Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0490

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-24220000111 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 377 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2023/0611/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 377 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /20119 оны шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.3.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-24220000111 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй олгуулах тухай” “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            2.1. Нөхөн ногдуулалтын актаар 946 205 722.0 төгрөгийн орлого бүртгэсэн боловч тооцооноос 791 371 818.18 төгрөгийн орлого тайлагнааж, 154 833 903.82 төгрөгийн татвар ногдуулах орлогод татвар ногдуулаагүй гээд нөхөн татвар, торгууль алданги ногдуулсныг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.

            Борлуулалтын журналаар бүртгэсэн 946 205 722.0 төгрөгийн орлого гэх дүн нь Татварын байцаагч нарын хийсвэр дүгнэлт бөгөөд зөвхөн “О” ХХК-ийн талбайд буусан нүүрсний үнийн дүн юм.

            Энэ нүүрсэнд үйлчилгээ үзүүлснээр буюу гаалийн хяналтад оруулж, бүрдүүлэлт хийж, ачуулснаар компанийн орлого гэж тооцогдоно.

            Үйлчлүүлэгч хуулийн этгээдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх буюу нүүрсийг нь ачих буулгах, пүүлэх, гаалийн хяналтад оруулах зэрэг ажил гүйцэтгэснээр үйлчилгээний хөлс, гэрээний төлбөр шаардах эрх үүснэ. Гүйцэтгэсэн ажлын хөлс буюу гэрээний төлбөрийг татвар ногдох орлогод тооцно.

            Гэтэл ажил гүйцэтгээгүй, үйлчилгээ үзүүлээгүй байхад талбайд буусан нүүрсийг үндэслэн тооцож, тухайн тайлант хугацаанд орж ирэх орлогын төсөөллөө тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэсэн байсныг “Журналд бүртгэсэн” гэх татварын улсын байцаагч нарын тайлбарыг үнэн зөв гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэхээр байна.

            2.2. Төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон гэх 149 586 698.37 төгрөгийн зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг эс зөвшөөрч маргасан. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйл “Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим”, 5.1.3-д “шударга байх”, 75 дугаар зүйл “Татварын албаны чиг үүрэг”, 75.1-д “Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 75.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 75.1.2-т “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих”, 75.1.3-д “төсвийн орлогыг бүрдүүлэх” гэж тодорхой заасан

            Татварын албаны үйл ажиллагаа шударга байх зарчмыг хангахгүй. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байж бүртгэлтэй татвар төлөгч нарыг татварын хяналт шалгалт, акт, торгуулиар дарамталдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй байх.

            Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрийг зөвхөн татварын хяналт шалгалтаар хязгаарлаж болохгүй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр ажил үйлчилгээ эрхэлж байгаа бүх хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг татварт хамруулах, татварын суурийг өргөтгөх ажлаа гүйцэт хийж чаддаггүй хэрнээ бүртгэлтэй татвар төлөгч нарын зардлыг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй гэх шалтгаанаар хасагдах зардалд тооцохгүй гэж үзэж байгаа нь үнэхээр шударга бус байна.

            Татварын алба өөрөө ажил, үйлчилгээ эрхлэгч, хдалдааны эрхлэгч нарыг цахим төлбөрийн баримт олгодог болгохгүй байгаа хэрнээ нөгөө татвар төлөгчийг цахим төлбөрийн баримтгүй гэх шалтгаанаар буруутгах нь шударга байх зарчмыг алдагдуулж байна.

            2.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэмжээг хэрэглэх боломжгүй гэж Татварын албан тайлбарласныг шүүх хүлээн авахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг бүрэн дүүрэн тайлбарлаж зөв хэрэглэж чадаагүй байна.

            Уг заалтад “хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээ гэж тодорхойлсон байхад хөрөнгөд үзүүлсэн бүх үйлчилгээ мэтээр тайлбарласан нь туйлын тодорхой хуулийн заалтыг хэт өргөсгөсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх дүгнэлт хийсэн байна. Хөрөнгөтэй холбоотой бүхий үйлчилгээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтад хамаарахгүй. Зөвхөн хөрөнгөд шууд үйлчилгээ үзүүлсэн байх юм бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан хувь хэмжээг хэрэглэхгүй болно. Гэтэл “О” ХХК-ийн үйл ажиллагааг хөрөнгөд шууд үйлчилгээ үзүүлсэн үү, шууд бус үйлчилгээ үзүүлсэн үү гэдгийг тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй байж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

            2.4. Татварын ерөнхий хуулийн шинэчлэн найруулсан болон хуучин хуулийн, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх болон нэмэлт өөрчлөлт орсон хоёрын алийг хэрэглэсэн нь тодорхойгүй, хэрэглэсэн байгаа ч аль зөрчилд алийг нь хэрэглэсэн нь тодорхой бус байхад таамгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээс харахад мөн түүнчлэн “эрсдэлтэй” эсэхээ ч мэдэх эрхгүй татвар төлөгч нь татварын албатай маргахад шүүх бодит дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж татварын хууль бус актыг залруулахгүй байх юм бол шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчим хэзээ хангагдах вэ?

            Нөхөн ногдуулалтын актаар 154 833 903.82 төгрөгийн дүнтэй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зөрчил тооцон нөхөн татварын, торгууль алданги ногдуулсанд шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй тул энэ хэсэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэх үү, дүгнэлт хийгээгүй байж тогтоох хэсгээрээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болох уу?

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

          2.1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, П.О нар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2421902887 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “О” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулжээ.

          2.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад “... 2018 онд 154 833 903.82 төгрөгийн татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулаагүй, 2020 онд 149 586 698.37 төгрөгийн албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг хангаагүй зардлыг хасч тооцсон, 2018 онд 154 833 903.82 төгрөгийн татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулаагүй, 2018 онд 700 000 000000 төгрөгийн, 209 онд 1 461 069 365.99 төгрөгийн, 2020 онд 1 663 585 039.00 төгрөгийн орлогыг экспортын үйл ажиллагааны борлуулалтаар тайлагнаж “0” хувь хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан тайлагнасан” зөрчил гаргасан гэж дүгнэн маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-24220000111 дугаар нөхөн ногдуулалтын актаар 424 763 138.82 төгрөгийн нөхөн татвар, 144 064 792.03 төгрөгийн торгууль, 98 576 800. Төгрөгийн алданги, нийт 667 404 731.05 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

          2.3. Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-24220000111 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “...татвар төлөгчийн татварын хяналт шалгалтад ирүүлсэн материалаар борлуулалтын журналыг татвар ногдох орлогыг тодорхойлох суурь болгосон нь зөв, ... Борлуулалтын журнал нь санхүүгийн анхан шатны баримт бөгөөд уг баримтаарх сар, улирлын борлуулалтын дүнг тооцож, татвар ногдох орлогыг тодорхойлох боломжтой, ... татвар төлөгч 2018 оны борлуулалтын журналаарх орлогоор татварын суурийг тодорхойлох боломжгүй өөр үндэслэл бүхий тайлбар, түүнийг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд байсан бол татварын хяналт шалгалтыг дуусахаас өмнө гаргаж өгөхөөр байсан, татварын суурийг буруу тодорхойлсон гэж маргах ч татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа ч, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч өөр үндэслэл баримт гаргаагүй, ... нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зарлагын баримтуудаарх зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “хасагдах зардалд тавигдах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байхыг”, 13.1.4-т “дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”-ыг тус тус шаардсан заалтад нийцэхгүй, ... нүүрс нь экспортын зорилготой ч нэхэмжлэгч компани уг барааг экспортод гаргах үйл ажиллагаа явуулаагүй, ... гаалийн хяналтын талбай нь гаалийн нутаг дэвсгэрт тооцогдох ч барааг гаалийн хяналтын бүсээр дамжуулсан буюу буулгаж, ачсан үйлчилгээ нь барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан буюу экспортод гаргасан үйлчилгээнд тооцогдохгүй, ... татварын хяналт шалгалтад материал өгөх, тайлбар гаргах татвар төлөгчийн эрхийг хязгаарлаагүй, татвар төлөгч баримтаа гаргаж өгөөгүйд татварын албыг буруутгах үндэслэлгүй ...” талаар дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

          2.4. Тодруулбал, нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд гаалийн хяналтын бүсэд нүүрс ачих, буулгах, хадгалах, пүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг төдийгүй гагцхүү гаалийн хяналтын бүсээр үйлчлэх гэрээний дагуу гаалийн хяналтын бүсэд тээвэрлэж ирсэн нүүрсийг ачиж, буулгах, пүүлэх, хадгалах үйлчилгээ үзүүлж орлого олдог хуулийн этгээд байна.

2.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ”, 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”, 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:”, 12.1.3-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ”, 12.1.4-д “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/”, 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэж тус тус зохицуулжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үйлчилгээ үзүүлж орлого олж буй энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хувь хэмжээгээр Нэмэгдсэн өртгийн албаны татвар ногдуулах үндэслэлтэй.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... борлуулалтын журналаар бүртгэсэн 946 205 722.0 төгрөгийн орлого гэх дүн нь хийсвэр дүгнэлт бөгөөд зөвхөн “О” ХХК-ийн талбайд буусан нүүрсний үнийн дүн, ... ажил гүйцэтгээгүй, үйлчилгээ үзүүлээгүй байхад талбайд буусан нүүрсийг үндэслэн тооцож, тухайн тайлант хугацаанд орж ирэх орлогын төсөөллөө тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэсэн байсан” гэж тайлбарлах боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг” ойлгох бөгөөд уг журнал нь мөн хуулийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан санхүүгийн анхан шатны баримтад хамаарна.

2.8. Нөгөөтээгүүр, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж хуульчилсан бөгөөд татварын улсын байцаагч нараас шаардсан боловч нэхэмжлэгч компани санхүүгийн баримтуудаа өөрөө бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад үндэслэн ийнхүү нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

Мөн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтад хамаарах цаг хугацааны баримтууд нь бүрэн нотлогдох боломжтой байхад нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад зөвхөн журнал гаргаж өгсөн байх ба татвар төлөгч баримтаа гаргаж өгөөгүйд татварын албыг буруутгах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэж тодорхой заасан бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй баримтуудад үндэслэн татвар ногдох орлогыг хасч тооцох, нэхэмжлэгч хуулийн этгээдэд уг хуулийн шаардлагыг тавилгүй, тусгайлан давуу эрх эдлүүлэх нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “зайлшгүй байх”, 5.1.3-д “шударга байх” зарчимд нийцэхгүй.

           

            Нэмж дурдахад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах болон хэргийн материалтай танилцаж, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Н-г оролцуулсан, өмгөөлөгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасны дагуу хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаж 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Н нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй төдийгүй, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэгийн хувьд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН