| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0247/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/264 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0247/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.Х-д холбогдох эрүүгийн 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Х, 199... оны 2 дугаар сарын 24-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 2... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ...-д тээврийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-ы өгсөн: “...450,000 төгрөгөөр торгуулж, 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөг төлөхөөр тохирсон...” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохиригч Б.Ч-ийн согтуурал шалгахад 0.28 % гарсан болно гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 09-10 хуудас/,
Хохирогч Б.Ч-ийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед миний бие өөрийн эхнэрийн хамт Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 4-90а тоот гэр лүүгээ явж байх замд 4 дүгээр гудамжинд хажуу талын хөрш айлынхантай тааралдсан. Тухайн үед би хуучин ажлын газрынхантайгаа цуг архи уучихсан согтуу явж байсан. Манай хөрш айлын Б нь надаас 5 ширхэг обуд дугуй аваад мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд өгөөгүй жил дамнасан, надад 40,000-50,000 төгрөг өгөх дутуу байсан юм. Тэрнээс болж Б-тай маргалдсанаа санаж байсан. Тэгсэн чинь араас нь нэг хүү нь гээд 1 залуу ирээд миний нүүр лүү цохиж байсан санагдаж байна. Би согтуу байсан болохоор одоо болсон үйл явдлаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би тэдний хашаанаас чирүүлчихсэн гарч байсан. Тэгээд хэсэг ухаан ороод шар хөдлөөд буцаад тэдний хашаа руу орсон. Нэг мэдсэн чинь дээшээ хараад хэвтэж байсан. Нүцгэн байсан учраас унахдаа гараа шалбалсан байсан. Яг хэдэн удаа цохиулсан гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нүүр болон толгой руу 2-3 удаа цохисон. Толгой доргисон, нүүр хавдсан байна лээ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14, 17 хуудас/,
Гэрч Б.-ийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн орчим нөхөр бид хоёр гэр лүүгээ Дархан сумын ... тоот руу явж байсан бөгөөд гэр лүүгээ орохын өмнө хажуу айлын хүмүүс машинтайгаа гарч ирсэн. Тухайн хүмүүс манай нөхрөөс 1 жил гарны өмнө машины обуд аваад мөнгийг одоо хүртэл өгөөгүй байсан болохоор манай нөхөр машиныг нь зогсоогоод та нар хүнээс авсан зүйлийнхээ мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа гээд машин барьж явсан нөхрийг нь заамдаад авсан. Тэгсэн чинь хувцас нь урагдсан чинь эхнэр болон хажууд нь явж байсан хүн машинаасаа бууж ирсэн. Бид хоёрын урд явж байсан хүүхэд нь гэх залуу гүйж ирээд манай нөхрийг цохисон. Би “та нар болиоч ээ би наад хүнийг чинь авч явах гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр цохиулсандаа болоод хэсэг босож чадахгүйгээр хэвтчихсэн чинь нөгөө хүмүүс наадах чинь ухаан орохгүй хэсэг хэвтэж байгаад босно гэж хэлсэн. Манай нөхөр хэсэг хэвтэж байгаад босож ирээд “эд нар намайг зодчихлоо, би эд нарт зодуулна гэж юу байхав учраа олно, намайг цус нөжтэй нь хольчихлоо, би эд нартай учраа ололцоно” гээд гэрийнх нь буюу хашааны хаалгыг нь нүдсэн. Тэгсэн чинь тэд нар бөөндөө гарч ирээд манай нөхөр лүү дайраад, хүү нь гээд байгаа залуу нүүр лүү нь цохисон. Гол хэрүүл маргаан болох шалтгаан нь манай нөхрөөс обуд авчхаад мөнгийг нь өгөхгүй байсан бөгөөд манай нөхөр согтуудаа бухимдаад уураа гаргасан чинь хүү нь гээд байгаа залууд зодуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 хуудас/,
Гэрч В.Э-ын өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би А, Б хоёр дээр бариа засал хийлгэх гэж ирсэн юм. Тухайн өдөр Б, А бид 3 машинтай баталион руу Б-ийн зуслангийн байшин руу явж байсан. Гудамжны наана замын голд нэг эмэгтэй, дээгүүрээ нүцгэн доогуураа шорттой согтуу залуу явж байсан. Тэгээд хурдаа удаашруулаад хажуугаар нь тойроод гарах маягтай явж байсан чинь нөгөө залуу машины жолооч тал руу хөшиглөхөөр нь Б машинаасаа буух гэтэл нөгөө согтуу залуу пизда минь гэж хэлээд заамдаж авсан. Тэр залуу биеэ авч явах чадваргүй, нэлээн хэмжээний согтолттой байсан. Машины ард талд нь А суучихсан болиоч ээ гэж байсан. Б-ийн хүү тэр хооронд хашаанаасаа гарч ирээд яаж байна гээд нөгөө согтуу залууг ааваасаа салгаад байж байсан чинь нөгөө согтуу залуу Х руу дайраад чи муу хэн бэ гээд мөр хавьцаа нь гараараа цохисон. Дараа нь Х нөгөө согтуу залуугийн нүүр лүү толгой хавьцаа гараараа цохисон чинь нөгөө залуу унасан. Босож ирээд дайраад байхаар нь бид нар гэр лүүгээ явж байсан чинь араас нөгөө залуу хашаа руу ороод ирсэн. Тэгсэн чинь Х тэр хоёр дахиад барьцалдаж аваад удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч О.Б-ийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 23-ны 20 цаг 35-40 минутын үед Дархан-Уул аймаг, ... тоот хашаа руугаа эхнэр А, ах Э бид 3 ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд булан тойроод явж байсан чинь гудамжаар эрүүл болон согтуу эмэгтэй эрэгтэй хоёр хүн явж байсан. Тэгэхээр нь би хаазаа хасаад хажуугаар нь зөөлөн явсан чинь гэнэт машин руу эрэгтэй залуу нь өшиглөсөн. Тэгээд би юу болж байна гээд цонхоо буулгангуут тэр залуу шууд намайг заамдаж авахаар нь би машинаа зогсоогоод буутал шууд намайг машин руу шахаж тохойлдсон. Тэгээд нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Эхнэр хашгираад бууж ирсэн. Ард нь сууж байсан танил ах Э гарч ирээд “юу болж байна болиоч ээ” гэж хэлсэн. Тэр үед тэр залуу буюу хажуу айлын залуу та нарыг бүгдийг чинь ална 4 ширхэг обудны 20.000 төгрөг өгсөнгүй гэж хашгирсан. Миний бие 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр цөс дотроо хагараад хагалгаанд орсон. Хүү маань хүрч ирээд тэр залууг түлхсэн. Тэр залуу миний зуны цамц майк хоёрыг урсан. Тэр залуу манай хүү хоёр дээр доороо ороод бид нар бүгдээрээ тэр хоёрыг салгасан. Би маш хурдан машинтайгаа холдсон. Тэгээд бид нар хаалгаа хаагаад гэр лүүгээ орсон. Тэр залуу хаалгыг маань өшиглөөд, жижиг явган хаалгаар орж ирээд хоёр гараа зангидчихаад агсам тавьсан. Манай хүүхэд одоо хашаанаас гар, битгий амгалан тайван байдал алдагдуулаад бай гэж хэлсэн. Ер нь бол маш хурдан хугацаанд тэр залуу манай хүү хоёр хоорондоо гар зөрүүлсэн. Бид нар тэр залууг бөөндөө нийлж хашаанаас гаргасан. Тэгээд манай эхнэр хашааны хаалга онгойлгоод цагдаагийн өөдөөс гарсан чинь нөгөө залуу манай эхнэр лүү орилж чарлахаар нь манай хүү очсон чинь манай хүүтэй дээр доороо ороод бие биеийгээ цохилцоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25- 26 хуудас/,
Гэрч А.А-ийн өгсөн: “...Өнөөдөр 21 цагийн үед би нөхөртэйгөө болон Э гэх хотоос ирсэн зочинтойгоо хамт Дархан сумын ... тоот зуслангийнхаа хашаа байшин луу явж байсан чинь манай хашааны нэлээн наана согтуу эрэгтэй эхнэртэйгээ зууралдаад явж байсан. Тухайн үед манай нөхөр машиныхаа цонхыг хагас онгойлгочихсон байсан чинь толгойгоо машин руу оруулаад манай нөхрийг заамдаж авсан. Манай нөхөр машинаасаа буугаад зууралдаад байж байсан чинь манай хүү холоос харчихаад гүйж ирээд “наадах чинь хагалгаатай хүн, харвасан хүмүүс байна шүү дээ гэж хэлээд яагаад байгаа юм бэ” гээд тэр хоёр зууралдаад хүү маань тэр залуугийн нүүр лүү нь хоёр гурван удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тэр залуу цохиулаад уначихсан. Авгай нь дээр нь дараад та нар явчих, би аргалчихая гэж хэлэхээр нь гэр лүүгээ явсан чинь согтуу залуу бид нарын араас ирээд чулуу шидсэн. Чулуу шидсэн ч бид нарыг оноогүй. Тэгээд манай хүү рүү дайрахаар нь манай хүү дахиж цохисон. Тэгээд бид нар хашаанаас хөөж гаргасан чинь манай хашааны хаалгыг хөшиглөөд орилж чарлаад агсам тавиад манай хүүхдийг барьж авахаар нь манай хүү нүүр лүү нь цохиж унагаасан. Манай хүү Хасчулуунтай нэлээн их зууралдсан бөгөөд манай нөхрийн подволкыг урсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 646 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн "... Б.Ч-ийн биед нүүр, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын шуу, хэвлийн өмнө, нурууны баруун талд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Ч-ийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Ч-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 хуудас/,
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хуудас / хавтаст хэргийн 50-51 хуудас/,
Яллагдагч Г.Х-ы өгсөн: “...миний хувьд гэр бүлээ хамгаалсан. Би ээж аав дээрээ ирээд амарч байсан. Обудны асуудалтай байсан гэдгийг нь мэдээгүй. Аав маань цөсний хагалгаатай, сорвитой байсан. Ээж маань хоёр удаа харвасан хүн байсан. Аргагүй эрхэнд тэр том биерхүү хүнийг цохисон юм аа. Тийм учраас миний хэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймаг, ... багийн нутаг дэвсгэрт Б.Ч нь О.Б нар нь обудны үнэ нэхсэнээс болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэж маргалдах үед шүүгдэгч Г.Х нь аав О.Б-ийг өмөөрөн Б.Ч-ийг цохиж эрүүл мэндэд нь нүүр, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн шанаа, баруун гарын шуу, хэвлийн өмнө, нурууны баруун талд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Х-ы үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Ч-ийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Г.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дахь тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Г.Х нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Х-ны хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х-д оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван / сарын хугацаанд сар бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР