Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0243/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч овогт М-н С-т холбогдох эрүүгийн 2203002480293 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч овогт М-н С /РД: ......../, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .... хамт ..... аймаг, .... сум, ... дугаар баг, .... баг .... дүгээр хороолол ..... тоотод оршин суух, урьд

- ..... аймаг дахь сум дундын шүүхийн ..... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулсан,

- ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын .....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч М.С 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн 12 цаг 30 минутын үед ..... аймаг, ..... сумын нутаг ...өртөөний билетийн кассаар үйлчлүүлж байхдаа иргэн Г.Н-н орхин явсан Самсунг А-51 маркийн гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Сн өгсөн: Миний гар утас биш гэдгийг мэдэж байсан. Би өмнө нь гар утас засварын ажил хийдэг байсан. Хүмүүс эвдэрсэн, олсон утас авчирч өгдөг байсан.  Нэг их юм бодолгүй хуулийн мэдлэг байхгүйгээс болоод авчихсан. Хүний гээсэн утсыг авсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20... оны .....дугаар сарын ....-ны өдрийн: ...цагаан өнгийн резинэн гэртэй, ар хэсэг нь цагаан өнгөтэй, нээж үзэхэд IMEI-1 352349117153895, IMEI-2 352350117153893  гэсэн тэмдэглэгээтэй 1 ширхэг гар утсыг М.С-с хураан авав... гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн: Уг гар утас нь гадна талдаа цагаан өнгөтэй силконон гэртэй байх бөгөөд гэрийг гар утаснаас салгаж харахад түүний дотор хэсэгт Samsung гэсэн бичиглэлтэй байв. Гар утсыг бүхэлд нь харахад ил харагдах эвдрэл гэмтэл байхгүй байх бөгөөд урд талын дэлгэцийн дээд хэсэгт 1 ширхэг камер байна. Гар утасны баруун хажуу хэсэгт 2 ширхэг товчлуур байх бөгөөд тэдгээрийн жижиг хэмжээтэй товчлуур дээр удаан дарахад Samsung А-51 гэсэн бичиглэл харагдан асаж байна. Гар утсыг эргүүлж харуулан үзэхэд цагаан өнгийн гадаргуутай байх бөгөөд зүүн дээд буланд 4 ширхэг камер харагдана... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/,

20.... оны .... дугаар сарын .....-ний өдрийн: ...Samsung A-51 маркийн цагаан өнгийн резинэн гэртэй, IMEI-1 352349117153895 дугаартай гар утас 1 ширхэгийг 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн 09 цаг 00 минутад хохирогч Г.Н-д хүлээлгэн өгөв... гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/,

Хохирогч Г.Н-н өгсөн: Дархан-Уул аймгийн төмөр замын вокзалын билетийн кассаас 20... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн 12 цаг 00 минутын үед билет авахдаа Samsung А-51 маркийн гар утсаа кассын тавцан дээр тавиад мартаад гарсан. Гар утсаа орхиж явснаа мэдээд 30 минутын дараа залгахад миний утсыг унтраасан байсан. Би тухайн үед Сэлэнгэ аймаг рүү ажилтай байсан тул буцаж очиж чадаагүй явсан. 20... оны .... дугаар сарын ...-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гар утсаа авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Б.А-н өгсөн: Би 20.... оны ..... дугаар сарын ....-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн төмөр замын вокзалаас билет авахаар найз С-гийн хамт ирсэн. Вокзал дээр ирэхэд цайны цаг нь таарсан тул хүлээж байгаад цайны цаг нь дууссаны дараа 12 цаг 25 минутын орчим билет авч байхад кассны тавцан дээр хар өнгөтэй утас байхаар нь би манай найз С-гийн утас юм болов уу гэж бодоод хажуу тийшээ найз С рүү түлхээд өгсөн. Тэр утсыг С авсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Хохирогч Г.Н-с гаргаж өгсөн 20... оны .... дугаар сарын ....-ны 23 цаг 20 минутаас, 20.... оны .... дугаар сарын ....-ний 06 цаг 16 минутад буух Улаанбаатар төмөр замын Дархан-1-ээс Улаанбаатар хүртэлх зорчих тасалбар, Мобиком ХХК-ийн .... дугаартай гар утас худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хх-ийн 27-28/,

 “Капитал зууч” ХХК-ийн 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн Samsung А-51 хуучин гар утас 450.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.С нь 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр 12 цаг 30 минутын үед Дархан өртөөний билетийн кассаар үйлчлүүлж байхдаа иргэн Г.Н-н орхин явсан Самсунг А51 маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгч М.С нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг Дархан өртөөний билетийн кассаар үйлчлүүлж байхдаа иргэн Г.Н-н орхин явсан 450,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А-51 маркийн гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч М.С-н 20... оны .... дугаар сарын ....-ны өдөр 12 цаг 30 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг Дархан өртөөний билетийн кассан дээр орхин явсан иргэн Г.Н-н Samsung А-51 загварын гар утсыг авсан үйлдэл нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбараар эд хөрөнгөтэй болох, ашиг хонжоо олох зорилгоор өөрийн өмчлөл, эзэмшилд авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Н-д 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 18-19/ -ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 46-55/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн цалин хөлс, ам бүлийн тоо, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт М-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С-т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР