Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00025

 

Н О-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын  25-ны өдрийн 181/ШШ2017/02358 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н О-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Э М-ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, 169 579 584 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н О-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь “С Э М”-ХХК-тай 2011 оны 3 сарын 25-ны өдөр тоног төхөөрөмж зуучлалын G-10 тоот гэрээ байгуулан 69,000 ам.доллар шилжүүлсэн. 2011 оны 8 сарын 07-ны өдөр Чойрын гаалийн газраас Лонгер-44 маркийн хайгуулын өрмийн машиныг мэргэжлийн комиссыг газар дээр нь ажиллуулж актаар хүлээн авахад уг өрмийн машин нь технологийн шаардлага хангахгүй зохих сэлбэг хэрэгсэл дагалдах материалууд нь байгаагүй. Энэ талаар “С Э М”-ХХК-ийн өрмийн мастер н.Энхтөрийг байлцуулан акт гаргаж “С Э М”-ХХК-ийн талд мэдэгдэж албан ёсоор хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй олон удаа амлалт өгч ажилд саад болж байлаа.Технологийн шаардлага хангахгүй Лонгер-44 өрмийн машиныг дагалдах сэлбэгийн хамт 2012 оны 8 сарын 15-ны өдөр “С Э М”-ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сум дахь үйлдвэрийн баазад, сахиул Сэмбээд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Уг тоног төхөөрөмжийг дахин нийлүүлэх, өөр өрмийн машинаар солих, төлбөр тооцоог барагдуулах талаар 2013-2015 оны хооронд олон удаа уулзаж үүссэн өр авлагыг барагдуулах талаар амлалт бичиг, нотлох баримтуудыг цуглуулан, төлбөр тооцоогоо баталгаажуулсан. Ким Ки Ман захирлын жаахан хүлээж бай, удахгүй шийдвэрлэж өгнө гэдэгт хууртан залилуулж өдийг хүрлээ. Хамгийн сүүлд Ким Ки Ман захирлын шийдвэрээр 2015 оны 10 сарын 05-ны өдөр үйлдсэн өрийн баталгааны бичгийг үндэслэн Энхтайваны гүүрэн дор н.Энхбаатарын хадгалалтад байсан улаан өрмийн машиныг түрээсийн төлбөр, манаачийн хөлс, төлж засвар үйлчилгээ хийж өрмийн машиныг ачуулсан боловч Улсын мөрдөн байцаах газрын хэлтсийн дарга Цагдаагийн хошууч П.Эрдэнэбилэгийн шийдвэрээр уг өрмийн машиныг буцаан өгсөн. Улсын мөрдөн байцаах газрын н.Баярмагнай хошууч танай асуудлыг Ким Ки Маны хавтаст хэрэгтэй хамтатган шийдэж өгнө гэж хүлээлгэн, холбогдох бичиг баримтыг  авч байгаад 2016 оны 5 сард та нэхэмжлэлээ иргэний журмаар Баянголын шүүхэд гаргах нь зүйтэй гэж зөвлөсөн. Иймд технологийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмж Лонгер-44 өрмийн машины үнэ, түүнтэй холбогдон гарсан гааль, тээврийн зардал зэргийн үнэ 169,579,584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С Э М-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Н о” ХХК-тай тухайн үед 2011 оны 3 сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмж зуучлалын G-10 тоот гэрээгээр Лонгер-44 өрмийн машиныг 2011 оны 8 сарын 07-ны өдөр хүлээн аваад уг өрмийн машинтай холбоотой чанар, байдлын талаар санал хүсэлт гаргаж байгаагүй ба 2015 оны 10 сарын 05-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт "Н О-" ХХК-ийн захирал Ч.Батаа нь элдэв байдлаар хариуцагч компанийн захирал Ким Ки Манаар янз бүрийн бичиг хийлгэж авсан. Нэхэмжлэлд дурдсанчлан худалдаж авсан өрмийн машинаа Дорноговь аймгийн Айраг суманд сахиул н.Сэмбээд хүлээлгэн өгсөн талаар дурдсан нь хариуцагч компанитай хамааралгүй үйл байдал бөгөөд хариуцагч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид худалдсан ермийн машинаа буцааж аваагүй тул өрмийн машины үнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүсээгүй. Гааль, тээврийн зардал, сахиул н.Дашцоодолд хамааралтай мөнгөний тухайд  нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригийн дагуу төлсөн, манай компани хүлээж аваагүй, манай компанид н.Дашцоодол гэх сахиул ажилладаггүй. Цагдаагийн байгууллагын битүүмжилсэн өөр өрмийн машиныг "Н О-" ХХК-ийн захирал Ч.Батаа нь авч явахдаа тухайн сахиулд мөнгө өгсөн авсан асуудал нь “С Э М”-ХХК-д ямар ч хамааралгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаас хариуцагч “С Э М”-ХХК-иас 133 214 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Н О-" ХХК-д олгож, үлдэх 36 365 254 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 005 848 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “С Э М”-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 824 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Н О-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С Э М-ХХК-ийн төлөөлөгч Ким Ки Ман давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэлд гарын үсэг зурсан Ч.Батааг компанийн удирдлага, гүйцэтгэх удирдлагаар томилсон гэх бүртгэл байхгүй, мөн компанийн дүрэмд Ч.Батаа нарын 3 иргэнийг хувьцаа эзэмшигчээр заасан байдаг. Энэ үйл байдал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 буюу бүртгэл үнэн зөв байх, 5.4.12.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар зэргийг заавал бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй этгээдийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн буруу. Шүүх худалдах, худалдан авах гэрээний талаар зөв дүгнэсэн хэдий ч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-ийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдахаар заасан атал эд хөрөнгийн доголдлыг 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр илэрсэн байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд маргаж буй Лонгер-44 өрмийн машиныг худалдан авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан энэ талаар 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан ажлын акт байдаг. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 248.1-д эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тухай заасан ба нэхэмжлэгч өрмийн машиныг хүлээн авсан үйл байдлыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-д зургаан сарын дотор шаардах эрхтэй байсан атал шүүх уг хугацааг анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хүлээлцэх хугацааг 3 жилээр байхаар дүгнэж, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс тооцно гэсэн атлаа 2016 онд буюу даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт дурьдаад байгаа амлалт, тодорхойлолтууд нь Лонгер-44 өрмийн тухай ор байхгүй, харин Санму-9000 өрмийн талаар яригддаг, хийсэн тодорхлойлолтууд нь дандаа Монгол хэл дээр, Ч.Батаа нь ирж энд зур чи гэж Монгол хэл мэдэхгүй хүнд юуг зуруулаад байгаагаа тайлбарлалгүй бүрдүүлсэн баримтууд байдаг юм. Лонгер-44 өрмийг хүлээлгэн өгөөгүй, өгсөн гэх н.Сэмбээ гэдэг хүнийг танихгүй талаараа хариуцагч тал маш тодорхой  дурддаг. Хашаанд байсан зураг үзүүлэн энэ өрмийн машин мөн үү гэхэд хариуцагч миний хүлээлгэн өгсөн өрмийн машин мөн байна гэж хариулсан үйл байдлыг хүлээлгэн өгсөнд тооцоод байгаа нь үндэслэлгүй бөгөөд, шүүхээс өрмийн машинд 59 000 ам долларыг буцаан олго гэсэн хирнээ өрмийн машиныг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхисон нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтыг зөв дүгнэж хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Н О-” ХХК нь хариуцагч “С Э М”-ХХК-д холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Лонгер-44 өрмийн машин нийлүүлэх  гэрээнээс татгалзаж, гэрээгээр өрмийн машины үнэнд шилжүүлсэн 59 000 ам доллар буюу 133 214 330 төгрөгийг буцаан гаргуулахаар, мөн зардалд 36 365 254 төгрөг нийт 169 579 584 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч доголдолгүй эд зүйлийг нэхэмжлэгч хүлээн авсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Талууд 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Лонгер-44 өрмийн машиныг нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үнэд нэхэмжлэгчээс 59 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь өрмийн машиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Гагцхүү нийлүүлсэн өрмийн машин Лонгер-44 нь доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авсан эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргаантай байна.

 

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагчийн нийлүүлсэн Лонгер-44 машин иж бүрдэл дутуу, доголдолтой байсан болох нь талуудын удаа дараагийн уулзалтын тэмдэглэл, өөр боломжийн хүчин чадал сайтай машин нийлүүлэх арга хэмжээ авахаар амалсан хариуцагчийн амлалт бичиг, доголдолтой машиныг үнийг буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн бичгийн баримт зэргээр нотлогдсон. /хх-ийн 13-21, 25-26/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй машиныг дахин нийлүүлэх, эсхүл мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 59 000 ам.доллараа буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тухайн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол, зардлаа нотлоогүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 59 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 133 214 330 төгрөгийг гаргуулахаар заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зйүлийн 256.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэг үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт Лонгер-44 өрмийн машиныг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан олгохоор заах шаардлагатай. Нэхэмжлэгч өрмийн машиныг хариуцагчид өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй, сахиул Сэмбээ гэгчид машиныг өгснийг үүргийг зохих ёсоор биелүүлж, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээдэд машиныг буцаан хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй.

 

Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаар нэхэмжлэгч талаас маргаан гараагүй, хэргийн 88, 86 дугаар талд авагдсан баримтаар тухайн асуудлаар Н О-ХХК-ийг төлөөлөх эрхийг тухайн компанийн ТУЗ-ийн зүгээс Ч.Батаад олгожээ. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгчээс Лонгер-44 өрмийн машиныг гаргуулан хариуцагч С Э М-ХХК-д олгосугай гэж нэмж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С Э М-ХХК-ийн төлөөлөгч Ким Ки Маны давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан шүүгчийн захирамжтай болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                        Ш.ОЮУНХАНД