Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, 1991 оны 05 сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, аавын хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнжийн 2-26 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Монцемент бийлдинг материалс ХХК-д ачигч, буулгагч ажил эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Санзай овогт Ганхуягийн Цолмонбаатарт /РД: ЕЦ91052013/ холбогдох эрүүгийн 201610010230  тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Сэнжийн 2-21 тоотод 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн П.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Цолмонбаатарын хэлэлцүүлэгт өгсөн “ Батсайхан урд нь манай гэрт ирээд ээж, аав 2-т маань хандаж та 2 намайг дахиад шоронд явуулахгүй юу гээд байхаар нь би хөөж гаргасан юм. Тэгээд хэрэг болдог өдөр дахиж битгий гэрт ирж, янз бүрийн асуудал яриарай гэж хэлэх гээд очиход Батсайхан эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан. Тэгээд би та битгий ээж, аавын минь дээрэлхэд байгаарай гэж хэлэхэд өөдөөс маргалдсан, тэгэхээр нь уур хүрээд нүүр хэсэгт 3 удаа цохисон юм. Батсайханы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гомдол, саналгүй гэсэн ба бид сайн дураараа эвлэрсэн ” гэсэн мэдүүлэг

Хохирогч П.Батсайханы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ 2016 оны 11 дүгээр сарын 06-ны 17 цаг 30 минутын орчим гэрийнхээ хаалгыг түгжээд хоолоо хийх гээд байж байтал гаднаас Цолмонбаатар орж ирээд “ Чи миний ээжийг гэрийн ард хүчиндэж байсан, миний аавыг зодож  байсан, чи миний аав ээжийг дарамталж байгаа биздээ” гэхээр нь би “Чи битгий өнгөрсөн баларсан юм яриад бай” гэж хэлсэн юм. Тэгээд нэг хэсэг хоорондоо маргалдаж байгаад Цолмонбаатар намайг заамдаж аваад цохих гэж байхад манай хүү Бямбасүрэн нөгөө өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон юм. Тэгээд миний энгэрээс зуурчихаад тавихгүй байсан ба Цолмонбаатар миний нүүр лүү 3 удаа цохьсон. Түүний дараа Цолмонбаатар бид хоёр зууралдаад Цолмонбаатарынх руу очиж ээж аавд нь болсон зүйлийн талаар хэлэхэд ээж аав нь Цолмонбаатарт “Юу яриад байгаа юм бэ болоод өнгөрсөн асуудлын талаар дэмий юм ярьлаа” гэж байсан. Тэгээд би тэндээс гараад цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Дараа нь эмнэлэгт очиж очоод үзүүлэхэд хөмсөгний голд нь 5 сантметрийн гүнтэй ярагдсан байна гээд 3 оёдол тавьсан. Би 1996 онд Цолмонбаатарын аав Ганхуяг гэх хүнийг зодоод ял шийтгэгдэж ялаа эдэлчихээд ирсэн юм. Би тэрнээс хойш хэн хэндээ муу санах зүйл байдаггүй юм. Харин би өмнө нь нэг удаа жаахан архи уусан үедээ Цолмонбаатарын аав Ганхуягийнд очиж аав ээжид нь “Та нар намайг дахин шоронд явуулах юм уу” гэж хэлээд Цолмонбаатараар гэрээс нь хөөгдөөд гарч байсан. Цолмонбаатар тэрийг л санаж гэрт орж ирсэн байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр санал гомдол байхгүй. Хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Айраг суманд хувийн ажлтай тул шүүх хуралд суух боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү гэсэн” /хх-ийн 14-16/ гэсэн мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зураг  /хх-06-08/

Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн18/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 07-ны өдрийн “1. П.Батсайханы биед духны дунд хэсэгт шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүснэ.  

3. Учирсэн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд  нөлөөлөхгүй” гэсэн 439 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн17/

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 29/

Хохирогч П.Батсайханы Цагдаагийн хэлтэст гаргасан “... Миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Цолмонбаатар бид хоёр харилцан зөвшөөрч хохирлын талаар маргаангүй. Цолмонбаатар надаас уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 3/  

Шүүгдэгч Г.Цолмонбаатарын цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие 2016 оны 11 сарын 06-ны өдөр П.Батсайхантай муудалцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Би хохирогч Батсайхантай харилцан зөвшөөрч хүсэлт гаргаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 04/

  Хохирогч П.Батсайханы шүүхэд ирүүлсэн “Миний бие Цолмонбаатарт цохиулж, биедээ хөнгөн гэмтэл авсан. Би сайн дураараа, өөрийн хүсэлтээр Цолмонбаатартай эвлэрсэн, гомдол санал байхгүй, Цолмонбаатар надтай эвлэрч, учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Шүүх хуралдаанд оролцохгүй, намайг эзгүйд шийдвэрлэнэ үү ” гэсэн хүсэлт /хх-ийн 44/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Сэнжийн 2-21 тоотод хохирогч  П.Батсайханы гэрт очиж, “манай ээж, аавыг дээрэлхлээ” гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, маргалдаж, улмаар бие махбодид нь  духны дунд хэсэгт шарх  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 11 сарын 06-ны орой бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Батсайханы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 439 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч П.Батсайхан нь  одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Г.Цолмонбаатартай сайн дураараа эвлэрсэн болохоо илэрхийлсэн баримтыг  /хх-ийн 44 / шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч П.Батсайхан нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Цолмонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Цолмонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Санзай овогт Ганхуягийн Цолмонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Санзай овогт Ганхуягийн Цолмонбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Г.Цолмонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Цолмонбаатарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Г.Цолмонбаатар, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД