| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0187/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/256 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0187/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогч Ж.Д,
Хохирогч нарын өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б-н Ц-д холбогдох эрүүгийн 2218001100171 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Ц /РД:............/, ............ оны ............. дугаар сарын ..........-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, ....... боловсролтой, .................. мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ....., ........... хамт ......... аймгийн ........ сумын ...... дугаар багийн ...... ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Ц-г 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын .... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.....” худалдааны төвийн урд талын авто зам дээр ..... ДАА улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ц-н өгсөн: Би 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр машинаа жолоодоод гэртээ харих замд гэрэл цохиод хохирогчийг мөргөсөн. Тэгээд би эхнэртэйгээ машинаасаа буугаад Д эгчийг шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Дараа нь эмнэлэг дээр цагдаа нар ирээд надаас мэдүүлэг аваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Энэ ослын шалтгаан миний буруугаас болсон гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Д-н өгсөн: Би 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ..... худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан. Тэгээд цаанаас ирж байсан машиныг бага хурдтай явж байна гэж бодоод гараараа дохиод зам гарах гэтэл намайг мөргөсөн байсан. Тэгээд машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд намайг босгох гэсэн чинь би хөл дээрээ тогтох чадваргүй байсан. Дараа нь эмнэлэг рүү очиж үзүүлэхэд эхний шинжилгээнд миний аарцгийн болон нурууны яс хугарсан, умдаг яс няцарсан гэх онош тогтоогдсон. Энэ гэмтлийн улмаас би эмнэлэгт нэг сар, гэртээ нэг сар нийт 2 сарын хугацаанд хэвтэрт байсан. Тэгээд 2 сарын дараа Дарханы эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж байгаад 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Д-д ирсэн. Энэ хугацаанд надад санхүүгийн асуудал маш их тулгарсан. Миний биед толгой өвдөх, алхаж гишгэхэд хөл, нуруу, аарцаг өвдөх гэм мэт олон зовиуртай болсон. Би маш их гомдолтой байна. Миний охин М нь хувиараа гоо сайханы үйлчилгээ явуулахын тулд сард 300.000 төгрөгийн түрээсийн мөнгө төлдөг. Энэ түрээсийн мөнгийг 6 сарын хугацаагаар бодоод нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн намайг осолд орсон үе буюу 20... оны .... дугаар сарын ....-ний өдрөөс хойш .... сарын хугацаанд ажлаа хийх боломжгүй болсон. Өмнө нь ажиллаж байх үедээ өдөрт дунджаар 40.000 төгрөгийн орлоготой байсан. Энэ орлогыг 6 сарын хугацаагаар бодож нийт 7.200.000 төгрөгийн хохирол учирсан байна. Миний эмчилгээтэй холбоотой баримттай зардал 5.772.978 төгрөгөөс шүүгдэгч Б.Ц нь 4.210.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.562.978 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Иймд миний зүгээс эмчилгээтэй холбоотой хохирол 1.562.978 төгрөг, намайг асрах хугацаанд охин М-д учирсан байрны түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, 6 сарын орлого болох 7.200.000 төгрөг, нийт 10.562.978 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
20... оны ... дугаар сарын ....-ний өдрийн Зам тээврийн осол болсон гэх газар нь ..... аймаг, ..... сум .... дугаар баг ..... худалдааны төвийн урд зам байх ба Б.Ц нь явган зорчигч мөргүүлсэн гэх газрыг заасан ба уг зам дээр тормос гишгэсэн мөр байхгүй байна. Уг газар нь явган хүний гарц байх бөгөөд осол болсон гэх цэгийг А цэг гэж тэмдэглэлд тусгав... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 8-10/
20... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад шүүгдэгч Б.Ц нь 0,00 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй гэх тэмдэглэл /хх-ийн 14, 15/
20... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... хуудас жолооны үнэмлэхний лавлагаа, .... ДАА улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгийн тогтоол /хх-ийн 16/
20.... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... хуудас эмчилгээний зардлын товьёог, 12 хуудас эмчилгээний зардалтай холбоотой баримт, ахуй хэрэглээний зардлын товьёог, 6 хуудас ахуйн хэрэглээний баримт, хоолны баримтын товьёог 1 хуудас 5 хуудас хоол хүнсний талаарх баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19-70/
20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 73-77/
Гэрч Н.У-н өгсөн: ...аюулгүйн тойргоор эргээд .... худалдааны төв рүү орж хүнсний ойр зуурын зүйл авах гээд явж байсан юм. Тэгээд Будда таун талаас гарцаар гарч байсан хар өнгийн күртиктэй 60 гаран насны хөгшин хүн ганцаараа явж байсан бөгөөд манай машиныг хараад цаашаагаа даялаад явах шиг болсон. Тэгсэн манай нөхөр тоормос дарсан чинь мөргөчихсөн. Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 88/
Гэрч Ю.М өгсөн: Манай ээж ..... худалдааны төв рүү хүнсний зүйл авах гээд явсан. Тэгээд 19 цагийн үед ..... гэсэн дугаарын утаснаас залгаад ээж нь машинд мөргүүлээд эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 90/
20.... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай ..... маркийн .... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зураг /хх-ийн 98-103/
20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай Б.Ц нь ..... ДАА улсын дугаартай цагаан өнгийн ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй үйлдэл болох гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрүүлээгүй буюу 16.1 заалтыг зөрчсөнөөс болсон байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112/
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .....дугаартай Ж.Д-н биед 2 талын суудал яс, зүүн талын умдаг яс, ууцны ясны баруун хэсгийн ахар сүүлний 1-2-р нугаламын түвшингийн хугарал, гуя аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Дагмидмаагийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122/
20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 123-124/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай Ж.Д-н биед баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй, зүүн умдаг ясны их биеийн зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй ууцны 1-р нугалмын зөрүүгүй хугарлууд, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямар ч байрлалд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдөр үүссэн нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ..... тоот өвчний түүх болон багажийн шинжилгээгээр тогтоогдож байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Ж.Д-н биед учирсан дээрх аарцаг ясны хугарлууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасан хугарлуудын ангилалд орохгүй байгаа тул хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162-164/
20.... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн будаг, туслах материалын зардал 20,000 төгрөг, будаг засварын ажлын хөлсний зардал 230,000 төгрөг нийт 250,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 177/ мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Д-н өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ц нь 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” худалдааны төвийн урд талын авто зам дээр .....ДАА улсын дугаартай “.....” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч Ж.Д-д 1.562.978 төгрөг төлөх төлбөртэй тул үүнийг нь гаргуулах, мөн хохирогч нь цаашид гарах эчмилгээний зардалтай холбоотой баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь хэвээр үлдээх саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хохирогч Ж.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн эхний дүгнэлтээр хохирогч Ж.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж тодорхойлсон байдаг. Харин шүүгдэгчийн талаас гэмтлийн зэргийг дахин тогтоолгосны дараа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Одоогоор осол болсноос хойш 6 сарын хугацаа өнгөрч байхад хохирогчийн бие эдгэрсэн зүйл байхгүй, эрүүл мэндэд нь дахин 4, 5 онош нэмж тогтооогдож болзошгүй, хохирогчийн биед маш их зовиур байгаа зэргээс үзэхэд шинжээч эмчийн эхний тогтоосон гэмтлийн зэрэг болох хүнд хохирол учирсан болох нь бодитой харагдаж байна. Хохирол төлбөрийн тухайд эмчилгээтэй холбоотой хохирол 1.562.978 төгрөг, хохирогчийн охин М нь Ж.Д-г осолд орсон үеэс хойш асарч байсан тул энэ хугацаанд гоо сайханы үйл ажиллагаа явуулдаг байрны түрээсийн төлбөр 1.800.000 төгрөг, мөн хэвийн ажиллаж байсан бол 6 сарын хугацааны ашиг, орлого 7.200.000 төгрөг нийт 10.562.978 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай маргах зүйл байхгүй. Харин иргэний нэхэмжлэлийн тухайд эрүүл мэндийн эмчилгээний зардал болох 5.772.978 төгрөгийн нэхэмжлэлээс төлсөн 4.210.000 үлдэгдэл 1.562.978 төгрөгийн баримтаас 473.368 төгрөгийг хасуулах үндэслэлтэй байна. Мөн А.М-н хувиараа хөдөлмар эрхэлж, үйл ажиллагаа явуулдаг байрны түрээсийн мөнгө болон ашиг орлогын нийт 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хасуулах саналтай байна. Учир нь А.М-г гэрчийн мэдүүлэг өгөх үед нь хууль сануулаад эрхэлдэг ажлын талаар асуухад гэртээ хүүхдээ хардаг гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр энэ мэдүүлэг нь худал мэдүүлэг, эсхүл түрээсийн гэрээ нь хуурамч гэсэн асуудал тулгарч байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан ба 318 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нь дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус хуульчилсан байдаг. Дээрээс нь энэ түрээсийн мөнгийг өмнө нь төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Дараагийн дугаарт А.М нь энэ хугацаанд эхийгээ асарч байсныг тодорхойлох баримт байхгүй. Мөн А.М нь иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй гэх үндэслэлээр энэ түрээсийн мөнгө болон ашиг, орлогын тухай нэхэмжлэлийг миний үйлчлүүлэгчийн зүгээс төлөх шаардлага байхгүй тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч цаашид хохирогчийн эмчилгээнд боломж бололцоогоор тусална гэдгээ илэрхийлж байгаа юм. Иймд 10.562.978 нэхэмжлэлээс 9.473.368 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын .... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “....” худалдааны төвийн урд талын авто зам дээр ..... ДАА улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан ”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Д-г мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын Ж.Д-н эрүүл мэндэд нь баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй, зүүн умдаг ясны их биеийн зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй ууцны 1-р нугалмын зөрүүгүй хугарлууд, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц-н ..... ДАА улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний 16.1 дэх хэсэгт заасныг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Д-г мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Ж.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэьиэр хохирол учирсан ба хохирогч Ж.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эмчилгээний зардал, ахуйн хэрэглээний зардал, хоол хүнсний зардалд нийт 5,772,978 төгрөг, охин Ю.М нь хохирогчийг байнга асарч байснаас ажлаа хийж чадаагүй тул түүний ажлын байрны түрээсний зардал 1,800,000 төгрөг, олох байсан орлого 7,200,000 төгрөг, нийт 14,772,978 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн ба үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 4,210,000 төгрөг төлснийг хасаж 10,562,978 төгрөг нэхэмжилжээ.
Хохирогч Ж.Д-н нэхэмжилж байгаа охин Ю.М-н ажлын байрны түрээсний зардал 1,800,000 төгрөг, олох байсан орлого 7,200,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ба шүүгдэгчээс 1,562,978 төгрөг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогчид 1,563,000 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохиролын мөнгө хүлээлцэн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд хохирогчийн 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохиролд 5,773,000 төгрөг төлсөн болохыг дурдах зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хх-ийн 198/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа цаг алдалгүй хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц-н хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын хэмжээ, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ж.Д-н 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц нь хохиролд 5.773.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР