Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02610

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

        Дугаар 184/ШШ2018/02610

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, … өөрийн байр хаягт байрлах, “А-” ХХК /РД:2111683/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт оршин суух, ... овогт ...-гийн О- /РД:.../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28.891.831 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А-” ХХК нь иргэн Ч.Д-, Ш.О- нартай 2016 оны 02 сарын 03-ны өдөр 2105009765 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, орон сууц барьцаалан шуурхай зээлийн нөхцөлтэй 15.000.000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн байдаг. Барьцааны гэрээнд иргэн Ч.Д-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Ш.О- нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. 2016 оны 02 сарын 03-ны өдөр гэрээ байгуулсанаас хойш зээлийн эргэн төлөлтийн график зөрчиж 2016 оны 05 сарын 26, 2016 оны 06 сарын 20-ны өдрүүдэд үндсэн зээлээс 943.732 төгрөг, хүүнд 2.117.480 төгрөг тус тус төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14.056.267 төгрөг, хүү 13.319.550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.519.901 төгрөг бодогдсоноос 3.886 төгрөгийг төлсөн тул 1.516.014 төгрөг үлдсэн. Ингээд нийт үндсэн зээлд 14.056.267 төгрөг, хүүнд 13.319.550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.516.014 төгрөг, нийт 28.891.831 төгрөг зээлийн гэрээний үүрэгт гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Манай зүгээс барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байгаа. Хариуцагч талаас зээлийн тооцооллоо ойлгохгүй байгаа юм шиг байна. “А-” ХХК-иас зээлийн хүүг зогсоосон асуудал байхгүй. Бүх банкнууд адилхан ганц шалтгаанаар зээлийн хүүг зогсоодог. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж гарсны дагуу л зогсоодог. Хариуцагч Ш.О-ийн охин Ч.Д- нь 2016 оны 05 сард Солонгос улс руу явсан гэж байгаа боловч 2016 оны 06 сард зээлийн эргэн төлөлт хийгдсэн байдаг. Энэ бас эргэлзээтэй асуудал. Энэ талаарх баримт нь зээлийн эргэн төлөлтийн талаар хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогдоно. Зээлийн дансны хуулгаас харахад хариуцагч нь үндсэн зээл болон хүүнд 3.065.100 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн гэрээ өөрөө 2 жилийн хугацаатай. Би хариуцагчийг бодож байгаа учраас дээрх төлсөн мөнгө 3.065.100 төгрөгийг одоо шаардаж байгаа үндсэн хүү 13.319.550 төгрөгөөс хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Манай банкны зүгээс зээлдэгч Ш.О-т таны зээл төлөгдөхгүй байна гэдгийг сануулаагүй буруутай үйл ажиллагаа бас харагдаад байгаа учраас төлсөн дүнг нь нэхэмжлэлээсээ хасаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 25.826.731 төгрөгийг хариуцагч Ш.О-ээс гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь “А-” ХХК-ийн зээлийн хүү хэт өндөр, жилийн 42 хувийн хүүтэй. Энэ зээлийг хариуцагчийн охин Ч.Д- анх авсан байдаг. Гэтэл банк заавал хамтран зээлдэгч шаардлагатай гэсний дагуу Ш.О- хамтран зээлдэгч болсон байдаг. Нэгэнт Ш.О- хамтран зээлдэгч болсон тул түүний “А-” ХХК-д бөглөж өгсөн зээл хүссэн өргөдөлийн мэдээлэл дээр гэрийн хаяг, утасны дугаар зэрэг нь бүгд тодорхой байгаа. Гэтэл “А-” ХХК-ийн зүгээс Ш.О-рүү нэг ч удаа ярьдаггүй. Ш.О- өөрийн охин Ч.Д-ийг зээлээ төлж байгаа гээд л бодож байсан. Зээл төлөгдөхгүй байна, хугацаа хэтэрсэн гэж мэдэгдэлгүй 2 жил болсон. Энэ нь санаатайгаар зээлийн хүүг өндөр болгоход хүргэсэн гэж үзэж байна. “А-” ХХК-иас хариуцагч руу ярилгүйгээр хариуцагчийн хүү болох Ч.Дорж гэдэг хүн рүү 2018 оны зун залгасан байдаг. Энэ нь ямар учраас хариуцагч руу ярилгүй хүү Ч.Доржруу ярьсан нь тодорхойгүй. Тийм учраас үүнийг санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Хариуцагч нь одоо тэтгэвэрт гарсан хөгшин настай хүн. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийг төлье гэж удаа дараа “А-” ХХК-д санал тавьж байсан. Үндсэн зээл, хүүний тооцоололд маргаан байхгүй. Угаасаа 2 удаагийн төлөлтийг хариуцагч хийгээгүй учир хэд үлдэгдэлтэй гэх юм мэдэхгүй байна. Учир нь банк тусгай программаар хүүний тооцооллыг бодоод гаргачихдаг. Хариуцагчийн маргаж байгаа гол үндэслэл нь ямар учраас хариуцагч руу нэг ч удаа залгаж зээлийн төлөлт хийх үүргийг нь сануулаагүй вэ гэдэг дээр маргаж байгаа. Хариуцагчийн охин нь Солонгос улс руу явахынхаа өмнө зээлээ төлөөд дуусгана гэж хэлээд 2016 оны 05 сард явсан байдаг. Банкнаас холбогдоход Ч.Д-ийг зээлээ төлөөгүй юм байна гэдгийг мэдэж охинтойгоо холбогдоход зээлээ төлөлгүй Солонгос явсан. Тэнд очоод өвдөж бариад эмчилгээнд нэлээн мөнгө хэрэгтэй болсон юм байна лээ. Тиймээс зээлээ төлж чадаагүй гэдэг. Нотлох баримтаар гарган өгсөн зээлийн дансны хуулга байгаа. Банкнаас зээлийн тооцоолол гэж гарган өгсөн баримт нь банкан дээр очоод авахаар тооцоолол нь өөр гарч ирж байгаа. Хүүг зогсоосон эсэх нь эргэлзээтэй. Банкнаас дансны хуулга авахаар та 14 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдэг боловч нэхэмжлэл дээр энэ үнийн дүн нь 28.891.831 төгрөг болчихсон байгаа. Тийм учраас манай талаас үндсэн зээлийг төлөх боломжтой. “А-” ХХК-ийн буруутай үйлдлээс болоод хүүний хэмжээ өнөөдрийн байдлаар нэмэгдсэн байгаа. Хариуцагчийн зүгээс “А-” ХХК-д зээлийн гэрээний дагуу нийт 7.837.628 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас 2.117.480 төгрөгийн хүүг төлсөн байна. Тэгэхээр   зээлийн хугацаанд олох ёстой байсан үлдэх хүүг нь үндсэн зээлийн үлдэгдэл дээрээ нэмээд 19.958.800 төгрөгийг төлөх боломжтой. Тийм учраас энэ байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Хариуцагчийн зүгээс нэгэнт хамтран зээлдэгч тул огт төлөхгүй гэж маргахгүй. Энэ мөнгийг хүүгээрээ төлүүлье, харин ядаж үндсэн зээлээ, гэрээгээр тогтоосон хүүгийн хамт төлье гэж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 “А-” ХХК нь хариуцагч Ш.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28.891.831 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгөн шаардлагаа 3.065.100 төгрөгийн хэмжээгээр багасгаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзаж, 25.826.731 төгрөгийг хариуцагч Ш.О-ээс гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд 2016 оны 02 сарын 03-ны өдөр 2105009765 тоот зээлийн гэрээ байгуулагдсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 14.056.267 төгрөг, хүүнд 10.254.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.516.014 төгрөг, нийт 25.826.731 төгрөгийг гэрээний үүрэгт хамтран зээлдэгч Ш.О-ээс шаардана...” хэмээн тайлбарлав. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэлийн шаардлагыг 19.958.800 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх боломжтой. “А-” ХХК-ийн зүгээс 2 жилийн хугацаанд зээл төлөгдөхгүй байгаа талаар хариуцагчид огт сануулаагүй. Эрт мэдсэн бол хүүг нь бага дээр нь төлөх байсан. Санаатайгаар хүүгийн хэмжээг их болгохын тулд өдийг хүргэсэн...” гэж маргав.

 

“А-” ХХК, Ч.Д-, Ш.О- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 2105009765 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь 15.000.000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр, 2016 оны 02 сарын 03-наас 2018 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байна. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2105009765 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 130 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009113 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх7-10/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, тус тус хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч “А-” ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул зээлдэгч Ш.О-ээс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Банк зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгч Ш.О-т  мэдээлээгүйгээс банкны хүүний хэмжээ илт их болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд эргэн төлөлтийн талаар зээлдэгчид мэдээлэх үүргийг хууль болон гэрээгээр зээлдүүлэгч хүлээгээгүй болно.

Зээлдэгч нь зээлийн хугацаанд үндсэн зээл 943.732 төгрөг, хүүнд 2.117.480 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.886 төгрөг, нийт 3.065.098 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын хувьд хариуцагч маргаагүй ба нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 28.891.831 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны явцад 3.065.100 төгрөгийн хэмжээгээр шаардлагаа багасгасан нь хариуцагчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй тул багасгасан шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар өгөх хугацаа олгох шаардлагагүй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн хуульд заасан эрх байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ш.О-ээс үндсэн зээл 14.056.267 төгрөг, хүү 10.254.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.516.014 төгрөг, нийт 25.826.731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009113 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 130 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг батлах нь зөв байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826.731 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 287.083 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.О-ээс 25.826.731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д зааснаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О-ээс 287.083 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ