Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0234/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Золзаяа,

Хохирогч Н.Н ,

Иргэний нэхэмжлэгч Б.Цолмончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ийн Э-д холбогдох 2218000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт Г-ын Э /РД:.......... /, .......  оны .....  дугаар сарын .... -ны өдөр ........  аймгийн ..........  суманд төрсөн, ........  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. , ..  хүүхдийн хамт ...... аймгийн ............  сумын ....  баг ............  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Э  нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ....  дугаар багийн ...............  дээр ....  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.4-т заасан “тусгай дуут гэрлэн дохио ажиллуулсан автомашинд ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг олгоно.” гэсэн заалтыг зөрчиж яаралтай түргэн тусламжийн ....  ДАА улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас яаралтай түргэн тусламжийн машин дотор үйлчилгээ үзүүлж явсан эмч Н.Н ын эрүүл мэндэд тархины дунд зэргийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э  мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Н.Н  мэдүүлэхдээ “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр осолд орсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэж хэвтсэн. Эмнэлгээс гарсны дараа гэрээр эмчилгээ хийлгэсэн. Энэ ослын улмаас тархи толгой байнга өвдөж, өвчин намдаах эм уудаг болсон. Тухайн үед хоёр хөл маань хөдөлж болохгүй байсан. Нуруу болон толгой маш их өвдөж байсан. Гэмтлийн эмч тархины Имрай авхуулах шаардлагатай байна. Эмчилгээ хийлгэсэн 457.150 төгрөгийн баримттай нэхэмжлэлээс Г.Э -ийн зүгээс 300.000 төгрөгийг төлсөн. Үүний үлдэгдэл 157.150 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц  мэдүүлэхдээ “...Манай байгууллагын түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.000.000 төгрөг болон 120.000 төгрөг нийт 6.120.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000253 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг /хх-ийн 03-05-р хуудас/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09-р хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, хохирогч АрХохиН.Н ын мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,  иргэний нэхэмжлэгч Ч.Б-ын мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Зо-ийн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 513 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн  76-77-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 102-103-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 495 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 114-115-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 135-136-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 128-р хуудас/, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай техникийн шинжээч Ш.Бямбажавын дүгнэлт /хх-ийн 148-149-р хуудас/,  2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай техникийн шинжээч Ш.Бямбажавын дүгнэлт /хх-ийн 164-165-р хуудас/, С.Саруулболдын 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 219-р хуудас/, С.Саруулболдын 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 228-р хуудас/, хохирогч Н.Н аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 21-24-р хуудас/,  яаралтай түргэн тусламжийн 103 тасгийн 5 дугаар сарын эмч, диспетчер, жолооч нарын график /хх-ийн 39-р хуудас/, Нэгдсэн эмнэлгийн ажилчин алба хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-ийн 40-р хуудас /, иргэний нэхэмжлэгч Н.Б-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 58-61-р хуудас /, ........  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 181 хуудас /, “Бан хас” ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 182-р хуудас/,  “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 208-209-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Э д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э -ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э  нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .....  дугаар багийн ............  дээр ....  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4.4-т заасан “тусгай дуут гэрлэн дохио ажиллуулсан автомашинд ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг олгоно.” гэсэн заалтыг зөрчиж яаралтай түргэн тусламжийн ....  ДАА улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас яаралтай түргэн тусламжийн машин дотор үйлчилгээ үзүүлж явсан эмч Н.Н ын эрүүл мэндэд тархины дунд зэргийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг /хх-ийн 03-05-р хуудас/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09-р хуудас/,

 

            Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

 

            Хохирогч АрХохиН.Н ын “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр намайг яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 15-16 цагийн орчим 103-ын утаснаас “........-ын орчимд машин онхолдсон байна” гэсэн дуудлага ирсний дагуу ........  ДАА улсын дугаартай албаны машинтай жолооч Баасанбатын хамтаар явсан. Ингээд ослын газарт очоод тэндээсээ түргэний машины арын хэсэгт 2 эмэгтэй, 1 хүүхдийг аваад би хамт суугаад буцаад Дархан сумын Нэгдсэн эмнэлэг рүү явж байх үед Монгол алтны уулзвараар жолооч дуут дохиогоо ажиллуулаад нэвтрэх үйлдэл хийхэд эмнэлгийн машины баруун гар талаас саарал өнгийн Соната-6 маркийн  машин мөргөөд миний сууж явсан машин алтны уулзвар дээр 16 цагийн орчимд онхолдсон. Жолоочийн ар талд насилкатай суудалд буюу зүүн талд би ганцаараа харин урдаас хараад 2 эмэгтэй хүүхдээ тэврээд сууж байсан. Ингээд машинд мөргүүлээд миний сууж явсан талаар унаад нэг эмэгтэй нь миний дээр дарж унасан. Тухайн үед миний биеийн энд тэндгүй хөхөрсөн байсан мөн толгойд цус хуралт үүссэн, нуруу гэмтсэн байсан. Эмчилгээний зардлыг буруутай хүнээр төлж барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад 15 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын ......  дугаар баг, ........  дээр ..........-ийн тасгийн машин мөргөлдөөд онхолдсон байна гэж Ерөнхий эмч хэлсний дагуу хамт ослын газарт очиход манай машиныг түр саатуулах хашаа руу аваад явсан байсан. Би энэ хэрэгт тээврийн хэрэгсэлд учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зам тээврийн ослын улмаас яаралтай түргэн тусламжийн тасгийн машинд байвал зохих пултсоксиметр буюу амин үзүүлэлт үздэг багаж эвдэрсэн байсан. Уг багажийн зах зээлийн үнэлгээ 120.000 төгрөг байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 

 

            Иргэний нэхэмжлэгч Ч.Б-ын “...Би өвчтөн аваад явж байсан учраас дуут гэрэл дохио бүгдийг ажиллуулсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн “...Би ........ аймгийн ..... сумын ... -р баг, ..  дугаар баг, ... -р байрны ......  тоотод байрладаг 15 м2 өрөөг гоо сайхны зориулалтаар сарын 250.000 төгрөгөөр түрээслэн би өөрөө гоо сайханч, маникюр хийдэг юм. Осолд орсны дараа 10 хоног ажлаа хийгээгүй энэ хугацааны ажлын хөлсийг нэхэмжилмээр байна. Би өдөрт ойролцоогоор 100.000-150.000 төгрөгийн ашиг олдог. Осолд орсноос хойш 320.130 төгрөгийн хохирол учирсан ингээд бодохоор 1.570.130 төгрөг нэхэмжилж байна. Мөн баримтгүй 500.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.З-ийн “...2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хадам дүү болох Б-ийг охин Ц-ийн хамтаар Сэлэнгээс Дархан орохоор явж байсан. Би Сэлэнгээс өөрийн Т.Приус-20 маркийн ........  УБЛ улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслээр 13 цаг 15 минут болж байхад гарсан ингээд явж байгаад Дарханы Цагааннуурын ойролцоо осолд ороход 15 цаг 15 минутаас 20 минутын хооронд болсон байх тэгээд би Сэлэнгэ Дархан 2 хооронд бүтэн 2 цаг явсан. Дарханы Цагааннуурын орчимд уул өсгөж явахад миний өөдөөс буюу Сэлэнгэ чиглэлд 4 машин явж байсан. 2 дахь машин Т.Ланд крузер-200 маркийн машины хамгийн урд явж байсан жижиг машиныг гүйцэж түрүүлэх гээд миний явж байсан урсгалд ороод ирэхээр нь би өөдөөс нь сигналдаад байхад тэр чигээрээ явсаар байгаад миний машиныг шүргэх шахам миний хажуугаар гараад явахад нь би сандарсандаа баруун гар тал руугаа дарсан. Цагааннуурын орчимд машинтайгаа зам руу ороод түргэн ирж авахад миний нуруу өвдөж байсан. Түргэний машинтай явж байгаад машин унахад 2 хөл зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн мөн тархины баруун хэсэгт цус хурсан, хавирга өвчтэй байна гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

 

            Гэрч Г.О-ын “...Би 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр томилгоот хуваарийн дагуу Дархан сумын  нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд явж байх хугацаанд ........ дээр эмнэлгийн .......  ДАА улсын дугаартай автомашин дуут дохио болон гэрлээ асаачихсан уулзвараар хойноос урагш чиглэлд нэвтэрч байхад уулзварын ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт уулзвар нэвтэрч байсан ....  ДАХ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн машин эмнэлгийн машиныг уулзвар нэвтэрч дуусаагүй байхад  хөдөлгөөнөө эхэлж эмнэлгийн  машины хажуугаас мөргөж улмаар мөргүүлсэн эмнэлгийн  машин хажуу талаараа уначихсан. Тэгээд би тухайн унасан машин дээр явж очоод дотор нь байсан хүмүүсийг эмнэлгийн машины баруун урд талын хаалгаар гаргасан.  Би дотроос 1 бага насны нялх хүүхэд, 1 жолооч, 2 эмэгтэйг гаргасан. Эмчийг жолоочтой хамт арын хаалгыг нээж байгаад гаргасан. Эмчийн биеийн байдал хүнд байсан учир нь нуруу нь хөдлөхгүй толгой маш их өвдөж байна гэсэн. Харин хүүхэд болон 2 эмэгтэйн биеийн байдал гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 513 дугаартай шинжээч эмчийн “...Н.Н ын биед тархины дунд зэргийн няцрал, бүсэлхийн нугалмын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой цээж, зүүн бугалга, баруун хөлийн шилбэ, гуя, зүүн хөлийн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.  Н.Н ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн  76-77-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаартай шинжээч эмчийн “...Б.З-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүд, баруун бугалга, бүсэлхий, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 102-103-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 495 дугаартай шинжээч эмчийн “...Н.Б-ийн биед бүсэлхийн 3-р нугалмын арын сэртэнгийн ясны гэмтэл, хоёр шуу, хоёр гуя, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 114-115-р хуудас/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаартай шинжээч эмчийн “... Ч.Б-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 135-136-р хуудас/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай шинжээч эмчийн “...Ц.Ц-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 128-р хуудас/,

 

            2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай техникийн шинжээч Ш.Бямбажавын “...Hyundai Starex маркийн ........  ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна.Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 148-149-р хуудас/, 

 

            2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай техникийн шинжээч Ш.Бямбажавын “...Hyundai Sonata-6 маркийн саарал өнгөтэй  ......  ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4698:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 164-165-р хуудас/, 

 

            С.Саруулболдын 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “...Г овогтой Э  нь ........  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 4.4-т заасан “тусгай дуут гэрлэн дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад /автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг олгоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. .......  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн хурд тухайн үед 30 км/ц байна. Машины хурдыг тодорхойлохдоо машиныг мөргөсөн А цэгээс тоормослоод зогссон зай 6.97м байна. Машины үрэлтийн коэффициент 0.5, хүндийн хүчний хурдатгал 9.81 м/с2 байна. Эдгээр өгөгдлүүдийг томьёонд орлуулж хурдыг тодорхойлсон. Осол гарсан шалтгаан нь жолооч хайхрамжгүй, анхааралгүй явсан. Замын хөдөлгөөний дүрмийн 4.4 заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 219-р хуудас/,

 

            С.Саруулболдын  2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “...Ч  овогтой Б нь ....  ДАА улсын дугаартай Hyundai Starex маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл алга...” гэх дүгнэлт /хх-ийн 228-р хуудас/,

 

            Хохирогч Н.Н аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 21-24-р хуудас/,

 

            Яаралтай түргэн тусламжийн 103 тасгийн 5 дугаар сарын эмч, диспетчер, жолооч нарын график /хх-ийн 39-р хуудас/,

 

            Нэгдсэн эмнэлгийн ажилчин алба хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-ийн 40-р хуудас /,

 

            Иргэний нэхэмжлэгч Н.Б-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 58-61-р хуудас/

 

            ....... .......  ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 181 хуудас /,

 

“Бан хас” ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 182-р хуудас/,  

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 208-209-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагаас шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч Г.Э  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн улмаас хохирогч Н.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Э г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Хохирогч Н.Н  нь эмчилгээний зардалд 457,150 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ц нь 6,120,000 /тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг, амин үзүүлэлт шалгагч багажны үнэ 120,000/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б нь 1,570,130 төгрөг /гоо сайхны түрээсийн төлбөр 250,000 төгрөг, шатахууны зардал 100,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000, эмчилгээний зардал 220,130 төгрөг/-ийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Н д 300,000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэж, хохирогч Н.Н-д 157,150 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-т 6,120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 285,065 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газрын орчимд зам тээврийн осолд орж яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж явахдаа Дархан сумын 7 дугаар баг .......-т дахин зам тээврийн осолд орсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд аль ослын улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсныг тогтоох боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн баримтаар нэхэмжилсэн 570,130 төгрөг/гоо сайхны түрээсийн төлбөр 250,000 төгрөг, шатахууны зардал 100,000 төгрөг, эмчилгээний зардал 220,130 төгрөг/-ийн тал хувь 285,065 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 1,285,065 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Н  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч дүгнэлдтээ: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.ЗолзаяаШүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өрх толгойлсон 3 хүүхдийн хамт амьдардаг эх хүн учир улсын яллагчийн санал болгосон 1 жил гэх хугацааг багасгаж өгнө үү.” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д  3 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, В ангиллын ..........  дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э д буцаан олгохоор  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Гын Э  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Г.Э д шүүхээс оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Э  нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э -оос нийт 6,562,215 төгрөг гаргуулж, хохирогч ........  аймгийн ...  сумын ..  дүгээр баг .......  тоотод оршин суух А овогт Н-ийн Н /РД:........, утас-....... /-д 157,150 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ........ аймгийн ...........сумын .......  дугаар баг .........  тоотод оршин суух Б овогт Б-ийн Ц /РД:....... , утас-.......... /-д 6,120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ......  аймгийн ....... сумын .... дугаар баг ...  дугаар хэсэг ... тоотод оршин суух Б  овогт Н-ийн Б  /РД:.... , утас-..... /-д 285,065 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Н  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 1,285,065 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, В ангиллын ........  дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР