Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0649/Э |
Дугаар | 2022/ШЦТ/857 |
Огноо | 2022-09-02 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/857
2022 09 02 2022/ШЦТ/857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Д.Даваадорж,
хохирогч А.Т,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2209001530926 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Э.Г/регистрийн дугаар/, 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр .... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамтаар ..... тоотод оршин суух бүртгэлтэй, .... тоотод түр оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Г нь “...." сайтад “лангуу захиалгаар хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн А.Тд “7 хоногийн дотор 1.500.000 төгрөгөөр лангуу хийж өгнө, урьдчилгаанд 1.000.000 төгрөг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй худалдааны төвийн ойролцоогоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Тийн мэдүүлэг, шүүгдэгч Э.Гсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч “..." сайтад “лангуу захиалгаар хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн А.Тд “7 хоногийн дотор 1.500.000 төгрөгөөр лангуу хийж өгнө, урьдчилгаанд 1.000.000 төгрөг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй худалдааны төвийн ойролцоогоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Э.Г нь хохирогч А.Тийг залилсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогчоос авсан мөнгөөрөө байрны зээл төлсөн гэж буруу санасан байна. Тухайн мөнгөөр 100 айл худалдааны төвөөс лангууны материал авсан. Тэгээд тэр авсан материалаараа эмийн сангийн лангуу хийгээд өгчихсөн юм. Би тэр үед А.Тийн лангууг хийж өгөх боломжтой байсан. Хийж өгье гэж бодож байсан боловч материал авах мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-50/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т мэдүүлсэн: “...Би Э.Г руу 2021 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн. Тухайн мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
-хохирогч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгсөн. Хэрхэн яаж хохирсноо мэдүүлсэн байгаа. Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авмаар байна. Тухайн үед 7 хоногийн дотор лангуугаа хийлгэж авахаар тохиролцоод Э.Ггар утас руу залгахад тэрээр “тавиур хийж амжаагүй байна” гэж хэлснээ надаас дахиад 100.000 төгрөгийг нэхээд байхаар нь би өгөөгүй юм. Түүнээс хойш дахиад холбогдоод “тавиур хийх явц ямар шатандаа явж байна” гэж асуухад тэрээр надтай уулзахгүй зугтаагаад яваад байсан. Захиалга авсан газартаа очиход Э.Г байхгүй байсан ба би түүнээс мөнгөө буцааж авна гэхэд тэрээр “дансаа явуулчих” гэхээр нь дансаа явуулсан боловч алга болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Г нь “..." сайтад “лангуу захиалгаар хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн А.Тд “7 хоногийн дотор 1.500.000 төгрөгөөр лангуу хийж өгнө, урьдчилгаанд 1.000.000 төгрөг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй худалдааны төвийн ойролцоогоос интернэт банк ашиглан шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банканд эзэмшдэг .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Гд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Г нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Э.Г өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/349 дугаартай тогтоолоор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Э.Гдээрх үйлдлийн улмаас хохирогч А.Тд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс дээрх 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Тд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч хохирогч нар нь хохирол төлбөртэй холбоотойгоор харилцан тохиролцсон болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.ГЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Гд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гас 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Т (РД:....)-д олгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР