Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 3171

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/03171

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч:О.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Т.Э,

Хариуцагч:Б.О нарт холбогдох

Авто машин гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч О.У, хариуцагч Т.Э, Б.О, өмгөөлөгч Д.Данзандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний нөхрийн ээж Т.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой 23 цагт хамт архи уусангүй гэж агсан тавьж гуйлгачин, боловсролгүй, ядуу гэх мэтээр дайрч хэл амаар доромжилж 2 хүүхэдтэй минь шөнөөр хөөж гаргасан, хөөх асуудал удаа дараа гарч байсан.Хөөгдөж гарснаас хойш миний эзэмшлийн 69-98 УББ улсын дугаартай Toyota prius 20 маркийн авто машиныг өөрийн дүүгийн хамт 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр миний ажлын байранд ирж хэл амаар доромжилж хүч хэрэглэн авч явсан.Иймд өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн авто машиныг Т.Э, Б.О нарын хууль бус эзэмшлээс гаргуулж авах нэхэмжлэл гаргав гэжээ.

 Нэхэмжлэгч О.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хадам ээж намайг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр архи уугаагүй гэж гэрээсээ 2 хүүхэдтэй хамт хөөж гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр миний ажил дээр хадам ээж дүүтэйгээ ирж миний эзэмшлийн Toyota prius 20 маркийн машиныг авч явсан.Энэ машин анх миний нөхөр Б.Оаас миний нэр дээр шилжүүлсэн.Б.О Бичиг Глобус ББСБ-д барьцаалсан байсан ба төлбөрийг би төлж 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.О өөрөө авто тээврийн үндэсний төв дээр очиж шилжүүлсэн.Б.О 2017 оны 7 дугаар сард Япон улсад суралцахаар яваад хэл сураггүй байж байгаад 2018 оны 5 дугаар сарын сүүлээр ирсэн.Б.Оыг Япон явахад мөнгө хэрэгтэй байсан тул би Том Алт ББСБ, ХХКомпанид машинаа барьцаанд тавьж бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 10 000 000 төгрөг зээлсэн.Тухайн зээлийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бүрэн төлж дуусгасан, авто тээврийн үндэсний төвд машиныг миний нэр дээр шилжүүлж өгөх албан тоот болон холбогдох баримтуудыг өгч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Toyota prius 20 маркийн авто машиныг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна, би хуурамч баримт бүрдүүлээгүй, өмнө нь миний нэр дээр байж байгаад Том Алт ББСБ, ХХКомпанид шилжсэн, тэгээд буцаагаад миний нэр дээр шилжүүлсэн, би Б.Оын Бичил Глобус ББСБ-аас авсан мөнгийг төлсөн учраас авто машины эзэмшигч гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Т.Э, Б.О нар шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талд Хишиг төвийн Б корпусийн 6 тоотод байрлах Том Алт ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Т.Эд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэж Т.Эын эзэмшлээс Toyota prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Т.Э би шүүхийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх хуудас бичиж өгөх хүсэлт гаргасан ба энэ хүсэлтийг шийдвэрлээгүй байхад, мөн Toyota prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон татварын жинхэнэ хувь надад байхад Том Алт ХХКомпанитай хуйвалдаж Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээг дахин гаргуулж авсан байна, одоо энэ машин 2 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна.О.У Toyota prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шунахай сэдэлтээр, анх 7 900 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэ үнээс илүү үнэ буюу 10 000 000 төгрөгөөр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл Том Алт ХХК-д барьцаанд тавьж зээл авсан ба нотлох баримтыг Анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, давж заалдаагүй.Мөн Toyota prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг Авто тээврийн үндэсний төвийн архивын лавлагаагаар нотлогдсон ба хэрэгт авагдсан байгаа.Энэ хүн тухайн үед манай гэр бүлийн гишүүн, энэ машиныг хэний мөнгөөр авсаныг сайн мэдэж байсан ба би тэтгэвэрт гарах гэж байна,том машин унаж чадахгүй, жижиг хөнгөн тэрэг унаж ач нараа зөөнө гэсэн төлөвлөгөөтэй, хэлж захиж байсан, энэ тээврийн хэрэгслийг бид гэр бүлийн хэрэгцээнд ажил, сургууль, цэцэрлэгт хүүхдээ зөөхөд хэрэглэж байсан ба гэр бүлийн гишүүдийн зөвшилцөлгүй дур мэдэн авто ломбардад тавьж зээл авсан байсан.Мөн нөхөр Б.Отайгаа мөнгө төгрөгөөс болж байнга хэрүүл хийж, гэрээсээ явж байсан, Б.От байнга дарамт шахалт үзүүлэн ээжийнхээ машиныг миний нэр дээр шилжүүлчих, би ломбард, барьцаанд тавихгүй гэж ам өчиг өгсөөр байгаад өөрийн нэр дээр нөхөр Б.Оаас бэлэглэлийн журмаар шилжүүлж авангуут барьцаалж зээл авсан байсан.О.У Том Алт ХХКомпанитай нийлэн Т.Э намайг машин хулгай хийсэн гэж Цагдаагийн байгууллагад хандаж байсан.Иймд О.Угийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би улсад 32 жил ажиллаж 2016 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарсан, надад 36 сарын цалинтай тэнцэх 24 000 000 төгрөгийг 2 хувааж өгсөн.Би 2009 оноос эхлэн хүүгийнхээ гэр бүлийг тэжээж байгаа.Би уг машиныг Приус центрээс 7 900 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бэлнээр төлсөн, тухайн үед надад иргэний үнэмлэх байгаагүй тул хүү Б.Оын нэр дээр худалдан авсан.О.У ломбард байгуулна гэхэд нь 13 000 000 төгрөг цувуулж өгсөн, 2017 оны 7 дугаар сард хүү Б.О Япон явах болж зардлын мөнгө хэрэгтэй болоход би тэтгэвэрийн 2 жилийн зээл авсан, 15 000 000 төгрөгийн зээлийг өнөөдрийг хүртэл төлж байна.Шүүхийн шийдвэр хүчинтэй, машины гэрчилгээ надад байхад хулгайд алдсан гэж худал хэлж Авто тээврийн үндэсний төвөөс дахин гэрчилгээг авсан байна, Том Алт ББСБ, ХХКомпани О.У нарыг хуйвалдсан гэж үзэж байна, би машиныг О.Угаас авахад машины гэрчилгээ Том Алт ББСБ, ХХКомпанийн нэр дээр байсан гэв.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Авто машиныг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсаас ээжийн тэтгэвэрийн мөнгө орж ирээд Приус центрээс 7 900 000 төгрөгөөр ээж, О.У, хүү бид хамт явж худалдаж авсан, тухайн үед ээжийн иргэний үнэмлэх байгаагүй тул миний нэр дээр худалдаж авсан, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Япон явахаасаа өмнө Бичил Гробус ББСБ-с 1 500 000 төгрөг зээлж, машинаа барьцаанд тавьсан, тухайн үед Т.Уранзаяагаас мөнгө зээлж машинаа барьцаанаас гаргасан.Би ажил хийж мөнгө орж ирэхээр нь Т.Уранзаяа 1 500 000 төгрөгийг буцаан өгсөн.Намайг Японд байхад О.У өөрөө намайг блок хийсэн тул би холбогдох боломжгүй болсон.Намайг Япон явахаас өмнө О.У чи явахаасаа өмнө машинаа миний нэр дээр шилжүүлчих, санаа зовох юмгүй, би зарж үрэхгүй, ээжид өгнө гэхэд нь ээжийн мөнгөөр авсан учраас ээжид өгөөрэй гэж хэлсэн.Энэ үед ээж Говь-Алтай аймаг руу томилолтоор явсан байсан.Би машиныг О.Уд бүрэн шилжүүлээгүй, нотариат дээр гарын үсэг зураад гарсан.О.Уг ээжийн машиныг өгөөсэй гэж хүсэж байна.Машины гэрчилгээний эх хувь нь ээжид байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.У хариуцагч Т.Э, Б.О нарт холбогдуулан Toyota prius 20 маркийн 69-95 УББ улсын дугаартай авто машин гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Toyota prius 20 маркийн 69-95 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7 900 000 төгрөгийг хариуцагч Т.Э 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлж, Б.О нь Г.Лувсансамбуугаас худалдаж авсан үйл баримт нь тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00905 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр Б.Оыг бүртгэж 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон байна.

Нэхэмжлэгч О.У Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг Т.Э өөрийн хөрөнгөөр худалдаж авсан үйл баримтад маргахгүй гэдгээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд тайлбарласан байна.

Хариуцагч Б.О нь Бичил Глобус ББСБ-аас зээл авч тухайн тээврийн хэрэгслийг уг зээлийн барьцаанд тавьсан байсныг нэхэмжлэгч О.У нь зээлийн мөнгийг хүү, алдангийн хамт төлж, тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж авсан гэж тайлбарлаж байна.

Б.Оын Бичил Глобус ББСБ-аас авсан зээлийн мөнгийг тухайн байгууллагад эргүүлэн төлж байгаа үйл баримтыг О.У Toyota prius 20 маркийн 69-95 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд ийнхүү Б.Оын зээлийн төлбөрийг төлснөөр О.У уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох талаар тэд тохироогүй байна.

Мөн Б.О 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Toyota prius 20 маркийн     69-95 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг О.Угийн нэр шилжүүлсэн тухайг Т.Э 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу О.Угаас машин авсан өдрөө мэдсэн гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.У нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Оаас 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж авсан, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Том Алт ББСБ, ХХКомпанид барьцаалж 10 000 000 төгрөгийг зээлж авсан байхад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т.Э нь О.Угийн эзэмшлээс авто машиныг авахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Том Алт ББСБ, ХХКомпанийн нэр байсан гэж тайлбарлаж байна.

О.У намайг Япон явахаас өмнө машинаа миний нэр дээр шилжүүлчих, санаа зовох юмгүй, би зарж үрэхгүй, ээжид өгнө гэхэд нь ээжийн мөнгөөр авсан учраас ээжид өгөөрэй гэж хэлсэн, энэ үед ээж Говь-Алтай аймаг руу томилолтоор явсан байсан, би машиныг Т.Уранзаяад бүрэн шилжүүлээгүй гэж хариуцагч Б.О тайлбарлаж байна.

О.У Toyota prius 20 маркийн 69-95 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн барьцаанд тавьж Том Алт ББСБ, ХХКомпанийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлсэн байх үед нь авто машиныг Т.Э өөрийн эзэмшилдээ авсан болохыг О.У мэдэж байсан атлаа Авто тээврийн үндэсний төвд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг алдсан гэж хэлж, зөвхөн Том Алт ББСБ, ХХКомпаниас ирүүлсэн баримтаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байгааг хариуцагч нар хуурамч баримт бүрдүүлж авсан гэж тайлбарлаж байна.

Дээрх тайлбаруудаас үзэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээг О.Угийн нэр дээр шилжүүлсэн Б.Оын хүсэл зориг нь ээжийнхээ мөнгөөр авсан авто машиныг түр хугацаагаар О.Уд эзэмшүүлэхээр хийсэн хэлцэл гэж үзэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

Ийнхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулснаар  О.Уг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй.Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан байна.

Иймд хариуцагч нараас авто машин гаргуулах тухай О.Угийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Т.Э, Б.О нараас Toyota prius 20 маркийн 69-95 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай О.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН