Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0861/З |
Дугаар | 221/МА2024/0484 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0484
“Ү” ХХК, “О”
ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О” ТББ газар эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээг сунгахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 437 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “О” ТББ итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ү” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхбаяр
Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0861/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ү” ХХК, “О” ТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О” ТББ газар эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээг сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 437 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “Ү” ХХК, “О” ТББ нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О” ТББ газар эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээг тус тус сунгахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Дүүргийн газрын албан нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримтуудыг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэжээ.
“Ү” ХХК, “О” ТББ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу хугацаа сунгах хүсэлтээ хуулийн дараах шаардлагыг ханган гаргаагүй.
37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;
37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт;
37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бөгөөд 2024 оны 02 дугаар сард газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд өгсөн байна.
Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөлт орж 23 дугаар зүйлийн 23.8-д “Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дүүргийн газрын албаны дарга эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болсон учир дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй байгаа тул маргаан бүхий газрын эзэмших эрхийг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэсэгчлэн өөрчилж, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ү” ХХК, “О” ТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О” ТББ газар эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/130 дугаар захирамжаар нэгж талбарын 0 дугаар бүхий 22765 м.кв газрыг “Ү” ХХК-д, мөн нэгж талбарын 0 дугаар бүхий 23033 м.кв газрыг “О” ТББ-д аж ахуйн зориулалтаар тус тус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нар 2019 оны 07 дугаар сарын 29, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.3. Анхан шатны шүүх “... газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай албан бичгүүдээр “Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн боловч хариуцагч нараас хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан захиргааны сонгох боломжийг харгалзалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ... нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хугацааг сунгахыг хариуцагч нарт шууд даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.4. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт зэргийг хавсарган хугацаа сунгуулах хүсэлтийг цахим системээр гаргах бөгөөд ийнхүү хугацаа сунгуулах хүсэлт хүлээн авсан дүүргийн газрын албаны хувьд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргаж, цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулахаар байна.
2.6. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нараас гаргасан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг дээрх хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах, улмаар хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрх буюу сонгох боломжоо хэрэгжүүлээгүй байхад шүүхээс шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгахыг даалгах боломжгүй. Иймээс нэхэмжлэгч нараас гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгахаар тогтов.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т нэмэлт, өөрчлөлт орж, хүсэлтийг цахимаар гаргах болон хугацаа сунгах хүсэлтийг газрын алба шийдвэрлэх болсон боловч холбогдох бүрдүүлбэл зохих баримтуудын жагсаалтад өөрчлөлт ороогүйг дурдах нь зүйтэй.
Харин Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д нэмэлт, өөрчлөлт орж газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг дүүргийн газрын алба хүлээн авч, шийдвэрлэхээр зохицуулсан байхад шүүх анхаарч үзэлгүй хугацаа сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт үг, үсгийн алдаа гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч “О” ТББ нэрийг “О” ТББ гэж буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ү” ХХК, “О” ТББ-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 0 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О” ТББ газар эзэмших эрхийн 0 дугаарын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хүсэлтүүдийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН