Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0435/Э |
Дугаар | 2022/ШЦТ/893 |
Огноо | 2022-09-15 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/893
2022 09 15 2022/ШЦТ/893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Одгариг нарыг оролцуулан эрүүгийн 2209000000633 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г /регистрийн дугаар /, ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, .... телевизийн нягтлан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл плаза”-гийн 11 давхарт байрлах “....” бааранд хохирогч Б.Д цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 823.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Г нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-гийн 11 давхарт байрлах “....” бааранд хохирогч Б.Д цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 823.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Г.Г нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д 823.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хохирогч гэх хүний цүнхийг хамт явж байсан найзынхаа цүнх гэж андуураад авч гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нарын сууж байсан ширээн дээр хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй хар бараан өнгийн цүнх байхаар нь Б цүнх байн гэж бодоод би тэр цүнхийг авч баарнаас гарсан. ...Би Б цүнх гэж бодоод авсан. ...би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэм буруугаа хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байн...” гэх мэдүүлэг /xx-ийн 41/,
хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд ... “....” нэртэй бааранд найзуудын хамт ороод текин дээр очиж зогсоод баармен залуугаас “цүнхээ доошоо хийчих үү” гэж асуухад тэрээр “текэн дээр тавьчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнхээ текэн дээр тавиад талбай дээр гарч бүжиглэж байгаад буцаад ирэхэд миний цүнх алга болсон байсан. Тэгээд би хяналтын камер шүүж үзэхэд цагаан өнгийн пиджактай, цагаан өнгийн богино, намхан өсгийтэй гуталтай эмэгтэй аваад гарч байгаа нь харагдсан. Тэгээд цүнхэнд нь байсан чихэвчний байршлыг харахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “.....” бааранд зааж байсан. Би тухайн бааранд очиж үзэхэд хамгаалагч нь “яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “эд зүйлээ алдсан юм, байршил нь энд заагаад байна” гэж хэлээд авсан хүнийг нь дүрсэлж хэлэхэд зааж өгөхөөр намайг дагуулаад явсан. Тухайн хүмүүс дээр очиход 5 охин сууж байсан бөгөөд хамгаалагчаас “чи эд зүйлээ хаана алдсан юм бэ” гэж надаас асуухад би “.... баарнаас алдсан” гэж хэлэхэд тэрээр тухайн охидоос асуухад тэдгээр охид “....” орсон гэж хэлсэн. Би тэдгээр хүмүүс дээр очоод “би сая цүнхээ алдсан, энд заагаад байна” гэж хэлтэл махлагдуу шар куртиктэй охин “яанаа цүнх андуураад аваад гарсан юм биш биз дээ, гараад машинд шалгая” гэж хэлээд гарч машинд нь байсан 4-5 цүнх үзүүлэхэд миний цүнх байгаагүй. Тэгтэл нөгөө цагаан пиджактай, цагаан өнгийн гуталтай охин гэнэт орилоод “чи бид хэдийг хулгайч гэж бодоод байгаа юм уу” гэж хэлээд орилгоод эхэлсэн. Тухайн өдөр баярын өдөр болж байсан болохоор би хүнтэй муудалцахыг хүсээгүй бөгөөд байршил нь энэ газар заагаад байсан болохоор ирсэн юм гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгтэл нэг залуу ирээд нэг найзыг нь аваад явсан ба тухайн авто машиныг шалгаж үзэхэд гарч ирээгүй. Тэгээд би машиндаа суугаад хараад байж байтал нөгөө цагаан өнгийн пиджактай, цагаан өнгийн гуталтай охин машинаа тойрч юм хайж байгаад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхээр нь би буугаад харахад миний чихэвч гэрнээсээ салаад хоёр тийшээ шидэгдсэн, нэг тал нь хагарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд буцаад “....” баар ороод бичлэгийг нь үзэхэд тухайн охин мөн байсан. ...Миний алдсан эд зүйл хар өнгийн “....” брэндийн эмэгтэй хүний гар цүнх, дотор нь бичиг баримт, төлбөрийн картууд, ногоон өнгийн брэндийг нь мэдэхгүй повер банк, энгийн хар өнгийн хэтэвч, “.....” брэндийн айр под про маркийн утасгүй чихэвч зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 91/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 92/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Ггийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....”-гийн 11 давхарт байрлах “.....” бааранд хохирогч Б.Д цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 823.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээ зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Д 823.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР