| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0229/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/249 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0229/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч А.М, Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-ийн Г холбогдох 2218001890228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овогт Б-ийн Г РД:/.......... /, ...... оны .... дүгээр сарын ...... -ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , нөхөр, хүүхдүүдийн хамт ...... аймгийн ........ сумын ... дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед ..... аймгийн .. сумын ….. дугаар баг “....... ”-ын зүүн талын хатуу хучилттай засмал зам дээр жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан буюу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota Prius-11” маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Баасансүрэнг мөргөж амь насыг нь хохироосон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ. “...Миний ах бол бидний аавыг маань орлодог, ганц түшиг тулгууртай эр хүн байсан. Осолд өртсөнөөс хойш бид нар нэг ч удаа цай уулгаж, эм тариа ч өгөөгүй, халуун гарыг нь атгаж чадаагүй царайг нь харахаас өөр юу ч хийж чадалгүйгээр энэ хорвоогоос явуулсан. Ээж маань өмөг түшиг болсон том хүүгээ гэнэтийн ослоор алдаад үнэхээр их шаналж байгааг энэ хүмүүс ойлгохгүй. Бид сэтгэл санааны маш их хохиролтой байна. Бид нар эхнээсээ зардлыг цуглуулаагүй байсан. Өмгөөлөгчтэй болсноос хойш буяны ажлын зардлыг дансандаа байршуулсан бөгөөд зардлыг тооцон нэгтгэхэд 13.896.400 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ...” гэв.
Эрүүгийн 2218001890228 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13 дахь тал/, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх-ийн 14-15 дахь тал/, хохирогч Д.Э ийн мэдүүлэг /хх-ийн 27, 30 дугаар тал/, гэрч С.А-ийн мэдүүлэг /хх-ийн 35-36 дахь тал/, гэрч Д.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 41 дэх тал/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Н.Сугарын мэдүүлэг /хх-ийн 48 дахь тал/, иргэний нэхэмжлэгч С.Н-ын “...мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/, шинжээч С.Саруулболдын мэдүүлэг /хх-ийн 52-53 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дахь тал/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-94 дэх тал/, Б.Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 126 дахь тал/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Г гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед …..... аймгийн ....... сумын ...... дугаар баг “.......... ”-ын зүүн талын хатуу хучилттай засмал зам дээр жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан буюу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota Prius-11” маркийн ............. ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Хохирогч Д.Э ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цаг 50 минутын орчимд ээж над руу залгаад “Ах чинь зам тээврийн осолд орсон байна. Цагдаагийн газраас надад хэллээ” гэж хэлсэн... Эмнэлэг дээр очиж уулзсан чинь “Өнөөдөр шөнийг бараг л давахгүй байх. Бие нь бол бараг л найдваргүй, зүрхний аппаратаар л тогтоож байна гэж хэлсэн. Манай талийгаач 2022 оны 03 дугаар сарын 26-ны өглөө нас барсан. Манай гэр бүлийн зүгээс миний Хаан банкны .......... дугаарын данс руу буяны ажилд зориулан ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон, найз нөхдийн зүгээс өгсөн мөнгөнүүдээ төвлөрүүлсэн. Тэгээд гарч буй бүх зардлаа энэ дансанд төвлөрүүлсэн мөнгөнөөсөө шилжүүлж гүйлгээ хийж байсан... Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гарсан зардлын баримтыг цуглуулаад цаасанд нааж танд өгсөн. Энэ баримт нь 8,000,000 төгрөгийн баримтууд байна. Дансны хуулган дээр 13,890,000 төгрөгийн орлого орж ирснийг яг буяны ажилд нь зориулаад зарцуулаад дууссан... Би дансанд цугларсан байсан мөнгө болох 13,896,400 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 30 дахь тал/,
Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах ..... дугаар сургууль дээр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суучхаад тараад хадам эгч болох А болон өөрийн төрсөн хүү болох 16 настай Сугар нарын хамтаар Дархан сумын ..... дугаар баг .......... байрлах гэр рүүгээ нөхрийнхөө .......... ДАР улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 21 цаг 09 минутын орчимд харих гээд явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машинууд зөрж өнгөрсөн ба би машиныхаа хурдыг хасаад 40 км/цаг орчим хурдтай явж байтал тэр хурц гэрэлтэй машин яг зөрөх агшинд миний баруун гар талаас буюу жолооч талаас явган хүн гэнэт гараад ирсэн. Тэр үед би сандраад машиныхаа тоормозыг гишгээд зогссон ба тэр явган хүн миний машины баруун талын толь орчмоор мөргүүлээд газарт унасан. Би тэр үед машинаасаа бууж ирээд хартал тэр хүн ухаантай байсан ба архи үнэртэж байх шиг байсан... Би шууд 103-т дуудлага өгчхөөд дараа нь цагдаа руу утасдаж дуудлага өгсөн... Би тормозоо л гишгэсэн, зүүн тал руугаа дараад тэр хүнийг шүргэхгүй зөрж өнгөрөх боломж байгаагүй. Учир нь миний зүүн талын эгнээнд эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан сумын 4 дүгээр багт байрлах ....... дугаар сургууль дээр манай бэр болох Г хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суучхаад тараад би болон Г , Г гийн хүү болох С бид гурав Н-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг Г жолоодоод 21 цагийн орчимд явж байсан ба би арын сандал дээр голлоод суучихсан явж байгаад өнгөрч байгаа машинууд гэрлээ шилжүүлэхгүй хэцүү юмаа гэж хэлээд явж байтал гэнэт жолооч тал буюу баруун талаас хүн дайвалзаад ороод ирсэн ба Г тэр үед тормозоо гишгээд зогссон ба тэр үед Г би хүн мөргөчхөв үү гээд хэлсэн ба Сугар машинаас буугаад ээжээ хүн уначихсан байна гээд хэлсэн ба би араас нь буугаад хартал нэг хүн газарт хэвтэж байхаар нь айгаад буцаад машиндаа суусан ба тэр үед Г эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгсөн... 40 км/цагийн хурдтай жолоодож явж байгаа харагдсан. Би бол арын суудалд голлоод суучихсан зам хараад явж байсан болохоор тэр хүн зам руу гэнэт гуйваад ороод ирэхийг бол харсан. Г бол анзаарч хараагүй байж магадгүй. Гэхдээ өөдөөс машинууд хурц гэрэлтэй явж байсан болохоор гэнэт л тэр хүн замын баруун талаас гараад ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Манай төрсөн ах болох Д.Б нь ер нь эрүүл чийрэг биетэй хүн байсан. Ямар нэгэн өвчинтэй бол байгаагүй. Манай ах ганц бие ганцаараа амьдардаг байсан болохоор архийг бага зэрэг тохируулаад хэрэглэдэг байсан. Яагаад гэвэл мал аж ахуй эрхэлдэг байсан болохоор тийм байнга хэрэглэх боломж бололцоо бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дахь тал/,
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 3 настайгаасаа эхлээд аавтайгаа цуг хоёулхнаа өссөн... Ажилч хичээнгүй, өвөл зунгүй мал аж ахуй эрхэлдэг, шувуу их сонирхдог, шувуугаа тэжээгээд малаа өсгөж үржүүлээд л явж байдаг эрүүл чийрэг биетэй, бусдад тусархуу хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Н.С-ын мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байхад миний хичээл тараад манай ээж, эмээ хоёр намайг Ерөнхий боловсролын ..... дугаар сургуулиас аваад Дархан сумын. ..... дугаар баг ..... байдаг гэр рүүгээ аавын машиныг ээж жолоодоод эмээ, ээж бид гурав явсан. Тэр үед би машины арын суудал дээр суугаад гар утсаараа тоглоом тоглоод явж байсан. Гэтэл ээж гэнэт машинаа зогсоосон. Тэр үед эмээ намайг буугаад хараадах гэж хэлсэн. Би буугаад харсан чинь эрэгтэй хүн доошоо хараад хэвтчихсэн байсан ба би тэр хүний хажууд очоод “Ахаа зүгээр үү, ахаа босоорой” гэж хэлсэн чинь тэр хүн юм дугарахгүй байсан. Тэгээд ээж, эмээ хоёр бууж нэг нь эмнэлэг рүү, нөгөө нь цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Н-ын мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд манай эхнэр над руу залгаад би машин жолоодож явж байтал хажуу талаас түг гээд юм мөргөх шиг болчихоор нь зогсоод буугаад харсан чинь хүн хэвтэж байна гэж надад хэлсэн... Нэг талын толь хугарч, урд салхины шил цуурч хагарсан, урд талын карлан хонхойсон байсан, урд талын багана бага зэрэг хонхойсон эвдрэлүүд гарсан байсан. Манай эхнэр Г нь санамсар болгоомжгүй байдлаас зам тээврийн осол гаргасан учраас эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Шинжээч С.Саруулболдын мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хувьд 2002 оноос хойш 20 жилийн хугацаанд энэ салбартаа ажиллаж байна. Тухайн хэрэг гарсан гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг ..... ертөнцийн зүгээр зүүн талын төв асфалтан зам дээр үйлдэгдсэн зам тээврийн ослын газрын бүдүүвч зураг, оролцогч нарын мэдүүлэг, замын цагдаагийн зохицуулагчийн дүгнэлтийг үндэслээд би өөрийн биеэр хэргийн газар дээр очиж дээрх баримтуудыг нягталж шалгаад дүгнэлтээ гаргасан. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь жолооч тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ буюу үзэгдэх орчин хангалтгүй үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг тохируулж явна гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ нь хэргийн газрын үзлэгийн зурган дээрээс харахад явган зорчигчийг мөргөөд 12 метр зай туулж тээврийн хэрэгслээ зогсоосон байсан. Энэ нь тээврийн хэрэгслийн асфалтан зам дээр үүссэн тормозны мөр болон хэргийн газрын зураг, бүдүүвч зураг зэргээс тогтоогдож байсан. Тухайн зам тээврийн осол болсон гэх газар нь 3 шар руу өгсөх өгсүүр бөгөөд эргүүлэгтэй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан зам байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жолооч замын хоёр талыг сайтар харж шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох хүртэл арга хэмжээ авч замын хөдөлгөөнд оролцоно гэсэн заалтыг зөрчсөн байсан. Мөн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байсан. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол жолоочийн жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Энэ заалтыг мөн зөрчсөн байна. Харин явган зорчигч нь явган хүний гарц байхгүй тохиолдолд замын хоёр тийш сайтар харж хайс, хашилтгүй хэсгээр ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байсан. Мөн явган зорчигч нь замын хөвөө хэсгээр удаан хугацаагаар зорчих тохиолдолд тод өнгийн гэрэл ойлгох хувцастай байна гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “...Б.Г нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөн. Мөн жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байна... Тээврийн хэрэгсэл 39.4 км/цагийн хурдтай байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хоёр талыг сайн анзаараагүй, хохирогч зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийг анзаараагүйгээс болсон байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл осол гарахад нөлөөлөөгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/,
2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай “...Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-68, 69-74 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай “... Талийгаачийн биед үндсэн оношинд бичигдсэн гавал тархины битүү гэмтэл, баруун хөлийн шилбэний 2 ясны доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, баруун шанаа хөмсөг, хамрын үзүүр, цээжний баруун хэсэг, баруун ташааны орчимд зулгаралт, баруун далны орчим баруун гуяны дээд 1/3-ын гадна цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ... Талийгаачийн цусанд 0.6 промилли спирт илэрсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 91-94 дэх тал/,
Б.Г-ийн яллагдагчаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй ээ... Одоогоор уулзаж энэ талаар ярилцаж хохирол барагдуулсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахьр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч А.М , Ж.Т нар нь хэргийн гэм буруу, зүйлчлэлтэй маргаж мэдгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогчийн буруутай үйлдэл, жолоочийн анхаарал, болгоомжгүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Г г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь оршуулгын зардалд 13,896,400 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 8,635,535 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэж, баримтгүй нэхэмжилсэн 5,260,865 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон 8,635,535 төгрөгийн хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугагцаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т , А.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Г нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгүүлж байгаагүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н ургийн овгийн Б-ийн Г-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Б.Г гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаарзүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР