| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03320/И |
| Дугаар | 102/ШШ2018/03256 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2018/03256
| 2018 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2018/03256 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.С,
Хариуцагч: Ж.Н нарт холбогдох газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д /үнэмлэх 0603/, хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ч.М /үнэмлэх 2428/, гэрч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд тухайн үеийн Октябрын районы Горькийн 4-43 тоот хашааг Пүрэвжав гэдэг хүнээс худалдаж авсан. Улмаар манайх энэ хашаанд нүүж ирж амьдарсан, хүүхдүүд ч бага байсан. Тэгээд 1987 онд манайх орон сууцанд орж, хашаагаа эзэнгүй байлгахгүйн тулд ах дүү нараа хашаандаа буулгаж байгаад, 1997 онд хүү Т.Ад газар, хашаа байшингаа шилжүүлж, Баянгол дүүргийн Засаг даргын 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн Б/450 тоот захирамж гарсан, газар эзэмшүүлэх 9488 дугаартай үнэмлэх гарсан. Дараа нь 1998 онд хүү Т.С-ынх тэр хашаанд гэр бариад амьдарсан. Гэтэл 2009 онд Т.С Ж.Н, С.Баярмагнай нарт хашааны 476 метр квадрат газрын хууль ёсны өмчлөгч гэсэн гэрчилгээ авсан байсан. Уг газрын гэрчилгээг анх Т.А өөрийн нэр дээр авсан байсан учраас Т.А газрын өмчлөгч болох ёстой. Иймд Т.А-г Баянгол дүүргийн 9-р хороо, хуучнаар Горькийн 4-43 тоот/ одоогийн 3-61 тоотод байрлах 440 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Т.С, Ж.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол 9-р хороо, Горькийн 3-р гудамжны 18 тоот хашаанд Т.С бид хоёр 1998 оноос эхэлж амьдарсан. Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 01-р сарын 09-ний өдөр олгосон 0101002371 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр тухайн газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дараа нь Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 8-р сарын 04-ний өдрийн 322 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дээрх 476 м.кв газрыг Т.С, Ж.Н, С.Баярмагнай нарт өмчлүүлэх шийдвэр гарч, 2007 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Бид хууль ёсны дагуу газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Баянгол дүүүргийн 9-р хороо, Горькийн 3-18 тоот нь 3-61 болсон, өмнө нь Т.А газар эзэмших эрхтэй байсан бол бидэнд газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь Т.С, Ж.Н нарт холбогдох газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн Засаг даргын 1997 оны 12-р сарын 19-ний өдрийн Б/450 тоот шийдвэрээр Т.А-д Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 4-р гудамжны 43 тоот 300 м.кв газрыг хашааны зориулалтаар эзэмшүүлж, 9488 дугаартай үнэмлэх /хх 4/ олгожээ.
Харин Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С-т 2001 оны 01-р сарын 09-ний өдөр дээрх газрыг буюу тухайн үед Горькийн 3-18 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших 0101002371 тоот гэрчилгээг /хх 5, 51, 52/ олгосноор Т.Агийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Газар эзэмшигч Т.С, гэр бүлийн гишүүн Ж.Н, С.Баярмагнай нарт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 322-р захирамжаар Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 3-р гудамжны 61 тоот 18639311089528 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 476 м.кв 628200 төгрөгийн үнэ бүхий газрыг үнэгүй өмчлүүлсэн, улмаар улсын бүртгэлийн Г-2205002582 дугаарт бүртгэж, 2007 оны 03-р сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн 000001800 тоот гэрчилгээ олгогдсон, шийдвэр хүчин төгөлдөр, улсын бүртгэл үнэн зөв байна.
Түүнчлэн өмчлүүлсэн газар дээр барисан 48.3 м.кв талбайтай амины орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2205026865 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000007962 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, өмчлөгч нар байна. /хх 40-50/
Талуудын маргасан Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 3-р гудамжны 61 тоот газар, хашаа нь Баянгол дүүргийн нутаг 3, 4-р хороолол, авто замын барилгын ажлын газар чөлөөлөлт зэрэг ажлын улмаас хаягжилт өөрчлөгдөн Горькийн 4-43, 3-18, 3-61 тоот болж өөрчлөгдсөн нь Баянгол дүүргийн 9-р хороны Засаг даргын тодорхойлолт /хх 64-65/, зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.
Т.А нь газрын эзэмших эрх зөрчигдсөн талаар Газрын тухай хуулийн 60-р зүйлд заасан журмаар, Т.С, Ж.Н нарт газар өмчлүүлсэн шийдвэрт гомдол гаргаж байгаагүй байх ба түүнд газар өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нь маргаж байгаа газар эзэнгүй байсан, түүнийг Т.С нар олж авснаар эзэмшигч болсон гэж тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Т-ийн “...энэ хашааг 1982 онд худалдан авч гэр бүлийн хамт амьдарч байгаад 1987 онд орон сууцанд орсон” гэсэн тайлбар, гэрч С.С-ийн “...би 1970 онд энэ хороонд нүүж ирсэн, 1970 оноос Горькийн 3-61 тоот энэ хашаанд Пүрэвжав амьдарсан, 1982 онд Т.П-оос худалдаж авсан, би өөрөө хорооны цагдаа байсан учраас хорооны ажилд их оролцдог байсан, Т-тай их ойрхон байсан” гэсэн мэдүүлэг, Т.А тус газрыг эзэмших эрхтэй байсан баримтаар тус тус няцаагдсан, өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хэргийн 6-12 дахь талд авагдсан үнэлгээний баримтын талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь газрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг газрын үнэлгээний хэмжээгээр бус, харин 70 200 төгрөг төлсөн байх тул 6 283 200 төгрөгөөс тооцож зөрүү 45 281 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101-р зүйлийн 1061.1 дэх хэсэг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.С, Ж.Н нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2205002582 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18639311089528 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамжны 61 тоот хаягт байрлалтай, 476 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Т.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Т.А-гаас 45 281 төгрөг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА