Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0252/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.М-д холбогдох эрүүгийн 2218002530... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.М, 197... оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ... аймаг, ... суманд төрсөн, 4... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг BSB худалдааны төвийн хажуу талын автомашины зогсоолоос Б.О-ын гээгдүүлсэн эд хөрөнгө болох Samsung S10 plus маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.М-ийн өгсөн: BSB ийн урд талаас гар утас олоод машиныхаа урд талын хайрцганд хийгээд мартчихсан байсан. Тэгээд тэр утсыг охиндоо өгч ашиглуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад:

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б.О нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах BSB худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр нөхрийн хамтаар машинтай ирээд машинаас буухдаа гар утсаа унагаасан гэх газрыг өөрөө заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6/

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн: 354652106089972, 354653106089970 имей дугаартай, хар өнгийн кейстэй, дэлгэц нь хагарч ажиллахгүй байх Самсунг Эс-10 плас маркийн гар утсыг Г.М-өөс хураан авав... гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн: ... 354652106089972, 354653106089970 имей дугаартай, хар өнгийн кейстэй, дэлгэц нь хагарч ажиллахгүй байх Самсунг Эс-10 плас маркийн гар утас нэг ширхэгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч Б.Од хүлээлгэн өгөв... гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10/,

Хохирогч Б.О-ын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас 12 цагийн хооронд Дархан  сумын 11 дүгээр багт байрлах BSB электрон барааны дэлгүүрийн ойролцоо машинаас буухдаа өөрийн ашиглаж байсан Самсунг Эс 10 плас маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тэгээд миний гар утас дуудаж байгаад холбогдохоо больсон гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: Би тухайн өдөр нөхрийн хамтаар BSB дэлгүүр орсон. Манай нөхөр BSB дэлгүүрийн гаднаас гар утас олсон байсан. Тухайн үед гар утас олсон талаараа надад хэлээгүй. Тухайн гар утсыг манай нөхөр олоод хүү М-ын 8837... дугаарыг хийж бариулж байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 22/

К ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Самсунг эс-10 плас маркийн 128 GB багтаамжтай 2 сим картны оролттой гар утас хэрэглэж байсан   гар утас 750,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Г.М-ийн яллагдагчаар өгсөн: ...BSB худалдааны төвөөс хөргөгч авах гээд Дарханд ирсэн. Тэгээд BSB худалдааны төвийн урд машинаа байрлуулаад манай эхнэр Ц.Б буугаад BSB худалдааны төв рүү орсон. Би машинаа түгжчихээд хартал миний машины хойд дугуйны хажуу талд цэнхэр гар утасны кейс байхаар нь аваад хартал тухайн кейсэн дотор гар утас байсан. Тэгэхээр нь би гар утсыг аваад гар утас олчихлоо гэж бодчихоод машиныхаа урд талын хар хайрцаг руу хийчихсэн байсныг манай хүү М.М аваад өөрийнхөө 8837... гэсэн дугаарыг хийгээд ашиглаж байгаад тухайн гар утсыг ажил дээрээ байж байхдаа унагаагаад хагалчихсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг BSB худалдааны төвийн хажуу талын автомашины зогсоолоос гээгдэл эд хөрөнгө болох Б.О-ын эзэмшлийн Samsung S10 plus маркийн гар утсыг олж аван хүү М.М-д өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-д 750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь “хохирлоо барагдуулж мобикомоос шинэ утас авч өгч гомдолгүй болгосон, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 65/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Г.М нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М-ийн хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР