Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0226/Э |
Дугаар | 2022/ШЦТ/242 |
Огноо | 2022-06-29 |
Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0226/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалттад зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Б овогт Ц-ийн М эд холбогдох 2218000000241 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ийн М /РД: ............/, ......... оны .. дүгээр сарын ..... -ны өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, .... төмөр замын ............. ажилтай, ам бүл .... , ..............-ийн хамт ....... аймгийн ....... сумын ..... дүгээр багийн ........ дугаар байрны ....... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ц.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М ийн мэдүүлсэн: “Ц.Д бол миний эхнэр. Бид хоёр 2020 оноос хойш хамт амьдарч байгаа. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Би эхнэрээ хуучин найз залуутай нь харддаг. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000241 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Д ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-48 дахь тал/, гэрч Н.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, гэрч Ш.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрч П.О-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 84 дэх тал/, Гэрч Б.Я-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, гэрч С.Ч-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрч Н.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/, гэрч М.Х-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 37/22 дугаартай эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-38 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэл /хавтаст хэргийн 53-57 дахь тал/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, яллагдагч Ц.М ийн мэдүүлэг хавтаст хэргийн 133-134 дэх тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.М ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М 2021 оны 06 дугаар сард ......... аймгийн .... сумын .. дүгээр баг, .... дугаар байрны . тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг жирэмсэн байх үед нь бусадтай хардсаны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
Мөн 2021 оны 08 дугаар сард ......... аймаг ......... сумын ..... дугаар баг, ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг жирэмсэн байх үед нь бусадтай хардсаны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
2021 оны 12 дугаар сард ..... аймгийн .... сумын ....... дүгээр багийн ..... дугаар байрны .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг жирэмсэн байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр .......... аймгийн ....... сумын .... дүгээр багийн .... дүгээр байрны автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг жирэмсэн байх үед нь бусадтай хардсаны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ....... аймгийн ...... сумын ... дүгээр багийн ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг жирэмсэн байх үед нь бусадтай хардсаны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
2022 оны 01 дүгээр сард ....... аймгийн ...... сумын ... дүгээр багийн .. дугаар байрны .......тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг төрсний дараа нялх биетэй байх үед нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,
2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ......... аймгийн ….... сумын .. дүгээр багийн .... дугаар байрны ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Д ийг “энэ хүүхэд чинь миний хүүхэд биш” гэж хэлж маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч Ц.Д ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 03, 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би нөхөр М тэй 2020 оны 10 дугаар сард анх танилцаад 2021 оны 04 дүгээр сараас хамтран амьдарч эхлээд дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Манай хүүхэд одоо 3 сартай. Хамт амьдарч байх хугацаанд намайг жирэмсэн болсон байхад 2021 оны 06 дугаар сараас хойш нийт 7 удаа зодсон. Анх 2021 оны 06 дугаар сард архи уучихсан ..... сумын ..... дүгээр баг ........ тоот гэртээ согтуу ирээд намайг өмнө үерхэж байсан хүнтэй хардаад зодсон тухайн үед миний хоолойг боогоод уруул руу гараараа цохиод уруул яз цохиж барьж байгаад миний толгойгоор хана мөргүүлсэн ингээд зодсоны дараа маргааш нь миний хоолойнд нөхрийн боосон хэсгээр гарын оромны дагуу хөхөрсөн мөн уруул дотор талдаа язарч хорсоод цус гараад байсан. Энэ талаар ямар нэг хүнд хэлээгүй бас цагдаад хандаагүй.
Хоёр дахь удаагаа ....... аймаг ....... сумын ........ дугаар багт байрлах М ийн аав Ц-ийн гэрт байж байхад буюу 2021 оны 08 дугаар сард яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан аав, ээж нар нь Сайншанд руу дүүгийнх рүүгээ явсан байсан. Энэ үед нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Ингээд тухайн үед манай нөхөр ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд хамт байж байгаад ямар ч байсан 17 цагийн орчим бас л намайг урьд өмнө үерхэж байсан хүнтэй хий хоосон хардаад тэрнээс болоод маргалдаад “нөхөртөө өнгөрсөн асуудлыг яах гэж ярьдаг юм бэ? хэрэв ингээд байвал би явлаа араас машин авчраад өгчхөөрэй” гэтэл надад “чи муу пизда машинаа харамлаад ингээд байсан юм уу?” гэж хэлээд шууд миний хоолой боогоод ор луу түлхэж унагаагаад нүүр лүү цохисон энэ үед би уйлаад ээж рүү нь М намайг зодчихлоо гэж мессеж бичсэн. Гэтэл М миний утсыг шүүрч аваад ээж рүүгээ “хүн рүү явуулах гэсэн мессеж андуураад явуулчих гэж” залруулж явуулсан. Зодуулсны маргааш миний хоолойнд нөхрийн боосон хэсгээр гарын оромны дагуу хөхөрсөн нүүрний зүүн талын шанаа хэсэг хавдсан улайсан байсан болохоор би хүйтэн жин тавьж байгаад зүгээр болгосон. Энэ тухай ээжээс нь өөр хүнд хэлээгүй.
Гурав дахь удаагаа 2021 оны 12 дугаар сарын эхээр гэртээ ажлаасаа согтуу 18 цагийн орчим ирэхээр нь би нөхөртөө “чи яагаад ажил дээрээ архи уучхаад ирдэг юм ажил хийх гэж явдаг юм уу? архи уух гэж явдаг юм уу?” гэтэл надад “Чи муу пизда дандаа ингэдэг байхгүй юу, дуугүй өнгөрч чадахгүй. Би ямар архидаад алга болоод байгаа биш” гээд намайг гэрийн гал тогоонд үстэж аваад чамайг яасан ч яадаг юм гэж хараагаад байхаар нь арай гэж эсэргүүцэж байгаад салгаад “Би чамайг зөндөө тэвчлээ. Чамайг аниа болон гэрийнхэндээ хэлнэ” гэхэд миний утсыг булааж аваад дахиад зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхэд утсаа нэхэж авах гэтэл шууд миний утсыг булааж аваад “Танай ах эгч нар чинь яадаг юм. Яасан намайг цагдаад өгч бариулах гээ юу? Чадахгүй шүү дээ” гэхэд надтай зууралдаж байгаад согтуу тасраад унаад унтаад өгсөн. Тэгээд би ч бас унтаад өгсөн. Маргааш нь миний зүүн гарын бугалга хэсэг хөхөрсөн үс маш их унасан, толгой үс зулгаасан хэсгээр бондойж хавантаж байсан. Тийм болохоор би нөхрийн эгч Я-д болсон асуудлыг хэлээд өөрийнхөө зургийг явуулж байсан. Харин энэ зургуудыг утсан дээр хадгалдаг байсан боловч манай нөхөр миний утсыг ухаж байгаад тухайн зурагнуудыг устгасан байсан.
Дөрөв дэх удаа 2021 оны 12 дугаар сарын 10 гаргаад гэртээ ажлаасаа согтуу 18 цаг өнгөрч байхад ирэхээр нь би юу ч ярилгүй зөрж гарч гүйгээд өөрийн эзэмшлийн …... СЭН улсын дугаартай Ниссан Мурано маркийн машинаа унаад ........ дүгээр байрны урд машинаа нууж тавьчхаад ..... дугаар байранд байдаг эгчийн гэр лүү оръё гэж бодоод .... дүгээр байрны гадна урд зогсож байхад нөхөр машины жолоочийн талын цонхыг балбаад “Машины хаалгаа нээ. Ямар пиздатай явж байгаа юм. Янхан минь” гээд цонх хагалчих гээд байхаар нь би хаалга онгойлготол намайг үстээд машинаас чирч буулгасан. Би жирэмсэн том гэдэстэй байсан болохоор машины рулэнд гэдсээ цохиод буусан. Үүний дараа машинаас буулгаад машины арын суудал руу хүчээр суулгаад үснээс татаж доош тонгойлгож байгаад нүүр лүү 1 удаа цохичихсон. Тэгэхээр нь би утсаа аваад буух гэтэл миний утсыг өгөхгүй миний араас дахиж гарч ирээд намайг үстээд гудамжаар чирээд гэдсэнд дээр дарж өргөөд дахиж машинд суулгахад би дахин машинаас буугаад зугтсан. Харин намайг зодох гээд дайрч байхдаа миний хоолойг хумсаараа урчихсан. Энэ үед хажуугаар приустэй хүн явж байхаар нь орилоод миний утсыг манай нөхөр авчхаад өгөхгүй байна. Намайг зодоод байна. Надад туслаач. Манай эгч рүү залгаад өгөөч гээд эгчийн дугаарыг хэлж өгсөн. Гэтэл тэр явж байсан 2 хүнийг залгах юм бол ална шүү гээд байсан чинь тэр 2 хүн ойртож чадаагүй явсан байсан. Харин үүний дараа эгч Оюунсувд нөхөртэйгөө ирээд М ээс намайг салгаад манай эгч гэр лүүгээ намайг аваад явсан. Үүний даараа хүргэн ах М нөхөр М ийг аваад дагуулаад араас орж ирээд эгч М эд уурлаж байсан. Харин би тэр өдөр эгчийн гэрт хоноод М гэртээ хоносон учир нь эгч хэлэхдээ “М ийн архи гараагүй байна. Хэрэв чи хамт байвал чамайг зодно гэж байсан.” гэж хэлсэн. Маргааш нь биеэ харахад хүзүү маажуулаад улаан эрээн болсон үсдүүлснээс болж толгой битүү хавантсан байсан.
Тав дахь удаагаа төрөхийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 20-д гаргаад одоо санаж байгаагаар 21 юм уу? 22-ны өдөр хавьцаа манай найз О-ийн гэр буюу ..... сумын ...... дугаар багт байрлах .......... хажуу талын байранд 16 цагийн орчим очоод тэндээ нөхөр О болон манай Х-ын нөхөр Б ирээд М , Б , О нар 1 шил архи, том савтай пиво хувааж уусан. Энэ үед пиво хийж өгөхөд би машин барьж явах юм чинь гээд уухгүй гэтэл нөхөр 1 аягыг уучих гэхэд би нөхөртөө чи ямар сонин юм гэтэл нөхөр надад зандрангуй уучих гэсэн. Тэгэхээр нь би айгаад уучихсан. Тэгэхэд Б би дүүгээрээ машин бариулна гээд дүүгээ 21 цагийн орчим дуудахад дүү нь гээд миний танихгүй хүн ирсэн. Тэгэхэд би явцгаая гэж хэлсэн. Гэтэл О караокед оръё бөөндөө гаръя гэхээр нь за гаръя гаръя гэтэл О гэрээсээ гараагүй. Тэгээд нөхрөө аваад харих гээд машин барина гэсэн хүүхдээр машинаа бариулаад урд талын суудал дээр суух гэтэл М янхан минь чи танихгүй эрийн дэргэд суух гэлээ хойшоо суу гэхээр нь би хойно суугаад М урд суусан. Ингээд хөдлөөд явж байхад Б дүүгийнхээ гэрээс хослол авч өмсөнө гээд дүүгийнхээ хамтаар Өнгөт хорооллын байрны гадаа буугаад дүү нь түрүүлээд гэр лүүгээ орсон. Харин Б араас нь орж байхад М намайг үстэж аваад нүүр лүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохиод авахад би Б г дуудсан. Б г ирэх үед би нөхрийг салгах гээд зууралдаж байгаа гарыг нь тавиулахдаа нүүрийг нь маажаад нөхөрт хандаж чи намайг аллаа шдээ гэж хэлээд байж байхад Б ирээд салгасан. Харин энэ үед М намайг машинд сууж байхад согтуугаар машинаа бариад Б г үлдээгээд гэр лүүгээ явчихсан. Ингээд гэрт ирээд гэрийн жижиг өрөөнд М надад чи тэр муу машин барьсан танихгүй хүний хажууд суух гэсэн биз дээ гээд над руу орилж хашхираад уурлаад байхаар нь би юу ч дуугараагүй уйлаад суугаад байсан. Тэгээд байж байхад Б 22 цагийн орчим ирээд манай нөхөрт хандаж та 2 яаж байгаа юм. Чи одоо боль чи ямар эрэгтэй хүн зодож байгаа юу гэж хэлсэн чинь Б д М чи яагаад өмөөрөөд байгаа юм бэ? та 2 яадаг юм гээд надтай Б г хардаж эхэлсэн. Тэгээд би Б гаас чи тамхи татъя гээд тагт руу аваад гарчих харин би тэр хооронд гараад зугтаалаа гэсэн. Тэгээд хаалгаар сэмээрхэн гарсан чинь араас гүйж гарч ирээд намайг гэртээ хүчээр татаж оруулсан. Тэгээд надаас чи хаашаа явах гээд байгаа юм гэж хэлэхээр нь нөхөртөө хандаж би хаачих вэ. Харин хоёулаа ингэж хэрэлдээд яах юм гэж хэлээд утсаа нууцаар гаргаж ирээд эгч Я-д М намайг зодоод байна намайг ирээд аваад байрны гадаа хүрээд ир гэсэн. Гэтэл за одоохон очлоо гэсэн. Үүний дараа Я нэг их удалгүй ирээд намайг аваад гэр лүүгээ явсан. Я ын гэрийн гадаа машин дотор Я өөрийнхөө утсаар зураг дараад надад чи одоо баримт нотолгоотой цагдаад ханд. Ингээд зодуулаад байж болохгүй гэж хэлсэн. Учир нь би өмнө болж байсан бүх асуудлыг хэлдэг байсан. Тэр өдрөө би Я ын гэрт хонох гэсэн боловч тэдний хүмүүс ирсэн болохоор хоноогүй Энхталд байдаг О гээд дүүгийнх рүүгээ такси хөлслөөд очиж тэдний гэрт хоносон. Учир нь би машинаа авч чадахгүй байсан юм. Маргааш нь биеэ үзэхэд дух, толгойны орой хэсэг тэр чигтээ хавдсан байсан. Ер нь манай нөхөр О гэх манай найзтай гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг анх анзаардаг байсан. Учир нь О идэх хоол өмсөх хувцасгүй хүүхэдтэйгээ хоёулхнаа нөхөр шоронд орсон хэцүү байна гээд байхаар нь би гэртээ 2021 оны 10 дугаар сараас төрөх хүртлээ гэртээ ихэвчлэн байлгадаг байсан. Нөхөр заримдаа намайг зодчихоод буцаад намайг хайх нэрийдлээр согтуу машин барьж яваад О г сүсэгтний холбооноос дуудаж гаргаж ирээд хамт Нью-Иорк толгой руу яваад тэндээ 1 цаг 30 минут орчим болсон. Би үүнийг гар утасны Зенли программаар харж байсан. Уг программ нь нэг нэгнийхээ байршил тогтоодог юм. Ингээд тухайн өдөр манай нөхөр О тэй хамт явж байгаад цагдаад баригдаад эрхээ хасуулж миний машиныг журмын хашаанд хийж дараа нь би авсан. Харин би О рүү чат бичихдээ чи манай нөхөртэй Нью-Иорк толгой дээр миний машинд бэлгийн харилцаанд орсон биз дээ. Чи миний хүүхдийг бодсонгүй юу гэж хэлэхэд намайг уучлаарай. Би сөгдөөд уучлалт гуйж чадна. Би согтуудаа буруу зүйл хийсэн гэдгээ мэднэ гэж хэлж байсан. Одоо болтол энэ бүх чат нь байгаа. Би гаргаж өгөх болно. Би энэ өдөр манай нөхөр намайг зодохдоо О тэй уулзах шалтаг хайж зодсон гэж боддог юм.
Зургаа дахь удаагаа намайг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрснөөс хойш 7-8 хоногийн дараа ажлаасаа согтуу орж ирэхээр нь машины түлхүүр хаана байна. Би гялс Олон улс орчхоод ирье. Чи хүүгээ хараад байж бай гээд ямар нэг хэрүүл хийлгүй хэлсэн чинь чи өглөө надад 20,000 төгрөг бензин хий гэж өгөө биз дээ пизда минь тэр мөнгөнд чинь яаж бензин хийж хүрдэг юм би машиныг С-д үлдээсэн алхаад явахгүй юу гэсэн тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? яасан арчаагүй юм. Чи бензин хийлгүй архи уучхаад ирсэн байна гэж хэлсэн чинь гэрийн том өрөөнд миний хоолой боож хана руу шахаад байсан. Энэ үед М ийн төрсөн дүү болох 5 дугаар ангид сурдаг охин дүү М байж байсан болохоор ахаа та болиоч ээ ямар аймар юм бэ? гээд уйлаад байсан. Тэгээд тавихаар нь би гал тогоонд ороход миний араас орж ирээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би орилсон чинь хүүхэд уйлсан. Тэгээд би чи тавь хүүхдээ авмаар байна гэсэн чинь больчихсон. Тэгээд би уйлаад чамайг би маш их тэвчлээ чамайг аниад хэлнэ гээд эгч О-д утасдаад хэлэхэд эгч гэрт орж ирээд М ийг хөөгөөд гаргасан. Энэ үед М дүү М д хандаж ахын
сл |
дүү явъя гэр оронтой машин тэрэгтэй баян айлын хүмүүс гэр орноосоо хөөж байна гэж хэлэхээр нь нөхөртөө хандаж - чи явах мөрөөрөө яв. Чи жоохон хүүхдийг үлдээ гэж хэлсэн. Гэтэл М-д аав, ээжид очиж хэлээрэй. Д ингэж эгчтэйгээ нийлж гэрээсээ хөөдөг байхгүй юу. Манайх ядуу гэж байсан. Тэгсээр байгаад дүүгээ аваад явсан. Маргааш нь өөрийнхөө биеийг харахад бас л хоолойн дээр бага зэрэг улайсан байсан. Учир нь тийм удаан боогоогүй болохоор. Урд өмнө маш удаан боож амьсгал тасалдах хүртэл болдог байсан. Зодох болгондоо намайг эгч болон цагдаад мэдэгдэнэ гээд утас авчихдаг. Тэгээд хүмүүст хандах боломжгүй байдаг. Би гэрийнхээ хаалгыг айгаад тайлахгүй бол 3 дугаар давхар луу цонхоор дамжаад ороод ирдэг.
Долоо дахь удаа 2022 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө манай гэрт нөхрийн ажлын найз О хонох газаргүй болчихлоо ороод хоноё гэж хэлээд манай гэрт хоносон. Харин энэ үед би гадуур онлайнаар захиалга авсан бараагаа зарах гээд өдөржин гадуур явж байгаад орой 18 цагийн орчим ирэхэд нөхөр надад манай найз шартаад байна 20,000 төгрөг зээлчих гэнээ гэхээр нь би яах гэж байгаа талаар асуухад харин 0,5 ууя гэнээ гээд байна гэсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл маргааш мөнгө авч өгөөрэй. Би дэлгүүрээс гахайн мах аваад орлоо. Тэгэхдээ хамт аваад оръё гэхдээ чи архинаас нь уухгүй шүү гэсэн чинь тэгвэл надад том савтай пиво авчих гэсэн. Тэгэхээр нь би том савтай Сэнгүр аваад хамт орсон. Ороод би хоол ундаа хийгээд нөхөр найзтайгаа архи задлаад уухаар нь нөхөртөө чи архи уухгүй гэсэн биз дээ чи яагаад архи уугаад байгаа юм гэж хэлсэн чинь за за гайгүй гэхээр нь би бас уурлачих болов уу? гэж бодоод чимээгүй орхисон. Тэгсэн чинь 0,5 архиа ууж дуусаад дахин пиво задлаад талд нь ортол уухад хоол ундаа хийж дуусаад хоол өгсөн. Тэгээд хоолоо идчихээд байж байсан чинь манай найз Н орж ирсэн. Тэгээд хоол идчихээд үлдсэн тал пивыг 4 хуваагаад аягалаад уугаад байж байсан чинь надад манай нөхөр хандаж одоо энэ хүүхэд чиний үерхэж байсан залуугийн чинь хүүхэд юм уу? эсвэл хэний хүүхэд юм гээд хардаад миний хүүхэд биш биз дээ гэж хүмүүсийн хажууд хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж чи үр хүүхдээ ингээд байхдаа яадаг юм. Чиний хүүхэд байлгүй яадаг юм. Өөр хэний хүүхэд байх юм гэж хэлсэн. Тэгээд би жижиг өрөө рүү яваад ороход хүүхэд сэрсэн. Хүүхдээ тэврээд зогсож байтал багалзуурдаад намайг хүүхэдтэй маань хамт ор луу түлхсэн. Тэгээд хүүхэдтэйгээ унахад хүүхэд уйласан. Би Н-д хүүхдээ өгөх гэтэл Од хүүхэд тэврээд цааш явсан. Энэ үед нөхөр намайг үстээд гар луу цохиж хөл рүү өшиглөхөд Н салгасан. Ингээд зодуулаад байж байхдаа би нөхрийн нүүр лүү гараараа цохиод чи намайг ингэж зодож зовоолоо гэж хэлсэн чинь над руу гоо сайхны ширээний сандал аваад цохих гэтэл Н салгаад бүгд тайвшраад би хүүхэдтэйгээ жижиг өрөөндөө үлдсэн. Энэ үед М том өрөөнд О-тэй хамт байсан. Харин Н гараад яваад өгсөн. Ингээд унтаад маргааш нь нөхөр яваад өнөөдрийг хүртэл ирээгүй. Харин миний баруун өвдөг, зүүн талын шилбэ, баруун гарын бугалгын дотор хэсэг хөхөрч толгой хавдсан байсан. Энэ талаар Я д мөн адил хэлж байсан ”...Би нөхөртөө зодуулсан талаар эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ амьдралын талаар хэн нэгэнд хэлэхийг хүсээгүй юм. Намайг зодохдоо ихэвчлэн боож багалзуурдаж, үсэддэг байсан. Байнга зодуулж цохиулснаас болоод стресст ороод толгой байнга өвдөж хоолны дуршил буурч улмаар маш их турсан. Ингэснээр миний хөх ямарч сүүгүй болж 3 сартай хүүхдээ нэмэлт сүүгээр тэжээж байна. Би гомдолтой байна. М эд зодуулсны улмаас 300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн боловч баримтыг нь гээсэн. Би А4 цаасан дээр 4 ширхэг зураг угааж өгсөн. Эхний зураг намайг жирэмсэн байхад 2022 оны 12 дугаар сарын дундуур зодож дух хавдсан байсан үеийн зураг. Сүүлийн 3 дахь зураг нь сүүлд 7 дахь удаагаа намайг зодоход авсан зураг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-48, 50 дахь тал/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-38 дахь тал/,
Аюулын зэргийн /...4-7 буюу дунд/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Дархан сумын 9 дүгээр багийн хамтарсан хурлын болон ярилцлагын “..Үйл явцын тэмдэглэл:... Нөхөр Ц.М архи ууж согтоод эхнэртээ агсан тавьж хоолойг боосон. Найз болох Н салгасан. Харин нөхрийн хамт ажиллладаг Г-О-д хүүхэд тэвэрч байсан. ....иргэн Ц.Д ийг гэмтлийн зэрэг тогтоолгох. ГБХЗГ-тай холбож сэтгэл зүйчтэй холбон уулзуулах. Гомдол мэдээллийг Цагдаагийн газарт бүртгүүлэх, мэдээллэх. Хамтран амьдрагч Ц.М ийг дуудаж уулзах.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 53-55,56-57 дахь тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Гэрч М.Х-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10-11 долоо хоногтой буюу 2 сар гаран жирэмсэн байхдаа хяналтад орсон. Анх хяналтад орох үед нь илэрхий илэрсэн зовиур байгаагүй. 2021 онд 4 сартай жирэмсэн байх үедээ ирж үзүүлэхдээ С-д ажилладаг гээд С руу хяналтад шилжүүлсэн. ...Төрснөөс хойш 7-14 хоногтой эмэгтэй хүнийг нялх биетэй хүн гэнэ. Нялх биетэй үед хүн жирэмсэн үеэс илүү дархлаа суларсан, бие сульдсан байдал, мөн төрснөөс болоод оёдол тавиулдаг болохоор маш сайн гам барих хэрэгтэй болдог.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Гэрч Ш.Н-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “2022 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байж байхад Д эгч над руу орой залгаад ирж хоол ид гэж хэлсэн тэгэхэд цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэр үед намайг Д ийн гэрт яваад ороход гал тогоонд нь Д ийн нөхөр М болон түүний найз гэх танихгүй ах тэр 3 хоол идээд хүн тус бүр 1 аяга пиво хийгээд ууж байсан. Ингээд надаа хоол аягалаад өгөхөд би хоол идэх гээд ширээний ард суухад М болон түүний найз 2 нэлээд согтуу байсан ба хоол идээд сууж байхад Д ийн нөхөр М Д т хандаж “ энэ хүүхэд миний хүүхэд биш биз дээ өмнө чиний үерхэж байсан залуугийн хүүхэд биз дээ” гээд хардаад хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Д М 2 хоорондоо маргалдаад жижиг өрөө рүү орохоор нь би салгах гээд араас нь ортол нөхөр М Д ийг багалзуурдаад ор луу түлхэхэд Д орон дээр унаад босож ирэхээр нь би хүүхдийг нь аваад М ийн найзад хүүхдийг нь өгөөд тэр хоёрыг салгасан. Энэ үед М Д ийг үсдээд зодоод байхаар нь би салгасан. Үүний дараа М Д рүү гоо сайхны ширээний сандал шидэх гээд далайхаар нь би боль гэж хэлээд болиулсан. Тэгээд дараа нь би гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Манай охин надад жирэмсэн байхдаа хэлэхдээ “Нөхөр М архи уусан үедээ хэд хэдэн удаа зодсон” гэж хэлж байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Миний дургүй хүрээд би нэг удаа Дархан-Уул аймаг руу орж М тэй уулзах гэсэн боловч М надаас зугтаад надтай уулзаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад 2022 ны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Миний төрсөн дүү Д нь 2021 оны 03 дугаар сараас эхлэн М гэх залуутай хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа 3 сартай хүүтэй. Миний мэдэхээр Д ийг жирэмсэн байхад буюу 2021 оны 12 дугаар сард .......... дүгээр байрны гадна М миний дүүг үснээс нь зулгааж хоолойг нь боогоод байж байхад нь би нэг удаа очиж болиулж хэрүүл маргааныг нь таслан зогсоож байсан. Удалгүй нэг сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сард Д миний утас руу уйлж залгаад “Та манай гэрт хүрээд ирээч” гэж хэлэхээр нь очтол М Д ийг зодож эрүүл мэндэд нь халдсан үйлдэл гаргаад өөрөө намайг ирж байгаа сургаар гараад явчихсан байсан ба удалгүй буцаж орж ирэхэд нь би М эд “Амьдарч чадахгүй бол эртхэн болиоч” гэж хэлж ярьж байсан удаатай. Харин уржигдар буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эгч Ч над руу утсаар яриад “Д ийг нөхөр нь дахин зодсон байна. Хүүхэдтэйгээ хамт амиа хорлоно гээд чат бичиж байна. Чи хурдан очиж хажууд нь байж сэтгэл санааг нь тайвшруул. Тэр нөхөр нь хэзээ ирж ахиж зодох юм” гэж хэлэхээр нь би гэрт нь очсон. Тэгтэл гэрийнх нь хөшиг нь бүгд хаалттай хэд хоног хоол идэж уугаагүй 3 сартай нялх хүүхдээ ч өргөж чадахгүй хамаг бие нь салгалчихсан, дотор муухай оргиод толгой өвдөөд байна гэж хэлээд байж байсан ба хөхний сүү нь ширгээд 3 сартай хүүхэд нь уйлсан байдалтай, Д өөрөө 8кг турчихсан байхаар нь би гэрээс нь аваад өөрийнхөө гэрт байлгаж байгаа. ...Гар хөл нь хөхөрч няцарсан харагдаж байсан ба нуруу, хэвлий хэсгээр өвдөөд байна. Өвчин намдаах эм уусан ч толгойны өвчин намдахгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,
Гэрч Н.Б н мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 18-20-ны үед М тэй Хүслэн бөөний төв ороод тэндээсээ 1 шил 0.75 литрийн Домч бор нэртэй архи, 1 том 2,5 литрийн савтай Сэнгүр нэртэй пиво аваад О гийн гэрт О М нартай хувааж уусан. Ууж байхад Д пивоноос 1 билүү 2 аяга уучихсан ингээд үргэлжлүүлээд гараад караоке оръё гэж ярьсан. Тэгээд машин барих хүнгүй болохоор нь Г-ыг дуудаж машин бариулахаар болсон. Г ирээд 5-10 минут орчим болоод бид нар гарсан. О гийн гэрээс гарахад цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед О явахгүй гээд гэртээ үлдчихсэн юм. Үүний дараа Г Д ийн машиныг бариад хөдлөх үед би тамхиа татаж дуусаад машинд суухад Д М нар арын суудал дээр суусан болохоор би урд талын суудалд суугаад тэндээсээ Арбатын хажуу талын .... дугаар байрны гадна зогсоол дээр очоод Г гэр лүүгээ хослол авах гэж орсон. Харин би машинаас буугаад тамхи татах гээд машинаас дөнгөж буусан чинь ард Д машины дотор орилсон. Тэгэхээр нь би машины хойд хаалгыг онгойлгоход М Д ийн нүүр лүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Тэгэхээр нь би М ийг боль гэж хэлээд цааш түлхээд Д ийг татаад буулгасан. Үүний дараа М машинаас бууж ирэхээр нь би М эд хандаж би “чи мэдрэл муутай юм уу? жирэмсэн эхнэрээ цохиод” гэж хэлтэл ямар нэг хэлээгүй... Маргааш өглөө нь би М ийн гэрийн гадаа 08 цагийн орчим очиход М ийн гэрийнхээ гадаа зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар тодруулахад урьд шөнө согтуу машин барьж яваад эрхээ хасуулчихсан гэж байсан. Ингээд би М тэй гэртээ очоод манай гэрээс гар утас аваад гэрээс хуучин хорооллын ....... дугаар байрны Гоймондоо түргэн хоолны газар очиж гоймон идсэн. Тэгж байхдаа би Д тэй яриад хаана байгаа талаар нь тодруулахад Нэгдсэн эмнэлэг дээр байна гэсэн болохоор М тэй яриулсан. Үүний дараа хоолны газраас гараад манай гэрт очоод хэсэг байж байтал М надаас “Д яагаад явсан юм бэ” гээд асуугаад байхаар нь би М эд хандаж “тэгэлгүй яадаг юм бэ. Чи Д ийг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг нүдэж байна лээ. Чи чинь мэдрэл муутай хүүр юм байна лээ ш дээ” гэж хэлэхэд М надад “Би санахгүй байна” гэж байсан. Би энэ үед бодохдоо Д ийг зодохдоо архи уугаад тасарчихсан байж дээ л гэж бодсон. Ингээд удалгүй Д миний дугаар руу залгаад ээж гэртээ ирчихсэн байна. Гэртээ ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй М явсан. Тэр үед Д уйлаад нүүр нь битүү улайсан байсан боловч тухайн үедээ хөхөрсөн харагдаагүй. Харин маргааш нь Д тэй улузаагүй болохоор биеийн байдал нь ямар байсныг тодруулаагүй. Д тухайн үед эрүүл байсан. М өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
Гэрч П.О-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: "... Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан- Уул аймагт ирээд М гэх найзтайгаа архи уучхаад орой хонох айл байхгүй болоод ....... аймаг, ..... сумын .... дугаар байрны .. тоотод байдаг хамт ажилладаг М ийн гэрт ганцаараа 00 цагийн орчим очоод тэнд амарсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр М ийн эхнэр өглөө гадуур бараа зарна гэж гарсан. Би М тэй гэрт нь хоёулаа үлдээд өдөржин хамт байсан. Орой 18 цагийн орчим М ийн эхнэр Д орж ирэхээс өмнө би М ээс “Чи найздаа 20,000 төгрөг зээлчих, би шартаад байна, маргааш өгье” гэж хэлсэн. Гэтэл М эхнэр рүү гээ залгаад миний хэлснээр “Манай найз ... шартаад байна. 20.000 төгрөг зээлээч. Би маргааш мөнгийг чинь аваад өгье эсхүл чи 1 шил архи 1 пиво аваад ороод ир” гэж хэлсэн. Удалгүй эхнэр нь гаднаас 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 том савтай 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч орж ирээд би М эй хувааж уусан. Ингээд эхнэр нь хоол хийгээд хоол идчихээд би том өрөөнд нь согтоод унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь босоход М ийн баруун талын шанаа хэсэг маажуулсан байсан болохоор “Наад хацар чинь яасан юм бэ” гэж асуутал надад би эхнэртэйгээ маргалдаад эхнэр маажсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Гэрч Б.Я ын мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөрмэдүүлсэн: “...2021 оны намар надад Д хэлэхдээ М намайг зодсон гэж хэлж байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байхад 21 цагийн орчим над руу Д зөндөө олон удаа залгаад “байна уу? яаралтай залга” гэсэн утга бүхий мессеж үлдээсэн байсан. Тэгээд би залгаад юу болсон талаар тодруулахад “М намайг зодоод гарах гэсэн чинь гаргахгүй байна. Би нууцаар утсаар ярьж байна. Би гэрээсээ зугтааж гарах гэж байна. Чи намайг байрны урд талд ирээд авчхаач” гэж гуйсан. Тэгээд би гэртээ хүүхдээ аавдаа үлдээгээд Д ийг авахаар гэрийн гадаа нь очиход “Наанаа зогсоол олоод байж бай. Би удахгүй гарна” гэж хэлсэн. Тэгээд 10-15 минутын дараа над руу залгаад “Чи хаана байна” гэж надаас асуухад би “Байрны урд талын зогсоол дээр байна” гэж хэлсэн чинь Д надад хандаж “Од буудлын харалдаа хүрч ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би Од буудлын харалдаа очоод машиндаа суулгахад Д ийн дух маш том хавдчихсан уйлаад байсан болохоор би Д т хандаж “Чи цагдаад дуудлага өг бас өнөө маргаашгүй төрөх гэж байж” гэж хэлсэн. Тэр асуудал болсноос хойш Д 2 долоо хүрэхгүй хугацаанд төрсөн. Намайг “Цагдаа дуудаад М ийг өгөөч” гэхэд үгүй гээд байсан юм. Яагаад зодсон талаар тодорхой нарийн хэлээгүй. Ингээд тэр өдөр манай гэрт хүмүүс ирсэн байсан учир Д ийг гэртээ дагуулж орох боломжгүй байсан болохоор Д ийг үлдээгээд гэртээ орсон... Д төрснийхөө дараа удаагүй над руу М намайг дахиад зодчихлоо гэж бичсэн байсан. Би одоо хэзээ гэдгийг тодорхой санахгүй байна. ...Д ийг хараад айж байсан. Учир нь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа болохоор үнэхээр өрөвдөж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 432 дугаартай “...Ц.Д ийн биед тархи доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 34/22 дугаартай “...Ц овогтой М нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд сэтгэц нөлөөт бодис хэрэглэснээр зан төрхийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Ц овогтой М нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл учир өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай. Ц овогтой М нь одоогийн байдаар сэтгэцийн хувьд эрүүл тул эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/,
Ц.М ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би бүх болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа харин бүгдийг тодррхой нарийн сайн санахгүй байна. Хамгийн эхлээд 6 дугаар сард болсон асуудлыг тодорхой санахгүй байна эхнэрийг жирэмсэн байхад ямар ч байсан хоолойг нь боогоод түлхэж байсан. ...Эхнэрийг жирэмсэн байхад 2022 оны 08 дугаар сард удаа манай аав ээж 2 манай машиныг аваад хөдөө явсан байсан энэ хооронд би эхнэрийн хамтаар ..... аймаг ..... сумын ... дугаар баг ...... тоот аавынхаа гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаад улмаар бас боож, түлхэж унагаасан. ....2021 оны 12 дугаар сарын эхээр ... аймгийн ….... сумын .... дугаар багт байрлах ажил дээрээ ажлаа хийж байгаа ажил 16 цаг өнгөрч байхад тарахаар нь ажлын хүмүүстэй архи уучихаад шууд гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд гэртээ ирэхэд эхнэр Д надад “яагаад архи ууж байгаа юм” гэж үглээд хоорондоо маргалдаад унтах гэтэл намайг зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би чанга дуугаар орилж байгаад тэр орой буцаж гэртээ ирж хоноогүй. Буцаад С баг руу явж аавындаа очиж хоносон. ... Эхнэрийг жирэмсэн байхад өмнө маргалдсан байсан юунаас болоод маргалдсанг санахгүй байна. Тэр үед эхнэр машины түлхүүр авч гараад явсан. Ингээд 2 хоног гэртээ ирээгүй. Ирээгүй 2 хоногт нь би гэртээ пиво уугаад 3 дахь хоног дээр эхнэр өдөр гэрт орж ирэхээр нь би юу ч яриагүй. Тэгсэн чинь эхнэр орой 20 цагийн орчим утсаар ярьж байгаад гарсан. Тэгэхээр нь дагаад гарахад ... дүгээр байрны тэнд очоод зогсохоор нь араас нь очиход машинаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хаалгаа нээ гэж тогшиж, цонхыг нь балбаж байгаад онгойлгуулаад эхнэрт хандаж “Арын суудалд суу” гэтэл суухгүй байхаар нь татаад хүчээр буулгасан чинь машинд суухгүй доош явахад нь араас нь очоод тэврээд машины арын суудал руу суулгасан. Энэ үед утсыг нь би авсан байсан болохоор надад “Би эгчтэйгээ ярина” гээд утсаа нэхэхээр нь “Гэртээ орж байгаад болъё“ гэхэд гадаа орилж хашгираад байсан. Энэ үед машин өнгөрөхөд манай эгч рүү залгаад өг гэж хэлээд эгч нь гарч ирээд бид нар гэрт орсон. Энэ үед би цохиж зодоогүй. Харин багалзуурдаж гар шуу бугалга бугуй хэсгээс хүчтэй базсан. .... 2021 оны 12 дугаар сарын 20-д орчим эхнэрийн найз О гийн гэрт буюу Сүсэгтний холбооны хажууд Б гийн хамт очоод тэндээ бид нар 1 шил архи, 1 пиво уусан. Тэдний гэрт уучихаад маш их согтсон. Энэ үед Б гийн дүү ирээд машин бариад явсан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Би маш их согтсон байсан. Харин маргааш нь Б надад “Чи эхнэрээ эрэгтэй хүн шиг зодлоо” гэж хэлж байсан. ...Манай эхнэр төрөөд удаагүй байхад би ........ багт байрлах ажлаасаа ... дугаар байранд байрлах гэртээ пиво уучихсан ирэхэд намайг хүүхдээ харж бай. Би Олон улс орчихоод ирье. Машины түлхүүр өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би машиныг С-д үлдээсэн гэдгээ хэлээд хэсэг маргалдсан чинь эгчийгээ дуудна гээд байхаар нь би эгчийгээ дууд гэж хэлсэн. Тэгээп эгч нь ороод ирэхээр нь би дүү М г аваад явсан. ...2022 оны 04 дүэгэр сарын 02-ны өдөр манай ажлын ... гэрт ирж хоноод маргааш орой нь надаас 20,000 төгрөг зээлээч гээд гуйхаар нь би “эхнэрээс асуу” гэсэн. Энэ үед эхнэр гэрт байгаагүй учир би эхнэртэйгээ утсаар яриад “... 20,000 төгрөг зээлээч гэж байна. Нэг шил юм авах гээд байгаа юм” гэсэн чинь эхнэр гэртээ орж ирэхдээ 1 шил 0,5 литрийн Хараа архи 1 том савтай пиво авч орж ирсэн. Тэгээд 0,5 литрийн архийг манай найз бараг ганцаараа уусан. Харин пивийг би эхнэртэй хувааж уугаад дуусч байхад найз Н орж ирээд 2 пиво аваад бид нар тэрийг уугаад байж байхад эхнэр нэлээд согтсон байсан болохоор хүүхдийн хажуугаар ороод унтах гээд хүүхэд сэрээхээр нь би эхнэрт хандаж “Одоо наад хүүхэд чинь шөнөжингөө унтахгүй. Би харах болно. Чи архи уухаараа унтаад өгдөг. Би өөрөө өглөө ажилта шүү” гэхэд надад “Би өөрөө харна. Ер нь чи хүүхдээ миний хүүхэд биш гэдэг биздээ. Энэ чиний хүүхэд биш” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Д ийг өөдөөс юм шидээд байхаар нь би гарыг нь бариад ор руу түлхтэл Н орж ирж салгасан. Мөн хүүхэд тэврээд суж байхад дахин юм шидээд чихэн дээр онохоор нь би ... д хүүхдээ өгчхөөд Д ийг боогоод орон дээр дараад хэсэг гайгүй болоход Н явсан. Тэгээд эхнэрээ унтахаар нь хүүхдээ хажууд нь тавиад өглөө нь ажилдаа явсан.” гэх мэдүүлэг /гэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын шинжтэй зодсон, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэлтэй гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Ц.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.М ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун бугалганы цус хуралт бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ тус тус тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Ц.М ийн хохирогчийг гурваас дээш удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.М ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Ц.Д нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холботоой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Ц.М эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ц.М эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Ц.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.М эд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанаар 7 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчид нийт 8 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоёр хоногийг хорих ялын хоёр хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 7 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.М энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц-ийн М ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэйг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М эд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М эд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Ц.М эд оногдуулсан 8 сарын хорих ялаас шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялыг 7 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Ц.М эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Ц.Д нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.М эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР