Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0409

 

 

 

 

 

 

 2021         06           08                                     128/ШШ2021/0409

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Б П Р” ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нар,

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч  нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, түүний өмгөөлөгч Т.Э*******, хариуцагч Э.Н, Б.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх зар сурталчилгаа олон нийтийн харилцааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Төрийн болон төрийн бус сурталчилгаагаар олон нийтийн болон зорилтод бүлгийг хангасан ажлыг зохион байгуулдаг. Тус компани нь татварын үүргээ бүрэн хүлээж, хууль заасан хэмжээний дагуу хугацаанд нь татвараа бүрэн төлдөг. Чингэлтэй дүүргийн улсын байцаагч нараас тухайн хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд гомдол гаргасан.

Нэгд шийтгэлийн хуудаст зааснаар орон сууцны зориулалтаар түрээсэлсэн зогсоолын төлбөр болон бараа ажил  үйлчилгээний  нийт 10.558.961 төгрөгийн ажил

үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж хасалт хийсэн гэдгийг хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зогсоолын төлбөрийг хасаж тооцсон нь хууль тогтоомж зөрчөөгүй. Манайх тухайн үйл ажиллагааны зориулалтын дагуу тээврийн хэрэгслийг ашиглах тохиолдолд тус тээврийн хэрэгслийг ашиглаж ирсэн. Иймд хасалт хийсэн нь буруу гэж үзэж байна.

Мөн ажлын хэрэгцээнд зориулж ашиглаагүй, зөвхөн үндсэн үйл ажиллагааны хүрээнд ашиглаж байсан. Мөн худалдан авалттай холбоотой зардлыг хасагдах зардалд тооцож байгаа нь үндэслэлтэй. Гэтэл байцаагч нар нь ажлын хэрэгцээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Мөн шийтгэлийн хуудаст зааснаар Хан-Уул дүүрэгт байрлах орон нутгийн зориулалттай байрыг түрээсэлсэн мөн Биеийн тамирын спортын газрын 2016 онд гүйлтийн арга хэмжээнд зориулсан зардлыг хасагдах зардалд бүртгэсэн нь үндэслэлгүй байна гэж оногдуулсан байдаг. Гэтэл гомдол гаргагчийн хувьд түрээсийн гэрээ байгуулаад тухайн компанийг гүйцэтгэх удирдлага нь компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хугацаандаа байрлаж байсан. Үүнийг хасалт хийсэн нь үндэслэлтэй байна. Гэтэл байцаагч нараас хасалт хийхгүй гэдэг нь боломжгүй гэж үзэж байна.

Учир энэ нь 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ байх ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хасалт хийсэн. Гомдол гаргагч нь үндсэн үйл ажиллагааны дагуу өөр нэг хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байгаа. Тус гэрээгээр хэрба лаяф гэдэг бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор Биеийн тамирын спортын газарт шилжүүлсэн байгаа. Ийм учир заасны хасагдах тайлан гэж тайлагнасан нь зөв гэж үзэж байна.

Байцаагч нарын зүгээс шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Байцаагч нь хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг гаргасан. Гэтэл энэ ажлуудыг хийхдээ Зөрчлийн тухай хуульд заасан зорилгодоо нийцсэн байх зэрэг зарчмуудыг нийцээгүй байна. Иймд гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн үүсгэн байгуулагч хүн нь Америкийн нэгдсэн улсын иргэн байдаг. Хэдий байгууллагын нэр дээр боловч зөвхөн орон сууцын зориулалтаас түрээсийн гэрээг үндэслээд 58.000.000 сая төгрөгийн хувийн хэрэглээний зардал гэж үзсэн байгаа. Мөн марафоныг хэлж байх шиг байна. Энэ бол зар сурталчилгааны байдлаар 10 сая төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байлаа ч гэсэн гомдол гаргагч нь үйл ажиллагааны зардалд оруулаад тайландаа хасагдах гэж тусгасан зөрчил гэж үзсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 74 сая төгрөгийн худалдан авалттай гэж тайлан ирүүлсэн. Үүнийг нягтлан бодогчоос тодруулсны үндсэн дээр үйл ажиллагааны бус гэж тодруулж оногдуулсан зөрчил байгаа. Нягтлан бодогчоос нь анхан шатны баримтыг авч тооцоо нийлүүлэн оногдуулсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан байгаа. Үүнийг 3517090410 дугаар томилолтоор гомдол гаргагчийн алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалтыг 2016 оны татвар төлөлт ногдуулалтад шалгалт хийсэн байдаг. Нэгт 2016 онд орон сууцны зориулалтаар түрээсэлсэн байрны зогсоолын төлбөр мөн бараа бүтээгдэхүүн худалдан авсан зөрчил, мөн хувийн хэрэглээний зардал гэсэн хасаж тайлагнасан нь Татварын тухай хуулийн 74.1 болон 74.1.4-т дахь заалтуудыг зөрчиж байна.

“Ч******* эко” ХХК-ийн Белла Виста хотхоны ******* тоотыг орон сууцны зориулалтаар 58.000.000 төгрөгийн зардлыг хассан. Мөн Улаанбаатар марафонд аж ахуй нэгжийн орлогын албан татвараас бууруулсан нь Татварын ерөнхий хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хасагдах зардалд дээрх үйл баримтууд нь орохгүй байгаа. Иймд Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэл болгон татварын улсын байцаагч хуулиар хүргүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн хяналт шалган хийсэн. Хяналт шалгалт хийгээд дуусахад Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн байсан тул 3 хоногийн дотор хариуцлага хүлээлгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль буюу зөрчлийн тухай хуулиар хариуцлагыг оногдуулсан. Иймд татвар төлөгчийн хэлж байгаа нь ямар нэгэн үндэслэлгүй байна. Маргаан таслах зөвлөлөөс 35.000 төгрөгийн зөрчлийг хасаад үлдсэн хэсгийг нь хэвээр үлдээсэн байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудсаар 78,558,961.60 төгрөгийн зөрчилд 4,244,414.60 төгрөгийн нөхөн татвар, 1,220,847.90 төгрөгийн торгууль, 527,744.20 төгрөгийн алданги, нийт 5,993,006.70 төгрөгийн төгрөгийн төлбөр ногдуулжээ.

            Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор ажилчдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад хассан 10,558,961.60 зөрчлөөс 336,074.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,688.60 төгрөгийн торгууль, 1,424.96 төгрөгийн алданги, нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгож, 78,222,887.07 зөрчилд ногдуулсан 4,035,885.45 төгрөгийн нөхөн татвар, 1,218,159.30 төгрөгийн торгууль, 516,329.14 төгрөгийн алданги нийт 5,780,363.99 төгрөгийг төлүүлэхээр өөрчилжээ.

            Гомдол гаргагчаас “орон сууц болон авто зогсоолыг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу хуулийн этгээдээс түрээсэлсэн, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Нийслэлийн биеийн тамир, спортын хороотой хамтарч ажилласан, мөн ажилчид болон ажлын хэрэгцээнд бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байхад үндэслэлгүй шийтгэл ногдуулсан” гэж, хариуцагчаас “орон сууц болон авто зогсоол нь хувийн хэрэгцээнд зориулагдсан, хандив болон худалдан авалтууд нь хуулиар зөвшөөрсөн хасагдах зардлын ангилалд хамаарахгүй” гэж тус тус маргажээ.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” гээд хасагдах татварыг нэрлэжээ, мөн хуулийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гээд хасахгүй татварын төрлийг заажээ.

            Мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгчээс АНУ-ын иргэн Б-тэй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн дагуу “Ч Э*******” ХХК-тай орон сууцыг, ажлын хэрэгцээнд авто зогсоолыг түрээсэлсэн гэж тайлбарлаж буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” хасахгүй гэж, түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “.....зөвхөн орон сууцны зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.2.4-д “оршин суугчид амьдран суух” гэж заасан зэргээс дүгнэхэд тухайн төлбөрийг хасагдах зардлаар бүртгэснийг зөрчил гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, тоотод бүртгэлтэй байх бөгөөд тухайн орон сууц, авто зогсоолыг албан ажлын хэрэгцээнд /ажлын байрны зориулалтаар/ бус түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг амьдруулах зорилгоор түрээсэлсэн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасан хасагдахгүй зардал гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

            Мөн нэхэмжлэгчийн цахимаар тайлагнасан 2016 оны 01 дүгээр сарын 16-аас 2016 оны 12 дугаар сарын 16-ны хороонд нэр бүхий хуулийн этгээдүүдээс хийсэн худалдан авалтаас хасахгүй худалдан авалтыг хүснэгтээр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор дээрх хүснэгт дурьдсан худалдан авалтаас “Н*******” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд сурталчилгааны арга хэмжээнд зориулж худалдан авсан нэг удаагийн аяга, салфетка зэргийн 336,074.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,688.60 төгрөгийн торгууль, 1,424.96 төгрөгийн алданги, нийт 37,721.01 төгрөгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болон авто зогсоол, кофе, кофены сүү, жигнэмэг, сүү, тараг, цөцгийн тос, зэрэг худалдан авалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” гээд 14.1.1-д “М Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэжээ.

            Нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Ю******* Л******* М” ХХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Улаанбаатар олон улсын марафон-2016 арга хэмжээнд сурталчилгаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтарч ажиллахаар тусгаж, гомдол гаргагчаас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт 10,000,000 төгрөгийг “Улаанбаатар марафон 2016 ивээн тэтгэгчийн төлбөр” утгатайгаар шилжүүлжээ.

            Хариуцагчаас тухайн төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлийн 12.1.36-д “спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуй нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө” 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өөрчлөлтөд хамаарахгүй хандив гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Учир нь тухайн гүйлгээ нь хандив биш үйл ажиллагааны төлбөр болох нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /гэрээт ажлын төлбөр/, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/215 тоот албан бичиг зэргээр нотлогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хасч тооцох зардалд хамаарахаар байна.

            Өөрөөр хэлбэл гүйлгээний утга ямар байхаас үл хамаарч тухайн төлбөрийн зориулалт нь  чухал бөгөөд дээрх тохиолдолд хүлээн авсан хуулийн этгээд нь үйл ажиллагааны төлбөр авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ нь анхан шатны баримтаар нотлогдож байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Иймд маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлт 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс гомдол гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн зөрчлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хасч үлдэх 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3210807.06 төгрөгийн нөхөн татвар, 963242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.6, 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлийн 12.1.36, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б П Р” ХХК-ийн гомдолтой Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдох хэргийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч  нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудас, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлт 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс гомдол гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн зөрчлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хасч үлдэх 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3210807.06 төгрөгийн нөхөн татвар, 963242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ