Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/841

 

2022          8            24                                      2022/ШЦТ/841     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0604/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч М.Ч түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Б.Мандуул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч-д холбогдох эрүүгийн 2209000000654 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд борлуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эмээ, 2 эгчийн  хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай М.Ч /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод оршин суух хаягтай хохирогч Н.А-тай өөрийн фэйсбүүк цахим сүлжээгээр “Ariuka Ariun” гэх нэрээр танилцаж улмаар түүнтэй видео калл хийж нүцгэн зургийг өөртөө олж аван Н.А-ын нүцгэн зургаар шалтаглан мөнгө нэхэж “яг одоо 400.000 төгрөг шилжүүл, би чиний зургийг олон нийтийн сүлжээнд цацна, хэрвээ мөнгө явуулах юм бол тайван орхиё” гэж эд хөрөнгө авахаар заналхийлж, 170.000 төгрөгийг Хаан банкны 5062...... дугаарын данс руу шилжүүлэн авч Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би сарын 850.000 төгрөгийн цалинтай борлуулалтын менежерийн ажил хийж байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... тоотод байрлах гэртээ байхдаа фэйсбүүк группэд “уулзах залуу байна уу гэсэн утгатай пост байхаар нь би тэр Ariuka Ariun гэсэн хаяг руу өөрийн “N... A...” гэсэн фэйсбүүк хаягнаас чатаар лайк явуулахад урдаас “Сайн уу” гэхээр нь “Би уулзъя хаана байна гэхэд над руу “Чи надад таалагдах юм бол  уулзаж байгаад болно шүү” гэхэд  би “дажгүй залуу” гэсэн. Тэгсэн чинь уулзаж байгаад болно доо дажгүй залууг чинь мэдэхгүй шүү дээ, чи зургаа явуул гэхэд би өөрийнхөө зургийг дараад явуулахад тэр хүн чиний царай гол нь биш бэлэг эрхтний чинь зургийг харъя тэр чинь надад таалагдвал би чамтай уулзаж болно гэхээр нь би орой зургаа явуулъя гээд шөнийн 12 цаг өнгөрөөд би дахин чаталж байгаад бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан. Удалгүй над руу видео калл хийж залгахад ямар нэгэн хүн харагдахгүй царайгаа харуулахгүй над руу чи царайгаа харуул гэж чат бичээд, би царайгаа харуулахад миний утасны микрофон ажиллахгүй ярьж болохгүй байна, би Зайсанд найзуудтайгаа байна гэсэн. Тэгээд удалгүй шөнийн 01:00 цагийн үед над руу миний явуулсан зураг болон миний хаягийг скрийншот хийж явуулаад нэг эрэгтэй хүн “над руу яг одоо 400.000 төгрөг шилжүүл, би чиний зургийг олон нийтийн сүлжээнд цацна, хэрвээ мөнгө явуулах юм бол тайван орхиё” гэсэн дуу бичлэг хийж явуулахад би нээрээ миний зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавих байх гэж айгаад тэр хүний явуулсан Хаан банкны 5062........ дугаартай М.Ч гэсэн нэртэй данс руу ээжийнхээ Хаан банкны картнаас 120.000 төгрөгийг гадаа АТМ гарч шилжүүлсэн. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал энэ мөнгө чинь бага байна гээд над руу ахиад 150.000 төгрөг шилжүүл гэсэн утгатай дуу бичлэг ирсэн. Надад одоо 50.000 төгрөг байна энэ мөнгөө шилжүүлье харин миний зураг бичлэгийг устгаарай гэхэд устгана гэж хэлэхээр нь би дахиж гадаа АТМ гараад Хаан банкны дээрх данс руу 50.000 төгрөг шилжүүлээд орж ирээд би мөнгө орсон уу гээд чат бичихэд орсон байна гэж хэлээд намайг шууд блок хийсэн. Би тэгээд тэр шөнөдөө энэ асуудал дуусаад миний зураг бичлэгийг устгасан байх гэж бодоод унтаж амарсан. Гэтэл  маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед нөгөө хаягнаас дахин над руу мөнгө нэхэж чат бичихээр нь би цагдаагийн байгууллагад хандсан ...Тэр үл таних эрэгтэй хүн олон нийтийн сүлжээнд миний зураг бичлэгийг тавьчих вий гэж санаа зовж байна. Мөн тэр хүн рүү шилжүүлсэн 170.000 төгрөгөө олж авмаар байна. Тэр хүнийг олж зураг бичлэгээ устгуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15 дахь тал)

Н.А, М.Ч нарын харилцан чаталсан фэйсбүүкийн чат (хавтаст хэргийн 16-27 дахь тал)

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн М.Ч-н эзэмшлийн Айфоне-6 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-44 дэх  тал)

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дэх тал)

2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 65 дахь тал)

“....” ХХК-ийн “...М.Ч нь 2021 оны 7 сараас эхлэн борлуулалтын менежерээр ажиллаж байгаа нь үнэн. Сарын үндсэн цалин 850.000 төгрөг болно...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал)

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас  шинээр гаргаж өгсөн 14 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Ч нь 2022.03.27-ны өдөр хохирогч Н.А-тай өөрийн фэйсбүүк цахим сүлжээгээр “Ariuka Ariun” гэх эмэгтэй хуурамч нэрээр танилцаж улмаар түүнтэй видео калл хийж бэлэг эрхтнээ гаргасан нүцгэн зургийг нь өөртөө олж аван тухайн зургийг нь олон нийтийн сүлжээнд цацна, эсхүл 400 000 төгрөг өг гэж шаардан 170.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч М.Ч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Ч-н хувьд нийтийн ёс суртахууны эсрэг чиглэсэн ёс бус үйлдэл хийж, амар хялбар, явуургүй муу аргаар мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн шууд санаатай, шунахай гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч М.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хавтаст хэргийн 65 дугаар талд “170.000 төгрөгийг хохирогч Н.А-ын эгч Н.М-д хүлээлгэн өгсөн” талаар мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд хохирогч Н.А нь цаашид шүүгдэгч М.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Ч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох санал гаргасан бөгөөд шүүгдэгч М.Ч, болон түүний өмгөөлөгч нараас торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан болно.

Шүүгдэгч М.Ч нь тодорхой ажил эрхэлдэг, тогтмол цалин орлоготой бөгөөд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан М.Ч-д торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Ч-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д оногдуулсан 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ч-н цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож, торгох ялаас 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялыг 11.895.000 /арван нэгэн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Хохирогч Н.А нь шүүгдэгч М.Ч-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч М.Ч-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР