн  дээрээс унагаалаа гэсэн хувийн шалтгаанаар  10 настай  М.Мөнхтулгыг зодож  бие махбодид нь  хөнгөн гэмтэл учруулсан  байна.

 Иймд шүүгдэгч Б.Эрдэнэзаяа нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхтулгыг төмөр хашааг салгаж хүүхдийн дээрээс унагаасан гэх шалтгаанаар зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Эрдэнэзаяа нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй  болох нь  түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 51-р тал /

            Б.Эрдэнэзаяа нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан  хохирлоо  нөхөн  төлсөн байна. / хх-н  67-р тал /

            Шүүгдэгчийн өмгөөлөгч  хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн гэсэн үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй  болгож өгөхийг хүсч  мэтгэлзэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

            Насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Т.Мөнхдэлгэр нь  хохирол төлбөр төлөгдсөн  тул гомдол саналгүй  болохоо  илэрхийлсэн байх ба  эвлэрсэн талаар дурьдаагүй  байна. /хх-н 76-р тал/  

            Иймд хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн байна гэж  дүгнэх  үндэсгүй байна.  

            Шүүгдэгч Б.Эрдэнэзаяа  нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилгасан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл  болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.Ордос овогт Буяндалайн Эрдэнэзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Буяндалайн Эрдэнэзаяаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 192.000 төгрөг х 5=960.000 /есөн зуун жаран мянган/  төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар   Б.Эрдэнэзаяа  нь торгуулийн ялаас ноцтойгоор  зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-д  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “АNGE” гэсэн бичигтэй 1 ширхэг СиДи, цагаан өнгөтэй 1 ширхэг “СиДи” уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            5. Шүүгдэгч Б.Эрдэнэзаяа  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж   Б.Эрдэнэзаяад  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эрдэнэзаяад  авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч. АЛТАНЦЭЦЭГ