Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0245/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт  Э-н З-д холбогдох эрүүгийн 2218000000269 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Э-н З /РД:....../, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, ..... мэргэжилтэй, ..... ХХК-нд ...... ажилтай, ам бүл ...., ..... хамт ..... аймаг, ..... сум, .... дугаар баг .... дугаар хороолол .... дугаар байр ..... тоотод оршин суух хаягтай, урьд

-..... аймгийн сум дундын шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

- ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

- ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Э.З-г ..... оны ..... дугаар сарын .....-нд иргэн Г.О-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж биед нь нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З-н өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. Хохиролд 2,000,000 төгрөг төлж барагдуулсан. Улсын яллагчтэй 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 120,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч Г.О-ын өгсөн: ...би баруун гараараа Э.З-н цамцны захнаас барьж байгаад хоолойг нь бооход Э.З нь зүүн гараараа миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон юм. Тухайн үед миний үүдэн шүд хугарсан. Гомдол санал байхгүй. Э.З хохиролд 2,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Гэрч Г.Э-н өгсөн: Дархан сумын ..... дугаар баг ..... замын уулзвараар ..... ДАР улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр төв замаар чигээрээ явсан. Тухайн үед Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл туслах замаас төв зам руу орох гээд байсан. Манай нөхөр Г.О гэрлэн дохио тэмдэглэгээгээ хараач гэж хэлээд цаашаа явтал араас нөгөө 30 приус маркийн тээврийн хэрэгсэл шахаад гүйцэж түрүүлээд хоорондоо цонхоор хэрэлдээд байсан. Дархан захын хашаа руу ороод машинаа зогсоолд байрлуулаад нөхөр Г.О бид 2 машинаасаа бууж Г.О нь надаас түрүүлж алхаад Э.З руу очиж хоорондоо маргалдаж байтал Э.З манай нөхөр Г.О-ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Ингэж цохиулсны улмаас манай нөхрийн дээд талын үүдэн шүд унасан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Э.З-н өгсөн: ...Манай ах зан харилцааны хувьд нүүрэмгий зантай, ажилсаг, хөдөлмөрч, тусархуу. Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай “Э.З-н биед хоолой хүзүүнд дарагдлын ором тогтоолдлоо. Дээрх ором нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн .... дугаартай “Г.О-н биед нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад цус хуралт тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,

Шүүгдэгч Э.З-н яллагдагчаар өгсөн: Дархан сум .... дугаар баг  замын уулзвар дээр баруун гар талруугаа эргэсэн. Приус 20 маркийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв замаас орж ирээд мөргөлдөх шахаад урдаа оруулаад сигналдаад зогссон. Тээврийн хэрэгслээс Г.О бууж ирээд буцаад машиндаа суугаад явсан. Дархан захын арын 5 замын уулзвар дээр зэрэгцэж зогсоод би Дархан захын ард очоод учраа ольё гэж хэлсэн. Уг нь бол би хэл амараараа учир зүйгээ ольё гэж хэлсэн. Г.О буруу ойлгосон юм шиг байна лээ. Дархан зах руу ороод тээврийн хэрэгслээ зогсоолд тавиад буугаад Г.О руу очиход Г.О юм хэлэх завдалгүй боосон. Тэгээд ухаан балартаж өөрөөсөө холдуулах гэж зүүн гараараа Г.О-н нүүр хэсэг рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З нь 20.... оны .... дугаар сарын .....-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр Дархан захын хаалган дээр иргэн Г.О-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж биед нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Э.З-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.О-ын “...хохиролд 2,000,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 55-64/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Э.З нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.З-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 120,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Золзаяад оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР