Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/724

 

          

 

 

   2022        07          06                                   2022/ШЦТ/724

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Нчимэг

Улсын яллагч Т.Цогтмагнай,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ......... холбогдох эрүүгийн 2209000000803 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “Ө” хүнсний дэлгүүрт худалдагч), ам бүл 7, төрсөн эцэг, эх, 4 дүүгийн хамт, ............тоотод оршин суудаг, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ............../,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.М нь 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө 04-05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” /Lux/ нэртэй баараар үйлчлүүлж байхдаа мөн тус баараар үйлчлүүлж байсан иргэн М.Нтай “суудал”-аас болж маргалдан тус бааран дотор болон баарны гадаа түүний биед халдан зодож баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.М нь 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө 04-05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” /Lux/ нэртэй баараар үйлчлүүлж байхдаа мөн тус баараар үйлчлүүлж байсан иргэн М.Нтай “суудал”-аас болж маргалдан тус бааран дотор болон баарны гадаа түүний биед халдан зодож баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Нын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Л” бааранд эхнэр болох Б.Мы хамт орж үйлчлүүлж байгаад хэсэг хүмүүстэй маргалдсан. Эхнэр бид 2 тэкэнд сууж байгаад бүжгийн талбай орж бүжиглээд иртэл хүмүүс суучихсан байсан. Тэгээд би “энэ сандалд бид 2 сууж байсан юм” гэтэл маргаан болсон ба нэг хар өнгийн торон хувцастай эмэгтэй ирээд манай эхнэрийн үснээс зулгаагаад эхлэх үед тэнд зодоон болсон. Цагаан өнгийн цамцтай шивээстэй залуу ирээд надтай зодолдсон ба нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад гадаа гаргасан. Тэгээд би цагдаа дуудсан ба нөгөө хэд зугтах гээд байхаар нь би очоод тэд нарын машиныг ухрах үед нь 2,3 удаа өшиглөсөн, тэр үед нөгөө цагаан өнгийн цамцтай залуу бууж ирээд надтай дахиж зодолдсон, миний нүүр ам руу цохиод байсан. Хамгаалагч нар дахиж ирж салгасан. Миний нүүр ам, хөл хөхөрчихсөн байсан ба тэд нар өөрсдийн ......... улсын дугаартай машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед гарсан маргаанаас болж зодолдсон гэж бодож байна, муудалцаад цохилцох нь цохилцсон. Тухайн бааранд ороод 300 грамм виски уусан байсан. Тухайн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Тухайн өдөр манай эхнэрийг цохиж зодсон асуудал байхгүй, харин тэнд байсан хар торон хувцастай эмэгтэй манай эхнэрийн үсийг зулгаагаад байсан. Өөрөө цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мы өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ны шөнө 4 цаг 30 минутын орчимд нөхөр М.Нын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд нөхрийн хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад эргээд ширээн дээрээ суух гэтэл бид хоёрын ширээн дээр 3 залуу, 3 эмэгтэй суучихсан байсан ба “сандал дээрээ суучихъя” гэж хэлэхэд “чи энийг худалдаад авчихсан юм уу, чи хэний хүүхэдтэй ярьж байгаагаа мэдэж байна уу” гэж хэлсэн. Тэгээд маргалдаад зодоон үүссэн ба манай нөхөр М.Ныг цохиж зодож цамцыг нь урсан ба хамт явсан торон цамцтай үсээ задгай тавьсан 165 см орчим өндөртэй эмэгтэй хүн намайг үсдэж хэл амаар доромж, толгой руу цохисон. Баарны хамгаалагч нар “гадаа гарч зодолд” гээд бид нарыг хөөгөөд гаргасан. 1391 УАТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээс бааранд зодсон залуу бууж ирээд дахин зодоод газар унахад нь баруун хөл дээгүүр нь машинтайгаа гараад явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Уг хүмүүс бид хоёрын ширээнд сууснаас болж маргалдсан. Миний толгой өвдөж байгаа, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би одоо харвал танина, ямар ч байсан нэг эмэгтэй нь торон цамцтай үсээ задгай тавьсан байсан, цагаан өнгийн цамцтай залуу нь 168-170 см өндөртэй байсан ба тэр дунд ганцхан цагаан өнгийн цамцтай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нгийн өгсөн “...Тухайн өдөр би 1 эрэгтэй болон 2 эмэгтэй найзтайгаа тус бааранд үйлчлүүлж байсан. Тэгээд дотор нь байж байхад текний хажууд манай эрэгтэй найз тэнд байсан нэг эрэгтэй хүнтэй суудлаас болж маргалдаад байх шиг байсан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Хамгаалагч нар бид нарыг гадаа гаргасан. Гадаа гарч ирээд бас муудалцаад байх шиг байсан, би сайн ойлгоогүй. Тэгээд миний машинд бид нар сууцгаагаад хөдөлж явсан. Өөр юм санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/-р тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 5138 дугаартай “...М.Нарансувдын биед баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн өгсөн “...Хохирогч М.Нтай 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” бааран дотор суудлаас болж хэрэлдэж маргалдсан ба тухайн өдөр миний бие М.Нын нүүрэн тус газарт нь 2 удаа зүүн гараараа цохисон, хувцаснаас нь зууралдаж заамдсан. Мөнх “Л” баарны гадна машины голд зууралдаж байгаад газар хамт унасан ба тэр үед хөлд нь гэмтэл учирсан байх гэж бодож байна. Хохирлын мөнгийг төлж барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч О.Мд холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /Найман зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР