Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0246/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.О-т холбогдох 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.О, 198... оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 4... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /ногоо тарьдаг/, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 204 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ц.О-ын өгсөн: “...Хохирол төлбөрт 1,040,000 төгрөг өгсөн. ... 2,800,000 төгрөгөөр торгуулж, 14 сарын хугацаанд сард 200,000 төгрөг төлөхөөр тохирсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7/,

Хохирогч Ц.Б-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим ... тоотод оршин суух төрсөн ах болох Ц.О-ын гэрт төрсөн эгч Б-тай цуг очсон. Б эгч, О ах бид 3-ын мөнгөний асуудал байсан. Ингээд би зээлсэн мөнгөө авах зорилготой О ахтай уулзсан. Б эгч хамт байсан. Бид 3 мөнгөний асуудал ярьж байгаад О ах бид 2 хоорондоо үл ойлголцоод би О ахад та машинаа зарж миний мөнгийг гаргаж өг гэж хэлсэн. Энэ үед О ах уурлаад түлээний модоор толгой руу нэг удаа цохисон. Тэгээд эгч О ахыг авч үлдээд би гэрээс нь гараад явсан. О араас гарч ирээд миний барьж явсан тасдагч багажаар миний эмзэг эрхтэн рүү нэг удаа цохисон. Миний толгой болон эмзэг эрхтэн гэмтсэн. Өөр гэмтэл байхгүй...”

“...Намайг цохин үедээ тасдагч багажаар миний толгой болон эмзэг эрхтэн рүү цохисон. Түлээний модоор цохих үед надад гэмтэл учраагүй. Сүүлд миний толгой руу дахиад тасдагч багажаар цохих явцад миний биед гэмтэл учирсан. Надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ... тоотод О-ын гэрт ирсэн. Орой 21 цагийн орчим би болон манай төрсөн дүү Б бид хоёр О ахаас 2-3 сая төгрөг зээлээч Б-д өгч өр дарах гэсэн юм гэхэд О ах надад банкнаас зээл гарахаар өгье гэж хэлсэн. Ингээд Б- хурдан мөнгө өг муу сайн луйварчид минь 2 муу лалар минь та хоёрыг цагдаад өгч шоронд оруулна гэж уурлаад байсан. Энэ үед О ах зээл гарахаар өгнө гэж байна шүү дээ гэж уурлаад байшин дотор барилцаж аваад О ах түүнийг нэг удаа цохисон. Хаашаа яаж цохисон талаар мэдэхгүй байна. Ингээд би тэр хоёрыг салгахад Б түрүүлээд гараад явсан. Араас нь О ах гараад дахиад зодоон болсон. Зодоон болж байх явцад би О ахыг Б-ын биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж байхыг хараагүй ээ. Зодоон дууссаны дараа Б-ын толгойн дагз хэсгээс цус гарахыг харсан. Ингээд Б өөрөө сумын эмнэлэг рүү дуудлага өгөөд сумын эмч ирж үзээд Б-ыг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Гэрч Б.Б-ийн өгсөн:  “...Орой 21 цагийн үед манай нөхөр О гэрт ирээд хоол цайгаа идчихээд газар хагалуулсан тооцоогоо хийнэ гээд гэрээс гарсан. Удалгүй манай нөхөр, нөхрийн дүү Б-, Б нар хамт буцаж гэрт орж ирээд гал тогооны өрөөнд ширээ тойроод гурвуулаа суугаад ярилцаад үлдсэн. Би цаад өрөөнд байсан. Нэг мэдсэн хаалга дуугараад гадаа юм түгжээд байхаар би араас гараад очиход манай нөхөр дүү Б- хоёр хоорондоо барилцаад үүдний амбаарын хажууд хоорондоо зодолдоод байхаар нь эмэгтэй дүү Б бид хоёр салгасан. Манай нөхрийн гарт байсан цахилгаан шар өнгийн тасдагч багажийг би булааж аваад газар шидчихсэн. Тэгээд нөхрөө аваад гэрт оруулсан. Дүү Б- нь гэр лүүгээ гүйгээд явсан. Эмэгтэй дүү Б манайд цуг орж ирсэн. Нөхрийн гар нүүрийг угааж өгөөд манай нөхөр гэрээс гарахад нь дүү Б- нь дахиад манай гэрийн гадаа ирчихсэн дахиад зодолдоод байхаар нь салгаад гэрт оруулаад байж байхад цагдаа эмнэлэг ирээд Б-ыг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 584 дугаартай “Ц.Б-ын биед шээсний сүвний няцрал, дагзны хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Б-ын биед тогтоогдсон шээсний сүвний няцралын гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.Б-ын биед илэрсэн дагзны хуйханд шархны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Б-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн ... дүгээр багийн нутаг дэвсгэрт ... тоот гэртээ төрсөн дүү Ц.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тасдагч багажаар толгой болон бэлэг эрхтэн орчимд цохиж шээсний сүвний няцрал бүхий хүндэвтэр, дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О, хохирогч Ц.Б- нар нь төрсөн ах, дүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ц.О-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харицлаатай зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд биед шээсний сүвний няцрал, дагзны хуйханд шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-ын “...Надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73/ нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдож ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 14 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.О нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.О-ын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн Leilya маркийн тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Б-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 /арван дөрвөн/ сарын хугацаанд сар бүр 200,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн Leilya маркийн тасдагчийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хохирогч Ц.Б-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР