Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0238/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Г-д холбогдох эрүүгийн 2118002820... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г, 197... оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...-д төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 286 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, тус шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим хэсэг болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жилийн хорих ялаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн 1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 427  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 06 сарын хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 03 сар 10 хоног баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Г-ийг 2021 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн ... гэх газарт тустай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдан 22,45 грамм алт олборлож байгаль орчинд 603.775,48 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Г-ийн өгсөн Би Б ХХК-ны ерөнхий захирал асан БС гэдэг хүнтэй 2018 онд танилцсан бөгөөд БС нь манай байрыг 80 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан боловч 2020 онд нас барсан. Тиймээс би зээлээ барагдуулахын тулд түүний уурхай дээр алт олборлосон. Алт олборлохдоо тэр уурхай дээр байсан ковш, экскаваторын жолоочийг гуйгаад олборлолт хийсэн. Тухайн үед 3 хоног л ажилласан. Ажиллахдаа ухаагүй газрыг хөндсөн. Гэхдээ талийгаачийн зааж өгсөн газарт олборлолт хийсэн. Би зөвшөөрөлгүй газраас алт олборлосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,     

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн: ...Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн ... гэх газар байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-7, 8-13/

 

Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлын зураглал /1-р хх-ийн 19-22/

 

Хохирогч Ш.Б-ийн өгсөн ...Манай суманд Б ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэднэ. Байгаль орчны нөхөн сэргээлтийн хяналт шалгалтаар очиж байсан. Байгаль  экологи, газрын хэвлийд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ч-ийн өгсөн ...Талбайн инженер Г гэх хүн байдаг. Намайг байхгүй үед талбайн үйл ажиллагааг хариуцдаг. Б ХХК-ийн хүмүүс ажиллах газрыг нь зааж манай хүмүүс ажилладаг. Би зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж ажил гүйцэтгэсэн гэдгийг мэдэхгүй. Намайг очиход ухчихаад буцаагаад булж байсан. ...... улсын дугаартай эксковатор нь 2011 онд 300сая төгрөгөөр, ... улсын дугаартай ковшийг 2010 онд 70 сая төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Одоо ямар ханштай байгааг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/

Гэрч А.М-ын өгсөн ...Манай компани голын онцгой хамгаалалтын 50 метр талбайд үйл ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрч байна. Захирал Г манай лицензтэй талбай мөн гээд ухуулсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/

 

Гэрч Ц.А-ийн өгсөн ...Миний мэдэж байгаагаар 2 удаагийн алтны угаалга авсан. Эхнийх нь 9 дүгээр сарын 02-ны өдрийнх, дараагийнх нь өнөөдөр буюу 09 дүгээр сарын 05-ны өдрийнх. Би угаагаад шүүсэн алтаа хариуцаж ажиллаж байгаа жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Д гэдэг эгчид өгдөг. Намайг энэ газарт ирснээс хойш энэ газрыг Мэ гэх залуу ерөнхийд нь хариуцан ажиллаж байгаа. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/

 

Гэрч Б.Д-ийн өгсөн ...Манай охин Г тус компанийн захирал. Би охиндоо туслах гэж хоол унд хийж өгдөг. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39/

 

Гэрч М.Г-ийн өгсөн ...2021 оны 09 дүгээр сарын 05-ны орой манай ажилтан Мэ залгаж Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд тусгаарласан талбайгаас хэтрүүлсэн байна гээд байцаалт мэдүүлэг авч байна гэж хэлсэн. Ингээд манай компанийн геологич Мө, маршейдер З нараас тодруулахад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр очиж бүх ажилчдад цэг координат болон ашиглалтын лицензын талаар нэг нэгэнгүй зааж өгсөн гэж хэлсэн. ...Мэдүүлэг өгсний дараа компанийнхаа талбай дээр очиход ашиглалтын талбайгаас гадна огт өөр газарт үйл ажиллагаа явуулсан байхаар нь яагаад дур мэдэн үйл ажиллагаа явуулсан талаар асуухад эхлээд хэн ч хэлэхгүй, мэдэхгүй гээд байсан. Гэрээт ажилтан Зо-аас хэн энэ газарт ажил гэсэн юм бэ? үнэнээр нь хэл гэхэд Г ах гэсэн. Тэгэхээр нь талбайн инженер Г-тэй уулзаж та яагаад дур мэдээд ашиглалтын лицензтэй талбайгаас гадуур үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Яагаад надад мэдэгдээгүй юм гэхэд Г чиний өмнөх захирал талийгаач БС надад энэ газар манайх гэж хэлж байсан болохоор би энэ хүмүүсийг ажиллуулсан. Чи юун сүртэй юм бэ гэхээр нь та болохгүй шүү дээ. Талбайгаас хэтрүүлбэл хуулийн хариуцлага байдаг гэж хэлсэн. ...Маргааш нь уурхай дээр өөрийн биеэр очиж үзэхэд Г ирээд буруу газар буюу талбайгаас бага зэрэг гаргаж ухуулсан байсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41, 42, 2-р хх-ийн 82/

 

Гэрч Ц.Б-ийн өгсөн ...Би Б ХХК орох замд замын баруун талд буюу голын хажууд байгаа ашигт малтмал олборлосон нүхийг хэн ухсныг мэдэхгүй. Би кемпийн дэргэд ажиллаж байгаа. Нөгөө талд хэдэн нүхийг манай компанийн геологич зааж өгөөд манайхан ажилласан. ...Оператор бид нар геологичийн хэлсэн газар очиж үйл ажиллагаа явуулдаг. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/

 

Гэрч Б.Зо-ын өгсөн ...2021 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хуучны танил Ч над руу залгаад уурхай дээр эксковаторчноор ажиллах уу гэхээр нь би зөвшөөрч Дархан-Уул аймгийн ... гэх газарт ирсэн. Миний ирсэн газарт Б гэх компани ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Ч тус компанитай гэрээ хийсэн юм шиг байна лээ. Тэнд очоод Г гэдэг хүнтэй ярилцаж эксковаторын оператороор ажиллахаар болсон. ...2021 оны 08 дугаар сарын сүүл 09 дүгээр сарын эхээр Г-ийн заасан талбайд ажиллаж эхэлсэн. Тэгтэл нэг өдөр Цагдаагийн газар, Байгаль орчин экологийн цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарын ажиллаж байсан талбайг шалгаж байгаад Б ХХК-ийн захирал Г-ийг асуусан. Тэр үед Г байгаагүй.  Тус талбайд ковшийн жолооч Го, усан буучин А ах бид гурав ерөнхийдөө ажилласан. Тус талбай дээр өөр техник ажиллаагүй. Тус 4 блок талбайг 3-4 хоног ухсан. Тэгж ажиллаж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн юм. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/

 

Гэрч Н.Г-ийн өгсөн ...Би 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эксковаторчин Зо, А бид гурав талбай дээр ажиллаж байхад цагдаа, мэргэжлийн хяналтын хүмүүс ирээд бид гурвын ажиллаж байсан талбайг зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн байна гэж хэлээд бид нарын ажлыг зогсоосон. Уг талбай нь эвдрээгүй эрүүл талбай байсан. Г инженер хэлэхдээ манай талбай, энд та гурав ажиллаж болно гэж хэлээд бид гурав 3-4 хоног л ажилласан байх. Өмнөх өдрүүдэд бороо ороод нэлээн хэд хоног огт ажиллаагүй юм. ...Б ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд Г хяналт тавьж ажилладаг байсан. Түүнийг яг ямар ажил эрхэлдэг талаар мэдэхгүй. Гэхдээ уурхай дээр явагдаж байгаа бүх ажлыг Б.Г хариуцаж явуулдаг байсан. Ер нь бол уурхайд очсон цагаас хойш Б.Г гэх хүний удирдлага дор үйл ажиллагаа явуулж байсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48, 2-р хх-ийн 84/

 

Гэрч Ч.А-ын өгсөн ...Би тухайн зургийг гаргасан. Б ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан зураг байсан. Уг зурган дээрх цайвар ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь Б ХХК-ийн MV-1498... дугаартай тусгай зөвшөөрөлтэй газар дээр үйл ажиллагаа явуулсан хэсгийг харуулсан байгаа. Өөрөөр хэлбэл давхцалтай хэсэг нь 598м.кв газар байна. Харин улаан өнгөөр тэмдэглэсэн хэсэг нь Б ХХК-аас өөрсдийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас илүү гарч үйл ажиллагаа явуулсан газрыг харуулсан байгаа. Уг Б ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газар нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын уул уурхайн кадастрын мэдээллийн системээс харахад энэ газар нь тэр чигтээ буюу 14604.09га газрыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Орон нутгийн тусгай хэрэгцээнд отрын бүсийн зориулалттай авсан байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52/

 

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ...Хараа-Ерөө голын Сав газрын Захиргааны даргын тушаал 2021.08.12-ны өдрийн А/30 дугаартай Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай, Дархан-Уул аймгийн ... нэртэй алтны шороон ордын 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн ... орж /Баяжуулах, боловсруулах үйлдвэр/-ын 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2021-2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн ...-ын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021.03.09-ний өдрийн 6/883 дугаартай гэрээний хугацааг сунгах тухай, Б ХХК-ийн ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол зэрэг 13 хуудас баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /1-р хх-ийн 55, 56-69/

 

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний шинжээчийн ...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хэмжилтээр биднийг очиход хэтрүүлэн ашигласан гэх талбайг нөхөн сэргээсэн байдалтай байсан тул нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ болон 2021 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн хэргийн газрын үзлэгийг харьцуулан үзэж дүгнэлтийг гаргасан болно. Б ХХК-ийн хэтрүүлэн ашигласан гэх талбайн хэмжээ нь нийт 7718.28м2 талбай бөгөөд үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлд багтаж байгаа хэсэг нь 626.21м2, ашиглалтын талбайгаас хэтрүүлэн ашигласан талбайн хэмжээ 7092.07м2 байна. Б ХХК-ийн ашиглалт явуулсан талбай нь өөрийн эзэмшлийн MV-014989 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд багтахгүй байгаа бөгөөд хэтрүүлэн ашигласан талбай 7092.02м2 талбай байна. Экологи эдийн засагт нийт 603,775.48 төгрөгийн хохирол учирсан. Тухайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн тул газрын хэвлий болон хөрсөнд учруулах хохирлын хэмжээг тооцох боломжгүй юм. Б ХХК-ийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 603.77мян.төг болж байна. Тухайн талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн тул биологийн нөхөн сэргээлтийг хийх зардлыг тооцлоо. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 295,314.52 төгрөг байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-81/

 

Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын ...Алтан гулдмай №8, гулдмайн жин 22.45гр, гарал үүсэл 4501, шинжилгээнд авсан дээжийн жин 750.86, буцааж олгосон дээжийн королько корточка 671.46, шинжилгээгээр гарсан хорогдол 79.20, алтны тогтоосон сорьц 845.100, мөнгөний сорьц 1470 гэх дүн /1-р хх-ийн 87/

 

К ХХК-ийн ...Shandong SEM650B маркийн ... улсын дугаартай шар өнгийн ковш /ачигч/ /№026105... тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, А1005057АН1005.. тоот арлын дугаартай, ашиглалтын хугацааны 70%-80%-ийн элэгдэлд орж хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/, 18,000,000 төгрөг, CAT 325DL маркийн ... улсын дугаартай шар өнгийн эксковатор /№026934... тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн, KDG00184 тоот арлын дугаартай, ашиглалтын хугацааны 70%-80%-ийн элэгдэлд орж хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ 30,000,000 төгрөг“ гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /1-р хх-ийн 93, 94/

 

К ХХК-ийн ...Б ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан алт угаах төхөөрөмж /скрупер/ /хуучин/ 5,000,000 төгрөг, 1, 8л-ийн багтаамжтай хуванцар сав /хуучин/ 1ш 8,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /1-р хх-ийн 101, 102/

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10-04-039/44 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай ....хохирлыг тооцоход эдэлбэр газарт 388787.27 төгрөг х 3 = 1166361.81 төгрөг, ургамлын нөмөрт учруулсан хохирол нь 214988.21 төгрөг х 5 = 1074941.05 төгрөг буюу нийт 2241302.86 төгрөг болсон байна. Актаар тогтоосон төлбөрийг Төрийн сангийн 100900013040 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор барагдуулахыг Б ХХК-д даалгав. ... гэх акт /1-р хх-ийн 107-108/

 

Гэрч Д.Б-ийн өгсөн ...Б.Г нь Б ХХК-ийн ажилтан бол биш. Зүгээр манай талийгаач нөхөр БС-тай найз нөхдийн холбоотой байсан хүн. Би Б.Г-ийг Б ХХК-тай ямар нэгэн холбоогүй байх гэж бодож байна. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14/

 

Ашигт малтмал ашиглалтын 149... дугаартай тусгай зөвшөөрөл, түүний хавсралт /2-р хх-ийн 18-25/

 

Гэрч Б.Д-ийн өгсөн ...Би Б.Г гэх хүнийг танихгүй. Манай охин Г л мэдэх байх. Тухайн үед Б.Г тэнд байсан ажилчдыг ажилла гэсэн үүрэг өгсөн гэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг угаалга хийсэн. Тухайн өдөр 06 грамм алт гарсан. Тэр алтыг би охин  Гт өгч явуулсан. Дараа нь 2021 оны 09 дүгээр срын 05-ны өдөр угаасан алтыг цагаа нар ирээд хурааж авсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр угаасан алтыг зөвшөөрөлтэй талбайгаас угаасан. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-93/

 

Бичиг баримтад үзлэг хийсэн тухай ...Дархан-Уул аймгийн ... алтны шороон ордын ил уурхайн аюулын үед хэрэглэх төлөвлөгөө гэсэн бичигтэй баримт байх ба уг баримтыг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Түүнийг тодорхой албан тушаалтан баталсан байх нийт 30 хуудас материал байв. Дархан-Уул аймгийн ...  нутагт оршин ... хэсгийг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай баримт байх ба дотор нь хатуу хавтсаар хавтаслаж бэлтгэсэн баримт байна. Түүнийг тодорхой албан тушаалтан баталсан байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авч уг баримт дотроос Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020.08.24-ний өдрийн т/158 дугаартай тушаал 1 хуудас, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ашигт малтмал, газрын тосны газар эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн 2022.06.30-ны өдрийн т/20-08-08 дугаартай дүгнэлт 2 хуудсыг хуулбарлан авлаа. Уг хавтас дотор 110 хуудас баримт, 9 том хэмжээний зураг байв. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, бичиг хад гэх газарт байрлах МҮ-014959 тоот ашиглалтын талбай дахь ойн нөөцийн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ гэсэн бичиглэл бүхий нүүртэй баримт 14 хуудас байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Дархан-Уул аймгийн ... 14989 тусгай зөвшөөрөлтэй талбайд онцгой хамгаалалтын бүсээс эвдэрсэн нийт 14га талбайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэсэн 28 хуудастай баримт байх ба тодорхой албан тушаалтан зөвшөөрөгдсөн байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ гэсэн бичиглэл бүхий 12 хуудас баримт байх ба эхний хуудас болон сүүлийн хуудсыг хуулбарлан авлаа. Дархан-Уул аймгийн ...-ын 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн бичиглэл бүхий 28 хуудас баримт байх түүнийг тодорхой албан тушаалтан баталсан байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Дархан-Уул аймгийн ...-ны ил уурхайн 2021 онд хэрэгжүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан гэсэн бичиглэлтэй 27 хуудас баримт ба түүнээс үнэлгээ оноо өгч гарын үсэг зурсан 3 хуудас баримтыг хуулбарлан авлаа. Дархан-Уул аймгийн ...ыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гэсэн бичиглэл бүхий 138 хуудастай баримт байх ба нүүр хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Дархан-Уул аймгийн ... /баяжуулах, боловсруулах үйлдвэр/-ын 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн бичиглэл бүхий 64 хуудас материал, 2 зураг байх уг баримтыг тодорхой албан тушаалтан зөвшөөрсөн байх ба түүнийг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын бичигт хад орд /баяжуулах, боловсруулах үйлдвэр/-ын 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн бичиглэл бүхий 57 хуудас материал, 4 зураг байх уг баримтыг тодорхой албан тушаалтан зөвшөөрсөн байх ба түүнийг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн булангийн шав тэмдэг тавьсан ажлын тайлан гэсэн бичиглэлтэй 96 хуудас материал байх ба гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан, тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан 61 цэгүүд цэг тавьсан баримт болох 7 хуудас баримтыг хуулбарлан авлаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Б ХХК-ийн МҮ-014989 тоот тусгай зөвшөөрөлтэй алтны шороон орд бүхий газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын тайлан гэсэн бичиглэл бүхий 51 хуудас баримт байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Ус ашиглах гэрээ гэсэн бичиглэл бүхий 3 хуудас баримт байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа гэх тэмдэглэл болон баримт бичгийн хуулбарууд /2-р хх-ийн 94, 95-116/

 

Шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн ...Өмнө нь манай компанийн захирал байсан талийгаач БС Б ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайг надад зааж өгч танилцуулж байсан. Би тэр заасан талбай дотор хүмүүсийг ажиллуулж хянадаг байсан. Одоогийн захирал Г ч сайн мэддэг байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сард их бороо орж олон хоног ажиллахгүй зогссон бөгөөд сарын сүүлээр нартай газар зөөлөрч эхлэхээр нь би ажилчин Золжаргал, Гончиг нарыг шинэ талбай руу оруулсан. Хуучин талбайнууд ажиллахад хүндрэлтэй байсан. 09  дүгээр сарын эхээр Уаанбаатарт ажилтай болоод явсан хойгуур Цагдаагийн алба хаагч нар болон Мэргэжлийн хяналтын хүмүүс ирж шалгаад миний зааж өгсөн талбай зөвшөөрөгдсөн талбайгаас хэтэрсэн байсан гэж манай хүмүүст хэлсэн байсан. Тухайн өдөр манай ажилчид ажилгүй их удсан болохоор амьхандаа компанийн ажлыг явуулах гэж би өөрөө дур мэдэн Золжаргал, Гончиг нарыг ажиллуулсан байсан юм. гэх мэдүүлэг/1-р хх-ийн 115-116/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар  багийн “Хүйтний гол, Бичигт Хад” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдан 22.45 грамм алт олборлож, байгаль орчинд учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд судлагдсан байдлаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г 2021 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний гол, Бичигт хад гэх газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр дур мэдэн зөвшөөрөгдсөн талбайгаас 7092.02м2  газар хэтрүүлэн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулан 22,45 грамм алт олборлож,  байгаль орчинд 603.775,48 төгрөгийн хохирол учруулсан сан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой, шунахайн сэдэлтэй гэм буруугийн санаатай хэлбэрээр, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь байгаль орчинд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.гэжээ.

Улсын яллагчаас энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 2.241.302 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь дээрх хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10-04-039/44 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай актыг үндэслэн шүүгдэгчээс 2241302.86 төгрөг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд олгох үндэслэлтэй байна.

Гэвч Б.Г нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч 2241302.86 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болох нь Байгаль орчин, аялал жуучлалын яам, Байгаль орчин уур, амьсгалын сангийн “...Б ХХК-аас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 2,241,302.86 төгрөг шилжиж орж ирсэн болохыг тодорхойлов. гэх албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч Б.Г нь урьд 7 удаагийн ял шийтгүүлсэн хувийн байдалтай болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154/ болон таслан шийдвэрлэх тогтоол /1-р хх-ийн 157-178/ -ын хуулбар зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 01 жил 06 сарын хорих ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 48.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж, хуванцар савын үнэ болох 5.008.000 төгрөг буюу нийт 53,008,000 төгрөгийг  шүүгдэгч Б.Гэс гаргуулж улсын орлого болгох саналыг гаргасан ба шүүгдэгч нь торгох ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан оногдуулсан 7,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 700.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар заажээ.

Шүүгдэгч Б.Г-ийн нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Shandong SEM650B маркийн ... УБ улсын дугаартай шар өнгийн ковш,  CAT 325DL маркийн ... улсын дугаартай эксковатор, алт угаах төхөөрөмж /скрупер/, хуванцар сав зэрэг нь бусдын өмчлөлийн эд зүйл болох нь иргэний нэхэмжлэгч, яллагдагчийн мэдүүлэг болох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гэс тэдгээрийн үнэ болох нийт 53,008,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22.45 грамм алт нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлд хамаарч байх тул улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан 7,000,000 / долоон сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 700,000 /зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс  53,008,000 /тавин гурван сая найман мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22.45 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.     

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР