Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0244/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Л-д холбогдох 2218000000... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л, 199... оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...аймгийн ... суманд төрсөн, 2...настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Л-ын өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 500.000 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,   

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.М-ийн өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай хүргэн Б.Л- нь миний охин Б-ийг мөн л ажлаасаа орой ирлээ гээд хэл үгээр доромжилж загнаад байхаар нь би “чи ер нь дандаа ингэдэг .ямар учир байна” гэхэд намайг “чи муу янхан чимээгүй бай” гээд миний хүзүүнээс багалзуурдаад гэрийн том өрөөнд арагш түлхэж миний дээрээс дараад унасан. Намайг дарж унахдаа баруун хөлийн шагай хэсгээр эвгүй дараад унасан. Мөн намайг унасан байхад дээр суучихаад хоолой шахаад байсан. Намайг босоод ирэхэд миний баруун хөл шагай хэсгээрээ эргэсэн байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Л- бид хоёр эвлэрсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10-11/,

 

Гэрч М.Б-ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд намайг ажлаасаа ирэхэд манай гэрт ээж М болон манай нөхөр Л нар байсан. Би нөхөртэйгээ ямар хоол хийх вэ гээд яриад зогсож байтал манай ээж М бид хоёрын яриаг буруу ойлгосон бололтой нөгөө талын өрөөнөөс гарч ирээд Л руу уурлаж чи яахаараа дандаа миний охиныг дээрэлхэж байдаг юм, арчаагүй гэр бүлээ аваад явчихаж чадахгүй гэх мэтээр нилээд загнасан. Тухайн үед би ээжид хандаж та буруу ойлгоод байна гэдгийг нь хэлсэн. Гэтэл тэр ямар хамаатай юм гээд л загнаад байсан. Ингээд Л гэрээс гарах гээд хувцасаа өмсөөд байж байтал өмссөн саарал подволкийг нь татаж чангаагаад урчихсан. Л подволкоо солиод улаан өнгийн подволк өмсөөд за за гаръя гээд би хамт хүүхдээ аваад гарах гэтэл хүүхдийн хөлнөөс татаад байсан. Л хүүхдээ надад өгчихөөд гэрийн том өрөөнд ээжтэй хамт ноцолдоод ээж доор нь ороод Л дээр гараад уначихсан. Тэгээд босоод иртэл ээжийн баруун хөл бага зэрэг эргэчихсэн байсан. Л гараад явсан. Би яг хэрхэн яаж унасаныг нь сайн хараагүй, хүүхдээ тэврээд хол зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Э.М-ын өгсөн: Манай эхнэр М.Б- нь Дархан-Уул аймагт охин М.Б-ийн хүүхдийг харахаар очсон байсан юм. Намайг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирэхэд манай эхнэр М нь эмнэлэгт хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад хүргэн Б.Л-тай маргалдаж улмаар барилцаж байгаад хоёулаа давхралдаад унасан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Д.Н-ийн өгсөн: Б.Л- нь хадам ээжтэйгээ маргалдаад хүүхдээ аваад гэрээсээ эхнэр М.Б-ийн хамт гарах гэж байтал араас нь татаж чангаагаад байхаар нь гэрийнхээ том өрөөнд ноцолдоод хөлөөрөө дэгээдээд унагасан. Ингэж унагахдаа өөрөө дээрээс нь дараад уначихсан. Босоод ирэхэд хадам ээж Б.М-ийн баруун хөл нь эвгүй болсон байсан гэж хэлж байсан. Би энэ талаар өөрийн хүү Б.Л-аас сонссон. Мөн манай худ Б.М-тэй очиж уулзахад Б.Л-ын ярьсан үйл явдлыг л надад хэлж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ий 17/,

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Л-аас ирүүлсэн саарал өнгийн богино ханцуйтай подволк нь урд болон ард хэсэгтэй ямар нэгэн бичиглэлгүй ханцуйны үзүүр хэсэгт цагаан өнгийн 3 ширхэг зараастай байх ба уг подволкны зүүн талын мөр хэсэгт оёдлоороо ханзарч урагдсан байлаа. ...улаан өнгийн богино ханцуйтай подволконд хийхэд урд хэсэгтэй цагаан өнгийн Nike логотой ямар нэгэн бичиглэлгүй байх ба уг подволкны зүүн мөрний ар хэсэгт цоорч урагдсан гэх хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 672 дугаартай Б.М-ийн биед баруун хөлийн шагайны гадна хавчаар ясны хугарал, мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.М-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27,/

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-30/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаартай Б.Л-ын биед зүүн гарын шуу, хэвлийн өмнө хэсэгт залгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л- нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн ... тоот гэртээ хадам ээж Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар ноцолдож газарт унагасны улмаас Б.М-ийн эрүүл мэндэд баруун хөлийн шагайны гадна хавчаар ясны хугарал, мултрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Л-ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд  баруун хөлийн шагайны гадна хавчаар ясны хугарал, мултрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.М-ийн “...надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Л- бид хоёр эвлэрсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт, хохиролд 990,000 төгрөг шилжүүлсэн тухай баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Л- нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л-ын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР