Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00704

 

    

Э.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/02313 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2144 дүгээр магадлалтай,

 T.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй,

Трансвест Монголия ХХК-д холбогдох,

Үндэслэлгүй ажлаас халсныг тогтоолгож, агуулахын ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбаатар, С.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Тэмүүлэн түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбаатар, С.Энхбат нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч Э.Тэмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Тэмүүлэн нь 2020.02.12-ны өдөр Трансвест Монголиа ХХК-д агуулахын ажилтнаар ажилд орсон. Туршилтын 3 сарын хугацаанд ногоон малгай хөтөлбөрт хамрагдаж ногоон малгайтайгаар аюулгүй байдлын стандарт, шаардлагыг мөрдөн ямар нэгэн зөрчилгүйгээр ажилласан. Ажлын үнэлгээгээр 71.9 %-тай үнэлэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг сунгаж хугацаагүйгээр байнгын ажлын байранд агуулахын ажилтнаар 2020.05.13-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтан болсон. Гэтэл бараа материалын тоологч ажилтай Э.Энэрэлийн гаргасан гомдлын дагуу 2020.05.20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг гомдол нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх агуулгатай байх ба тухайн гомдол, өргөдлийг хүлээн аваад хяналт шалгалтыг хүний нөөцийн хэлтсээс хийсэн гэх боловч ямар нэгэн нотлох баримтгүйгээр барахгүй уг гомдлын талаар ч танилцуулалгүй ажлаас халсан болно. Тухайн нөхцөл байдлыг тодруулбал: 2020.05 дугаар сарын эхээр өглөө эрт 7:30 цагийн үед бараа материал тоологч Э.Энэрэл, Б.Баянмөнх нар НD-В байршилд сэлбэг тоолж байхад нь миний бие ранкны хажуугаас холоос очиж байхдаа тэр хоёрыг хоёулаа нойрмог байх шиг байхаар нь гараа өргөн даллаж сэргээрэй гэх дохиог өгсөн. Өөрөөр хэлбэл гараа өргөж мэндчилсэн. Гэтэл цайны цагаар Э.Энэрэл надад өглөө чи алсын зайны үнэсэлт илгээсэн үү гэхээр нь би та хоёрыг л сэргээрэй гэж далласан гэхэд уг дохиог алсын зайны үнэсэлт илгээсэн гэж ойлгосон гэхээр нь гараа огцом өргөсөн нь тэгж харагдсан юм байхдаа уучлаарай гэхэд за би уучиллаа гээд л өнгөрсөн. Гэтэл уг дохиог бэлгийн дарамт гэж компанийн зүгээс ажлаас халах үндэслэл болгосон нь хэт туйлширсан, харин ч бүр ялгаварласан гэж үзэхээр үйлдлийг хийсэн гэж үзэж маш их гомдолтой байна. Иймд үндэслэлгүй халсныг тогтоолгож, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Трансвест Монголиа ХХК нь нэхэмжлэгч Э.Тэмүүлэнтэй 2020.02.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, сэлбэг нийлүүлэлтийн хэлтэст агуулахын ажилтнаар туршилтын 3 сарын хугацаанд ажиллуулсан. Тэрээр 2020.05.13-ны өдрөөс эхлэн компанийн үндсэн ажилтан болсон. 2020.05.19-ний өдөр сэлбэг нийлүүлэлтийн хэлтсийн ажилтан Э.Энэрэлээс ...ажлын байран дээрээ ёс бус үг, үйлдэлд өртөж байгаа тухай агуулга бүхий гомдлыг компанид гаргасан. Ажилтны тухайн гомдлын дагуу компанийн хүний нөөцөөс шалгалт явуулсан. Тус шалгалтаар нэр бүхий дөрвөн ажилтан гомдол гаргагч ажилтан Э.Энэрэлийг зүй бус үгээр хэлж, түүний биед нь удаа дараа хүрч байсан нь нотлогдсон. Эдгээр ажилчдын нэг нь нэхэмжлэгч Э.Тэмүүлэн юм. Компанийн зүгээс уг асуудлыг шалгахдаа холбогдох ажилтан болон гомдол гаргагчтай уулзаж, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн. Компанийн хүний нөөцөөс нэхэмжлэгч Э.Тэмүүлэнд ажилтан Э.Энэрэлийн гаргасан гомдлын агуулгыг танилцуулж, энэ тухай түүнтэй ярилцсан. Тухайлбал, тухайн дөрвөн ажилтнууд ажилтан Э.Энэрэлийн биеийнх нь эмзэг хэсгүүдээр хүрэх, бэлгийн ёс бус үг хэллэг хэлэх, түүнийг хөгжлийн бэрхшээлтэй буюу сонсголын аппарат зүүдгийг нь далимдуулж ёс бус үг хэллэгийг сонсохгүй байгаа гэж бодон тохуурхаж ойр ойрхон удаа дараагийн давтамжтайгаар ёс бус үг хэлж, биед нь хүрдэг байсан нь нотлогдсон. Компаниас эдгээр ажилтнуудын гурван ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсны нэг нь Э.Тэмүүлэн юм. Иймээс компанийн зүгээс Э.Тэмүүлэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Үлдэх нэг ажилтанд сахилгын бусад шийтгэлийн төрлийг ногдуулсан. Нэхэмжлэгч Э.Тэмүүлэн нь дээрх үйлдлийг гаргаснаар компанийн Ёс зүйн дүрмийн GV.1.05-ийн 3.5, 3.82.18 дахь хэсэг, Хүндэтгэлтэй ажлын байр, HR 1.03-ийн 5.2.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.12.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн учир түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.1.4, 10.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгч Э.Тэмүүлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 102/ШШ2020/02313 дугаар шийдвэр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Трансвест Монголиа ХХК-д холбогдох, үндэслэлгүй ажлаас халсныг тогтоолгох, агуулахын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Э.Тэмүүлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 2144 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 102/ШШ2020/02313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тэмүүлэнг Трансвест Монголиа ХХК-ийн агуулахын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,108,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын ...дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч Трансвест Монголиа ХХК-аас 513,370 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбаатар, С.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа компанийн холбогдох дүрэм, журмыг баримтлан өөрөөс нь болон холбогдох ажилтнаас тайлбар, тодруулга авсан бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан. Мөн тухайн баримтын үнэн зөвийг буюу нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг тодруулахаар шүүхээс Б.Баянмөнх болон Э.Энэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог тул давж заалдах шатны шүүхээс ... нэхэмжлэгч Э.Тэмүүлэнг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын зүгээс шалгаж тогтоосон болох нь тодорхойгүй... гэж хийсэн дүгнэлт нь хэргийн үйл баримтаар няцаагдаж байна. ... нэхэмжлэгч нь дээр дурдсанаар хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн нь хариуцагч байгууллагаас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл болсныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын Гүйцэтгэх захирлын тушаал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн болно. Өөрөөр хэлбэл, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох тухай зохигч талуудын хооронд байгуулсан №45/008/20 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд заагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч байгууллагаас компанийн дотоод дүрэм, журам болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шалгаж тогтоосон. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

T.Тэмүүлэн, Трансвест Монголия ХХК-д холбогдуулан, Сэлбэг нийлүүлэлтийн газарт Агуулахын ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасныг компанийн дотоод дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шалгаж тогтоосон тул магадлалыг хүчингүй болгуулна гэсэн агуулга заажээ. Гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.05.20-ны өдрийн 200520/53 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.1.4, 10.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Тэмүүлэнг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан ба тушаалын үндэслэлийг компанийн ёс зүйн болон хүндэтгэлтэй ажлын байрны дүрэм зөрчсөн гэжээ.

 Талуудын байгуулсан 2020.02.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10.1-д мөн заалтын 10.1.1-10.1.9-д заасан үйлдлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тохирчээ.

 Гэрээний 10.1.4-т Компанийн аливаа дүрэм, журмыг зөрчсөн бол, 10.1.7-д Ажлын байранд болон Компанийг төлөөлж өөр газар явахдаа зодоон хийх, зодооныг өдөөх, бүдүүлэг тоглоом хэрэглэх, үг хэлээр доромжлох эсвэл биеийн хүчээр дарамт үзүүлэх, бэлгийн дарамт үзүүлэх, гэмт хэрэгт холбогдох, бусдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, хамтран ажиллагсад болон зочдод хүндэтгэлгүй хандах зэргээр ёс зүйгүй авирласан бол, ноцтой зөрчил гэж үзэхээр тухайлан тодорхойлжээ. (хх-83-86)

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн нэг нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж ноцтой зөрчил гэж тодорхойлон хэлэлцэн тохирсон нөхцөл байхыг шаардахаас гадна уг зөрчил гарсан байх, мөн баримтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч компанийн зарим ажилтан ёс зүйн зохисгүй үйлдэл гаргасан тухай ажилтан Э.Энэрэлийн гомдлыг шалгах явцад T.Тэмүүлэнгийн гаргасан зөрчил илэрсэн гэж хариуцагч тайлбарлан уг байдлыг нотлохоор шүүхэд тухайн ажилтнуудын уулзалтын тэмдэглэл гэх баримтыг ирүүлжээ.(хх-23-28) Уг бичгийн баримтанд нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар буюу ажилтан Э.Энэрэлд бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал тодорхой тусгагдаагүй, тайлбарыг гаргасан ажилтан Б.Баянмөнх гомдол гаргагч Э.Энэрэл нар нэхэмжлэгчийн зохисгүй үйлдлийг тодорхой нэр заан мэдүүлээгүй тул давж заалдах шатны шүүх зөрчлийг эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 т- хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Шүүх зохигчийн гаргаж өгсөн, баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэгтэй боловч энэ талаар хариуцагч хүсэлт гараагүй байна.

 Анхан шатны шүүх T.Тэмүүлэнгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан боловч хэргийн дээрх нөхцөл байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан тус шүүхийн хэргийг бүхэлд нь хянан үзэх бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

 Иймд давж заалдах шатны шүүх эрх зүйн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2144 дүгээр магадлалын хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбаатар, С.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 513,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭСУВД

                                     ШҮҮГЧИД                       П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ