Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-хохирогч Б.Ганхуяг, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

-шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн 2134003640485 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.С

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.С нь мэдүүлэхдээ “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайх малаа Лүн сум руу явуулсан байсан. Гэтэл энэний яриад байгаа үхрийг манай үхэртэй андуураад ирсэн. Би манай үхэр энд байхгүй байгаа чи андуураад байна гэсэн энэ хүн согтуу дува сохор гэрэл асаасан хонин дундуур давхиж орж ирээд мотоцикл мөргөөд зогссон. Бууж ирэнгүүтээ аймар согтуу үхрээ 2 аваач муу гичий минь гээд намайг 2 удаа цохисон. Тэгэхээр нь би манай үхэр адуу энд байхгүй байгаа гээд эргүүлээд 2 удаа цохисон. Тэгээд машинаа асаагаад та нарыг гэртэй чинь дайрч ална гэсэн. Би олон жоохон хүүхэдтэй байсан болохоор машиных нь түлхүүрийг нь авсан. Тэгээд согтуу байгаа юм чинь машиндаа байж байна биз гээд машинд нь үлдээсэн. Тэгээд жоохон байж байгаад гэрт хутга бариад ороод ирсэн. Гэрт би 3 хүүхэдтэйгээ, хажуу талын охин мөн 3 хүүхэдтэйгээ байсан. Тэгсэн чинь хутга барьж ор ирэнгүүт нь айгаад түлээний модоор хутга барьсан гарыг нь цохиж унагаасан” гэв.

Хохирогч Б.Ганхуяг нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 14-нд бид нар өвсөө боогоод дууссан орой машин ачих гэж байсан. Тэр үед эдний мал ямар ч хариулгагүй болсон. Өдөржингөө эдний малыг нь хөөхөөр буцаад ирээд дахиад орж ирсэн. Тэгээд сүүлдээ дийлэхээ болиод машин ирсэн одоо ачаад явна. Хүүхдээ морьтой явуулаад тогтоогоод өгөөч гэх гээд эв зүйгээр шийдэх гэж очоод танай энэ үхрээ авалдаа өдөржингөө харлаа гэсэн чинь гаднын суугуул юмнууд ирчхээд хашаа хороогоо ч барихгүй гэсэн. Би тэгэхээр нь би бол эндхийн хүргэн гаднынхандаа орохгүй гэсэн. Тэгсэн эдний үхэр талбай руу орох гэж байхад нь танай үхэр орлоо ш дээ гэсэн. Тэгсэн чинь хажуугаас өөр нэг хүүхэн бас эдний хүүхдүүд тал талаас барьж идчих гээд байсан. Эхлээд Б.С чимээгүй байсан. Тэгээд би тэгвэл энэ малыг чинь очоод хашлаа надад тариаланчдаа хамгаалдаг хууль байдаг шүү гэсэн чинь тэр хууль чинь 10 сарын 01-ний өдөр өнгөрөөд хүчингүй болдог тэрнээс хойш бид нар яасан ч хамаагүй гэсэн. Тэгвэл манай тарьсан тэжээлийн гуравны нэгийг нь идсэн чинь хүмүүсийг нь дуудаад хохирлоо шийдүүлээд явъя гэсэн чинь гэр дотроос нэг хүүхэд хар хурдаараа чи муу хууль ярьж хүний мал хашдаг хэн бэ гэсэн. Би зогсоод хэрэлдэх болов уу гэсэн шууд ирээд намайг 2 гараараа ээлжлээд цохисон. Тэр цохилт оновчтой манартал цохисон. Зодооноор хичээллэж байсан юм шиг цохисон. Тэгээд би эмэгтэй хүн байна даа цохиж болохгүй дээ гээд хоёр гарыг нь барьж авах гээд гараа сарвалзсан чинь тэнд байгаа бүх хүмүүс намайг өшиглөөд толгой нүдгүй балбаж эхэлсэн. Тэгээд байж байсан нуруу луу том модоор цохисон. Баруун гар луу цохисон мод маш бүдүүн модоор цохисон. 3 дахь цохилт хаанаас яаж цохисон нь мэдэгдэхгүй би шууд доошоо ухаан алдаад унасан. Тэгээд ухаан ороод босоод ирсэн чинь машины хажууд хэвтсэн. Тэгээд машин руугаа ороод утсаа аваад цагдаа дуудах гэсэн сүлжээ байхгүй. Эхнэр лүү залгах гэсэн эхнэрийн утас болохгүй. Тэгээд би за эмнэлэг бараадъя гээд машинаа асаах гэсэн түлхүүр олоогүй. Машины түлхүүрийг зөндөө хайсан. Тэгээд байж байсан хамраас бүлээн оргиод эхэлсэн тэгээд гаргаараа шувтраад үзсэн чинь нуль цус болсон байсан. Би цусаа хараад дахиад ухаан алдаад унтсан. Нэг сэрсэн чинь орой харанхуй болсон байсан. Хамрынхаа цусыг дахиж шуумгаараа арчаад тэгээд гарт байгаа цусаа дахиад харвал ухаан алдана гэж бодоод бээлий өмссөн. Тэгээд эд нар л машины түлхүүр авсан байгаа гэж бодоод машины голын хайрцагт байсан хутгыг аваад айлгаж байгаад машины түлхүүр авна гэж бодсон. Тэгээд гэр лүү ороод машины түлхүүр авъя гээд ойртох юм бол ална шүү гэж байсан. Тэгсэн өөдөөс нөгөө гэрт байгаа хүмүүс гартаа түлээний мод зэрэг бариад босоод ирэхээр нь дахиад зодох нь гэж бодоод айгаад гүйсэн. Гараад гүйхдээ гэрийн хажууд байсан мотоциклийг түлхэж унагаад гүйсэн. Тэгсэн чинь араас бөөн хүмүүс гарч ирээд эдний нэг эрэгтэй хүүхэд том шургааг барьсан эргүүлж байгаад шагайнд цохиж таарсан. Тэгээд унахад дээрээс 2-3 нөхөр ирээд дэвсэлсэн. Тэгээд дахиад би ухаан алдсан. 3 Тэгээд сэрсэн миний гарын улаан цулбуураар хүлсэн байсан. Би дахиад босох гэсэн дэвслээд байхаар нь хүн аллаа та нар цагдаа дуудаач ээ гэсэн тэгвэл би тэр цагдааг чинь дуудаад өгье гээд дуудаж байх шиг байсан. Би тэр хэдээс арай гэж салаад пойл руу гэр лүүгээ зугтаасан. Тэр үед дахиад араас 2 банди нь хөөж байгаад унагаад дээр гарсан байхад нь манай эхнэр ирсэн. Намайг унагачхаад зүгээр байгаагүй өшиглөөд байсан. Тэгээд гэртээ байж байхад цагдаа миний машиныг унаад ирсэн” гэв.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134003640485 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Хохирогч Б.Ганхуягийн “Би эхнэрийн нутаг Төв аймгийн Жаргалан сум 4 дүгээр баг Загдал гэх газарт хэдэн га газарт ногоон тэжээл тариад эхнэр охины хамтаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэс эхэлж 2021 оны 10 дугаар сарын 10 хүртэл 20 орчим хоног тасралтгүй малаас хамгаалж манасан юм. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ногоон тэжээлээ боож дуусаад ачих машинаа хүлээгээд байж байтал тус өдөр манай тариалангийн талбайн ойролцоо байдаг айлын мал талбай руу дайраад эзэд нь малаа хариулахгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь очоод манайх тэжээлээ боочихсон байгаа маргааш ачаад дуусчихна танай үхэр дайрч орж ирээд боодолтой тэжээл эврээрээ сийчиж тараагаад байна аа, тэр болтол үхрээ морьтой явуулаад үхэр малаа хариулж байгаад өгөөч ээ гэж хэлэхэд өөдөөс гадны зуугуул юмнууд ирж энд юм тарилаа чи хашаа хороогоо барьсангүй гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл манай үхэр танай талбайд орж байгаа бичлэг байгаа юм уу, та нар орчихсон юм бол хашчихгүй яасан юм бэ гэхээр нь би нөгөө эмэгтэйд хандаж тариаланчдыг хамгаалсан хууль байдаг юм шүү гэхэд тэр хууль чинь 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бидэнд үйлчлэхээ больдог юм гэхээр нь танай мал миний тарьсан тэжээлийн 3/1-ийг идчихсэн байхад тэр хууль чинь надад бас үйлчлэхгүй юу гэж хэлсэн. Энэ үед тухайн айлын үхэр дахиад манай талбай руу орж яваа харагдсан. Тэгэхээр нь би танай энэ үхрийг чинь одоо аваачаад хашлаа хохирол тогтоодог хүмүүсээ дуудаж хохирол тогтоогоод надад тэр хууль үйлчлэх үгүйг нь харья гэж хэлэхэд гэр дотроос гэнэт нэг том биетэй биерхүү хүүхэн гарч ирээд надад хандаж чи муу хууль ярьсан хүний мал хашна гэж ярьсан хэн бэ чи муу гээд л миний хажууд орилж хүрч ирээд намайг шууд гараараа нүүр рүү 2 удаа ээлжилж цохиод эмэгтэй хүн байна даа цохиж болохгүйдээ гэж дотроо бодоод хоёр гарыг нь барьж авъя гээд гарыг нь барих гээд сарвалзтал хажууд байсан хүмүүс над дээр ирээ зууралдаад толгой нүдгүй цохиж эхэлсэн. Би нүүрээ гараараа хаачихсан юм. Тэгтэл нөгөө өндөр том биетэй том хүүхэн гэнэт шургааг мод барьж ирээд миний нуруу руу нэг удаа цохиод 2 дахь удаагаа толгой руу цохих гэхэд нь баруун гарынхаа шуугаар хаагаад цохилтын хүчинд доошоо өвдөглөөд суусан. Тэгтэл 3 дахь удаагаа яг толгойн ар дагз руу цохиод би ухаан алдаад газарт машиныхаа хажууд унасан. Ингээд хэсэг хугацааны дараа хүмүүс 4 шуугилдаад инээлдэх чимээнээр ухаан ороод хамар амнаас битүү цус гарсан байсан. Ингээд машиндаа суугаад утсаа аваад цагдаа дуудах гэтэл сүлжээ байхгүй байсан. Ингээд эхнэр рүү залгатал утас нь холбогдоогүй. Машинаа асаах гэтэл түлхүүр байхгүй байсан, газар унасан юм болов уу гэж бодоод машинаа тойроод хайхад олдоогүй. Машины орчмоор газарт миний цус үсэрсэн байсан. Ингээд машин дотроо ороод түлхүүрээ хайгаад олоогүй. Гэнэт хамраас бүлээн оригоод бүлэгнэсэн цус гоожоод түүнийг хараад айгаад дахиад машин дотроо ухаан алдчихсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд харанхуй болчихсон байсан. Ингээд машин дотроос хутга аваад айлгаж байгаад машины түлхүүрээ авъя гэж бодоод гэрт ортол нөгөө хүмүүс сууж байсан. Ингээд би машины түлхүүр хаана байна, надад ойртвол ална шүү гэж хэлтэл тэр хүмүүс намайг тоогоогүй. Дахиад нөгөө өндөр хүүхэн гэрт байсан бас нэг хэрэлдээд байсан хүүхэн зэрэг хүмүүс дахиад гэрт байсан түлээний мод аваад бариад босоод ирэхээр нь айгаад гараад талбайн гэр рүүгээ зугтаасан. Би тэр айлд хутга барьж ордог учир нь тэр хүмүүсийг гэмтээ? Гэж бодоогүй айлгаж байгаад машиныхаа түлхүүрийг авъяа гэсэн бодолтой орсон юм. Гэтэл гэрт байсан хүмүүс юун надаас айх манатай бүгд босоод ирэхээр нь би үхтлээ айгаад зугтаж байгаа нь тэр юм. Би гэрийнх нь баруун хаяанд байсан мотоциклийг нь өшиглөж унагасан. Ингээд тэр хүмүүс намайг хөөгөөд жалганд оруулаад барьж аваад намайг мод чулуугаар цохиод би ухаан алдаад уначихсан. Тэгээд нэг сэрэхэд миний гарыг хүлчихсэн байсан. Намайг дээрээс дэвслээд байхаар нь би цагдаа дуудаач э гэхэд надтай анх хэрэлдээд байсан хүүхэн би цагдааг чинь дуудаад өгье гэж хэлээд цагдаа дуудах шиг болсон. Би тэндээс босоод дахиад цаашаа пойл руу зугтаагаад нөгөө хэд дахиад намайг барьж аваад намайг дараад нөгөө том биетэй хүүхэн дээр гараад суучихсан байх үед эхнэр өөдөөс манай найзтай хүрч ирээд, манай найз машинаасаа бууж ирээд миний дэр сууж байсан хүүхнийг түлхээд намайг татаж босгоод миний гарын уяаг тайлаад намайг машинд суулгаад талбайн гэр рүү очсон. Ингээд гэрт ирээд байж байхад манай эхнэртэй хамт цагдаа нар араас ирээд намайг аваад явсан... Нөгөө том биетэй биерхүү хүүхэн хоёр гараараа ээлжлээд миний нүүр, толгой руу нэг нэг цохиод, тэгээд газраас мод аваад нуруу руу нэг удаа баруун гарын шуу руу нэг удаа, толгойн ар дагз руу нэг удаа цохиод би ухаан алдаад унасан... Миний араас нэг 13-14 орчим насны нэг хүү байсан тэр их хурдан гүйж ирээд миний араас гартаа барьсан модоороо зүүн талын шагай руу цохиж унагаад би газар унаад ухаан алдсан. Одоо болтол хөлөнд хавдар нь буухгүй байгаа. Би тэр хүүг харвал танина... Тархи доргилт гэмтлийг том биетэй хүүхэн ар дагз руу модоор цохисноо болж үүссэн гэж бодож байна. Зүүн нүдний дээд зовхи, доод уруул, завжны цус хуралтыг хэн учруулсныг хэлж мэдэхгүй байна. Нуруу, баруун шуунд учирсан цус хуралтыг тэр биерхүү биетэй хүүхэн модоор цохисноос болж учирсан гэмтэл. Зүүн хөмсөг, хамрын зулгаралт, зүүн шанаа, чамархай, баруун шуу, сарвууны гэмтлийг хүн учруулсныг мэдэхгүй байна. Зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтлийг намайг зугтааж байхад араас гүйж ирж хөл рүү модоор цохисон бага биетэй эрэгтэй хүүхэд учруулсан... Намайг олуулаа бүлэглэж зодсонд гомдолтой байна. Хэдий миний биед учирсан гэмтлийн зэрэг тархи доргилтоос болж үүссэн ч гэсэн 13-14 насны том жижиг биетэй эрэгтэй хүүхэд томчуудаа дагаад над руу дайраад хөөж туугаад мод чулуугаар цохиод гүйгээд байсан юм. Олуулаа гэдэг тоонд том, жижиг биетэй хоёр эмэгтэй, 13-14 насны хоёр эрэгтэй хүүхэд л багтаж байгаа. Өөр бусад эмэгтэй бага насны хүүхдүүд байсан. Би эмчилгээний задал, өмгөөллийн 5 зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Гэрч Ж.Мөнхзулын “Би гэр бүлийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн нутагт ногоон тэжээл тарьсан. Үүнийгээ хурааж аваад талбайгаа манасан ажилтай байсан. 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой ногоон тэжээл зөөвөрлөх ачааны машинаа Баянбулаг 3 дугаар багаас тосож аваад буцаад талбай дээрээ очиход харанхуй болсон байсан. Манай нөхөр Б.Ганхуяг нь талбай руу үхэр ороод байна хөөх гээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байсан за жоохон юм уусан байгаа араас нь явъя гээд хайгаад гэрэл тусгаад хартал манай нөхрийн унаж явсан машин нь айлын гадаа байсан. Гэрэл тусгаад харсан чинь манай нөхрийг газар хэвтүүлээд гарыг нь хүлсэн байдалтай байж байсан. Тэгээд би нөхрөө авъя гэсэн чинь танай нөхөр хутга барьж дайрсан, цагдаа дуудсан, нөхрийг чинь цагдаад өгөн л гэсэн. Цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

-Шүүгдэгч Б.Сийн гэрчээр өгсөн “...Манай гэр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг доод дамжин гэх газар намаржиж байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед би гэртээ 15 настай н.Батгэрэл, 13 настай н.Бат-Эрдэнэ, 5 настай н.Баянмөнх, манай хажуу айлын н.Алтанзагас нь 6 настай н.Үүлэнсолого, 4 настай н.Сурнаабазар, 13 настай н.Ананд гэх хүүхдүүдийн хамт байсан. Манай хоёр гэрийн нөхрүүд нь өвөлжөөнд өвс буулгах гээд явсан байсан. Орой 20 цагийн үед хоёр гэрийн хүүхдүүдээ манай гэрт цуглуулаад хоол идэх гээд байж байтал гэрийн гадаа цагаан өнгийн машин хүрч ирээд намайг толгой руу гараараа шууд цохиод авсан. Дараа нь гэр рүү орж ирээд дахиад цохих гэхээр нь гэрээс түлхээд гаргасан. Машиндаа ороод дайрч ална гэхээр нь машиных нь түлхүүрийг сугалаад авсан. Түлхүүрийг нь сугалж аваад гэртээ ороод байж байтал машин дотроосоо хутга аваад гэрт буцаж ороод ирсэн. Та нарыг ална гээд орилоод гэрт байсан жоохон хүүхдүүдийг уйлуулж орилоод байхаар нь хутгатай гарыг нь сандлаар цохиж, хутгийг нь авсан. Тэгсэн дахиад дийлэхгүй болохоор нь ногт авч ирээд гарыг нь ард гаргаад хүлсэн. Энэ үед эхнэр нь нэг согтуу найзын хамт ирээд хэл амаар баахан доромжлоод байсан. Мөн эхнэр нь согтуу байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тэгээд нөгөө согтуу хүнийг дагаад цагдаад өгөөд явуулсан. Эхнэр нь гээд хүн согтуу над руу дайраад машинаа авч явна түлхүүрийг нь өг гээд байхаар нь би өгөхгүй цагдаа нарт өгнө гэсэн чинь бас баахан хэл амаар доромжилсон... Б.Ганхуяг нь намайг түүрүүлээд цохихоор нь гарыг нь ард нь барж байгаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд та өглөө болоо согтуу байна гэсэн чинь машинаараа та нарыг дайрч ална гээд дайрахаар нь машины түлхүүрийг сугалж авч байгаад Б.Ганхуягийг машинаас нь буулгаж байгаад нуруу, цээж рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Хутгатай гарыг нь хутгаа хаяхгүй байхаар нь турбогоор баруун гар руу нь нэг удаа цохиод гараа бариад явахаар нь араас нь боож байгаад хутгыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17

-Гэрч Р.Алтанзагасын “Манай хажуу айлын Б.С нь манай гэрт ирж хоол ид гэхээр нь би хоёр хүүхдээ дагуулаад гэрт нь очоо байж байтал гадаа нь согтуу машин барьсан хүн ирсэн гэсэн. Тэгээд мотоциклийг нь мөргөөд зогслоо гэж хэлж байсан. Тэгсэн нөгөө хүн нь манай найз Б.Сийг нүүр рүү нь цохиод авлаа гэж байсан. Мөн тэгээд би ч гэрт байсан жоохон хүүхдүүд уйлалдаад байхаар нь гэрээс гараагүй гэрт байж байтал хутга бариад гараад ирлээ, гар чийдэн гэрээс аваад ир гээд хутгыг нь салгаад авч байх шиг байсан... 6 Б.С н.Хуягаа гэх хүний нүүр рүү нь хоёр удаа цохиж авч байх шиг байсан. Өөр надад харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

-Насан хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн “Тус өдөр манайд Р.Алтанзагас эгч н.Хатантуул, н.Ананд гээд надтай нэг ангийн 2 охинтойгоо манай ирээд байж байсан. Энэ үед манай аав н.Батбаатар, Р.Алтанзагас эгчийн нөхөр н.Долгорсүрэн ах хоёр өвөлжөө рүү өвс буулгах гээд явчихсан байсан. Энэ үед машинтай согтуу ах манайд хүрч ирээд манай гадаа байсан мотоциклийг мөргөж гэрт тулж зогсоод ээж гэрээс гарахаар нь би дагаад гэрээс гартал нөгөө хүн машинаасаа бууж ирээд согтуу байх шиг байсан. Ээж рүү хандаж үхэр малаа ав л даа гичийнүүдээ гээд ээжийг гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл ээж зөрүүлээд гараараа нөгөө ахын нүүр рүү нь нэг удаа алгадаад авсан. Энэ үед манай 6 настай дүү уйлахаар нь би гэр рүү дүүгээ авахаар орсон. Ингэд Р.Алтанзагас эгч гэрээс гарсан. Манай ах Б.Батгэрэл бас гэрээс гарсан. Би дүүгээ хараад гэртээ үлдсэн. Тэгтэл тэд нар гэрээс баруун тал руу гүйлдээд явчих шиг болсон. Би араас нь яваагүй, дүүгээ хараад үлдсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Батгэрэлийн “Тус өдөр гэртээ хоол ундаа идээд унтах гээд байж байтал манай гэрийн гадаа машинтай хүн ирээд гэрийн үүдэнд байсан мотоциклийг дайрч зогсоод өөдөөс нь ээж бид хоёр гараад очтол машинаас согтуу хүн бууж ирээд адуугаа аваач пойл руу ороод байна гэхээр нь манай ээж манай адуу биш гэж хэлэхэд нөгөө хүн танайхаас өөр хэний адуу байдаг юм бэ пизда минь гэж хэлээд гараараа манай ээжийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь манай ээж нөгөө хүнийг гараараа нүүр рүү 2-3 удаа цохиод нөгөө хүн газар унаад босож ирэхгүй суугаад байсан. Тэгэхээр нь ээж машины түлхүүрийг нь сугалж аваад гэртээ орж ирээд цагдаа руу ярих гээд сууж байтал нөгөө хүн гаднаас гартаа хутга барьчихсан орж ирээд түлхүүр өг та нарыг ална шүү өнөөдөр би ганцаа ирсэн бол маргаа 10-уулаа ирнэ шүү гээд хашхирсан. Тэгэхээр нь ээж хогийн шүүрхий хэмжээтэй урттай түлээний модны мөчир аваад хутгийг нь авах гээд гар руу нь цохиод хутгийг нь булааж авсан. Тэгтэл нөгөө хүн манай гэрээс баруун зүг рүү зугтаахаар нь ээж бид хоёр хойноос нь гүйж барьж аваад би түрүүлж нөгөө ахыг барьж зогсоогоод ээж араас нь гүйж ирээд бид хоёр элбэж хүлсэн. Ингэж хүлсэн учир нь нөгөө хүн өөр олон хүн дагуулж ирээд биднийг дээрэлхэж зодож цохих болов уу гэж бодоод цагдаа иртэл хүлээд байж байя гэж бодсон юм. Ингээд л удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

-Насанд хүрээгүй гэрч А.Анандын “...Би тус өдөр ээж дүү нартайгаа Б.С эгчийн очоод хоол идээ байж байтал тэдний гадаа машинтай хүн ирэхээр нь Б.С эгч гэрээсээ гараад хүүхдүүд бас гэрээс гарсан. Тэгтэл машинаас эрэгтэй хүн бууж ирээд адуу малаа аваач гэхэд Б.С эгч манай адуу мал бишээ манай адуу байхгүй байгаа гэхэд нөгөө хүн Б.С эгчийг гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Б.С эгч зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа цохиод нөгөө хүн газар унаад өгсөн. Энэ хооронд Б.С эгч машины түлхүүрийг нь аваад гэр рүүгээ орсон. Тэгтэл удалгүй нөгөө хүн хутга бариад гэрт орж ирээд машины түлхүүр өг та нарыг ална шүү гэж хэлтэл Б.С эгч түлээний мод аваад нөгөө хүний гар руу нь 4-5 удаа цохиод нөгөө хүн гэрээс гараад зугтаасан. Тэгтэл Б.С эгч араас нь гараад хойноос нь хөөгөөд Б.Батгэрэл бас араас нь хөөгөөд барьж аваад бид нар бас араас нь харанхуй болсон байсан учир гэрэл бариад гүйгээд очиход Б.Батгэрэл нөгөө хүнийг газарт дараад уначихсан дээр нь сууж байсан. Ингээд бид 7 очоод гэрэл тусгаж өгөхөд Б.С эгч Б.Батгэрэл хоёр элбээд хол гарыг нь уяагаар хүлээд цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

-Насанд хүрээгүй гэрч А.Хатантуулын “Би тус өдөр ээж, эгч, дүү нартайгаа Б.С эгчийнд очоод хоол идээд байж байтал нэг ах машинтай ирээд Б.С эгчийн гэрт тулаад зогссон. Тэгтэл Б.С эгч хэн бэ гээд гэрээсээ гарсан. Би гэр дотроос хаалгаа харж байхад нөгөө хүн адуу малаа аваач гээд Б.С эгчийг гараараа толгой руу нь цохих шиг болсон. Би гэрт байсан учраас гадаа юу болоод байгааг сайтар харж чадаагүй. Гадаа хэрүүл шуугиан болоод байх шиг байсан. Удалгүй Б.С эгч хүүхдүүдтэйгээ эргээд ороод ирсэн. Тэгтэл нөгөө ах гаднаас гартаа хутга барьчихсан орж ирээд бүгдийг чинь ална шүү машины түлхүүр өг гэж хэлсэн. Тэгтэл Б.С эгч түлээний мөчир модоор гар руу нь нэг удаа цохисон. Ингээд нөгөө хүн гараад гүйчихсэн. Б.Батгэрэл араас нь гүйсэн, Б.С эгч бас араас нь явах шиг болсон. Тэгэхээр нь би эгч н.Анандын хамтаар араас нь очиход Б.Батгэрэл нөгөө хүнийг барьчихсан дараад сууж байсан. Ингээд Б.С эгч уяагаар хөл гарыг нь уяад цагдаа дуудаад удалгүй нөгөө хүнийг хүмүүс ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 9975 дугаартай “Б.Ганхуягийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, завж, нуруу, баруун шуу, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн хөмсөг, хамрын зулгаралт, зүүн шанаа, чамархай, баруун шуу, сарвуу, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

Шүүгдэгч Б.Сийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байсан. Энэ өдөр 21 цагийн үед Б.Ганхуяг согтуу машинтайгаа манай гэрийн гадаа ирээд гадаа байсан мотоцикл мөргөж зогсоод машинаасаа бууж ирээд адуугаа аваач гэхээр нь би манай адуу энд байхгүй ээ гэж хэлэхэд намайг гараараа миний цээж толгой руу нэг нэг удаа цохихоор нь би Б.Ганхуягийг гараараа нүүр рүү нь, толгой руу нь 2-3 удаа цохиод Б.Ганхуяг машиндаа эргэж суугаад та нарыг машинаараа дайрч ална гэхээр нь би машины хаалгыг нь онгойлгоод машинаас нь татаж газарт унагаад гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиод машины түлхүүрийг нь машины кундактороос нь машиныг нь унтрааж сугалж аваад машины хаалгыг нь хаагаад Б.Ганхуягийг цааш нь түлхчихээд гэртээ ороод сууж байтал араас машины хаалга онгойж байгаа чимээ сонсогдож байсан. Тэгтэл араас машинаасаа хутга авсан бололтой гартаа хутга бариад гэрт орж ирээд та нарыг ална машины түлхүүр өг гэхээр нь би түлээний модноос бургасны мөчир оруулж ирээд хутгатай гар руу нь 2 удаа цохисон. Тэгтэл Б.Ганхуяг хойшоо ухраад гарангуут нь араас нь гарахад мотоцикл түлхэж унагаад дахиад гэр рүү эргээд ирэхээр нь би нөгөө модоороо нуруун дундуур нь нэг удаа цохиход баруун тийшээ гүйгээд явчихаар нь араас нь гүйж очоод нөгөө модоороо хөлийн булчин руу нь нэг удаа цохиход сөгдөөд унахаар нь дээрээс нь дарж байгаад гаран дахь хутгийг нь булааж аваад дахиад босож ирээд хүүхэд айлгаад байх болов уу гэж бодоод морины ногтоор гарыг нь хөлтэй нь хүлээд байж байтал эхнэр нь 8 найзуудтайгаа ирээд Б.Ганхуягийг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52- 53 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Сд холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Ганхуягийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 9 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Ганхуягийг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, завж, нуруу, баруун шуу, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн хөмсөг, хамрын зулгаралт, зүүн шанаа, чамархай, баруун шуу, сарвуу, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч “ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн тул зүйлчлэл тохирохгүй байх тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч Б.Ганхуяг нь оройн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгчийн гэрт ирж тариалангийн талбайд үхэр орлоо гэх шалтгаанаар маргаан үүсгэж үүний улмаас шүүгдэгч Б.С нь түний биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Ганхуяг, шүүгдэгч Б.С нарын мэдүүлэг, шинжээчийн №9975 тоот дүгнэлт, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог бөгөөд хохирогч Б.Ганхуягийн биед шүүгдэгч Б.Сээс өөр хэн нэгэн биед нь халдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэсний дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Х.Оюунцэцэгээс: “Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Б.Ганхуягаас нэхэмжилсэн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт танилцлаа. Эмчилгээний зардал нийт 1.557.149 төгрөг, бензиний зардал 92.400 төгрөг, нийт 1.649.549 төгрөг болон өмгөөлөгчийн зардал 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Улсын яллагчийн зүгээс 1.649.549 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжгүй байна. Энэ гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна. Бургас модыг устгахыг зохих байгууллагад даалгах саналтай байна” гэв.

 

 Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгээс: “Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын материал өнөөдөр гаргаж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс бодитой гарсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэдэг нь тогтоогдож байгаа. Хохирогч эхэлж цохисон гэдэг нь хэргийн материалд тогтоогдож байгаа. Ийм нөхцөл байдалд орсон хүн гэр бүлээ хамгаалах үйлдэх хийх буюу нэг ёсондоо аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх боломжтой. Ийм учраас гэм буруу дээрээ маргахгүй байгаа хохирлыг төлнө гэж байгаа. Гэмт хэргийн зүйлчлэл хүлээн зөвшөөрч байгаа миний үйлчлүүлэгчийн үйлдэлд тохирсон байгаа” гэв.

 

Хохирогч Б.Ганхуягийн өмгөөлөгч Г.Наранбаатараас: “Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Наранбаатар миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа Б.Ганхуягийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж байгаад саналт нийлэхгүй байна. Яагаад гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Сийн хувьд хүүхдүүдтэйгээ бүлэглэж Б.Ганхуягийн биед гэмтэл учруулсан гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энэ хэрэгт хүүхдүүд субъект болж чадахгүй байгаа гэхдээ энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэх ёстой байсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэг нэг айлд болсон газар. Хэрэгт авагдсан баримтуудад шүүгдэгч өөрөө би эхлээд 2 удаа цохиулсан гэж байна. Үүнийг насанд хүрээгүй гэрчүүд гэрчилсэн байдаг. Гэхдээ шүүгдэгчийн 2 цохиулсан гэмтэл гараагүй. Хэдийн тийм байсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явах боломжтой байна. Ийм зүйл байхгүй байгаа учраас энэ асуудал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Гэмт хэргийн зүйлчлэлийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гэм бурууг зөв шийдэх нь зүйтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс ийм саналтай байна” гэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Сд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,

шүүгдэгч Б.Сд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын 11 хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганхуягийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, завж, нуруу, баруун шуу, баруун гуя, шилбэний цус хуралт, зүүн хөмсөг, хамрын зулгаралт, зүүн шанаа, чамархай, баруун шуу, сарвуу, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Ганхуяг нь шүүхийн шатанд 3.649.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 1.649.549 /нэг сая зургаан зуун дөчин есөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг шүүгдэгч Б.Сээс гаргуулж, хохирогч Б.Ганхуягийн өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарагдах боловч мөн хуулийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газраас батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-д “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчлагдсан бөгөөд хохирогч түүний өмгөөлөгч нарын хоорондын гэрээний үндсэн дээр сайн дураараа харилцан тохиролцож төлсөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн зардлын 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2134003640485 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар бургас хураан авсан ба уг эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Сд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сээс 1.649.549 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганхуягт олгож, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн 2134003640485 дугаартай эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА