Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 0049

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соронзонболд

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жанлавмаа,

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******т холбогдох 201618010116 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн,  40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 21-56 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн *******  /РД:М-/,

Шүүгдэгч ******* нь НИК ХХК-ний Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын “Орхонгүүр” ШТС-д эрхэлэгч-түгээгчээр ажиллаж байхдаа 2015-аас 2016 оны эхний хагас жилийн хугацаанд шатахууны үнэ болох 10.162.604 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                           

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жанлавмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тунгалаг нь 2016 оны 01 дүгээр сарын эцсийн байдлаар 8 308 325 төгрөгийн орлого дутаасан. Тэгээд яагаад дутаасан бэ гэхэд Морьтон тал компани 6 770 000 төгрөг, Тэгш буудай компани 1 540 000 төгрөгийн шатахуун зээлээр авсан гэж хэлдэг. Манай байгууллага зээлээр шатахуун олгохоо больсон байгаа. Гэхдээ зээлээр шатахуун өгсөн тохиолдолд төсвийн байгууллагууд маягт хөтөлдөг. Тэгээд маягтаа өг гэхэд байхгүй гэсэн. Тэр байгууллагууд руу нь залгаад утсаа авдаггүй байсан. Тунгалаг өртэй гарсан тул, 02 сараас бид нар ойр ойрхон ирж тооллого хийх болсон. Тэгээд Тунгалагийн цалин дээрээс нь өр төлбөрийг нь барагдуулах зорилгоор 02 сараас Тунгалагийн цалинг зуун хувь татсан. 02 сард тооллого хийхэд 7 375 567 төгрөг өр төлбөр гарсан. Тухайн үед Засаг даргын тамгын газар 121 590 төгрөг дутуу хийсэн байсан. Тэгээд дараа сард нь нөхөөд хийсэн байдаг. 03 сард борлуулалтын орлогоос нь дутуу мөнгө нь 7 375 567 төгрөг байсан. 02 сард дутсан мөнгө хэвээрээ байсан. 04 дүгээр сард 6 590 916 төгрөг байсан. 05 дугаар сард 6 264 040 төгрөг байсан. Ингээд 06 сарын эцсийн байдлаар 10 354 604 төгрөг дутсан. Тэгээд 07 дугаар сард борлуулалтын урамшуулал 39 768 төгрөгийн цалин гарсан байгаа. Тэр мөнгийг нь суутгасан. Унааны мөнгө болох 192 000 төгрөгийг нь бас суутгасан байгаа. Тэгээд 10 162 604 төгрөг, 10 мөнгө үлдсэн. Тэгээд манай байгууллага 08 дугаар сарын 22-ны өдөр Хөтөлийн цагдаад мэдэгдсэн байгаа. Тэгээд 09 дүгээр сарын 27-ны өдөр Тунгалаг энэ мөнгийг манай Хаан банкны дансаар хийгээд байгууллагыг хохиролгүй болгосон байгаа... гэв.

2. Гэрч Н.Содонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би НИК компаний Дархан салбарт 2009 оноос хойш одоог хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа НИК, Петровис компаний шатахуун түгээх станцуудыг хариуцан ажилладаг юм. Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхонгүүр” нэртэй шатахуун түгээх станцын эрхлэгч ******* нь намайг ажилд орох үед л тухайн шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан. “Орхонгүүр” шатахуун түгээх станц нь 2 хүний орон тоотойгоор ажилдаг юм. Орхон гүүр шатахуун түгээх станцын эрхлэгчээр нь *******, түгээгчээр Мөнхцэцэг нар ажиллаж байсан. Манай салбарт харьяалагдан ажилладаг шатахуун түгээх станцын эрхлэгч нар cap бүр тайлан гаргаж явуулаад улирал бүр өөрийн биеэр надтай ирж тооцоо нийлдэг юм. “Орхонгүүр” шатахуун түгээх станцын 2016 оны 01 дүгээр сарын тайлангаар 8.310.000 төгрөгийн авлагатай гэж тусгагдсан байсан тул тухайн асуудлыг эрхлэгч Тунгалагаас тодруулан асуухад тухайн орон нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “Морьтон тал” компанид 6.770.000 төгрөгийн, “Тэгш буудай” компанид 1.540.000 төгрөгийн шатахуун тус тус зээлээр олгосон гэж тайлбарласан. Бид нар тухайн асуудлыг тодруулах зорилгоор дээрхи нэр дурьдагдсан 2 компаний хүмүүстэй холбогдож тооцоо нийлэх гэтэл Тунгалаг нь өөрөө тухайн компаниудаас шатахууны мөнгө авчихна гэж хэлсэн боловч тухайн компаниуд төлбөрөө төлөхгүй байхаар нь Тунгалагаас тухайн асуудлыг тодруулан асууж шалгалт явуулахад Тунгалаг нь би санхүүгийн тайланд дээрх 2 компанид шатахуун зээлээр олгосон гэж худлаа тусгасан юм. Би 2015 оны намар “Морьтон тал” компаний захирлаас нь мөнгө зээлсэн. Түүнийгээ төлж чадахгүй байсан учраас компаны шатахууны борлуулалтын орлогоос өөрийн зээлийг төлчихсөн гэж хэлсэн юм. Иймд Тунгалагийг салбарын захиргааны зөвлөлийн хурлаар оруулаад түүнээс их хэмжээний авлагыг хэзээ төлж барагдуулах бэ гэж асуухад өөрийн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байдаг 3 өрөө байраа зарна мөн хүнээр зээл авахуулаад төлөх бодолтой байна гэж хэлсэн учраас салбарын захиргааны зөвлөлөөс түүнд 1 сарын хугацаа өгсөн боловч төлөхгүй байсан учраас дахин 1 cap сунгаад 2-3 сарын хугацааг түүнд өгсөн. Энэ хугацаанд Тунгалаг нь өөрийнхөө завшсан мөнгийг төлж барагдуулаагүй салбар зөвлөлийн гишүүд хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдсэн учраас манай салбарын захирал Зоригоо нь энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гарсан. 2016 оны 06 дугаар сарын эцсийн тайлангаар “Орхонгүүр” шатахуун түгээх станц буюу Тунгалагтай тооцоо нийлсэн чинь компанид учруулсан 8.310.000 төгрөгөөс 1 төгрөг ч хасаагүй, харин ч нэмээд 10.162.604 төгрөгийн авлага гаргачихсан байсан учраас энэ асуудлыг нь удирдлагуудад танилцуулсан. ******* нь энэ асуудлаас болж ажлаас халагдсан юм. Тунгалаг нь 2016 оны 01 дүгээр сарын тайлангаас өмнө огт авлагатай гаргаж байгаагүй. Ганц гэм нь сарын сүүлээр их хэмжээний орлого төвлөрүүлээд байгаад байдаг байсан юм. Би Тунгалагийн авлагатай гарсан буюу 2016 оны 01 дүгээр сарын тайлан, 06 дугаар сарын тайланг анхан шатны бүртгэл хөтлөлтийн материалуудын хамт цагдаагийн байгууллага салбарын дарга гомдол гаргахад нь хавсаргаж хүргүүлсэн. Тухайн баримтууд дээр Тунгалаг нь авлага буюу байгууллагын орлогоос дутаасан мөнгийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлэн акт үйлдэж гарын үсэг зурсан. Мөн “Орхонгүүр” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг Мөнхцэцэг нь шатахуун түгээх станцын санхүүгийн асуудалд оролцдоггүй. Хоногийнхоо орлогыг эрхлэгч Тунгалагтай нийлдэг учраас тэр хүн энэ асуудалд холбогдолгүй. Тунгалаг нь Морьтон тал, Тэгш буудай ХХК-ний нэр дээр өөрийнхөө завшсан мөнгийг хуваан тайланд тусгасан байсан. Түүнээс биш тухайн ХХК-нууд нь манай компаниас одоогийн байдлаар шатахуун зээлэн авсан өр төлбөрийн асуудалгүй... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 48-49-р хуудас/,

3. Гэрч Р.Энхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Дархан-Уул аймгийн НИК Дархан салбарт мөнгөн хөрөнгийн нягтлан ажилтай. Би шатахуун түгээх станцуудаас орж ирж байгаа мөнгөн орлогыг cap бүрийн тайлантай тулгаж программд оруулж, мөнгөн хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Та болсон хэрэг явдлын талаар ярихад НИК ХХК-д “Орхонгүүр” салбарын эрхлэгч ажилтай ******* нь 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр тооллого хийхэд өртэй гарч ирсэн. Тунгалаг нь хэлэхдээ хоёр компанид зээлдүүлсэн гэж ярьж байсан. Тухайн үед би тэр компаний захиралтай утсаар ярьж асууж тодруулъя гэхээр миний утасны дэлгэц болохгүй байна гэж хэлээд дугаарыг нь надад өгөөгүй. ******* нь 8.000.000 сая төгрөгийн өртэй гарсан. ******* нь энэ дутаасан мөнгөө би өөрөө төлнө, миний Хөтөлд байдаг өөрийн амьдардаг байраа зараад төлчихнө би өөрөө хариуцна гэсэн. Тунгалагийн цалингаас нь суутгал хийж барагдуулж байхад 6.000.000 төгрөг болоод багассан байсан. 2016 оны 06 дугаар сарын дундуур хотод байх төв салбарын хяналтын албаны байцаагчийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонгүүр станцад тооллого хийсэн. Тооллогоор илэрсэн зөрчил нь 2016 оны 06 дугаар сарын эхээр орлого нь буюу банкинд тушаах мөнгө нь бага байсан ба сарын шалгалт очихын өмнөх орлого ихэссэн байсан. ******* нь зээлтэй байснаа мэдэгдэхгүйн тулд өөр байгууллагаас мөнгө авч гүйцээж байсан. Бэлэн байсан 4.000.000 төгрөгийг Дарханы Хаан банкны борлуулалтын орлогын дансанд тушаасан. 2016 оны 06 дугаар сарын сүүл сарын эцсийн тооллогоо нэмээд 4.000.000 төгрөг дутаасан байсан. Тэгээд Тунгалагийн нийт өр нь 10.000.000 гаран төгрөг болсон байсан. Станцуудын бүх хөтлөгдөх бичиг баримт нь байдаг. Тунгалаг нь эрх бүхий албан тушаалтай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас /

4. Гэрч И.Чинчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...******* нь тухайн өр авлагаа хоёр компанид зээл өгсөн талаар ярьж байсан. Тэгэхээр нь манай байгууллагын зүгээс ******* гэдэг хүнд хурдан шуурхай өр зээлээ яаралтай барагдуул тэгэхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэл өгнө гэж хэлсэн. Тэгээд ******* өр зээлээ барагдуулахгүй болохоор нь 2016 оны 03 дугаар сарын сүүл болох улирлын тайлангийн үеэр ******* гэдэг хүнийг өөрийнх нь биеэр дуудаж тайлангийн хуралд оруулсан чинь манай байгууллагын санхүүгийн албанаас Тунгалаг чиний шатахуун өгсөн гэх Морьтан тал, Тэгш буудай гэх хоёр компанитай чинь данс тооцоо нийлж үзнэ гэсэн чинь ******* нь Морьтон тал, Тэгш буудай хоёр компани  нь хамаагүй. Харин би тухайн хоёр компаниас мөнгө зээлчихсэн юм. Тэгээд би оронд нь шатахуун өгчихсөн юм. Одоо энэ өр зээлийг би хариуцна гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Бат-Отгон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би тэгш буудай ХХК-д захирал хийдэг юм. Манай байгууллага түлшгүй болсон үедээ Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхонгүүр” шатахуун түгээх станцад албан тоот бичиж түлш зээлээр аваад 7 хоногийн дотор буцааж төлдөг байсан. 2014 онд, 2015 онд 2-3 удаа тэгэж авсан. 2016 онд тэр шатахуун түгээх станцаас зээлээр түлш авсан зүйл байхгүй. Бид хоёрын дунд өр, авлагын зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

6. Гэрч С.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Тунгалагаас байгууллагын журмаар гэрээгээр шатахуун авдаг байсан. Би Орхон гүүрийн НИК колонкоос буюу Тунгалагаас гэрээгээр шатахуун аваад 6,7 жил болж байна. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Надаас 2014 онд 3 сая төгрөг зээлээр авч байсан юм. Тунгалаг дараа нь надад надаас зээлсэн 3 сая төгрөгийн оронд шатахуун өгсөн юм. Би тухайн үед газар тариалан эрхэлдэг байсан болохоор шатахуун хэрэгтэй байдаг учраас авсан юм… гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/  

7. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2014 оны 10 дугаар сард Морьтон тал компаний захирал Баясгалан гэх хүнээс 3 000 000 төгрөгийн зээл авсан. Түүнийгээ 2015 оны 03 дугаар сарын тариалалтын үеэр шатахууны мөнгө хэрэгтэй тул буцааж авна гэж надад хэлсэн. Би 2015 оны 03 дугаар сарын сүүлээр банкнаас зээл аваад мөнгийг нь өгнө гэж хэлсэн.  Тэгээд банкнаас зээл авах боломжгүй болоод 3 000 000 төгрөгийнхөө оронд шатахуун олгосон. Тэгээд сарын эцсээр байраа зараад шатахууныхаа мөнгийг буцаагаад хийе гэсэн ч байр зарагдаагүй. Сарын эцсээр хүнээс өдрийн хүүтэй мөнгө зээлж аваад байгууллагын мөнгийг гүйцээж тушаасан. Тэгээд дараа сарын эхэнд орсон орлогоосоо зээлж авсан хүнийхээ мөнгийг буцааж өгсөн. Энэ байдлаар явсаар байгаад өнөөдрийн байдалд хүрсэн. Тэгээд байр нь зарагдахгүй, хүүтэй мөнгөний хүү олдохгүй байсан тул энэ байдал нь илрээд ийм байдалд хүрсэн. Ойролцоогоор сарын эцсээр хүнээс хүүтэй мөнгө авдаг байсан. Дараа сарын эхээр өдрийнх нь хүүгээр нь тооцоод орлогоосоо зээлээ буцаагаад төлдөг байсан. Компани сар бүрийн эцэст 27-30 хооронд тооллогын комисс ирээд тооллого хийж, тооцоо нийлдэг байсан. Манай байгууллага сар бүр балансаа барьдаг. Байгууллагаа өртэй гаргахгүйн тулд хүнээс мөнгө аваад орлого болгож тушаадаг байсан гэв. Миний буруу байсан. Би өр төлбөрөө бүрэн барагдуулсан гэв.                                   

                  8. Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар болон ******* нарын хооронд байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 95 тоот хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 33 хуудас/,

                  9. Тооцоо нийлсэн актууд /хх-ийн 7-32-р хуудас/

                  10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь НИК ХХК-ний Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын “Орхонгүүр” ШТС-д эрхэлэгч-түгээгчээр ажиллаж байхдаа 2015-аас 2016 оны эхний хагас жилийн хугацаанд шатахууны үнэ болох 10.162.604 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Жанлавмаагийн мэдүүлэг, гэрч Н.Содонцэцэг, Р.Энхзул, И.Чинчулуун, Д.Бат-Отгон, С.Баясгалан нарын мэдүүлэг, тооцоо нийлсэн актууд, НИК ХХК-ний Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар ******* нарын хооронд байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тушаал, хохирлын мөнгө төлсөн тухай баримт, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбартай 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхонгүүр шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байсан бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь “НИК” ХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн газрын даргын 09 тоот ажилд авах тухай тушаал, НИК ХК-ийн Дархан-Уул аймаг дахь НХСалбар ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, шүүгдэгч *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт №25-д тусгагдсанаар ******* нь НИК ХХК-ний Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт 10.162.604 төгрөгний хохирол учруулан хувьдаа завшсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үлэмж хэмжээний хохиролд тооцогдож байна.

Иймд Энхтуул овогтой Тунгалагийг аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг завшсанаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.    

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж түүнд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******т сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо төлж гэм хорыг арилгасаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Жавлавмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...******* нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирлын мөнгийг манай Хаан банкны дансаар хийгээд байгууллагыг хохиролгүй болгосон тул, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5045064716 тоот дансанд 10.162.604 төгрөгийг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар хохиролоо төлсөн байх тул шүүгдэгч *******ийг гэмт хэргийн улмаас байгууллагад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 -д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн *******ийг бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН