| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/03239/И |
| Дугаар | 102/ШШ2018/03201 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2018/03201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э
Хариуцагч: “М” ХХК
Түрээсийн төлбөр 720000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбек
хариуцагчийн төлөөлөгч Б.Н
нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э нь “М" ХХК-тай 2018 оны 6-р сарын 08-ны өдөр түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 20 тоот лангууг түрээслэн үйл ажиллагааг 08-р сард явуулахаар болж м.кв нь 45000 төгрөгөөр тохиролцож, 945000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны ... тоот данснаас ..... тоот шилжүүлсэн юм. “М” ХХК нь түрээсийн м.кв-ыг нь 45000 төгрөгөөс 40000 төгрөг болгосон гэж 2018 оны 6-р сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг дахин Г.Этэй байгуулж, 225000 төгрөгийг буцаан олгосон байна. 2018 оны 7-р сард түрээслэгч Г.Э “лангууг түрээслэн ажиллуулж чадахгүй болсон гэрээ цуцалмаар байна” гээд утсаар түрээслүүлэгч талд мэдэгдэж байсан ба хариу өгөхгүй байхаар 2018 оны 8-р сарын 23-ны өдөр “М” ХХК-ийн захирал Б.Нид “гэрээг цуцалж, түрээсэнд төлсөн 720000 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан ба хүсэлтийн хариуг 2018 оны 08-р сарын 27-ны өдөр “720000 төгрөгийг буцаан олгох боломжгүй” гэж өгсөн. Түрээслэгч Г.Э нь 20 тоот лангууг түрээслэн авсан ч ажиллуулаагүй ба түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай түрээслүүлэгч тал болох “М” ХХК-д мэдэгдэж, гэрээг цуцалсан ч төлсөн төлбөрийг нь “М” ХХК хууль болон түрээсийн гэрээний зүйл заалт зөрчиж, төлбөрийг нь буцаан олгохгүй Г.Э хохироод байна. Иймээс Г.Эт “М” ХХК-иас 720000 төгрөг гаргуулан олгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь “М” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 20 тоот лангууг түрээслэн үйл ажиллагаагаа 2018 оны 8 дугаар сард явуулахаар 1 метр квадратыг 45000 төгрөгөөр тохиролцож, 945000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ... тоот данснаас ...... тоот данс руу шилжүүлсэн. “М” ХХК нь түрээсийн талбайн 1 метр квадратыг 45000 төгрөгөөс 40000 төгрөг болгож буулгасан гэж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг дахин Г.Этэй байгуулж, 225000 төгрөгийг буцаан олгосон. 2018 оны 7 дугаар сард түрээслэгч Г.Э лангууг түрээслэн ажиллуулж чадахгүй болж, гэрээг цуцлах талаарх хүсэлтээ хариуцагч талд мэдэгдэж байсан ба хариу өгөхгүй байсан тул 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “М” ХХК-ийн захирал Б.Нид гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт төлсөн 720000 төгрөгийг буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус компаниас 720000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Түрээслэгч Г.Э 20 тоот лангууг түрээслэн авч, ажиллуулаагүй ба түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухайгаа түрээслүүлэгч тал болох “М” ХХК-д мэдэгдэж, гэрээг цуцалсан ч төлсөн төлбөрийг тус компаниас буцаан олгоогүй. Иймд Г.Эт “М” ХХК-иас түрээсийн төлбөрт төлсөн 720000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Г.Э нь мөнгө тушаахдаа түрээсийн төлбөрөө тушааж байна гэж ойлгосон. Гэтэл хариуцагч тал барьцаа төлбөрт төлсөн буцааж өгөхгүй гэж тайлбарладаг. Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт түрээслэгч талын хүсэл зоригоос шалтгаалж, түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд гэрээг цуцлах саналыг түрээслүүлэгч талд тавьж, шийдвэрлүүлэх тухай зааж өгсний дагуу Г.Э хариуцагч талд удаа дараа утсаар хэлж, очиж уулзаад гэрээг цуцлахгүй болохоор 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр компанийн захирлын нэрээр гэрээг цуцлах хүсэлтийг тавьж шийдвэрлүүлсэн. Гэрээг цуцалсан хирнээ түрээсийн төлбөр 720000 төгрөгийг өгөхгүй байгаа. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 720000 төгрөгийг хариуцагч талаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Э нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн “Авто экспо центр”-т худалдаа үйлчилгээ эрхлэхээр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж 945000 төгрөгийн барьцаа төлсөн болно. Анхны гэрээг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ба энэ үед түрээсийн төлбөрийг 1м2-г 45000 төгрөгөөр тооцож 21м2 талбайгаар тооцож барьцааны төлбөрт 945000 төгрөг төлсөн байсан. Авто худалдааны төв нь шинээр нээгдэж байгаа ба үйл ажиллагаагаа 2018 оны 8 сараас эхлүүлэхээр төлөвлөж иргэд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан лангуу павильоны засвар үйлчилгээ хийгдэж байсан. Г.Эийн түрээсийн гэрээний хугацаа мөн үеэс эхэлж түрээсийн төлбөрийг төлөх байсан ба нээлтийн урамшуулал болгож 1 м.кв талбайн үнийг 45000 төгрөг байсныг 40000 төгрөг болгон хямдруулж, 8 сард түрээсийн төлбөрийг бүрэн чөлөөлж, дараагийн 3 сард хөнгөлөлт эдлүүлэх нөхцөлтэйгээр 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дахин гэрээ хийсэн болно. Г.Эийн төлсөн барьцаа 945000 төгрөгөөс түрээсийн төлбөр буурсантай холбогдуулан 225000 төгрөгийг буцаан олгосон. Г.Э гэрээ цуцлах асуудлаа 7 сард мэдэгдээгүй бөгөөд манай үйл ажиллагаа 8 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тэгэхээр наад зах нь 7 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх ёстой байсан боловч ямар нэг гэрээ цуцлах асуудал яригдаагүй. Харин Г.Э нь лангуу павильоны тохижилтыг хийхгүй байсан учраас манай компанийн зохион байгуулагч утсаар ярьж тодруулахад лангуугаа ажиллуулах эсэхээ шийдээгүй байна гэж хариулсан байдаг. Манай ажилтан “Та ажиллуулахгүй гэж байгаа бол гэрээнд заасан хугацаанд манайд мэдэгдээрэй, мэдэгдээгүй тохиолдолд барьцааг буцаан олгохгүй, эсхүл өөрийнхөө талбайг түрээслэх хүн олоод ирвэл барьцаа мөнгийг чинь буцаан өгөх боломжтой” гэж анхааруулсан болно. Гэвч Г.Э нь огт хариу өгөхгүй байсаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр компани дээр ирж уулзан барьцаагаа авахыг шаардсан. Тус компани нь түрээслэгч нартай удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллах, түрээсийн талбайг 1 жилийн хугацаанд түрээслэж үйл ажиллагаа явуулах баталгаа болгож Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т заасныг үндэслэн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон бусад янз бүрийн хохирлоо барагдуулах үүднээс 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа авдаг. Энэ бол бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тогтсон зүйл. Барьцааг буцаан олгох нөхцлийг түрээсийн гэрээнд тодорхой заасан ба Г.Э нь түрээсийн гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдээгүй байна. Г.Этэй байгуулсан түрээсийн гэрээний 3.5-д “Аль нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх ба энэ тохиолдолд түрээслэгчийн барьцаа төлбөрөөс суутгалыг хасч тооцно”, мөн гэрээний 5.22-т “Барьцаа төлөөд үйл ажиллагаа явуулалгүй гэрээг цуцалсан тохиолдолд барьцааг олгохгүй буюу түрээслүүлэгч тал дахин өөр сонголт хийх эрхтэй болно” гэж заасныг үндэслэн Г.Э нь түрээсийн гэрээг цуцлах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй тул түрээсийн гэрээний барьцаа төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 720000 төгрөг буцаан гаргуулахаар шаарджээ.
Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийх түрээсийн гэрээ” нэртэй гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр 18м2 талбай бүхий 20 тоот павильон буюу ажлын байрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд түрээслэх, нэг сарын түрээсийн төлбөр 1м2 нь 40000 төгрөг, үйл ажиллагаагаа 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр тохирч, тухайн сарын түрээсийн төлбөрийг 100% чөлөөлж, 9 дүгээр сард 70%, 10 дугаар сард 50%, 11 дүгээр сард 30%-иар чөлөөлөх, түрээслэгч гэрээ байгуулахдаа 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний төлбөрийг барьцаа болгон төлөх, уг барьцааны мөнгөөр төлөгдөөгүй түрээсийн төлбөр болон бусад хохирлыг барагдуулахаар тохиролцжээ. Дээрх гэрээгээр “М” ХХК нь Г.Эт аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түүний эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх, уг эд хөрөнгийг ашигласны хөлсийг Г.Э төлөх үүрэг хүлээсэн байх ба тухайн гэрээний зорилго нь худалдаа, үйлчилгээ явуулах буюу тодорхой хэмжээний үр шим, ашиг олох зорилготой байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Үүнээс гадна дээрх гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг түрээслэгч барьцаалах, уг хөрөнгөөр төлөгдөөгүй түрээсийн төлбөр болон түрээслэгчийн учруулсан бусад хохирлыг төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхийн зохицуулалтад нийцсэн байна. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон уг гэрээнээс гарах үр дагаврыг /түрээслэгчээс шалтгаалсан/ арилгуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслүүлэхээр тохирсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан шаардлага хамаарахгүй болно. Харин түрээсийн болон барьцааны гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр түрээсийн төлбөрт төлсөн 720000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байх ба харин хариуцагч уг төлбөрийг түрээсийн төлбөр биш, барьцаа төлбөр бөгөөд гэрээ цуцлах хүсэлтээ нэг сарын өмнө мэдэгдээгүй, мөн үйл ажиллагаа явуулаагүй гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүй байхаар тохирсон үндэслэлээр буцаан төлөхгүй гэж маргаж байна.
“М” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэхээр мөн өдөр түрээслэгч Г.Э Хаан банкны ..... тоот буюу “М” ХХК-ийн захирал Б.Нийн дансанд 945000 төгрөгийг гүйлгээний утга заалгүйгээр шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгөнөөс гэрээний үнэ болон түрээсийн павильоны талбайн хэмжээнд өөрчлөлт орсон үндэслэлээр 225000 төгрөгийг түрээслэгчид буцаан олгосон үйл баримтад талууд маргахгүй байна. Дээрх нэхэмжлэхээр төлсөн 720000 төгрөгийг дараах үндэслэлээр барьцаа төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Талуудын тайлбар болон түрээсийн гэрээнээс дүгнэвэл түрээсийн павильонд үйл ажиллагаа явуулж эхлэх хугацааг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж тохирсон байх ба тухайн сарын түрээсийн төлбөрийг 100%, 9 дүгээр сард 70%, 10 дугаар сард 50%, 11 дүгээр сард 30% чөлөөлөхөөр, түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон байна. Өөрөөр хэлбэл түрээслэгч 8 дугаар сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн, 9-11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг тухайн сар, сард нь тодорхой өдрүүдэд төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ. Иймд түрээслэгч Г.Эийг түрээсийн төлбөрөөс 720000 төгрөгийг урьдчилан төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин түрээсийн гэрээний тохиролцоо 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хийгдэхдээ павильоны талбайн хэмжээг 21м2, түрээсийн төлбөрийг 45000 төгрөг байхаар тохиролцож түрээслэгч 945000 төгрөг төлсөн, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шинэчлэгдэж хийсэн гэрээгээр талбайн хэмжээ 18м2, түрээсийн төлбөр 40000 төгрөг болж түрээслэгчийн илүү төлсөн 225000 төгрөгийг түрээслүүлэгч буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд түрээсийн гэрээний 3.2-т “түрээслэгч гэрээ байгуулахдаа 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний төлбөрийг барьцаа болгон төлнө” гэж заасныг болон дээр дурдсан үйл баримт, нотлох баримтыг үндэслэн гэрээ байгуулахдаа Г.Эийн төлсөн нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 720000 төгрөгийг барьцааны гэрээний дагуу барьцаалсан мөнгөн хөрөнгө гэж үзэв.
Дээрх түрээсийн гэрээний дагуу түрээслэгч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо 2018 оны 7 дугаар сард түрээслүүлэгч талд мэдэгдсэн боловч хариу өгөөгүй гэх ба харин хариуцагч тал Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцлах асуудлаа мэдэгдсэн гэж маргав. Түрээсийн гэрээнд заасан гэрээ цуцлах хугацааны талаар зохицуулалтыг үзвэл гэрээний 3.5-д “Аль нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа нэг сарын өмнө мэдэгдэх ба энэ тохиолдолд түрээслэгчийн барьцаа төлбөрөөс суутгалыг хасаж тооцно” гэжээ. Уг заалт нь “түрээслэгч гэрээ цуцлах саналыг нэг сарын өмнө ирүүлэх үүргээ биелүүлсэн бол түүний түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг барьцаа төлбөрөөс хангуулж, үлдсэнийг буцаан олгоно” гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн нөхцөлд барьцааны хөрөнгөөр хангагдах шаардлагыг гүйцэтгүүлж, үлдсэнийг буцаан олгох, харин нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөс үлдсэнийг олгохгүй байх зохицуулалт гэж ойлгоно. Талууд барьцааны хөрөнгөөр гэрээний 3.4, 3.5, 3.7, 5.11, 5.20, 5.22-т заасан үүрэг болон эрсдлийг хангуулахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний 5.22-т “Барьцаа төлөөд үйл ажиллагаа явуулалгүй гэрээг цуцалсан тохиолдолд барьцааг олгохгүй ...болно” гэсэн заалт талуудын маргаанд хамаарч байна. Энэхүү заалтыг түрээслэгч түрээсийн гэрээний дагуу барьцаа төлсөн боловч түрээслүүлэгчээс үл шалтгаалан түрээсийн зүйлийг ашиглалгүй гэрээ цуцлагдсан нөхцөлд барьцааны хөрөнгийг барьцаалуулагч буюу түрээслэгчид буцаан олгохгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн заалтаар гэрээ цуцлах ямар нэг хугацааны талаар зохицуулаагүй бөгөөд зөвхөн түрээслүүлэгчийн буруугүйгээр түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг ашиглаагүй гэрээг цуцлаж байгаа нөхцлийг /эрсдэл/ барьцааны зүйлээр хамгаалсан байна. Тодруулбал түрээслэгч түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацаанд түрээслүүлэгч өөр түрээслэгчтэй гэрээ байгуулах болон өөр бусад арга замаар ашиг, орлого олох боломжийг буюу хохирлоо шаардах эрхийг барьцааны төлбөрөөр баталгаажуулжээ. Энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт “Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна” гэж заасантай нийцэж байна. Иймд талуудын маргаанд гэрээ цуцлах саналаа нэг сарын өмнө мэдэгдсэн эсэх нь хамааралгүй байх ба харин түрээслэгчийн төлсөн төлбөр түрээсийн төлбөр эсэх, барьцааны төлбөр эсэх, түрээслэгч түрээсийн павильоныг ашигласан эсэх, ашиглаагүй бол хэний буруу болох, гэрээ цуцлагдсан эсэх хамааралтай болно. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Г.Эийн төлсөн 720000 төгрөгийг шүүх барьцаа төлбөр гэж үзсэн бөгөөд Г.Э нь түрээсийн зүйлийг өөрийн буруугаар ашиглаагүй гэрээгээ цуцалсан болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдов. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ түрээслэгч Г.Эийн санаачилгаар цуцлагдаж түүний хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон буюу түрээсийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон байна. Ийнхүү хэлцлийг дуусгавар болохоос өмнө үүргээ биелүүлэх зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн шилжүүлсэн 720000 төгрөг үндэслэлгүй шилжүүлэг биш бөгөөд уг хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч барьцааны төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-иас түрээсийн төлбөр 720000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА