Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

11.Хэргийн индекс: 166/2022/0248

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х.Ч-д холбогдох эрүүгийн 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.Ч,  196... оны 12 дүгээр сарын 20-ны өдөр ...-д төрсөн, халх, 5... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 171 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 244а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Х.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Ч-ийн өгсөн: “... 500,000 төгрөгөөр торгуулж, 5 сарын хугацаанд сард 100,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэм буруугаа зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Т.Г-ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн эхнэр О-ын хамт гэртээ байж байгаад Дархан-Уул аймгийн ... тоотод байрлах Ч-гийнд очсон. Ч- гэртээ ганцаараа байж байсан юм. Ингээд Ч- нь эхнэр бид хоёрт Хараа гэх нэртэй 500 граммын архи задлаад Ч- бид хоёр хоорондоо хувааж уусан. Тухайн үед манай эхнэр О- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм. Ингээд Ч- бид хоёр уг архийг ууж байхад манай эхнэр О- нь надад хандан “Чи архи бага уу” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд О-ыг гэртээ харь гэж хэлээд 17 цагийн орчимд явуулсан юм. Ингээд Ч- бид хоёр уг архийг хувааж уугаад дуустал Ч- нь надад хандан “чи өөрийнхөө эхнэртэй ямар муухай харьцдаг юм бэ” гэж хэлэхээр би өөдөөс нь “чамд манай гэрийн амьдрал хамаагүй” гэж хэлэхэд Ч- нь уурлаад 500 граммын Хараа гэх нэртэй архины шилийг баруун гартаа барьж байгаад миний нүүр зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед архины шил хагараад миний нүүрний зүүн талын дух болон шанаа хэсгийг зүсчихсэн юм. Ингээд би Ч-ий гэрээс гараад гэр лүүгээ очиж өөрийн эхнэр О-т “Ч- намайг архины шилээр цохичихлоо” гэж хэлэхэд О- нь цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

Гэрч Л.О-ын өгсөн: “....2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд манай нөхөр Г- бид хоёр гэртээ байж байгаад Г-ын найз болох Ч-ий гэр лүү хамт очсон юм. Ингээд Ч-ий гэрт нь ороход Ч- нь гэртээ ганцаараа байж байсан бөгөөд Ч- нь бид хоёрт 1 шил Хараа гэх нэртэй 500 граммын архи задалсан юм. Тухайн үед би уг архинаас уугаагүй бөгөөд манай нөхөр Г- болон Ч- хоёр хувааж уусан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн нөхөр Г-т хандан “Чи наад архинаас бага уу” гэж хэлэхэд Г- нь “чамд хамаагүй чи гэртээ харь” гэж хэлэхээр нь би уурлаад гэр лүүгээ шууд харьсан юм. Ингээд Г- болон Ч- хоёр уг архийг уугаад үлдсэн. Би гэртээ ирээд 20 орчим минут болж байхад манай нөхөр Г-ын нүүр хэсэг нь цус болчихсон ороод ирэхээр нь “юу болсон талаар тодруулахад “Ч- намайг архины шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Ингээд би шууд цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

Дархан-Уул аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 652 дугаартай “Т.Г-ын биед зүүн чихний дэлбэн, доод эрүүний зүүн булан, хүзүүний зүүн дээд хэсэгт болон духанд зүсэгдсэн шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.Г-ын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Т.Г-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 /,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 24-25/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Замчин 13 дугаар гудамжны 34 тоотод иргэн Т.Г-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, доод эрүүний зүүн булан, хүзүүний зүүн дээд хэсэгт болон духанд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Х.Чийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.Г-ын “...хохиролд 200,000 төгрөг авсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Х.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 /-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Х.Ч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Чийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хараа гэх бичиглэлтэй архины шилний хагархай хүзүү хэсэг, 8*6 см хэмжээтэй шилний хагархай хэсэг зэргийг устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ч-д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван / сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хараа гэх бичиглэлтэй архины шилний хүзүү хэсэг, 8*6 см хэмжээтэй шилний хагархай хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР