Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 03518

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр                  Дугаар 102/ШШ2018/03518                              Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

        Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй

       

        Хариуцагч холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

       

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          

         Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Жтай 1990 онд гэр бүл болж, 1991 онд хүү Ж.Түвшинжаргал, 1993 онд хүү Ж.Мөнх-Очир, 2003 онд охин Ж.Мандалдулам нар төрсөн.

          С.Жы бие махбодийн болон сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэл дарамтаас болж 3 удаа гэрлэлт цуцлуулах өргөдлийг шүүхэд гаргаж, түүний эвлэрэх саналыг хүлээн авсан ч цаашид тэвчих аргагүй болж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд ахин хандаж гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд эд хөрөнгийн хувьд С.Жыг өөрөө мэдээд хүүхдүүдэд өгөх байх гэж бодоод маргаангүй гэсэн тайлбарыг өгсөн.

Гэтэл хариуцагч энэ хугацаанд 3 хүүхэдтэйгээ хаана амьдарч байгааг асууж мэдэхийг хүсээгүй учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүн бүрт ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймээс Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 27 тоот 2 өрөө байр

     -Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Бумбат”-ын аман дахь 700 метр квадрат талбай бүхий зуслангийн газар

     -Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөн дэх хашаа байшин, дэлгүүрийн зориулалттай барилга

     -“Land kruzer-105” маркийн 97-98 УБЯ улсын дугаартай автомашин

     -“prius-20” маркийн 86-79 УНД улсын дугаартай автомашин 

     -“Хаан” банкны хадгаламжийн дансан дахь мөнгө болон эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн ногдох хэсэг гаргуулах хөрөнгийн 2 хөрөнгөөс татгалзаж байна. Эдгээр эд хөрөнгө миний болон хүүхдүүдийн нэр дээр байхгүй, зарим нь С.Жы нэр дээр, зарим нь өөр хүний нэр дээр байдаг. Хоёр хүү маань ногдох хэсгээсээ ааваасаа айгаад татгалзсан, гэжээ.

 

Хариуцагч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид 2014 онд гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаан байхгүй гээд салсан. Одоо юугаа нэхээд байгаа юм. Надад хадгаламжийн энэ их мөнгө, хөрөнгө байдаг бол ав. Дээхнэ үед наймаа арилжаа, ченж хийж байхад хэдэн төгрөг байсан үнэн. Тэр мөнгө гэр бүл, үр хүүхдэд зарцуулагдаад, сүүлдээ шатаад дууссан. Үүнийг Д.О сайн мэдэж байгаа. Би архи ууж, гадуур тэнэж, тамхи татдаг хүн биш. Таван цаас олох гэж зүтгэж явсан. Өнөөдөр 56 нас хүрч байна. Надад гэр бүл, мөнгө төгрөг юу ч алга. Ганцаардаж амьдарна гэдэг хэцүү. Гэрлэлтээ салгасан гээд хүүхдүүдээ хаяагүй. Сургууль төгсгөж, ажилд оруулж, боломжоороо дэмжиж явдаг. Эцэг хүн хүүхдүүдээ хаяахгүй. Ганц охиндоо чадвал байр авч өгнө. Ногдох хэсэг гаргуулна гээд байгаа хөрөнгө миний хөрөнгө биш, бүгд эзэнтэй, бидэнд хамааралгүй, үүнээс “prius-20” маркийн машин минийх. Яриад байгаа дансан дахь мөнгө бол хятадын мөнгө байсан. Тухайн үед хятадууд надаар хөнгөн цагаан, зэс авахуулахдаа данс руу мөнгө шилжүүлнэ гээд гарт өгдөггүй байсан. Тэр мөнгөөр хаягдал төмөр авч, жаахан ашиг унагаадаг байсан. Д.О, хүүхдүүд бүгд энэ ажлыг хийсэн.Түүнээс хадгаламжинд байдаг мөнгө биш. Ороод, гараад байсан мөнгө. Өнөөдөр нэг ч төгрөг эдгээр дансанд байхгүй. Гарсан, орсон гүйлгээнээс харагдана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч С.Жд холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        

           Хариуцагч эд хөрөнгийн маргаангүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         

           1. Нэхэмжлэгч Д.О, хариуцагч С.Ж нарын гэрлэлтийг  цуцалсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

       

           2.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

             

           Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтад дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч дээрх асуудлаар шүүхэд дахин хандах эрхтэй.

     

          Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө”, 126.1 дэх хэсэгт “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж зааснаар нэхэмжлэгчийн ногдох хэсгийг гаргуулах доорх хөдлөх, үл хөдлөх хөрөнгө

             

               1.“prius-20” маркийн 86-78 УНД улсын дугаартай суудлын автомашины өмчлөгч С.Ж

               2.97-98 УБЯ улсын дугаартай “toyota land kruzer” маркийн автомашины өмчлөгч С.Отгонжаргал

               3.Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбат”-ын аманд байрлах 700 метр квадрат талбай бүхий газрын эзэмших эрх С.Ж

               4.Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, Ү-2205014758 Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 дүгээр байрны 27 тоот орон сууцны өмчлөгч Х.Анхбаяр

               5.Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамжны 51-Б тоотод байрлалтай 129.29 метр квадрат талбайтай хувийн орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.Ганзориг болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/1606 дугаартай Албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дугаартай “Захирамжийн хариу” албан бичиг, Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож, эдгээр эд хөрөнгөөс prius-20” маркийн 86-78 УНД улсын дугаартай суудлын автомашин С.Жы гэр бүлийн гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж дүгнэлээ.

          

         Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед дээрх үл хөдлөх хөрөнгүүд бидний гэр бүлийн дундаа өмчлөх хөрөнгө, харуцагч ах, дүү нартаа шилжүүлж өгсөн гэж маргасан боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 41 дүгээр байрны 27 тоот орон сууц талуудын өмчлөлд байсныг Х.Анхбаярт “Бэлэглэлийн гэрээ”-гээр өгснөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч бусад үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэр бүлийн дундаа өмчлөх хөрөнгө мөн эсэх үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй, дээрх хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх тайлбараар гэр бүлийн дундын өмч гэж үзэх боломжгүй байна.

 

        Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,

        Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна”, 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар шүүх хэрэг шийдвэрлэхдээ бусдын эрх, ашгийг хөндөж, өмчлөх эрхэд нь өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн халдаж болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

        3.Нэхэмжлэгч Д.О, охин Ж.Мандалдулам нарын, хариуцагч С.Жы вальютын дансан дахь 226.908.709 төгрөг 14 мөнгөнөөс  ногдох хэсэг 151.272.472 төгрөг 76 мөнгө гаргуулах шаардлагын тухайд:

       

        Нэхэмжлэгч Д.О, Ж.Мандалдулам нар хариуцагчийн дансанд байсан мөнгөнөөс өөрт ногдох хэсгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

       

        Хариуцагч С.Ж дээрх дансны эзэмшигч болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, шүүх хуралдаан дээр зохигчид “Энэ мөнгө хятадын мөнгө. Гэр бүлээрээ зэс, хөнгөн цагаан авч ажилладаг байсан. Д.О энэ ажлыг хамт хийсэн. Дээрх мөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөр, амьдрал ахуйд зарцуулагдаад дууссан. Нэхэмжлэгч гэртээ нойлын цаас ч авч үзээгүй. Би гэрийн хүнс бүх зүйлээ хаана хямд байна, тэр газраас авч цуглуулдаг байсан. Энэ бүхэнд хэдэн төгрөг орсон, яаж амьдралдаа хүргэдгийг Д.О мэдэхгүй. Тухайн үед зарцуулагдсан ”, нэхэмжлэгч “Бид зэс авч, цуглуулж, ажиллаж байсан үнэн” гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч хятадын хүний мөнгө гэх тайлбарыг няцаагаагүй бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө”-ийг гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж үзэх үндэслэлгүй байна.

        

        Улмаар нэхэмжлэгч мөнгийг өөрт болон гэр бүлийн гишүүдэд зарцуулаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нотлох баримтаар нотлож чадаагүй болно.

 

         Иймээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч” нэхэмжлэлийн 5 эд хөрөнгө болон мөнгөн шаардлага нийлээд 339.927.805 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг тодруулж гаргасан ба Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно”, 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт “энэ хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэснээр prius-20” маркийн 86-78 УНД улсын дугаартай суудлын автомашин зохигчдын дундын эд хөрөнгө болох нь баримтаар нотлогдож, хариуцагч энэ талаар үгүйсгэсэн хариу тайлбарыг гаргаагүй, хөрөнгийг зарж борлуулаагүй, хариуцагч С.Жы өмчлөлд байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож, хүү Ж.Түвшинжаргал, Ж.Мөнх-Очир нар “өмч хөрөнгийн маргаанаас өөрт ногдох хувь хэсгээс авахгүй болно” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, дээрх хөдлөх хөрөнгө “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 28/18 дугаартай Хөрөнгийн үнэлгээгээр 9.101.000 төгрөгөөр үнэлэгдэж, талууд үнэлгээн дээр маргаагүй учраас 9.101.000:5= 1.820.200 төгрөг /нэг хүнд ногдох хэсэг/, 1.820.200х2=3.640.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Д.О, Ж.Мандалдулам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 336.287.405 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        Ж.Мандалдулам 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрж, 15 нас хүрч байгаа буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж зааснаар эх Д.Оын асрамжид байх тул нэхэмжлэгч асран хамгаалагчийн хувьд ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.   

 

        Мөн нэхэмжлэгч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-О дугаар гудамжны 11 тоотын Д.Адъшаагийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинорхайрхан дүүргийн Жанцангийн буудал дахь дэлгүүрийн зориулалттай хашаа байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд дахин нэхэмжлэгч шаардлагаа гаргаагүй тул шийдэх боломжгүй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.114.312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11704 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1.457.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 3.640.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгохоор шийдвэрлэв.

        

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ж ............. төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Ж.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн ................... төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.        

          2. Нэхэмжлэгч Д.О .......................... өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, Сонгинорхайрхан дүүргийн Жанцангийн буудал дахь дэлгүүрийн зориулалттай хашаа байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.114.312 төгрөгийг улсын орлогод үлдээж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11704 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1.457.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 73.196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгосугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.         

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА