Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0251

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч.Ш-т холбогдох эрүүгийн 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч.Ш 199... оны 10 дугаар сарын 04-ний өдөр ...-д төрсөн, 3... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүухдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Ч.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шийн өгсөн: “...500,000 төгрөгөөр торгуулж, 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөг төлөхөөр тохирсон, гэм буруугаа зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч Б.Г-ын өгсөн: “...гэрт уурлаад байсан эмэгтэйгийн нөхөр гэх залуу гарч ирээд уурлаад байсан яг юу гэж хэлж яриад уурлаад байсан талаар мэдэхгүй байна. Би ямар ч байсан харанхуй шөнө танай гэрт орлоо уучлаарай гээд гар барих гэтэл миний урдаас 2 удаа мөргөөд хамар хугалчихсан юм. Өөрөөр зодож цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6/,

Гэрч С.Т-ийн өгсөн:  “...манай нөхөр надад хандаж “би хүн мөргөөд хамар хугалчихлаа” гэсэн. М-ийн хэвлий дээр суугаад М-ийг цохиж байсан залуугийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

Гэрч Э.М-ын өгсөн: “...Ш-ийн найз Г миний хэвлий дээр суучхаад намайг цохиод байсан. Харин энэ үед Ш миний баруун гарыг бариад нөгөө хамт байсан хүн нь зуун гар барьчихсан байсан. Ингэхэд Ш гэрээсээ гарч ирээд Г-ыг боль гэж хэлээд болиулахад Г, Ш-ийг цохих гээд оноогүй учраас Ш Г-ыг мөргөчихсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 582 дугаартай “Б.Г-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Г-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн ... тоотод иргэн Б.Г-той маргалдаж улмаар хамар луу эь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ч.Ш-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Г-ын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дахь тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ч.Ш нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ш-ийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж нь зүйтэй байна.  

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ш-т оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР